Сүүлийн үед сошиал орчин тэр аяар Warner Bros.Discovery (WBD)-ийг худалдан авах өрсөлдөөнд хэн ялах талаар мэтгэлцээн өрнөсөөр байна. Яг ийм үед уншигч танд 102 жилийн түүхт, Холливүүдийн тэргүүлэх кино үйлдвэрлэгч яагаад зарагдах болсноос эхлээд үнэ хаялцаж буй Netflix болон Paramount Skydance компаниуд ямар санал тавьж буй талаар цэгцтэй ойлголт өгье.
Тэгэхээр Warner Bros.Discovery-ийн түүхээс эхэлье.

АХ ДҮҮСИЙН ТҮҮХ ИНГЭЖ ЭХЭЛДЭГ
Warner Bros.-ийг үүсгэн байгуулагч ах дүүс болох Харри, Альберт, Сэм, Жэк Уорнер нар одоогоос 102 жилийн өмнө буюу 1923 онд компаниа үүсгэн байгуулж байв. Гэхдээ шуудхан л компанийн статустайгаар үйл ажиллагаагаа эхлүүлсэн үү гэвэл, тийм биү. Ах дүүс 1903 оны үед Пенсильвани мужид кино проектор худалдан аваад, уурхайн хотуудаар хэсэж, кино үзүүлдэг байжээ. Тэдний анхны театр болох "Каскад" Нью Кастл хотод нээгдэж байв. Үүнээс жил гаруйн дараа Питтсбургт Duquesne Amusement & Supply Company-ийг үүсгэн байгуулж, кино түгээлт хийх бизнес рүү шилжсэн гэдэг.
Харин өөрсдийн киног бүтээж эхэлсэн үе гэвэл 1918 онд Дэлхийн I дайны үеэр "My Four Years in Germany" гэх кино нь анхны томоохон амжилтыг авчирчээ. Тийнхүү 1923 оны 4-р сарын 4-нд тэд "Warner Bros. Pictures, Incorporated" нэртэйгээр албан ёсоор компаниа бүртгүүлж, Холливүүд дэх студийн байгууламжаа худалдан авсан байна.

Энэ цагаас эхлэн тэд кино урлагийн салбарт жинтэй нөлөө үзүүлэхүйц олон том шийдвэр, хувьсгалыг хийсэн юм. Тухайлбал, тэдний хамгийн том өрсөлдөгч студи болох Paramount, MGM, Fox, RKO давамгайлж байсан 1920-иод оны дунд үед Warner Bros. санхүүгийн хүнд байдалд оржээ. Чухам энэ үед Сэм Уорнер дууны технологи руу анхаарлаа хандуулах хэрэгтэй гэж үзсэн бөгөөд тэдний хувьд эрсдэлтэй ч гэлээ амжилт авчирсан алхам болсон юм. Тийнхүү витафон (Vitaphone) хэмээх дууны системийг нэвтрүүлж, 1927 онд "The Jazz Singer" хэмээх киног гаргасан нь анхны бүрэн хэмжээний дуутай кино болж, Холливүүдэд асар том хувьсгал авчирчээ.
Улмаар 1930-аад оны гангстер кинонууд, 1940-өөд оны "Casablanca" зэрэг сонгодог бүтээлүүдээр нэр хүндээ улам батжуулж, "Looney Tunes" цувралаараа хүүхэлдэйн киноны ертөнцөд ноёлж байв. Мөн 1960-аад оноос телевизийн салбар руу өргөжиж, DC Comics-ийг бүрэлдэхүүндээ нэгтгэсэн ба 2000 оноос эхлэн "Harry Potter," "Lord of the Rings" зэрэг асар том франчайзуудыг бүтээж байлаа.
ӨНӨӨГИЙН WARNER BROS.DISCOVERY-ИЙН ДҮР ТӨРХ
Өдгөө тэд кино үйлдвэрлэлээс эхлээд кабель, стрийминг, тоглоом зэрэг бүх төрлийн медиаг нэгтгэсэн, дэлхийн хамгийн том, нөлөө бүхий энтертайнментийн гигант болоод буй. Ийнхүү гигант болоход нөлөөлсөн томоохон үйл явдал нь 2022 онд WarnerMedia болон Discovery Inc нарын нэгдлээс албан ёсоор Warner Bros.Discovery болж нэр хүндтэй драм, реалити шоунаас эхлээд дэлхийн мэдээ, спорт хүртэлх бүхий л контентын төрлийг хамарч эхэлжээ. Тодруулбал, зөвхөн кино студи байхаа больж, өөртөө Warner Bros. Pictures, HBO, CNN, DC Comics, Discovery Channel, Cartoon Network зэрэг олон арван дэлхийн хэмжээний алдартай брэндүүдийг нэгтгэсэн аж.

