Гелэн маникюр нь аль 2010-аад оноос эхлэн гоо сайхны үйлчилгээний салбарт хэрэглэгдэх болсон билээ. Энэ нь уламжлалт энэ төрлийн будгаас илүү удаан эдэлгээтэй, гялалзсан, гөлгөр гадаргуу үүсгэж ховхорч, зураас гарах магадлал бага байдаг тул илүү өргөн хэрэглээнд нэвтэрсэн юм. Тэгвэл өнгөрөгч есдүгээр сард Европын Холбоо уг бодисын хамгийн түгээмэл хэрэглэгддэг төрөл болох Trimethylbenzoyl diphenylphosphine oxide (TPO)-ийг хориглосон юм. Чухам ямар судалгаа, туршилтаас болж ийм шийдвэр гаргасан гэдгийг уг нийтлэлээс сонирхоорой. 

Гелэн маникюр

Юун түрүүнд гелэн маникюр хэрхэн хийгддэгийг тайлбарлаж өгье

- Эхлээд суурь давхарга (base coat)
- Дараа нь өнгө буюу builder gel-ээ хэд хэд давхарлан түрхэнэ
- Эцэст нь хамгаалалтын top coat түрхэж хамгаална

Ингэхдээ давхарга тус бүрийг хэт ягаан гэрэл дор (UV) хатаадаг. Уг процессын гол бодис нь фотоинициатор хэмээх химийн нэгдэл. Фотоинициатор нь UV эсвэл LED гэрлийн нөлөөгөөр будгийн найрлага дахь акрилат, метакрилат зэрэг мономер, олигомер нэгдлүүд полимержиж, хумсны гадаргууг бат бөх, хатуу болгодог хэрэг. Нэг ёсондоо будаг доторх химийн нэгдлүүд яг л театрын жүжигчид мэт гэрэл асмагц дүрдээ орж эхэлдэг. Ийнхүү TPO нь найруулагчийн үүргийг гүйцэтгэн, бүх жүжигчдээ хөдөлгөөнд оруулж, хоромхон хугацаанд тайзны бүтээл болгон хувиргадаг.

Гэтэл сүүлийн жилүүдэд TPO-ийн аюулгүй байдал, ялангуяа нөхөн үржихүйн эрхтэн тогтолцоонд үзүүлэх нөлөөний талаарх судалгаа эрдэмтэд болон зохицуулагч байгууллагуудын анхаарлыг татах болсон юм.


Эх сурвалж: GellifiQue

Судалгааг дэлгэрэнгүй

TPO-г үнэхээр аюултай эсэхийг шалгахын тулд эрдэмтэд хэд хэдэн нарийн туршилтууд хийснийг тунилцуулъя. Судалгаанд хумсны будаг дахь TPO-ийг судлахаас илүүтэй цэвэр TPO бодисыг ашигласан юм. Өөрөөр хэлбэл, туршилтаар хархнуудад өдөр бүр нарийн хэмжээгээр тооцсон тун бүхий TPO өгч, хэдэн долоо хоног, заримдаа хэдэн сарын турш эрүүл мэнд, өсөлт, нөхөн үржихүйд ямар нөлөө үзүүлэхийг нь ажигласан гэсэн үг.

Богино ба урт хугацааны туршилтууд

28 хоногийн туршилтад хархнуудыг хэд хэдэн бүлэгт хувааж, өдөр бүр 1 кг жинд нь 50-750 мг TPO өгч байв. Үүнийг хүнтэй харьцуулбал 60 кг жинтэй хүн өдөр бүр 2-3 халбага TPO нунтаг идэхтэй адил тун. Гэхдээ ийм хэмжээний тунг хэн ч хэзээ ч хумсны будгаар авах боломжгүй.

Харин тун нэмэгдэх тусам тодорхой өөрчлөлт ажиглагдсан нь гарцаагүй. Жишээ нь хархнуудын өсөлт удааширч, элэг, бөөр нь хэт ачаалалд орох шинж илэрсэн. Хамгийн анхаарал татахуйц хэсэг нь эр хархнуудын түрүү булчирхай, төмсөг жижгэрэх үзэгдэл, эр бэлгийн эсийн тоо багассан байв.

90 хоногийн урт хугацааны туршилт ч үүнийг баталж тун өндөр байх тусам нөхөн үржихүйн эрхтэн гэмтэх хамаарал ажиглагдсан юм.

