Шинэ цаг айсуй. Эсвэл аль хэдийн ирсэн гэж хэлж ч болох юм. Үсрэнгүй хөгжиж буй, бидний чихэнд аль хэдийнээ танил болсон шинэ технологи, хиймэл оюун ухаан (AI), их өгөгдөл (Big Data) гэх мэт ойлголтууд амьдралд улам том орон зай эзлэх болж, ажил мэргэжлийн ирээдүйд хүчтэй нөлөөлөх таамаг бас хүлээлт үүсээд багагүй хугацаа өнгөрчээ. 

Үүнтэй холбогдуулан Дэлхийн эдийн засгийн чуулган (World Economic Forum)-аас өнгөрөгч онд ирээдүйн ажлын байр, түүнтэй уялдах чадварууд хэрхэн хувьсан өөрчлөгдөх хандлага буйг харуулсан "The Future of Jobs" нэртэй томоохон судалгааг хийсэн байна. Тэрхүү судалгаанд 27 салбарын, 45 улсын, нийт 11.3 сая ажилтантай 803 албан байгуулга оролцсон ажээ. Энэхүү судалгаа болон бусад эх сурвалжуудын ирээдүйн ажлын байртай холбоотой дэвшүүлсэн таамгуудыг хүргэж байна. 


69 сая шинэ ажлын байр үүснэ

Судалгаагаар хөдөлмөрийн зах зээлийн нийт ажлын байрны тоо ирэх таван жилд өнөөгийн байдлаасаа 23 хувиар хувьсан өөрчлөгдөх (хувьсах гэдэгт тухайн ажлын байр үгүй болохгүй ч шинэ чадвар, нөөц бололцоог нэвтрүүлэх шаардлага тулгарахыг хамруулж буй) бөгөөд тоо нь 10.2 хувиар нэмэгдэж, 12.3% хувиар буурах үзүүлэлт гарсан байна. Энэ нь өдгөө 673 сая ажлын байрыг бүтээгээд буй өгөгдлийн салбарт (dataset) 69 сая шинэ ажлын байр үүсэж 83 сая ажлын байр үгүй болох тооцоо гэж хэлж болно.



Энгийнээр хэлэхэд бидний амьдралын хэмнэл, ирээдүйн мэргэжлээ тодорхойлох уламжлал, түүнээсээ ямар замнал карьер бүтээх гээд бүхий л зүйлс маань маш хурдтай төрөл арилжиж буй. “Хөдөлмөр хүнийг бий болгодог” гэдэгтэй адил энэхүү шилжилт хөдөлгөөн асар олон шинэ ажлын байр, мэргэжлийг бий болгож буй бөгөөд цаашид ч энэ тоо буурахгүй хандлага судалгаагаар ажиглагдсан байна.

Энэ хувьсалд оройлж буй салбар бол Их өгөгдөл буюу “Big Data” юм. Өгөгдлийн шинжээч (Data analyst) түүний судлаач (Data scientist), их өгөгдлийн мэргэжилтэн (Big Data specialist), хиймэл оюун ухааны мэргэжилтэн (AI specialist), кибер хамгааллын системийн мэргэжилтэн (Cybersecurity professional) гэх мэт мэргэжил, ажлын байрууд 2027 оноос өмнө 30 хувиар өсөх таамаг гарчээ. Бидний анхаарлыг нэгэнт татаад буй хиймэл оюун ухаан, их өгөгдлийн чадварыг судалгаанд хамрагдсан байгууллуудын 42 хувьд нь ирэх таван жилд шинэ ажилчдадаа нэн тэргүүнд эзэмшүүлэх зорилт тавьжээ.



