Саяхныг хүртэл бидэнд нэг сая жуулчин гэх тоо мөрөөдөл мэт хол сонсогддог байв. Гэтэл өнгөрсөн онд манай улс 850 мянган жуулчин хүлээн авсан нь нэг сая гэдэг холын зорилго биш, болох боломжтой зүйл юм байна гэдгийг батлан харуулаад буй. Ердөө 3.6 сая хүн амтай улсын хувьд хүн амынхаа ⅓-тэй дүйцэхүйц жуулчин хүлээн авна гэдэг чамгүй том амжилт. Үүнд дэлхий нийтэд өөрсдийн авьяас чадвараараа үнэлэгдэж буй The MongolZ, Alpha Gaming тэргүүтэй и-спортын тамирчид, Netflix-ийн Physical: Asia цуврал болон “Go Mongolia” санаачилга чухал нөлөөтэй. 

Ингээд энэ удаагийн нийтлэлээр нэг сая жуулчин гэдэг бодит амьдрал дээр ямар утга учиртай вэ гэдгийг харуулахын сацуу Монголыг аль улсын жуулчид хамгийн их зорьдог, тэднийг татах гол шалтгаан юу болох, мөн жилийн аль саруудад жуулчны тоо оргилдоо хүрдэг тухай сонирхуулъя. 

Цар тахал ба аялал жуулчлал

Эх сурвалж: South China Morning Post

Цар тахлын жилүүдэд хамгийн их уналтад орсон салбаруудын нэг бол яах аргагүй аялал жуулчлал. 2019 онд гэхэд манай улс 577 мянга гаруй жуулчин хүлээн авч, аялал жуулчлалын салбар идэвхтэй хөгжиж байсан бол хил хаагдаж, олон улсын нислэгүүд зогссон цар тахлын үед энэ тоо ердөө 33 мянгад хүрч, түүхэндээ байгаагүй хэмжээнд буурсан юм. Харин 2022 оноос хөл хорио цуцлагдаж, хил нээгдсэнээр аялал жуулчлалын тоо аажмаар сэргэж, сүүлийн жилд 850 мянга гаруй жуулчин хүлээн аваад буй. Үүнээс бид 2026 онд Монгол нэг сая жуулчин хүлээн авах бүрэн боломжтойг харж болох биз ээ.

Сэргэлтээрээ тэргүүлэв

НҮБ-ын Аялал жуулчлалын салбараас гаргасан сүүлийн үеийн тайланд Монгол Улс цар тахлаас хойш хамгийн сэргэлттэй байгаа улсуудын нэгээр нэрлэгджээ. Хүнд үеийн дараа аялал жуулчлалын салбараа богино хугацаанд амжилттай сэргээнэ гэдэг тийм ч амар зүйл биш. Гэвч манай улс үүнийг маш амжилттай хэрэгжүүлж, жуулчны тоогоо цар тахлын өмнөх хэмжээнээсээ илүү гаргасан онцлууштай үзүүлэлттэй байна.

Нэг сая жуулчин = 2 тэрбум доллар

Өнгөрсөн онд Монголд зочилсон 850 мянга орчим жуулчин манай улсын эдийн засагт нийтдээ 1.6 тэрбум долларын хөрөнгө оруулсан билээ. Тэгвэл нэг сая жуулчин хүлээн авна гэдэг нь хоёр тэрбум ам.долларын валютын урсгалыг Монголын эдийн засагт нэмнэ гэсэн үг. Энэ хэмжээний орлого нь улсын ДНБ-ий ойролцоогоор 10 хувийг бүрдүүлэх бөгөөд жижиг, дунд бизнесээс эхлээд үндэсний хэмжээнд эдийн засгийн өсөлтөд мэдэгдэхүйц хувь нэмэр оруулах боломжтой.

Гэхдээ 1.6 тэрбум долларын хөрөнгө нь зөвхөн аялал жуулчлалын орлого хэмээн дүгнэх нь хэтэрхий өрөөсгөл ойлголт. Учир нь, жуулчид зочид буудал, ресторан, тээвэр, худалдаа, соёлын арга хэмжээ зэрэг олон салбарт мөнгөө зарцуулдаг. Өөрөөр хэлбэл, жуулчин бүр Монголд ирэхдээ зөвхөн үзэж харахаас гадна эдийн засгийн амьдралд шинэ боломж, шинэ орлого авчирч байгаа хэрэг юм.

Нэг сая жуулчин гэдэг нь хэр олон юм бэ? 

Нэг сая жуулчныг төсөөлөх гээд үзье. Хэрвээ бүгд гар гараасаа атган зогсвол Улаанбаатар хотоос Ховд хүрэх урт гинжин хэлхээ үүсэх гэнэ. Өөрөөр:

- Улаанбаатар хотыг хасвал Монгол Улсын хэмжээнд хот суурин газарт амьдарч буй хүний тоотой тэнцэнэ.
- Сүхбаатарын талбайг нийтдээ 20 удаа дүүргэж чадна.
- 5700 ширхэг Boeing 737-800 онгоц дүүргэнэ.
- Хэрвээ нэг хүн тутамд ердөө нэг минут зарцуулбал, нэг сая жуулчинтай уулзахад бараг хоёр жил хэрэгтэй болно.

