COP17-гийн иргэдэд нээлттэй ногоон бүсэд олон арван үйл ажиллагаа давхар өрнөж байгаагаас бид энэ удаа Nature Booth-ийг онцолж байна. Энд монголын групп компаниудын төлөөлөл, гаднын зочид ирж хэлэлцүүлэг өрнүүлэхээс гадна монгол өв соёлыг танилцуулах идээ, ундаа, сонирхолтой тохижилт бүтжээ.
8-р сарын 21-ний өдөр тогтвортой ногоон дадлын өдөр байсан бөгөөд үүнтэй холбоотойгоор тус бүүт дээр Монголын бизнесүүд хэрхэн байгальд ээлтэй загвар руу шилжиж байгаа, санхүүгийн байгууллагууд үүнд ямар хөшүүрэг болж буйг хэлэлцсэн чухал ач холбогдолтой үйл явдлуудаар дүүрэн байв. Иймд Unread-ийн редакц энэ удаа 21-ний өдөр Nature booth дээр зохион байгуулагдсан хоёр хэлэлцүүлгийг онцолж байна.

"Nature Positive Business": Байгальд ээлтэй бизнесийг бүтээх нь
Ногоон бүсийн хамгийн эхний хэлэлцүүлэг нь "Nature positive business" буюу "Байгальд эерэг нөлөөтэй бизнес" сэдэвтэй байсан юм. Энэхүү хэлэлцүүлгийн үеэр бизнесийн үйл ажиллагаа нь зөвхөн байгальд учруулах хор хөнөөлөө багасгах бус, эсрэгээрээ яаж байгаль орчныг нөхөн сэргээх, хамгаалах, биологийн олон янз байдлыг дэмжихэд чиглэсэн эерэг үр дагавартай байж болохыг хэлэлцлээ.
Биологийн олон янз байдлын эрсдэлийг санхүүжилттэй уялдуулах нь
Хэлэлцүүлэгт Голомт банкны Тогтвортой санхүүжилтийн хэлтсийн захирал Б.Анужин оролцож, банкны салбар хэрхэн зээлийн шийдвэр гаргах үйл явцдаа биологийн олон янз байдалтай холбоотой эрсдэлийг тооцож, амжилттай хэрэгжүүлж буй туршлагаасаа хуваалцсан билээ.
Тэрээр өнгөрсөн онд Голомт банк байгаль орчин, нийгмийн эрсдэлийн үнэлгээний аргачлалаа олон улсын жишигт нийцүүлэн шинэчилсэн талаараа хуваалцсан ба ингэхдээ Олон улсын санхүүгийн корпорацын гүйцэтгэлийн 6-р стандарт болох "Биологийн олон янз байдлыг хамгаалах, амьд байгалийн нөөцийн тогтвортой менежментийг бий болгох" стандарттай бүрэн уялдуулж, банкны үйл ажиллагаанд нэвтрүүлснийг онцолсон юм.

Голомт банкны хувьд харилцагчид зээл олгох, аливаа суурь нөхцөл бүрдүүлэхээсээ өмнө байгаль орчин, нийгмийн эрсдэлийн үнэлгээг заавал хийдэг журамтай. Тодруулбал харилцагчийн бизнес болон санхүүжилт авах гэж буй төсөл хөтөлбөр нь тусгай хамгаалалттай газар нутагтай ойр байгаа эсэхийг нарийвчлан шалгаж, тухайн үйл ажиллагаа нь амьтан, ургамалд сөрөг нөлөө үзүүлэх эрсдэлтэй эсэхийг харилцагчаасаа шууд асууж үнэлдэг системтэй болжээ. Хэрэв банкны үнэлгээгээр тухайн төсөл дээр байгаль орчны асуудал илэрвэл харилцагч болон Голомт банкны тусгай мэргэжилтнүүд сайжруулах төлөвлөгөөг нь гаргаж өгч, хамтран ажилладаг гэнэ.
Голомт банк энэхүү шинэ стандартынхаа дагуу энэ оны эхний сараас эхлэн дата цуглуулж, нарийвчилсан үнэлгээ хийж эхэлсэн бөгөөд 12 сарын 31-нээр эхний өгөгдлөө бүрэн нэгтгэж, томоохон хэмжээний дата анализ хийхээр зорьж байгаа. Энэхүү анализын үр дүнд аль эдийн засгийн салбарын бизнесүүд биологийн олон янз байдлын хамгаалалт дээр хамгийн өндөр эрсдэлтэй байгааг шинжлэх ухааны үндэслэлтэй, бодитоор харах боломж бүрдэнэ. Мөн харилцагчдаа байршлаар нь (Улаанбаатар хотод болон орон нутагт), сегментээр нь (Корпорацын том харилцагч, ЖДҮ, бичил бизнес) нарийвчлан ангилж, эрсдэлийн төлөв байдлаа илүү гүнзгий судалж, үнэлэх стратегийг хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа аж.
Олон улсын туршлага

