Шинэ жилийн үдэшлэгүүд ойртож буй энэ үед охид, бүсгүйчүүд илүүдэл жиндээ огцом анхаарлаа хандуулж, ганцхан сарын дотор 5, 10 кг хасах нууц жоруудын эрэлт ихэсдэг нь жил бүрийн уламжлал гэхэд хилсдэхгүй. Гэхдээ богино хугацаанд жингээ хасах төрөл бүрийн челлэнж, хоолны дэглэм, эм бэлдмэл үнэхээр үр дүнтэй юу?
Мэдээж гоё сайхан харагдах нийгмийн шахалт, үзэл бодлын дарамт байгааг үгүйсгэх аргагүй ч эрүүл мэндээ хамгаалахын тулд бид бие махбодынхоо үйл ажиллагааг гүнзгий ойлгох шаардлагатай. Эс бөгөөс эрүүл мэндээ эрсдэлд оруулж, хэзээ ч ялагч нь тодордоггүй "жин хасах чөтгөрийн тойрог"-оос сугарч гарахгүй байх магадлалтай юм.
Өнөөдрийн нийтлэлээр яагаад хүмүүс жингээ хассан ч дахин таргалах тойргоос гарч чаддаггүй вэ? Энэ нь үнэхээр бидний туушгүй зангаас болдог уу, эсвэл бидний биед нуугдмал, бидний мэддэггүй биологийн үйл явц нөлөөлдөг үү? гэх асуултуудын хариуг олж мэдэцгээе.
ӨГҮҮЛЛИЙН ТУХАЙ
Өгүүлэл хэвлэгдсэн огноо: 2024.11.18
Өгүүллийн нэр: Adipose tissue retains an epigenetic memory of obesity after weight loss
Түлхүүр үгс: өөхний эд, эпигенетик маркер, гистоны модификаци, ДНХ-ийн метилжилт
Туршилтыг гүйцэтгэсэн баг: Laura C. Hinte, Daniel Castellano-Castillo, Adhideb Ghosh, Kate Melrose, Emanuel Gasser, Falko Noé, Lucas Massier, Hua Dong, Wenfei Sun, Anne Hoffmann, Christian Wolfrum, Mikael Rydén, Niklas Mejhert, Matthias Blüher & Ferdinand von Meyenn
Гол санаа: Таргалсны дараа хүний биеийн өөхний эдийн үйл ажиллагаа өөрчлөгдөж, буцаад турахад хүндрэл учруулдаг.
Ач холбогдол: Жингээ бууруулах нь зөвхөн хувь хүний тэвчээрээс хамаарахгүй байж болох тул огцом хоолны дэглэмээс зайлсхийж, урт хугацаанд эрүүл аргаар жингээ барих нь илүү үр дүнтэй.
ЕРӨНХИЙ МЭДЭЭЛЭЛ
Таргалж, турах үйл ажиллагааны цаана
Хар ухаанаар бодоход таргална гэдэг хэрэгцээт хэмжээнээс их хэмжээний илчлэг авч, тэр илүүдэл нь өөхний эдэд хуримтлагддаг гэсэн тодорхой хэмжээний төсөөлөл бидэнд байдаг. Гэхдээ яагаад нэмж болоод байсан жинг хасах тийм хэцүү байдаг юм бол? Энэ асуултын хариулт өөхний эдийн санах ойтой төстэй механизмтай холбоотой. Хүн жин нэмэх үед өөхний эсүүдийн хэмжээ нэг бол хэмжээгээрээ томорч (гипертрофи), зарим тохиолдолд тоо нь олширдог (гиперплази).
