Таны хамгийн тод санаж байсан дурсамж яг үнэндээ зүүд ч юм уу, хаа нэгтээ харсан, сонссон зүйл тань, эсвэл бүр өөр нэгний дурсамж болох нь батлагдсан тохиолдол бий юу?
1990 онд явуулсан нэгэн судалгаанд хамрагсад бага насандаа их дэлгүүрт төөрч байсан дурсамжаа нэхэн санах даалгавар гүйцэтгэжээ. Тэдний ихэнх нь төөрсөн дурсамжаа тод, томруун санаж байснаар тогтохгүй, зарим нэг нь өөртөө тусалсан хүнийг ч нүдэнд харагдтал дүрсэлсэн байна. Гэтэл асуудлын гол нь тэдний хэн нь ч бага насандаа төөрч байгаагүйд байв. Үүнээс манай өнөөдрийн нийтлэлийн сэдэв урган гарсан юм.
Бидний бүх дурсамж худлаа байх боломжтой юу?
Дурсамж хэрхэн бүтдэг вэ?
Дурсамж руу юу юугүй дайрч эхлэхээсээ өмнө эхлээд бидний дурсамж хэрхэн бүтдэг тухай товчхон өгүүлье. Хүн өдөрт давтагдсан тоогоор дунджаар 12-60 мянган бодол боддог болох нь судалгаагаар тогтоогдсон байдаг. Харин тэдгээрийн дийлэнх нь тэрхэн зуур бодогдоод л өнгөрдөг бол тун цөөн хэсэг нь урт хугацааны дурсамж болон үлддэг байна. Үүний цаадах үйл явцыг энгийнээр тайлбарлах гээд үзье.
Сэтгэл судлалын үүднээс дурсамж нь “Encoding, Storage, Retrieval” гэсэн гурван үе шаттайгаар бүрэлддэг аж. Эдгээрийг тодруулбал:
Encoding (Бичиж авах үе)
Энэ бол энгийндээ тархи аливаа мэдээллийг анхлан хүлээн авах шат. Тухайн мөчид өрнөж буй дуу чимээ, үнэр, гэрэл, мэдрэмж, сэтгэл хөдлөл гээд энэ шатанд бүгд мэдрэхүйн замаар тархинд очно.
Storage (Хадгалах үе шат)
Харин энэ шатанд мэдээлэл тархины янз бүрийн хэсэгт тархсан байдлаар хадгалагдана. Гэхдээ үүнийг компьютерын санах ой адил “нэг файлд” хадгалчихна гэсэн үг бус, харин “олон жижиг хэсэг” болгон байрлуулна гэж ойлговол зохилтой.
Retrieval (Сэргээх үе шат)
Тус шатанд бид аливаа дурсамжаа эргэн санахад тархи хадгалах үе шатын хэсгүүдээс нийлүүлэн, тухайн мөчийг “дахин бүтээдэг” гэж ойлгож болно. Гэхдээ уг сэргээх үйл явцыг бичлэг эвлүүлэхтэй адилтгаж болох бөгөөд бид ямарваа нэгэн дурсамжийг нэхэн санахдаа тухайн мөчийн сэтгэлзүй, орчны нөлөө, бусдаас авсан мэдээлэл зэрэг олон хүчин зүйлсээс хамааран өөрчилж “эвлүүлэх” эрсдэлтэй аж. Үр дүнд нь бидний “санаж буй зүйл” анхны хэлбэрээсээ огт өөр болж хувирах ч боломж бүрддэг гэнэ.
Үүнийг “Reconstruction Hypothesis” хэмээдэг. Энгийнээр хэлбэл, хүний дурсамж сэтгэл хөдлөл, цаг хугацаа, орчин нөхцөлөөс хамааран “утгаа өөрчилдөг” аж.
Яагаад бид мартдаг вэ?
Юун түрүүнд аливааг мартах нь тархины “алдаа дутагдал” бус, харин “хамгаалалтын механизм” ажиллаж буйн дохио юм. Учир нь бид өдөр бүр асар их мэдээлэл хүлээн авдаг. Нийгмийн сүлжээн дэх үй түмэн зургаас эхлээд тоо томшгүй олон онч мэргэн үгс, дуу хөгжим, ярилцлага, ном сонин гээд энэ бүхнийг тархи хадгалах гэж оролдвол бид ерөөс хэдхэн хоногийн дотор “бензинээ барах” билээ.