“Байгалийн нөөцөөс хамааралтай бүс нутгууд бүгд Монголтой ижил байгаль орчны нэгэн шилжилтийн үе шатыг туулдаг. Эхний ээлжид бэлчээр, уул уурхай зэрэг байгалийн нөөцөө ашигладаг боловч яваандаа бохирдол болон бусад асуудлууд нэмэгдэхийн хэрээр байгальд үзүүлэх нөлөөллөө бууруулах, үүнээсээ сэргийлэх шаардлагатай болж эхэлдэг гэсэн үг. Үүнийг шийдвэрлэх нэг гол арга зам бол ийм төрлийн бизнесүүдэд зориулсан хатуу стандарт, удирдамжуудыг бий болгох явдал юм. Жишээлбэл, зам тавихдаа зэрлэг амьтдын нүүдэлд саад учруулахгүй байх, уул уурхайн олборлолтын дараа тухайн орчныг, амьдрах орчныг нь нөхөн сэргээх нь нэн чухал. Хамгийн гол нь ховордсон зэрлэг амьтдын хувьд нэн чухал амьдрах орчинд үйл ажиллагаа явуулахаас татгалзах нь зүйтэй. Монгол улсын хувьд эко туризм, эсвэл ноолуур, хөдөө аж ахуй гэх мэт байгалийн нөөцөд суурилсан бусад тогтвортой эдийн засгийн салбаруудыг хөгжүүлэх асар их нөөц бололцоо байгаа гэж бид хардаг.
Манай байгууллагын хувьд Төвөдийн өндөрлөгт орших Чинхай мужид ажилладаг бөгөөд тухайн бүс нутаг ч мөн бэлчээрийн мал аж ахуйгаас ихээхэн хамааралтай тул Монголтой маш төстэй нөхцөлтэй байдаг. Манайд хэрэгжиж буй нэг томоохон ажил бол Засгийн газраас Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгүүдээ хамгаалахад ихээхэн анхаарч, нутгийн малчдыг байгаль хамгаалагчаар ажилд авч ажиллуулж байгаа явдал юм. Энэ нь орон нутгийн иргэдийг орлоготой болгохын зэрэгцээ байгаль хамгааллын үйл хэрэгт шууд татан оролцуулж буй сайн туршлага болж буй.
Дээрээс нь бид цоохор ирвэсийн эко туризмыг хөгжүүлж байгаа бөгөөд энэ нь олон улсын жуулчдыг татаж, нутгийн малчдад нэмэлт орлого бий болгож байна.”
2."ESG Commitments to Action": Амлалтаас үйл хэрэгт шилжихүй
Nature booth-ийн өөр нэгэн чухал хэлэлцүүлэг бол "ESG Commitments to Action" буюу Байгаль орчин, нийгэм, засаглалын амлалтуудыг бодит үйл хэрэг болгох сэдэвт хэлэлцүүлэг байлаа. Энэхүү хэлэлцүүлэгт Голомт банкны Тогтвортой санхүүжилтийн менежер Ч.Жаргалмаа оролцож, банкны зүгээс хэрэгжүүлж буй ногоон санхүүжилтийн бодит кэйс болон зах зээлд тулгамдаж буй асуудлуудын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгсөн юм.