Жуулчид хаанаас ирж байна вэ? 

Сүүлийн нэг жилийн хугацаанд Монголыг зорин ирж буй жуулчдын дийлэнх нь хөрш орнууд болон Зүүн Азийн улсуудын иргэд байна. Харин Европ, АНУ, Австрали зэрэг алслагдсан улсуудаас ирэх жуулчид бага хувийг эзэлж байгаа аж.

30 хувь нь ОХУ
24 хувь нь Өмнөд Солонгос
22 хувь нь Хятад
4 хувь нь Казакстан
3 хувь нь Япон
17 хувь нь бусад

Жуулчид яагаад ирдэг вэ?

Эх сурвалж: Behance

Адал явдал: Сүүлийн жилүүдэд The New York Times-аас эхлээд Lonely Planet зэрэг олон улсын хэвлэл мэдээллүүд Монгол Улсыг зорин очих ёстой орнуудын тоонд багтаах болов. Судалгаагаар Монголчуудын нөхөрсөг, элгэмсүү зан болон аюулгүй байдал, нээлттэй соёл нь жуулчид татах шалтгаан болдог аж. Түүнчлэн сүүлийн жилүүдэд Монгол нутгийн эрх чөлөө, онгон дагшин байгаль нүүдэлчин амьдралыг сонирхох залуу адал явдал эрэлхийлэгч, аялагчид ихсэх болжээ.

Амжилт бүтээл: Монголын нэр хүндийг дэлхийд таниулахад спорт, урлагийн амжилтууд ч чухал нөлөө үзүүлж буй. Хамгийн сүүлд л гэхэд Netflix-ийн Physical: Asia нэвтрүүлэгт оролцсон монголын баг тамирчид олон улсад өв соёлоо танилцуулаад зогсохгүй зөвхөн монгол орныг харуулсан тусгай нэвтрүүлэгтэй ч болоод амжсан. Нэмээд The MongolZ, Alpha Gaming тэргүүтэй баг тамирчид өөр өөрсдийн төрлөөр дэлхийд тэргүүлж, тухайн салбартаа Монгол Улсаа таниулж байгаа нь манай орныг дэлхий нийтэд эергээр таниулж буй.

Арга хэмжээ: Мөн 2023 оноос эхлэн хэрэгжиж буй “Go Mongolia” компанит ажил, түүний хүрээнд зохион байгуулагдсан арга хэмжээ, бүтээсэн контентууд өнөөдрийн байдлаар 155 сая гаруй хүнд хүрчээ. Нэгдсэн бодлогоор аялал жуулчлалаа дэмжиж, улсаараа үндсэн брэндтэй болсон нь дэлхийн өнцөг булан бүрд байгаа хүмүүст ойлгомжтой, сонирхолтой санагдаж буй нь дамжиггүй.

Жуулчид хэзээ ирдэг вэ? 

Монголын аялал жуулчлалын салбар улирлын онцлогоос ихээхэн хамаардаг. Зуны дэлгэр цагт үзэсгэлэнт ногоон байгаль, уудам тал нутаг, өвөрмөц газарзүйн тогтоц, түүнчлэн үндэсний их баяр наадам зохион байгуулагддаг тул энэ үед жуулчдын урсгал оргилдоо хүрдэг. Тухайлбал, нийт жуулчдын 18.12 хувь нь наймдугаар сард, 17.95 хувь нь долоодугаар сард Монгол Улсыг зорьдог байна.

Харин өвлийн улиралд, ялангуяа нэгдүгээр, хоёрдугаар саруудад нийт жуулчдын ердөө 3.2 хувь нь ирдэг гэх тооцоо бий. Үүнд хэт хүйтэн уур амьсгал, утааны асуудал зэрэг хүчин зүйлс жуулчдын урсгалыг бууруулахад нөлөөлдөг ч эсрэгээрээ цас үзэх, мөсний баяр сонирхох, өвлийн спортоор хичээллэх зорилготой жуулчид цөөнгүй бий.

2026 оны нэгдүгээр сарын байдлаар л гэхэд монголд зочилсон жуулчдын тоо 21,066-д хүрсэн үзүүлэлттэй байгаа юм. Салбарын төлөөлөгчдийн үзэж буйгаар, эдгээр тоон үзүүлэлт нь 2026 оны эхний сард жуулчдын хөдөлгөөн тогтворжиж, өвлийн аялал жуулчлал идэвхжиж байгааг харуулж буй. Тэдний дийлэнхийг ОХУ-ын 9,209 жуулчин бүрдүүлсэн бол дараагийн томоохон урсгалыг Хятадын 7,161 жуулчин эзэлжээ. Мөн Өмнөд Солонгосоос 1,353 жуулчин ирсэн нь өвлийн аялал жуулчлалын зах зээл олон улсын хэмжээнд тэлж байгааг харуулж буй.