Иймд тархи өөрийн “цэвэрлэгээний систем”-ийг ажиллуулан, чухал гэсэн дурсамжуудаа л авч үлдээд үлдсэнийг нь устгах буюу мартдаг байна. Уг чухал дурсамжууд нь сэтгэл хөдлөлтэй холбоотой дурсамж байх нь олонтоо. Харин аливаа дурсамжийн орших уу, эс орших уу гэдгийг шийдэж буй тоглоомын гол тоглогч нь “Hippocampus” хэмээгч юм.

“Hippocampus” нь та бидний тархины багахан хувийг эзэлдэг хэр нь маш чухал, том даалгавар гүйцэтгэдэг хэсэг болохыг цохууштай. Чухам тархины энэ л хэсэг аливаа дурсамжийг богино хугацааны дурсамжаас урт хугацааны дурсамж руу хөрвүүлэх эсэхийг шийддэг. Таны шөнөжин сууж цээжилсэн хичээлийг яг шалгалтын үеэр санах үгүйг тань эрхэм “hippocampus” л мэднэ.
Гэхдээ стресс, ядаргаа, нойр дутуу явах зэрэг нь энэ системийг доголдуулдгийг санууштай. Тодруулбал, “Cortisol” нэрт стрессийн даавар hippocampus-ийн үйл ажиллагааг сааруулж, урт хугацааны дурсамж руу шилжих ёстой мэдээллийг тасалдуулдаг аж. Ихэнх хүн уурлаж, бухимдсан үеэ дараа нь цэгцтэй, зөв дарааллаар саналгүй, хольж хутгадаг нь ч үүнтэй холбоотой. Үүнийг сэтгэл судлалд “Motivated Forgetting” хэмээнэ. Гэвч энэ нь тархины хувьд тухайн сөрөг дурсамжийг мартаж, эзнийхээ сэтгэл зүйг л хамгаалж буй хэрэг гэдгийг дурдууштай.
Дурсамж ба бухимдал
2017 онд “Nature Neuroscience” сэтгүүлд нийтлэгдсэн судалгаагаар айдас, бухимдал зэрэг сэтгэл хөдлөлийн үед тархины “amygdala” хэт идэвхэждэг болохыг тогтоожээ. Энэ үед бидний анхаарал хэт төвлөрч, хожим тухайн мөчийг илүү тод томруун санадаг хэдий ч тэр нь бодит баримтаас гажих магадлал төдий чинээ өндөрсдөг байна.
Жишээ нь, авто ослын гэрч нар нэг л явдлыг өөр өөрөөр тайлбарладаг. Нэг нь “улаан машин хурдан явсан” гэвэл нөгөө нь “цэнхэр машин гэнэт зогссон” гэж хэлнэ. Үнэндээ тэд ижил зүйл харсан ч, тухайн мөчийн айдас тэдний дурсамжийг гажуудуулсан байдаг.
Энэ үзэгдлийг “Memory Distortion” гэж нэрлэдэг. Сэтгэл зүйчдийн тайлбарлаж буйгаар бухимдал, айдас зэрэг хүчтэй мэдрэмж нь тархины мэдээлэл боловсруулах замыг өөрчилдөг ажээ. Стрессийн үед дээр өгүүлсэн cortisol даавар ихээр ялгарч, hippocampus-ийн үйл ажиллагааг сааруулдаг тул мэдээлэл “бүрэн бичигдэхээсээ өмнө” гацдаг санж. Үүний улмаас тухайн мөчийн зарим нэг хэсэг бүртгэгдэлгүй, зарим нэг мэдрэмж (үнэр, дуу, өнгө гэх мэт) хэт хүчтэй хадгалагддаг байна.
Энэ нь дурсамжийг хожим сэргээхэд “тасархай гэрэл зураг” мэт болгодог тул тархи тухайн хоосон зайг өөрийнхөөрөө нөхдөг ажээ. Тиймээс айдас, бухимдал бүхий үйл явдлыг нэхэн санахад зарим дурсамжаас илүү тод харагддаг боловч үнэнээс илүү буруу байх нь элбэг. Түүнчлэн, хэт их сэтгэл хөдлөл нь зөвхөн тухайн мөчийн дурсамжийг гажуудуулаад зогсохгүй, дараагийн холбоотой дурсамжуудыг ч өөрчилдөг. “Journal of Neuroscience” сэтгүүлд нийтлэгдсэн судалгаанд туршилтад оролцогчид нэгэн аймшгийн бичлэг үзсэний дараа энгийн зураг харуулахад тэд тухайн зургийг өмнөх бичлэгийн дүртэй хольж хутгасан байна.