"Голомт банкны хувьд бид одоогийн байдлаар нийт 11 төрлийн тогтвортой, ногоон болон цэнхэр зээлийн бүтээгдэхүүнүүдийг зах зээлд нэвтрүүлж, харилцагчдадаа бизнесээ ногоон болгоход нь идэвхтэй санал болгон ажиллаж байна.
Ногоон зээл энгийн бизнесийн зээлтэй харьцуулахад арай өөр онцлогтой бүтээгдэхүүн. Бид олон улсаас татсанй ногоон эх үүсвэрийг зарцуулахдаа зайлшгүй ногоон зээл авсан харилцагчдынхаа үр нөлөөг хэмжиж, цаашаа тайлагнах шаардлагатай байдаг.
Тухайлбал, тухайн зээлийг авснаар харилцагч маань хэдий хэмжээний хүлэмжийн хийн ялгарлыг бууруулсан, хэдий хэмжээний ус болон эрчим хүчийг хэмнэсэн зэргийг заавал тооцоолох шаардлагатай болдог. Түүнчлэн, тухайн зээлээр дамжуулаад хэдэн хүнийг шинэ ажлын байраар хангаж, хэчнээн хүний цэвэр усны хүртээмжийг нэмэгдүүлж байгаа зэрэг байгаль орчин, нийгмийн үзүүлэлтүүдийг ч бид давхар хэмжиж эхэлсэн. Тиймээс бизнесүүд маань өнөөдрөөс эхлэн өөрсдийн хэрэглээгээ хэмждэг, тайлагнадаг, түүнийгээ хөндлөнгийн байгууллагаар баталгаажуулдаг соёлд суралцах нь маш чухал болоод байна.
Тулгамдаж буй асуудлууд ба банкны дэмжлэг
“Ногоон шилжилттэй холбоотой зээл авахаар хандаж буй аж ахуйн нэгжүүдийн дунд мэдээллийн хомсдол хамгийн түгээмэл эрсдэл болж байна. Бизнесүүд маань ногоон зээлийг хүү багатай гэдгээр нь их сонирхдог ч, яг яаж авах, ямар бичиг баримт бүрдүүлэх, ямар сертификат шаардлагатай талаарх мэдлэг дутмаг байдаг. Жишээлбэл, шинээр барилга барих гэж буй харилцагч маань түүнийгээ хэрхэн ногоон барилга болгох, эрчим хүчний хэмнэлтээ яаж 20%-аас дээш байлгахыг мэдэхгүй ирдэг.
Тиймээс манай Олон улсын банкны газар доторх Тогтвортой санхүүжилтийн хэлтэс тусгайлан харилцагчид зориулсан үнэ төлбөргүй сургалтуудыг тухайн төсөл дээр нь тогтмол зохион байгуулдаг. Харилцагчдадаа тухайн гэрчилгээг хаанаас авч болох, ямар шалгуур хангах ёстой зэргээр нээлттэй чиглүүлэн зөвлөгөө өгч ажилладаг нь мэдлэгийн зөрүүг арилгахад их дэмтэй.

ЖДҮ эрхлэгч харилцагчийн ногоон шилжилт хийж буй жишээнээс дурдвал:
- Сэргээгдэх эрчим хүчний шилжилт: харилцагч үйлдвэрийнхээ дэргэд нарны панел суурилуулж, эрчим хүчнийхээ тодорхой хэмжээг сэргээгдэх эрчим хүчнээс амжилттай хангаж эхэлсэн.
- Саарал ус дахин ашиглалт: Мөн манайхаас шинээр гаргасан "саарал усны зээл"-ээр дамжуулан үйлдвэрийнхээ дэргэд хаягдал ус цэвэрлэх төхөөрөмж худалдан авсан. Энэ нь усаа хэмнэхийн сацуу байгаль орчны бохирдлыг бууруулж буй онцлогтой жишээ.
- Карбон бага тээвэр: Мөн өөр нэг харилцагч маань тээврийн үйл ажиллагаандаа зориулан цахилгаан машин худалдаж авах замаар ногоон шилжилтийг хийж эхэлсэн гэх мэт олон сайн жишээ бий.”
Сэтгэгдэл бичих

