Сүүлийн жилүүдэд дэлхий нийт ногоон хөгжил, тойрог эдийн засгийн зарчимд шилжиж, байгальд ээлтэй үйлдвэрлэлийг илүү чухалчлах болжээ. Уур амьсгалын өөрчлөлт, нөөцийн хомсдол, байгаль орчны доройтол зэрэг томоохон сорилтуудтай тулгарч буй энэ үед цэвэр технологи буюу “Cleantech” гэх ойлголт эдийн засаг, бизнесийн салбарын чухал чиг хандлага болж байна.
Үүний зэрэгцээ байгальд ээлтэй стартап, инновацлаг үйлдвэрлэлүүд эрчимтэй хөгжиж, шинэ санаачилгууд шил дараалан төрсөөр байна. Харин эдгээрийг бодитоор дэмжих, дараагийн шатанд гаргах зорилготой олон улсын томоохон хөтөлбөрүүдийн нэг нь Global Cleantech Innovation Programme (GCIP) юм. Тус хөтөлбөр Монгол Улсад 2025-2029 оны хооронд хэрэгжихээр төлөвлөгдсөн бөгөөд энэ жилийн элсэлт албан ёсоор эхэлжээ.
GCIP MONGOLIA 2026 ХУРДАСГУУР ХӨТӨЛБӨР ГЭЖ ЮУ ВЭ?

GCIP нь байгаль орчинд ээлтэй шийдэл бүхий гарааны бизнесүүдийг богино хугацаанд “хурдасгаж”, дараагийн шатанд гаргахад чиглэсэн олон улсын хөтөлбөр юм. Энэхүү хөтөлбөр нь анх 2011 оноос эхэлсэн бөгөөд өдгөө дэлхийн 19 оронд амжилттай хэрэгжээд буй.
Монгол Улсад уг санаачилга 2025-2029 онд хэрэгжиж байгаа бөгөөд “Даян дэлхийн байгаль орчны сан”-гийн санхүүжилтээр Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам, НҮБ-ын Аж үйлдвэр хөгжлийн байгууллага (UNIDO), Уур амьсгалын өөрчлөлтийн судалгаа, хамтын ажиллагааны төв (CCRCC) болон “Хөгжлийн Шийдэл” ТББ хамтран хэрэгжүүлж байна.
Төслийн гол зорилго нь цэвэр технологийн инновац, гарааны бизнесийг хөгжүүлэх замаар ногоон ажлын байр бий болгох юм. Мөн байгаль орчны тулгамдсан асуудлыг хувийн хэвшлийн оролцоо, шинэлэг инновацлаг бизнесийн шийдлээр дамжуулан шийдвэрлэж байгаа юм.
ХӨТӨЛБӨРТ ХАМРАГДАХ ТАВАН ШАЛТГААН

Богино хугацаанд бодит үр дүн
Оролцогчдод богино хугацааны сургалтаас эхлээд 3-4 долоо хоногийн турш үргэлжлэх хурдасгуур, үндэсний болон олон улсын экспертүүдийн менторшип, бизнес хөгжүүлэлт, зах зээлд нэвтрэх бодит дэмжлэгийг цогцоор нь үзүүлнэ. Мөн оролцогчдыг хөрөнгө оруулагчид, санхүүгийн байгууллагуудтай холбох боломжтой бөгөөд хөтөлбөрийн төгсгөлд нь шилдэг инновацлаг бизнес төслүүдийг шалгаруулж, буцалтгүй тэтгэлэг олгох юм.
Бүхнийг нэг дороос
Энэхүү хөтөлбөр нь олон улсын туршлага, стандарт дээр суурилсан бөгөөд цэвэр технологид төвлөрсөн, санхүүжилт, менторшип, зах зээлийн боломжийг нэг дор уялдуулсан цогц дэмжлэг гэдгээрээ онцлог.
Санхүүгийн дэмжлэг
Хөтөлбөрийн төгсгөлд шалгаруулалт зохион байгуулж, шилдэг оролцогчдыг 1, 2, 3-р байраар шалгаруулна. Шилдэг багууд нь 10,000 ам.доллар хүртэлх буцалтгүй санхүүжилт болон цаашдын бизнес хөгжүүлэлтийн дэмжлэг авах боломжтой.
Олон улсын зах зээл
Оролцогчид бизнесээ системтэйгээр хөгжүүлэх, зах зээлд нэвтрэх боломжоо нэмэгдүүлэх, хөрөнгө оруулагчдад хүрэх, олон улсын сүлжээнд холбогдох зэрэг урт хугацааны үр өгөөжийг хүртэнэ.
Үнэ төлбөргүй дэвших боломж
GCIP хурдасгуур хөтөлбөр нь сонгогдсон оролцогчдод үнэ төлбөргүй явагддаг бөгөөд сургалт, менторшип зэрэг үндсэн дэмжлэгийг төсөл бүрэн санхүүжүүлдэг. Тэгэхээр та өөрийн бизнесээ үнэ төлбөргүйгээр чанартай арга барилаар хөгжүүлэх боломжтой юм.
Хөтөлбөрт бүртгүүлж, өргөдлөө илгээхийг хүсвэл энд дараарай
ХӨТӨЛБӨРИЙН ҮР ДҮН

