Голомт банкны нэрэмжит “Оюутны тэтгэлэгт хөтөлбөр” 21 дэх жилдээ шилдэг 100 оюутныг шалгаруулж, сургалтын тэтгэлэг гардууллаа. Энэ удаагийн тэтгэлэгт хөтөлбөрт их, дээд сургуулийн III, IV дамжааны, мэргэжлийн чиглэл харгалзахгүй 1000 гаруй оюутан материалаа ирүүлснээс шилдгүүдээ тодруулсан байна. 

Тэтгэлэгт шалгарсан оюутнууд хоёр сая төгрөгийн сургалтын тэтгэлэг авахаас гадна мэргэжлийн дагуу Голомт банканд урилгаар ажиллах боломжтой. Мөн Голомт академийн хувь хүний хөгжлийн болон мэргэжлийн сургалт, эрүүл мэндийн хөтөлбөрт хамрагдаж, суралцах хугацаандаа мэргэжлийн ментор, коучингийн удирдлагатай хамтран ажиллах давуу талтай.

Ингээд дөрвөн үе шаттайгаар зохион байгуулагдсан үндэсний хэмжээний тэтгэлэгт хөтөлбөрийн онцлог болоод тэтгэлэг хүртсэн оюутнуудын үзэл бодлыг тоймлон хүргэж байна. 

“Оюутны тэтгэлэгт хөтөлбөр”-ийн тухай


Оюутан залуусын боловсролыг дэмжих, санхүүгийн дэмжлэг үзүүлэх зорилгоор Голомт банк тус хөтөлбөрөө 2003 оноос эхлэн хэрэгжүүлээд буй. Энэ жил Голомт банкны 30 жилийн ой тохиож байгаа бөгөөд үүний 21 жилд нь “Оюутны тэтгэлэгт хөтөлбөр”-ийг тасралтгүй хэрэгжүүлж, өдгөө үндэсний хэмжээний хөтөлбөр болтлоо өргөжжээ. Өнгөрсөн хугацаанд шилдэг 2,000 гаруй оюутанд нийт 1.5 тэрбум төгрөгийн сургалтын тэтгэлэг олгоод байна.

Тус банкны хамт олон өнгөрсөн оноос эхлэн тэтгэлэгт шалгарсан оюутнуудад сургалтын тэтгэлэг олгохоос гадна Голомт банканд урилгаар ажиллах боломжийг бүрдүүлсэн юм. Энэ нь залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг бодитоор дэмжиж буй үзэгдэл бөгөөд оюутнууд өөрсдийн цаг завдаа тааруулан бүтэн болон хагас цагаар ажиллах боломжтой юм.


Оюутанд тавигдсан шаардлага: 

- III, IV курст суралцаж буй оюутан байх
- Бусад тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдаагүй байх
- Хариуцлагатай, манлайлагч оюутан байх
- Оюутны суралцаж буй мэргэжлийн чиглэл хамаарахгүй

Мандах ИС-ийн Банк, санхүүгийн 3-р дамжааны оюутан М.Оюун-Эрдэнэ

Энэхүү хөтөлбөрт оролцох нь мэдлэгээ тэлэх, өөрийгөө сорих, цаашдын зорилгоо тодорхойлох урам зоригийн маань эхлэл байх болов уу гэсэн бодлоор материалаа илгээсэн. Сонгон шалгаруулалтад өөрт байх чадвар чансаагаа бодит кейс дээр биелүүлэх даалгавар байсан. Үе тэнгийнхнийхээ чадварлаг, оюунлаг залуустай өрсөлдөж, өөрийн давуу талаа харуулах нь илүү сорилттой байлаа.

Даалгавраа амжилттай биелүүлсний дараа хамтын ажиллагаа гэдэг ямар чухал зүйл болох, цагийн менежментээ хэрхэн зөв зохицуулах болон өөртөө итгэлтэйгээр үзэл бодлоо илэрхийлэхийн ач холбогдлыг ойлгосон чухал шалгаруулалт боллоо гэж харж байна.