Өөрөөр хэлбэл, айдас, стрессийн үед тархи дурсамжийг “сэдэвчилж” хадгалж, дараа нь тухайн сэдэвтэй төстэй бүх дурсамжийг нэг ангилалд багтаадаг бөгөөд үүний үр дүнд бид “өөр болсон зүйл”-ийг ч мөн адил болсон мэтээр санадаг гэсэн үг.

Дурсамж бидэнд худлаа ярьдаг уу?
Уг асуулттай холбоотой хамгийн алдартай жишээ бол нийтлэлийн эхэнд өгүүлсэн “Lost in the Mall” туршилт юм. Судлаачид судалгаанд оролцогчдын гэр бүлээс хэд хэдэн бодит дурсамжийг нэг худал дурсамж (бага насандаа их дэлгүүрт төөрсөн дурсамж)-ийн хамт холин өгчээ.
Хэдхэн долоо хоногийн дараа оролцогчдын 25 хувь нь тэрхүү худал дурсамжийг өөрийн бодит дурсамж гэж итгэсэн байв. Зарим нь бүр түүнийгээ дэлгэрүүлэн, “надад тусалсан хүний хувцас хөх өнгөтэй байсан” гэх мэтээр нэмэлт мэдээлэл хүртэл зохиосон байна. Товчхондоо, хүний тархи худал мэдээллийг байнга давтаж сонсвол бодитой мэдээлэл мэт хүлээн авч чаддаг аж. Сэтгэл судлалд энэ үзэгдлийг “Misinformation Effect” гэдэг.
Жишээ нь, хэрэв найз тань “Өнгөрсөн зун найзуудаараа хөдөө явахад чи хамт явсан шүү дээ” хэмээн давтан давтан хэлбэл хэсэг хугацааны дараа та өөрөө ч үүнд итгэх боломжтой. Учир нь тархины хувьд “үнэн” ба “худал” гэх ялгаа үгүй. Тархи гагц итгэл үнэмшлээр л дурсамжийг эмхэлж, бүтээж, нөхөж, сэлбэж байдаг. Мөн судлаачид тархины “Prefrontal cortex” болон hippocampus-ийн хоорондох харилцааг судалж үзээд, худал дурсамж үүсэх үед эдгээр хэсгүүдийн идэвхжил бодит дурсамжтай төстэй байдгийг олж тогтоожээ. Энэ нь бидний тархи зохиомол дурсамждаа үнэхээр итгэдэг болохыг баталсан гэхэд хилсдэхгүй.
Өөр нэгэн жишээ дурдахад, АНУ-ын Нью Жерси, Массачусетс, Техас, Хойд Каролина зэрэг нэр бүхий мужуудад ДНХ шинжилгээ ашиглан гэм буруугүй хүмүүсийг цагаатгах боломж бүрдсэнээс хойш, дурсамжийн ажиллах зарчмыг шинжлэх ухаанчаар судлахад шүүхийн байгууллагын зүгээс анхаарал хандуулах нь эрс нэмэгджээ. Учир нь ийм шинжилгээний үр дүнд гэрчийн буруу мэдүүлгийн (дурсамжийн) улмаас хилсээр ял сонссон хэдэн зуун хүн цагаатгагдсан байдгийг энд цохон тэмдэглүүштэй.
Сүүлийн жилүүдэд хиймэл оюун, тархины дүрслэлийн технологи хөгжсөнөөр судлаачид дурсамжийн үнэн эсэхийг “тархины зураглал”-аар судалж эхэлжээ. Тухайлбал, 2022 онд MIT-гийн эрдэмтэд хулганын тархинд тодорхой дурсамж “суулгах” туршилтыг амжилттай гүйцэтгэж чадсан байна. Тэд “Optogenetics” гэх гэрлийн аргаар тодорхой мэдрэлийн эсийг идэвхжүүлж, хулганад бодитоор болоогүй зүйлд хариу үйлдэл үзүүлэх нөхцөлийг бүрдүүлсэн аж. Энэ нь нэг ёсны “худал дурсамжийг тархинд физик байдлаар бичиж болно” гэдгийг батлан харуулсан хэрэг болов. Хэдийгээр үүнийг хүний биед гүйцэтгэхийг ёс зүйн хувьд хориглодог ч, дээрх туршилтын үр дүнд бидний дурсамж материаллаг “кодчилол” бус, харин мэдрэмж, туршлагын давтамжит дахин боловсруулалт байх боломжтойг баталсан юм.

Сэтгэгдэл бичих