GCIP Mongolia төслийн хүлээгдэж буй үр дүн нь зөвхөн оролцогч бизнесүүдийн хөгжлөөр хязгаарлагдахгүй. Харин цэвэр технологийн үндэсний экосистемийг бэхжүүлэх, инновацлаг шийдлүүдийг бодит хэрэглээ, зах зээлд нэвтрүүлэх, олон улсын түвшинд өрсөлдөх чадвартай Монгол бизнесүүдийг бий болгох, улмаар тогтвортой хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэхэд бодит хувь нэмэр оруулахад чиглэж байгаа юм. Хөтөлбөр нь зөвхөн бизнес хөгжүүлэх төдийгүй байгаль орчинд эерэг нөлөө үзүүлэх инновацлаг шийдлүүдийг бодитоор хэрэгжүүлэх замыг нээж өгч байгаагаараа онцлог.
Төслийн хүрээнд Монгол Улсад бага нүүрстөрөгчтэй, тогтвортой эдийн засгийг хөгжүүлэхийн сацуу гарааны бизнес эрхлэгчид, жижиг, дунд үйлдвэрүүд (ЖДҮ), судлаачид, бодлого боловсруулагчид, олон улсын хөрөнгө оруулагчид, санхүүгийн байгууллагуудад чиглэгдэн ажиллах юм.
ШАЛГУУР ҮЗҮҮЛЭЛТҮҮД
- Монгол Улсад бүртгэлтэй стартап эсвэл ЖДҮ
- 16-40 хүртэлх насны 2 болон түүнээс дээш багийн бүрэлдэхүүнтэй
- Бүтээгдэхүүн эсвэл бүтээгдэхүүний загвар аль хэдийн бий болсон
- Зах зээлд гаргах боломжтой
- Байгаль орчин, нийгмийн эерэг нөлөө үзүүлэх шийдэлтэй
- Эрчим хүч, ус, хог хаягдал, ногоон үйлдвэрлэл зэрэг асуудлыг шийдсэн
- Цэвэр эрчим хүч, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрлэлийн салбарт хамаарах
- Хөтөлбөрийн дагуу зохион байгуулж буй сургалт, менторшипт идэвхтэй оролцох
- Багийн гишүүдийн цагийн боломж хангалттай байх
ЯМАР ЧИГЛЭЛЭЭР ӨРГӨДӨЛ ГАРГАХ БОЛОМЖТОЙ ВЭ?