Гэхдээ жингээ хасах үед эдгээр өөхний эсүүд алга болдоггүй, зүгээр л агшдаг. Ингэснээр өөхний эд “саваа хоосолдог” ч хэсэг хугацааны дараа илүүдэл илчлэг биед орж ирэхэд илчлэгээр “саваа дүүргэхэд” бэлэн байдаг аж. Үүн дээр нэмээд жингээ хасах үед дагалдах дааврын өөрчлөлтүүд биед гардаг. Тухайлбал жингээ хасах явцад лептин (хоолны дуршил бууруулах даавар) буурч, грелин (хоолны дуршил өдөөх даавар) нэмэгддэг тул бие махбод алдсан өөхөө сэргээх процесс ажилладаг гэсэн үг.
Жин хасах үед хэмжээгээр томорсон өөхний эсүүд лептин дааврыг их хэмжээгээр ялгаруулдаг. Лептин даавар ихээр ялгарна гэдэг нь тархинд илчлэг хангалттай очсон хэмээх дохиог илгээдэг. Гэхдээ удаан хугацааны туршид их хэмжээний лептин ялгарсаар байвал бие махбодь энэ дохиог үл тоомсорлох буюу лептиний дөжрөлд ордог.
Үүнийг мөн хувьслын онолтой холбон ойлгож болно. Хүн төрөлхтөн эрт дээр үед ямарваа нэг байдлаар хүнсний хомсдолд ороход өмнөх өөхний эддээ хадгалсан энергийн эх үүсвэрээсээ ашиглах байдлаар өөрийгөө боломжит аюулаас хамгаалдаг ухаалаг механизмтай. Энэ үйл ажиллагаа одоог хүртэл бидний биед хадгалаастай байдаг.
ТУРШИЛТЫГ ТОВЧООР
Өөхний эдийн транскрипци
Туршилтаар ямар нэг бодисын солилцооны эмгэггүй ч хэт таргалалттай ба өөх соруулах хагалгаанд орж байсан нэг бүлэг мөн урьд нь таргалж байгаагүй нөгөө бүлэг бүхий 20 хүнээс өөхний эдийн дээж авч, шинжилжээ. Ингэхэд хагалгаанд орсон хүмүүс болон анхнаасаа туранхай байсан хүмүүсийн өөхний эсийн ген болон химийн бүрдэлд мэдэгдэхүйц ялгаа байсан ч хамгийн сонирхолтой нь хагалгаанд орсон бүлгийн өөхний эдэд энэ өөрчлөлт нь хоёр жилийн дараа хүртэл ажиглагдаж байсан юм. Тэгэхээр өөхний эдийн гений бүрдэл өмнөх тарган байх үеийн транскрипцийн процессоо санах ой мэт хадгалж үлддэг болж таарч байгаа юм. Үүнийг судлаачид өөхний эд хуваагдан шинж чанартай холбон тайлбарладаг.
Гэсэн хэдий ч генетик, хоол тэжээлийн байдал, хүрээлэн буй орчин гэх мэт судалгааны хязгаарлагдмал байдлыг харгалзан туршилтын дараагийн хэсгийг хулгана дээр хийжээ. Ингэхдээ хулгануудыг өөх тос ихтэй хоолоор хооллож таргалалтыг өдөөж байгаад буцаад стандарт хоолны дэглэмд оруулсан. Энэ үед хулгана жингээ 4-8 долоо хоногийн дотор хассан ч тэдний өөхний эдийн шинжилгээ мөн л хүнийх шиг тарган байх үеийн гений транскрипцийн процессоо хадгалсан нь энэ зөвхөн хүний биед илэрдэг өөрчлөлт биш болохыг баталсан юм.
Өөхний эдийн эпигенетик өөрчлөлт
Тэгвэл өөхний эдийн гений түвшинд юу нь тэгж их өөрчлөгдөв? Үүнийг судлахдаа тусгай дэвшилтэт аргын тусламжтай гений экспресс болон хроматиний бүтцийг зохицуулдаг дөрвөн тодорхой эпигенетик маркер дээр төвлөрөн судлав. Судалгааны үр дүнд өөх тос ихтэй хоолоор хооллож байх үеийн өөхний эдийн гений хэд хэдэн байршилд өөрчлөлт орж, өөхний эдийн хроматин өөрчлөгдсөн байв. Үүнийг энгийнээр тайлбарлавал асаалттай байх ёстой генүүд унтарч, унтраалттай байх ёстой генүүд нь ассанаар өөхний эд гений үйл ажиллагааны хувьд алдаатай ажиллаж байгаа юм.
