Улаанбаатар хотын нийт хүн амын 70 гаруй хувь нь гэр хорооллын бүсэд амьдардаг гэсэн судалгаа бий. Иргэд өөрсдийн амьдарч буй хашаагаа сайжруулан, тохилог орчин бүрдүүлж байгаа хэдий ч хашаанаас гарвал хүүхдүүд нь салхилж, хөгшид нь тухлан суух нийтийн эзэмшлийн талбай, гэр хорооллын гудамжуудад бараг үгүй гэхэд хилсдэхгүй. 

Тэгвэл гэр хорооллын иргэдийн амьдрах орчныг эрүүл, аюулгүй болгох, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, чөлөөт цагаа өнгөрүүлэх газрыг бий болгох зорилгоор Глобал Шейперс Улаанбаатар нийгэмлэг, “Гончигсумлаа сан”, “Steppe futurism” LLC хамтран “Улаанбаатар төгөл” төслийг хэрэгжүүлээд байгаа билээ. Тэд энэ жил “Pocket park” буюу гурав дахь халаасны цэцэрлэгт хүрээлэнгээ тохижуулаад байна. 

“УЛААНБААТАР ТӨГӨЛ” ТӨСЛИЙН ТУХАЙ 


2022 оны байдлаар Улаанбаатар хотын нэг хүнд ногдох ногоон байгууламжийн хэмжээ 5.1 м.кв гэсэн үзүүлэлт гарчээ. Энэ нь ДЭМБ-аас баталсан жишгээс хоёр дахин бага тоо юм. Тэр дундаа нийслэлийн иргэдийн талаас илүү хувь нь амьдардаг гэр хорооллын бүсэд ногоон байгууламж асар хангалтгүй байдаг. Тиймээс төслийн хамт олон чөлөөт цагаа зөв зохистой өнгөрөөх, эрүүл чанартай хотын халаасны цэцэрлэгт хүрээлэнг бий болгохоор 2022 оноос эхлэн “Улаанбаатар төгөл” төслийг хэрэгжүүлээд буй.

Төслийн хүрээнд хамгийн эхний бичил цэцэрлэгт хүрээлэнгээ БЗД-ийн 31-р хорооны 431-р худгийг тохижуулж байв. Харин энэ жил СХД-ийн 26-р хорооны 789 болон 808-р худгийн ойр орчныг сайжруулан, цэцэрлэгт хүрээлэнгээ бий болгоод байгаа юм.

Бид энэ удаагийн худгийн тохижилтыг “Youth4Climate” хөтөлбөрийн санхүүжилтээр хийж байна. Үүгээр дамжуулан бид гэр хорооллын соёл, тохижилтыг шинэ шатанд гаргах “жишиг худаг” болгохоор төлөвлөсөн. Мөн бидний туршлагаас суралцаж, ийм хэмжээний худаг байгуулахыг хүссэн хүмүүст зориулан тусгай гарын авлага бэлтгэж, олон нийтэд хүргэж байгаа.

“Улаанбаатар Төгөл” төслийн ахлагч Б.Замилан

ЖИШИГ ЦЭЦЭРЛЭГТ ХҮРЭЭЛЭН 

Төсөл хэрэгжихээс өмнө нь

Өмнө нь тус худгийн орчим тоосжилт ихтэй, үерийн эрсдэлтэй, тухгүй орчин байсан бол төсөл хэрэгжсэнээр ногоон байгууламж бүхий тохилог орчин болон өөрчлөгджээ. Тухайлбал, гацуур, бургас, улиас, хайлаас зэрэг 40 гаруй цэцэглэдэг моддыг тарьсан аж.


Төсөл хэрэгжсэний дараа

808-р худгийн ус түгээгч Ч.Чимэгбаяр

Манай ус түгээх байр анх 2016 онд ашиглалтад орж, өдгөө 10 гаруй жилийн турш үйл ажиллагаагаа тогтвортой явуулж байна. Бид нийт 200 орчим өрхийн 800 гаруй иргэнд өдөрт дунджаар 10 тонн ус түгээн ажилладаг.

Төсөл хэрэгжихээс өмнө худгийн ойр орчимд тоосжилт маш их байлаа. Хүүхдүүд тоглох аюулгүй талбайгүй учраас шороон далан, гуу жалга дээгүүр гулгаж тоглодог, иргэдэд эко орчинд тухлах ямар ч боломж байдаггүй байв. Харин одоо худгийн хажууд ийм сайхан цэцэрлэгт хүрээлэн бий болсонд маш их баяртай байна. Цаашид эдгээр тарьсан модоо ургуулах, арчилж хамгаалах ажилд ус түгээгчийн хувьд би өөрөө онцгойлон анхаарч ажиллах болно.



“Гончигсумлаа” сангийн Үйл ажиллагаа хариуцсан захирал Б.Цэнджав

Манай сан өсвөр насны хүүхэд, залууст тэтгэлэгтэй төсөл хөтөлбөр хэрэгжүүлдэг учраас гэр хорооллын орчныг өөрчлөх энэхүү төслийг санаачлан хэрэгжүүлэгчдийн нэг юм. Энэ жил хоёр худгийг зэрэг тохижуулаад хүлээлгэн өглөө.

