Аяга таваг угаана гэдэг уйтгартай хийгээд залхам ажлыг амар болгон хөнгөвчилсөн гал тогооны гол туслах бол аяга таваг угаагч бүтээгдэхүүн юм. Тийм ч учраас монголчууд бидэнд хамгийн их танигдсан, дэлхийд нэр хүндтэй брэнд болох Fairy-г сонгон, тус брэндийн тухай сонирхолтой мэдээлэл, түүхүүдээс хуваалцахаар бэлтгэлээ. 60 жилийн түүхтэй, гэр бүлийн өдөр тутмын хэрэгцээ болох  Fairy брэндийн тухай та хэр сайн мэдэх вэ?

Түүхийн эхлэл

XX зууны дунд үеэс үйлдвэрлэгчид гэрийн эзэгтэй нар, гал тогооны ажилтнуудын хөдөлмөрийг хөнгөвчилж, бүтээмжийг нэмэгдүүлэх зорилгоор аяга таваг угаагч бүтээгдэхүүнүүдийг үйлдвэрлэж, 1930-1940-өөд оны үеэс жижиглэн худалдааны зах зээлд гаргаж эхэлжээ.

Fairy брэндийн хувьд худалдаанд гарсан эхний жилүүддээ ахуйн цэвэрлэгээний хатуу саван байсан бол 1960 оноос эхлэн аяга таваг угаагч болж хөгжсөн байдаг. Энэ нь тухайн үеийн эзэмшигч компаниудынх нь бодлого, чиглэлээс хамааралтай бөгөөд 1898-1930 оныг хүртэл Thomas Hedley Co. компанид, 1930 оноос хойш өнөөг хүртэл Procter & Gamble компанид харьяалагдаж ирсэн юм.



Нэр ба барааны тэмдэг: Тэд юуг илэрхийлэхийг хүссэн бэ? 

Таны мэдэж байгаачлан Fairy гэдэг нь "шидтэн, дагина" гэх утгыг агуулах бөгөөд гал тогоондоо зарцуулах цагийг хэмнэж, өдөр тутмын амьдралыг өөрчлөх гэдэг утгыг илэрхийлжээ.

Хөгжлийнхөө явцад бүтээгдэхүүний сав баглаа боодол, дүр төрх хэдэнтээ шинэчлэгдэж байсны дотроос улаан тагтай, цагаан савтай, Биззи нэрт алхаж яваа бяцхан хүүхдийн зурагтай хувилбарыг нь та илүүтэй санаж байгаа болов уу. Анзаарсан бол тэдэнд 60 жилийн туршид өөрчлөгдөөгүй нэгэн чухал ялгарал бий. Энэ бол бүтээгдэхүүний “өнгө”. Тунгалаг ногоон өнгө нь 1960 оноос хойш бүрдүүлсэн үндсэн дүр төрх учир ногоон өнгийн дусал бүхий дүрслэлийг Fairy-ийн логоноос тодхон харж болно.



Сонирхолтой баримтууд

1. Fairy зах зээлд борлуулагдсанаар жилд 25 мянган тонн пластикийг хэмнэсэн. Энэ нь 515 сая ширхэг сав хэмнэгдсэн гэсэн үг юм. Учир нь энгийн нэг сав Fairy нь бусад угаагчдын хоёр савтай, Fairy Platinum нь бусад төрлийн гурван сав аяга угаагчтай тэнцэхүйц өтгөн ажээ. Ийм ч учраас "Нэг дуслаар ихийг цэвэрлэх хүчин чадалтай" хэмээх мессежийг сурталчилгаандаа оруулдаг байна.

2. British Brand Group хэрэглэгчдээс Европын есөн орны, 30 нэр төрөлд ангилсан брэнд бүтээгдэхүүнүүдээр судалгаа авч үзэхэд Fairy брэнд хэрэглэгчдийн хамгийн их итгэдэг, шилдэг 10 бүтээгдэхүүний нэгээр шалгарсан байдаг.

3. Аяга таваг угаагч бүтээгдэхүүний жижиглэн худалдааны зах зээл 2005 он гэхэд буюу анх үүсэж хөгжсөнөөс 60 гаруйхан жилийн дотор дэлхий даяар 10 тэрбум ам.долларын зах зээл болон өргөжсөн байна. Одоогоор 18 тэрбум ам.доллароор хэмжигдэж буй уг зах зээлд 2025 он гэхэд нийт 22.4 тэрбум орчим ам.доллар эргэлддэг болно гэсэн судалгаа бий.



Нийгэмд хүргэсэн үнэ цэн, кaмпанит ажлууд

Fairy нь зүгээр л нэг жижиглэн худалдааны зах зээлд борлуулагддаг бүтээгдэхүүн төдий бус харин нийгмийн сайн сайхны төлөө кампанит ажлууд явуулдаг үнэ цэн бүхий дэлхийн брэнд юм. Бүтээгдэхүүнээрээ дамжуулан олон нийтэд эерэг уриалга хүргэхэд анхаардаг онцлогтой.

Тэд 2005 оноос хойш Их Британийн томоохон хандивын сан болох Make A Wish-тэй хамтран ажиллаж буй. Уг хамтын ажиллагааныхаа хүрээнд хүнд өвчтэй хүүхдүүдийн хүсэл мөрөөдлийг биелүүлэх ажлыг зохион байгуулдаг байна. Тэдэнд урам өгч, дэмжих зорилгоор онцгой савлагаатайгаар бүтээгдэхүүнээ гаргаж, борлуулалтын орлогоос тус үйлсэд зарцуулдаг аж.



Түүнчлэн 2019 онд Blue хамтлагийн дуучин Данкан Жэймстэй хамтран ЛГБТ хүмүүст гэр бүлийнхэнтэйгээ нээлттэй ярилцах, өөрсдийгөө ойлгуулах боломж олгох, мөн харилцан яриа өрнүүлэхийн ач холбогдлыг нийгэмд таниулах зорилгоор Fair хэмээх компанит ажлыг өрнүүлжээ. Аяны хүрээнд бэлгийн чиг хандлагаасаа шалтгаалан амьдрах газаргүй болсон залууст зориулан 50 мянган фунт ба тодорхой тоотойгоор ЛГБТ илэрхийлэл бүхий солонгон өнгийн оруулгыг оруулсан савлагаатай бүтээгдэхүүнээ Fair нэрээр гаргаж, олсон орлогоос хандивлажээ.