Хүрээлэн буй орчинд

Тогтвортой хөгжил, хүрээлэн буй орчин, цаг уурын өөрчлөлтөд чиглэсэн ажлууд нэмэгдэж буйтай холбоотойгоор олон ажлын байрууд шинээр төрөх хадлагатай байгаа ажээ. Улс орнууд сэргээгдэх эрчим хүчийг эрэлхийлэх болсноос үүдэн нарны эрчим хүчний инженер, сэргээгдэх эрчим хүчний инженер, эрчим хүчний системийн инженер зэрэг мэргэжлүүдийн эрэлт өсөх хандлагатай байна.

Мөн боловсрол, хөдөө аж ахуйн салбарт олон ажлын байр ирэх таван жилд бий болох төлөвтэй байгаа бөгөөд тодруулбал, боловсролын салбарт гурван сая, хөдөө аж ахуйн талбарт дөрвөн сая хөдөлмөрийн орон тоо бий болох аж. Эдгээр салбарууд хиймэл оюун ухаан, их өгөгдөл зэргийг хэрэглэн илүү үр дүнтэй ажиллах боломжтойг Дэлхийн эдийн засгийн чуулганаас гаргасан “Сурахуйн ирээдүйг тодорхойлох нь: Боловсрол дахь хиймэл оюун ухааны үүрэг” тайланд дурджээ. Нэг үгээр шинэ технологи, хиймэл оюун ухаан, их өгөгдөл зэрэг нь бидний ирээдүй, байгаль орчин, боловсрол гэх мэт уламжлалт хэмээн тодорхойлж болох салбаруудад нэвтрэх нь.



Шинэ чадвар шаардана

Ямар? Судалгаанд байгууллагуудад тулгамдаж буй хамгийн том хоёр асуудлыг мэргэжилтнүүдийнхээ чадварыг дээшлүүлэх, шинэ боловсон хүчнийг татах хэмээн дурджээ.

Судалгаанд хамрагдсан байгууллуудын нийт ажилчдын 60 хувь нь 2027 оноос өмнө мэргэжил дээшлүүлэх шаардлагатай боловч зөвхөн тэн хагас нь л ур чадвараа дээшлүүлэх сургалтад хамрагдах боломжтой гэнэ. Үүнийг нөхөхийн тулд албан байгууллууд болон засгийн газрууд хамтран сурах, чадваржих үйлийг хялбаршуулах хэрэгтэй байгаа бөгөөд ирээдүйд хамгийн их эрэлтэд орох чадварууд болох бүтээлч сэтгэлгээ буюу “Creative thinking”, технологийн мэдлэг буюу “Technological literacy”, тэр дундаа “AI”, “Big Data”-ыг онцолсон билээ. Дашрамд Дэлхийн эдийн засгийн чуулганаас гаргасан 2023 оны шилдэг арван чадварыг дурдвал:

1. Задлан шинжлэх сэтгэлгээ (Analytical thinking)
2. Бүтээлч сэтгэлгээ (Creative thinking)
3. Уян хатан чанар, идэвх (Resilience, flexibility and agility)
4. Урам зориг, өөрийгөө хянах чадвар (Motivation and self-awerness)
5. Сониуч зан, тогтмол суралцахуй (Curiosity and lifelong learning)
6. Технологийн мэдлэг (Technology literacy)
7. Итгэл даах, нарийвчлан анхаарах чадвар (Dependability and attention to detail)
8. Бусдын нөхцөл байдлыг ойлгох, сонсох чадвар (Empathy and active listening)
9. Манлайлах, нөлөөлөх чадвар (Leadership and social influence)
10. Хянах чадвар (Quality control)

Хиймэл оюун ухаан болон их өгөгдөл нь ирээдүйд тулгамдах байгаль, цаг уурын хүндрэл бэрхшээлийг шийдэх боломжтой гэнэ. Мөн үр бүтээлтэй хөдөлмөрийг нэмэгдүүлж шинэ ажлын талбар, боломжийг нээх ажээ. Тухайлбал, "3 AI predictions for 2023 and beyond, according to an AI expert", болон "Don't fear AI. It will lead to long-term job growth." зэрэг нийтлэлүүдэд энэ талаар дурдсан байна.