789-р худгийн хувьд авто замтай хэт ойрхон, зай талбай нарийн учраас өвөл, зунгүй иргэд халтирч унах, бэртэж гэмтэх эрсдэл маш өндөр байв. Тиймээс тухайн хэсгийг аюулгүй болгох тал дээр анхааран ажилласан. Харин 808-р худгийн хувьд зай талбай харьцангуй том учраас хүмүүс хоорондоо уулзаж учрах, хүүхдүүд түр ч болов саатан тоглох боломжтой тухтай орчныг бүрдүүлсэн. Төслийг маань амжилттай хэрэгжүүлэхэд санаачлагч байгууллагуудаас гадна СХД-ийн 26-р хороо, Содон мөрөөдөл ТББ-ын хүүхдүүдийг хичээл зүтгэл их үнэтэй хувь нэмэр боллоо. Төсөлд маань оролцсон бүхий л хүмүүстэй талархал илэрхийлье.



Төслийн хүрээнд хийгдсэн хамгийн бүтээлч ажлуудын нэг нь худгийн ойр орчмын айлуудын хашааг өнгө өнгийн зургаар чимэглэсэн явдал байв. Энэхүү ажлыг Содон мөрөөдөл ТББ-ын хамт олон санаачлан, ахлах ангийн сайн дурын сурагчидтай хамтран гүйцэтгэжээ. Хүүхдүүдийн өөрсдийн хүсэл мөрөөдөл, төсөөлөн бодох чадвар, бүтээлч сэтгэлгээгээ шингээн хашаа бүрийг дахин давтагдашгүй өнгө төрхтэй болгон урласан байна.

ХОЙД АЗИЙН БҮСИЙН ЧУУЛГА УУЛЗАЛТ


Гэр хорооллыг ийнхүү ногоон байгууламжтай болгох “Улаанбаатар төгөл” зэрэг нийгмийн шинэлэг төслүүдийг санаачлан хэрэгжүүлэгч Глобал Шейперс нь энэ жил олон улсын томоохон чуулганыг эх орондоо хүлээн авч байгаа гэнэ. Үүний хүрээнд энэ сарын 5-7-ны өдрүүдэд Глобал Шейперс Нийгэмлэгийн Хойд Азийн Бүсийн Чуулга Уулзалтыг зохион байгуулсан юм.

Тус арга хэмжээнд Австрали, БНХАУ, Япон, БНСУ, АНУ зэрэг улсын 80 гаруй залуу манлайлагч оролцож, “Ирээдүйн төлөөх үе хоорондын хамтын ажиллагаа” сэдвийн хүрээнд тогтвортой хөгжил, хот байгуулалт, иргэний оролцоо болон залуучуудын манлайллын талаар туршлага солилцож, хэлэлцүүлэг өрнүүлжээ.

Энэ удаагийн Хойд Азийн бүсийн цугларалтыг Монгол Улсад зохион байгуулах хариуцлагатай ажлыг манай нийгэмлэгийн залуус хүлээн авсан. Бид оролцогчдод зөвхөн хэлэлцүүлэг өрнүүлэх бус, Монголын өв соёл, уламжлал, иргэний нийгмийн санаачилгуудтай танилцах боломжийг бүрдүүлэхээр зорьж байна. Хүрэлцэн ирсэн зочид маань Монгол дахь ирээдүйн хамтрагчидтайгаа холбогдож, шинэ санаачилга, хамтын ажиллагааны эхлэлийг тавьсан гэдэгт итгэлтэй байна.

Global Shapers Ulaanbaatar Hub-ийн 2025-2026 оны Куратор Б.Энхжин

ГЛОБАЛ ШЕЙПЕРС НИЙГЭМЛЭГИЙН ТУХАЙ ТОВЧХОН 

Глобал Шейперс Нийгэмлэг нь Дэлхийн Эдийн Засгийн Форумын дэргэдэх 18-30 насны залуу манлайлагчдын олон улсын нийгэмлэг юм. Өдгөө тус нийгэмлэг нь 11,520 гаруй гишүүнтэй, 155 улс нутагт нийтдээ 508 салбартайгаар үйл ажиллагаагаа явуулж байгаа юм. Гишүүд нь өөрсдийн хот, орон нутагт тулгамдсан асуудлыг шийдвэрлэх төсөл, санаачилгуудыг хэрэгжүүлж, орон нутгийн түвшний өөрчлөлтийг бий болгохоор ажилладаг аж.

Харин манай улсад “Global Shapers Ulaanbaatar Hub” нь 2012 оноос эхлэн үйл ажиллагаагаа явуулж байгаа билээ. Тэд энэ хугацаанд “Залуу мэргэжилтнүүдийн менторшип”, “Бүтээлч өглөө”, “Цус хандивлах аян”, “Би ба бодол”, “Амин хариуцлага” зэрэг онцлох төсөл хөтөлбөрүүдийг зохион байгуулаад байна.

ОНЦЛОХ МӨЧҮҮД