Тэдний сор болсон бүтээлүүдийг нэг бүрчлэн нэрлэх нь учир дутагдалтай тул одоогоор хамгийн өндөр борлуулалтад хүрч, дэлхий даяар олон сая үзэлт аваад буй таван киног онцолъё.
1. Barbie (2023): Энэхүү кино одоогоор 1.45 тэрбум орчим долларын орлогоор тэргүүлж, Warner Bros.-ийн түүхэн дэх хамгийн өндөр орлоготой кино болжээ.
2. Harry Potter and the Deathly Hallows: Part 2 (2011): 2001 онд гарч эхэлсэн Харри Поттер цувралын уг төгсгөлийн анги нь ойролцоогоор 1.34 тэрбум ам.долларын орлого олж байв.
3. Aquaman (2018): DC Extended Universe-ийн энэхүү амжилттай бүтээл дэлхий даяар 1.15 тэрбум долларын орлого оруулсан.
4. The Dark Knight Rises (2012): Кристофер Ноланы гурвалсан киноны төгсгөл хэсэг 1.08 тэрбум долларын орлого олсон.
5. Joker (2019): Шүүмжлэгчдээс өндөр үнэлгээ авсан уг бүтээл 1.07 тэрбум долларын орлого олжээ.

ИЙМ АМЖИЛТТАЙ БАЙГАА ЮМ БОЛ ЯАГААД ЗАРАГДАНА ГЭЖ?
Ширүүхэн өрсөлдөөн хэрхэн өрнөж буйг тайлбарлахаас урьтан ийм амжилттай байгаа компани яагаад зарагдах болсон шалтгааныг учирлах нь зүйтэй. Товчхондоо тэдний өрийн нөхцөл байдал хүндрээд буй. Тодруулбал, 2022 онд WarnerMedia болон Discovery Inc-ийг нэгтгэх үед WBD нь ойролцоогоор 50 тэрбум доллар хүртэлх асар их хэмжээний өр үүссэн нь компанийн үйл ажиллагаанд санхүүгийн дарамт учруулж байна.
Нөгөөтээгүүр, тэдний стрийминг үйлчилгээ болох Max нь Netflix, Disney+ зэрэг зах зээлийн аваргуудтай өрсөлдөхөд хүндрэлтэй байгаа бөгөөд ашиг олох хурдац удаан байгаа нь хөрөнгө оруулагчдын санааг зовоож буй гэнэ. Иймээс компанийн удирдлага ирээдүйд өрөө барагдуулах эсвэл зах зээл дэх байр сууриа бэхжүүлэх зорилгоор бусад том медиа компаниудтай нэгдэх эсвэл компаниа худалдах нөхцөл байдалд хүрээд байгаа юм.

ӨӨРИЙН БОЛГОХ ӨРСӨЛДӨӨН ХЭРХЭН ӨРНӨЖ БАЙНА ВЭ?
Товчхондоо, Warner Bros. өнгөрсөн аравдугаар сард нээлттэйгээр худалдан авах санал хүлээн авч эхэлсэн бөгөөд Paramount Skydance, Comcast, Netflix компаниуд саналаа илгээгээд байсан юм. Тэднээс үйлдэл хийж, өндөр үнийн дүн санал болгосон хоёр компани нь Netflix болон Paramount Skydance байлаа.
Нэр дэвшигч 1. Netflix
Нэгэн сонирхолтой түүх хуваалцахад, тэртээх 1999 онд WBD-ийг “Matrix” хит бүтээлээ гаргаж ахуйд үүсгэн байгуулагдаад ердөө хоёр жил өнгөрч байсан Netflix компани DVD кино түрээслэгч дэлгүүр байжээ. Гэтэл өдгөө WBD-ийг 82.7 тэрбум доллараар худалдан авах санал тавьсан нь тус компанийн өсөлт хэр хурдтай бөгөөд эрчтэй өрнөснийг харж болохоор.
300 сая гаруй төлбөртэй хэрэглэгчтэй Netflix компанийн зүгээс WBD-ийн нэгж хувьцааг 27.75 доллароор үнэлж, 23.25 долларыг нь бэлэн мөнгөөр, 4.5 доллартой тэнцэх Netflix-ийн хувьцааг санал болгожээ. Хэрэв энэ хэлцэл бүтэлгүйтвэл Netflix 5.8 тэрбум долларын торгууль төлөх санал гаргасан нь бүр ч сонирхолтой. Гол асуулт нь Harry Potter, Game of Thrones, Superman гэх мэтчилэн HBO-ийн алдартай бүтээлүүд кино театрт нээлтээ хийлгүй, стрийминг байдлаар гарах уу гэдэг… Мэдээж тэгвэл утгагүй хэрэг болно.
Үүн дээр Netflix-ийн зүгээс WBD-ийн кинонуудыг үргэлжлүүлэн кино театрт гаргана гэсэн амлалт өгөөд буй.