GCIP Mongolia хурдасгуур хөтөлбөр нь зөвхөн цэвэр технологийн чиглэлд хамаарах инновацлаг шийдлийг хүлээн авна. Өөрөөр хэлбэл, өргөдөл гаргагч нь дараах 7 чиглэлийн аль нэгэнд хамаарах бүтээгдэхүүн, үйлчилгээ эсвэл технологийн санаатай байх шаардлагатай. Үүнд:
- Эрчим хүчний хэрэглээг бууруулах, үр ашгийг нэмэгдүүлэх шийдлүүд
- Нар, салхи, ус болон бусад сэргээгдэх эх үүсвэрт суурилсан технологи хөгжүүлэлт
- Хаягдлыг дахин боловсруулах, хаягдалгүй бизнесийн загвар бүхий инноваци
- Усны хэрэглээг бууруулах, дахин ашиглах, үр ашигтай шийдлүүд
- Байгальд ээлтэй, эрчим хүчний хэмнэлттэй барилгын материал бусад инновацлаг шийдлүүд
- Байгаль орчинд сөрөг нөлөө багатай тээврийн технологи
- Шинэ материал, байгальд ээлтэй химийн инновац
Өргөдөл хүлээн авах хугацаа: 2026 оны 6 дугаар сарын 3-ны өдрийн 23:59 цаг
ХӨТӨЛБӨРИЙН ТУХАЙ НИЙТЛЭГ АСУУЛТУУДАД ХАРИУЛАХ НЬ

1. GCIP Mongolia хурдасгуур хөтөлбөрийн үйл явц хэрхэн явагддаг вэ?
Хөтөлбөр нь өргөдөл хүлээн авах, сонгон шалгаруулалт хийх, үндэсний сургалт зохион байгуулах, 15 долоо хоногийн хугацааны хурдасгуурт хамруулах, төгсгөлд нь финал шалгаруулалт явуулах гэсэн үе шаттайгаар хэрэгжинэ.
2. Өргөдөл гаргасны дараа ямар үйл явц үргэлжлэх вэ?
Өргөдлийг хүлээн авсны дараа багуудыг багийн чадавх, технологийн шийдэл, бүтээгдэхүүний бэлэн байдал, зах зээлийн боломж гэсэн үндсэн шалгуураар үнэлж, дараагийн шатанд оролцох багуудыг сонгон шалгаруулна.
3. Хөтөлбөрт шалгарсан оролцогчид юу хийх вэ?
Шалгарсан багууд сургалт, менторшип, бизнес хөгжүүлэлтийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцож, өөрсдийн бүтээгдэхүүн, бизнес загварыг сайжруулж, хөрөнгө оруулагчдад танилцуулах бэлтгэл хангана.
4. Оролцогчид заавал цэвэр технологийн чиглэлээр туршлагатай байх шаардлагатай юу?
Шаардлагагүй. Харин шийдэл нь байгаль орчинд эерэг нөлөөтэй, инновацлаг, хөгжих боломжтой байх нь чухал.
5. Бүрэн хөгжөөгүй, зөвхөн прототип шатанд байгаа бүтээгдэхүүнтэй оролцож болох уу?
Тийм. Технологийн хөгжлийн түвшин буюу туршилт, прототип, эсвэл эхний шатны зах зээлийн бэлэн байдалтай шийдэл байхад оролцох боломжтой.
GCIP Mongolia 2026 хөтөлбөр нь таны байгальд ээлтэй санааг олон улсын түвшний бизнес болгон хувиргах бодит дэмжлэг юм. Тиймээс инновацлаг, байгаль орчинд ээлтэй шийдэл бүхий гарааны болон бичил, жижиг дунд бизнесүүдийг хөтөлбөрт оролцохыг урьж байна.

Сэтгэгдэл бичих (1)


Ч Ч.Шинэбаяр 103.57.93.236
Сайн байнуу. Маш хэрэгтэй үйл ажиллагаанд урьж байгаад баяртай байна. Найз бид хоёр байгальд ээлтэй байх юмсан гээд эхлүүлсэн ажилаараа энд оролцмоор байгаа юм. Насны ангилал аас бусад шаардлага нь таарч байна. Энэ тохиолдолд ямар боломж байгаа бол? Бид эхлүүлсэн санаачлагаа хэрэгжүүлээд эхэлсэн байгаа, үүнийгээ илүү олон хүнд хүргэж жинхэнэ ажил хэрэг болгох хүсэлтэй байгаа юм, баярлалаа