Цаашлаад эдгээр өөрчлөлтөд орсон өөхний эдийг өөх тос болон глюкозоор өдөөхөд хяналтын бүлэгтэй харьцуулахад хурдан хариу үйлдэл үзүүлсэн. Товчхондоо, өндөр тослогтой хооллолтыг таргалаад турсан хулгануудад дахин өгөхөд жингээ илүү хурдан нэмж, өөхний эд нь хурдан тэлж байсан гэсэн үг.
Таны ДНХ-г номын сан гэж төсөөлье. Харин хроматиныг номын сангийн дотоод зохион байгуулалт хэмээн бодъё. Хэрэв номын сангийн шүүгээг түгжсэн бол (нягт хроматин), түүнийг унших боломжгүй. Харин номыг тавиур дээр ил тавьсан бол (сул хроматин), хүн бүр унших боломжтой.
Тэгэхээр таргалсны дараа хроматин янз бүрээр эрчлэгдэх буюу зарим шүүгээг түгжиж, заримынх нь байршлыг хольж сольж зохион байгуулалтыг нь алдагдуулдаг хэрэг. Хэдийгээр номын санг эргээд цэгцэлж (жингээ хасаж) болох хэдий ч зарим шүүгээний түлхүүр алдагдаж, номын сангийн дотор зохион байгуулалт бүхэлдээ замбараагүй болдог гэсэн үг.
ОНЦЛОГ, ДЭВШИЛТ
Уг судалгаа нь таргалалтыг зөвхөн бодисын солилцоо эсвэл зөвхөн генетиктэй холбон судлахаас илүүтэй эпигеномикс, транскриптомикс болон функциональ судалгаануудын цогц гэдгээрээ онцлог. Ингэснээр өөхний эдийн молекулын түвшин дэх өөрчлөлтүүдийг физиологийн үр дагавартай нь уялдуулан судалж,олон нийтэд ойлгомжтой тайлбарыг өгч чаджээ.
Яагаад таргалсны дараа турахад тийм хэцүү, дээрээс нь турсан ч буцаад л таргалчихдаг энэ циклийн учир шалтгааныг уг судалгаа олж чадсан. Харин өөхний эдийн үйл ажиллагаанд чухал үүрэгтэй промотор болон энхансеруудыг тодорхойлсноор таргалалт болон жин нэмэлтийн мөчлөгийг ойлгож эмнэлзүйн шинэ шийдлүүдэд сэдэл өгч байгаа юм.
Чухам яагаад таргалсны дараа турахад хэцүү, өөрийгөө зовоон байж турсан ч хэсэгхэн хугацааны дараа дахин таргалаад байдгийн шалтгааныг уг судалгаа нээсэн ч хэр удаан уг үйл явц үргэлжилдгийг одоохондоо тодорхойлж чадаагүй байна.
Шинжлэх ухааныг сонирхож ойлгох тусам, зарим зүйлсийг бид дэлхий нийтээрээ хэрхэн буруу ойлгодог байсныг мөн бид хэт яарч, адгаснаасаа болж алтан амиа эрсдэлд оруулдаг байснаа ойлгодог нь харамсалтай.
Харин уншигч та энэ судалгаанаас жингээ барих хамгийн зөв шийдэл нь анхнаасаа хэт таргалж, өөхний эдийн үйл ажиллагаагаа алдагдуулалгүй байх явдал гэдгийг ойлгосон хэмээн найдаж байна. Хэрэв та жингээ хасахаар төлөвлөж байгаа бол огцом дэглэм барьж, өөрийгөө зовоохын оронд тогтвортой бөгөөд эрүүл арга замыг сонгоорой.
Сэтгэгдэл бичих