СЭЗИС-ийн Мэдээллийн технологийн 4-р дамжааны оюутан Б.Билгүүн

Тус хөтөлбөр нь сургалтын төлбөрийн хөнгөлөлтөөс гадна Голомт банканд ажиллах урилга өгдгөөрөө давуу талтай. Мөн мэргэжлийн ментор, коуч нартай уулзаж, туршлагаас нь суралцах, хамтран ажиллах боломжийг бүрдүүлж өгдөг нь төгсөх дамжааны оюутнуудын хувьд маш том боломж болдог.

Сонгон шалгаруулалт дөрвөн үе шаттай явагдсан. Үүнээс багаараа хамтарч даалгавар гүйцэтгэх нь хэцүү санагдсан. Би олны өмнө тийм ч их яриад байдаггүй, чимээгүй төрлийн хүн. Тийм ч учраас баг дотроо өөрт оноогдсон ажлаа чадахаараа гүйцэтгэсэн. Дараа жил уг хөтөлбөрт орохоор сонирхож буй оюутнуудад хандаж хэлэхэд өөрийгөө голохгүйгээр анкетаа өгөөд үзээрэй, боломжгүй зүйл гэж байдаггүй шүү гэж хэлмээр байна.

Голомт банкны ерөнхийлөгч Г.Ганболд

Голомт банк 21 жилийн өмнө Монголын Үндэсний компаниудаас анх удаагаа 100 оюутанд тэтгэлэг олгох үйл ажиллагааг санаачлан хэрэгжүүлсэн. Энэхүү хөтөлбөр нь оюутнуудын сурах, мэдэх хүсэл эрмэлзэлд чиглэсэн, боловсролд оруулж буй тодорхой хэмжээний хөрөнгө оруулалт. Эхэндээ зөвхөн бизнесийн салбарын оюутнуудад тэтгэлэг олгодог байсан ч сүүлийн жилүүдэд бүх мэргэжлийн оюутанг хамруулж, тэтгэлэг олгож байна. Мөн дан ганц Улаанбаатар хот гэлтгүй хөдөө орон нутгийн оюутнуудыг ч хамруулж, тэд ч идэвхтэй оролцдог. Энэ жилийн тухайд нийслэлээс гадна долоон аймгийн оюутан тэтгэлэг авах болзлоо хангаж, шилдэг 100 оюутанд шалгарсан.

Тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдахын тулд дөрвөн улирал дараалан онц сурах ёстой. Энэ бол хамгийн эхний шалгуур үзүүлэлт. Дараад нь нийгмийн идэвхтэй, олон нийтийг манлайлагч байх хэрэгтэй. Жил ирэх тусам хүүхдүүдийн мэдлэг чадвар, сэтгэн бодох зэрэг нь сайжирч байгаад талархууштай байна.

АШУҮИС-ийн Хүний их эмчийн 3-р дамжааны оюутан А.Хэрлэн

Голомт банкны тэтгэлэг мөртлөө зөвхөн санхүүгийн салбарын оюутан биш бүх салбарын оюутнуудад нээлттэй байсан нь сонирхолтой санагдаж, өөрийгөө сориод үзье гэсэн бодолтойгоор анкетаа илгээж байлаа. Оюутны тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах нь бусад салбарын хүмүүстэй холбогдох, танилын хүрээгээ тэлэхээс гадна сургалтын төлбөрөө хөнгөлүүлж, хичээлдээ илүү төвлөрөх боломж бүрдэж байгаад баяртай байна.

Сонгон шалгаруулалтын үеэр оролцогчид өгөгдсөн үгийг оролцуулан нэг минутын хугацаанд өөрийгөө танилцуулах даалгавар байсан. Надад “цонх” гэдэг үг таарсан юм. Шилийг чинь элснээс хийдэг гэдгээ санаад “Би бол элс. Өөрийгөө өнгөлж, зүлгээд хамгийн сайнаараа арчилж чадвал цаашдаа бусад хүмүүст гадаад орчныг харуулах цонх болж чадна” гэх байдлаар өөрийгөө танилцуулсан. Тухайн үедээ тулгамдаж, сандарч байсан ч өөрийгөө сайн илэрхийлсэн санагддаг.