Эх сурвалж: NewsNation

Хээлтэй харх ба түүний үр төл

Дараагийн шатанд эрдэмтэд хээлтэй эм хархнуудыг судалсан. Эдгээр харх өдөр бүр 500 мг/кг хүртэл тунгаар TPO ууснаар үр төл нь жижиг биетэй, ясны хөгжил сул, заримынх нь яс нь гүйцэд хөгжөөгүй төрсөн байна. Гэхдээ төрөлхийн гажиг илрээгүй бөгөөд бага тунтай бүлгүүдэд ийм ялгаа ажиглагдаагүй. Харин хамгийн чухал туршилт нь эр ба эм харх хоёуланд нь үржлийн өмнө болон үржлийн үеэр TPO-оор хооллох үед ажиглагдсан юм. Хамгийн өндөр тун буюу 600 мг/кг/өдөр тэжээгдсэн эр хархнууд үргүйдсэн явдал байв.

Мэдээж, хэн ч TPO-г ингэж хоол шиг идэхгүй. Гелэн маникюр хийлгэх үед хүний арьс, хумсанд хүрэх хэмжээ нь маш өчүүхэн буюу бараг мянга дахин бага байдаг. Одоогийн байдлаар гелэн будгийн найрлага дахь TPO-ийн агууламж 0.5-5% орчим байдаг. Гарын болон хөлийн хумсанд бүрэн гелэн будалт хийхэд дунджаар 2-4 грамм гел хэрэглэдэг гэж тооцвол энэ нь хамгийн ихдээ 200 мг TPO гэсэн үг.

Гэхдээ Европын Холбооны хууль хатуу шаардлагатай бөгөөд аливаа бодис амьтанд нөхөн үржихүйн ямар нэг хор нөлөө үзүүлж буй нь нотлогдвоос хүн үүд өртөх магадлал нь хэдий бага ч бай гоо сайхны бүтээгдэхүүнд хэрэглэхийг бүрэн хориглодог.

Тэгэхээр яана гэсэн үг вэ? 

2025 оны тавдугаар сарын 12-нд Европын Комисс уг ангиллын дагуу TPO-г гоо сайхны бүтээгдэхүүнд хэрэглэхийг хориглох тухай дүрэм баталж, TPO-ийг гоо сайхны бүтээгдэхүүний журмын II хавсралт буюу хориглосон бодисын жагсаалтад нэмж оруулсан. Энэхүү шийдвэрийг Европын Холбооны 27 гишүүн улсын төлөөлөгчид хэлэлцэхэд 25 нь дэмжиж, нэг нь эсэргүүцэж, нэг нь түдгэлзжээ.

Энэ нь 2025 оны 9 дүгээр сарын 1-нээс эхлэн TPO агуулсан ямар ч шинэ бүтээгдэхүүнийг Европын зах зээлд гаргахыг хориглоно гэсэн үг юм. Мөн өмнө нь худалдаанд байсан бүтээгдэхүүнийг ч үргэлжлүүлэн борлуулах, мэргэжлийн салонд хэрэглэхийг бүрэн зогсооно.

Эх сурвалж: Verywell Health

Их Британи-д TPO бүрэн хориглоогүй боловч Англи, Шотланд зэрэг улсад 2027 он гэхэд ижил хориг хэрэгжих төлөвтэй байна гэж The Cosmetic, Toiletry and Perfumery Association (CTPA) мэдээлжээ.

Гэхдээ хэрэглэгчид үүнд тийм ч их санаагаа чилээх хэрэггүй. Учир нь CTPA-ийн шинжлэх ухааны салбарын захирал Каролайн Рейнсфорд-ын хэлснээр, “TPO-г хориглосон шалтгаан нь бодисын хамгийн өндөр хэмжээнд өртөх нөхцөлд үзүүлэх боломжит хор нөлөөнд тулгуурлан шийдсэн бөгөөд энэ нь бодит амьдрал дахь хэрэглээтэй харьцуулахад маш өндөр хэмжээ юм.”

Иймээс хориг нь айдас төрүүлэх бус урьдчилан сэргийлэх, илүү хариуцлагатай алхам гэж ойлгох нь зүйтэй. Өдгөө үйлдвэрлэгчид TPO-L ба BAPO зэрэг CMR ангилалд хамаарахгүй, хор багатай фотоинициаторуудаар бүтээгдэхүүнээ шинэчилж эхэлсэн. The GelBottle Inc зэрэг томоохон брэндүүд 2026 оны есдүгээр сараас өмнө бүх бүтээгдэхүүнээ TPO агуулаагүй болгох төлөвлөгөөгөө ч зарлаад амжжээ.