Нэр дэвшигч 2. Paramount Skydance
Тэд WBD-ийн нэгж хувьцааг 30 доллароор үнэлж, бүгдийг нь бэлэн мөнгөөр буюу нийт үнэлгээг 108.4 тэрбум долларт хүргэж байгаа юм. Paramount-ийн хэвлэлийн мэдээнд дурдсанаар, уг санал нь Эллисоны гэр бүл, хувийн хөрөнгө оруулалтын RedBird Capital компаниас гадна Bank of America, Citi, Apollo Global Management нараас нийлүүлсэн $54 тэрбумын өрийн баталгаа, мөн хөрөнгийн санхүүжилтээр баталгаажсан ажээ. Түүнчлэн санхүүжилтийн нэг хэсэг нь Ойрх Дорнодын гаднын санхүүгийн түншүүд, тухайлбал, Саудын Арабын Public Investment Fund, Абу Дабигийн L’imad Holding Company PJSC, болон Qatar Investment Authority зэрэг байгууллагуудаас гарч байгаа гэнэ. Нөгөө хэсэг нь АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын хүргэн Жаред Кушнер-ийн Affinity Partners-аас олгох юм.
Үнэн хэрэгтээ Paramount Skydance WBD-ийг худалдан авах эрэл хайгуулаа аль эрт есдүгээр сард эхлүүлж, энэ бүх үйл явдал эхлэхээс өмнө гурван сарын турш санал тавьсан аж. Эцэст нь уг үйл явцад бусад сонирхогч талууд оролцож эхэлжээ. Ийнхүү Саудын Араб, Абу Даби, Катар зэрэг улсууд оролцож байгаа нь энэ хөрөнгө оруулалтыг зөвхөн богино хугацааны ашиг хайсан бус, харин энтертайнмент, медиа салбарын ирээдүйн өсөлтөд итгэсэн урт хугацааны стратегийн хөрөнгө оруулалт гэж ойлгож болох юм хэмээн шинжээчид үзэж байна.
“Энэ мэдэгдэл гарсны дараа даваа гарагт Paramount-ийн хувьцаа 9%-иар өссөн бол, Warner Bros.Discovery-ийн хувьцаа 4%-иар өсөж, харин Netflix 3%-иар унажээ.”

ХЭН НЬ ЯЛБАЛ ЮУ БОЛОХ ВЭ?
Хэрэв HBO болон Max стрийминг платформууд Netflix-тэй нэгдвэл энтертайнментийн салбар үндсээрээ өөрчлөгдөнө. Товчхондоо, дэлхийн хамгийн том стриминг платформ болж, HBO болон WBD-ийн франчайзуудыг өөртөө нэгтгэх тул дэлхийн хэмжээнд өрсөлдөх боломжгүй ноёрхол тогтох юм. Үүний үр дүнд энтертайнментийн салбарын цаашдын чиг хандлагыг ганцаараа тодорхойлж магадгүй.

Хэрэв Paramount Skydance-ийн санал амжилттай болж, WBD-ийг худалдан авбал Netflix, Disney нарын эсрэг зогсох чадалтай хүчтэй медиа гигант бий болно. HBO, DC, CBS, Paramount-ыг нэгтгэн зардал хэмнэх замаар үйл ажиллагаагаа бэхжүүлэх төдийгүй контентын сангийн хувьд асар баялаг, өрсөлдөх чадвартай болох юм. Мөн тус нэгдэл нь өрсөлдөөнийг дэмжинэ гэсэн үндэслэлээр Netflix-ийн худалдан авалтаас илүү хялбар байж магад.
Warner Bros.Discovery-ийг худалдан авах энэхүү өрсөлдөөнд Netflix эсвэл Paramount Skydance нарын хэн нь ч ялалт байгуулсан бай, энэ нь зөвхөн энтертайнмент төдийгүй медиа салбарын түүхэн дэх хувьсал, томоохон үйл явдал болох нь дамжиггүй. Тэгэхээр уншигч та бүхэн мэдээлэлтэй ойр байж, энэ тийш чих тавин хүлээгээрэй.

Сэтгэгдэл бичих