ШУТИС-ийн Өгөгдлийн ухааны 4-р дамжааны оюутан Ц.Азжаргал

Би оюутан болохдоо аав, ээждээ санхүүгийн дарамт үүрүүлэхгүй хэмээн шийдэж, сургалтын төлбөрөө өөрөө олох ямар боломж байгааг судалж эхэлсэн. Гэвч цагийн ажил хийхээр хичээлдээ явж амжихгүй асуудал үе үе тулгарна. Тиймээс тэтгэлгүүдийн мэдээлэл судалж байгаад “Оюутны тэтгэлэгт хөтөлбөр”-ийг анзаарч байлаа.

Уг тэтгэлэг нийгэмд чиглэсэн үйл ажиллагаанд хэр оролцож байгаа болон урлаг, спортын авьяас, манлайлах чадварыг чухалчлан авч үздэг. Тийм болохоор энэ хөтөлбөрийг сонирхож буй найзууд, оюутнууд маань өөрийгөө хөгжүүлэх тал дээр түлхүү анхаараарай. Би анкетаа явуулах үгүйгээ нэлээн эргэлзэж байгаад хугацаа нь дуусах яг сүүлийн минутад явуулж амжсан. Хэрвээ явуулаагүй байсан бол өнөөдрийн энэ боломж байхгүй байх байжээ гэж боддог.

СЭЗИС-ийн Нягтлан бодох бүртгэлийн 4-р дамжааны оюутан Э.Дэлгэр 

Энэ тэтгэлэгт бүртгүүлсэн нь миний өөртөө хийсэн хамгийн том хөрөнгө оруулалт байх. Өмнө жилийн тэтгэлэг авсан оюутнуудыг хараад би ч бас авах юмсан гэсэн нууцхан хүсэлтэй байлаа. Гэтэл өнөөдөр тэтгэлгээ аваад зогсож буй өөрөөрөө бахархаж байна. Анх удаа л ийм том тэтгэлэгт бүртгүүлж, шалгарч байна. Тийм болохоор сонгон шалгаруулалт, ярилцлага, сорилтын талаар ямар ч баримжаа байгаагүй. Анхны тэтгэлэг гэдэг утгаараа их дурсамжтай л санагдаж байна. Даалгавруудаа догдлол, сандралаар дүүрэн л хийж гүйцэтгэсэн дээ.


Нийтлэлийнхээ төгсгөлд сонирхолтой тоо баримт дуулгахад уг тэтгэлэгт шалгарсан оюутнуудын 41 нь МУИС-ийн оюутнууд байжээ. Харин ШУТИС 22, СЭЗИС 18 оюутан шалгарсан бол Мандах ИС болон АШУҮИС тус бүрд нь 4 оюутан байв. Мөн Хүмүүнлэгийн их сургууль 3, МУБИС 2, Эм зүйн шинжлэх ухааны сургууль, Герман Монголын хамтарсан ашигт малтмал, технологийн их сургууль, ИЗОУИС, СИТИ ИС болон ДХИС, ОУ-ын Улаанбаатарын их сургуулиас нэг нэг оюутан шилдгээр шалгарсан байна.



Үе тэнгийн 1,000 гаруй оролцогчдоос өөрийн авхаалж самбаа, манлайллаараа ялгарч, шилдэг 100 оюутны тэтгэлэгт хамрагдсан ирээдүйн чадварлаг мэргэжилтнүүд болон залуучуудын боловсролд бодитой хувь нэмрээ оруулж буй Голомт банкны хамт олонд цаашдын ажил үйлсэд нь амжилт хүсье.

Сайн сайхныг санхүүжүүлнэ

Голомт Банк