Монгол Улсад хөдөлмөр эрхлэх насны залуучууд буюу 15-34 насны нэг сая гаруй иргэн бий. Үүнээс 50 орчим хувь нь хөдөлмөр эрхэлж байгаа бөгөөд сүүлийн жилүүдэд энэ тоо улам бүр нэмэгдэж буй. Гэвч хөдөлмөр эрхлэх насны залуусын тоо нэмэгдэх тусам тогтвортой ажлын байр бий болгох, хөдөлмөрийн зах зээлд өөрийн байр сууриа олох зэргээс гадна бизнесээ хэрхэн эхлүүлэх, зах зээлээ яаж тодорхойлох, санхүүгээ зөв удирдах зэрэг практик мэдлэг, мэдээлэл дутмаг байна. 

Тиймээс залуу бизнес эрхлэгчдэд эдийн засгийн судалгаа мэдээлэлтэй танилцах, амжилттай яваа эрхмүүдээс суралцах, харилцаа холбоогоо өргөжүүлэх боломжийг олгох зорилгоор Голомт банкнаас “Youth Leads Business” арга хэмжээг анх удаа зохион байгууллаа. 

“YOUTH LEADS BUSINESS” АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ 


Голомт банк нийгмийн хариуцлагын хүрээнд боловсрол, залуучуудын хөгжил, бизнес эрхлэлтийг дэмжих чиглэлээр олон төсөл, хөтөлбөрийг тогтмол хэрэгжүүлдэг билээ. Тухайлбал, бизнес эрхлэгчдэд үйл ажиллагаагаа хөгжүүлж, өргөжүүлэхэд нь дэмжлэг үзүүлэх “Менторшип” хөтөлбөр, оюутан залуусын боловсролыг дэмжих “Оюутны тэтгэлэгт хөтөлбөр”, мөн мэргэжлийн туршлага хуримтлуулах, өөрийгөө хөгжүүлэх боломж олгох “Internship - Судлаач оюутны хөтөлбөр” зэрэг олон талт хөтөлбөрийг зохион байгуулсаар 30 гаруй жилийг үджээ.

Тэгвэл энэ удаад залуу бизнес эрхлэгчид рүү илүү чиглэн тэдний мэдлэг, ур чадварыг нэмэгдүүлэх, шинэ мэдээлэл, туршлагаас суралцах, салбарын мэргэжилтнүүд болон туршлагатай бизнес эрхлэгчидтэй харилцаа холбоо тогтоох, хамгийн чухал нь хүрээллээ тэлэх боломжийг бүрдүүлэх зорилгоор “Youth Leads Business” арга хэмжээг анх удаа зохион байгуулж буй нь энэ юм.

НЭЭЛТ 


Арга хэмжээг нээж, Голомт банкны Гүйцэтгэх захирал А.Одонбаатар үг хэлэхдээ залуу бизнес эрхлэгчдийг шинийг санаачилж, боломжийг эрэлхийлдэг, эрсдэлийг даван туулж чаддаг мэргэжилтнүүд хэмээн тодорхойлов.

Мөн олон улсын байгууллагуудтай хамтран ажиллахад Монгол Улсын залуу хүн ам, ажиллах хүчний нөөц тэдний анхаарлыг ихээхэн татдаг талаар дурдлаа. Монгол Улс харьцангуй залуу хүн амтайгаас гадна залуусын дийлэнх нь гар утас, интернэт ашиглаж, технологийн хэрэглээ, дижитал орчинтой өдөр тутамдаа холбогдож байгаа нь давуу тал болдог байна. Энэ нь залуучууд шинэ технологи, мэдээллийг хурдан хүлээн авч, цаашид бизнес болон технологийн шинэ санаа, шийдлийг хөгжүүлэх боломжийг нэмэгдүүлж байгаа гэнэ.

Түүнчлэн Голомт банк хиймэл оюунд суурилсан санхүүгийн экосистемийг хөгжүүлж, харилцагч бүрийн хэрэгцээнд тохирсон банкны бүтээгдэхүүн, үйлчилгээг хүргэхээр ажиллаж байгаа ажээ. Мөн тус банк сүүлийн хоёр жилийн хугацаанд олон улсын байгууллагуудтай хамтран ажиллаж, Монгол Улсад ойролцоогоор хоёр тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт татсан байна.

АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ ТЭД ЮУ ХЭЛЭВ? 

Голомт банкны Гүйцэтгэх захирал А.Одонбаатар

“Аливаа улс орны хамгийн чухал нөөц, хөгжлийн гол хөдөлгөгч хүч нь залуучууд байдаг. Монгол Улсын хувьд ч хүн амын бүтцээрээ залуучуудын эзлэх хувь харьцангуй өндөр орны нэг. Үүнийгээ дагаад залуучуудын эдийн засагт оруулж байгаа хувь нэмэр, бизнесийн салбарт оролцож байгаа оролцоо ч жилээс жилд нэмэгдэж байна. Тухайлбал, манай банкны нийт зээлдэгчдийн 20 орчим хувийг залуу бизнес эрхлэгчид бүрдүүлдэг.

Тиймээс бид залуу бизнес эрхлэгчдэд зориулан бизнесээ хөгжүүлэхэд нь санхүүгийн болоод санхүүгийн бус дэмжлэг үзүүлэх зорилгоор “Youth Leads Business” арга хэмжээгээ зохион байгуулж байгаа юм. Өөрөөр хэлбэл, шаардлагатай мэдлэг, мэдээллээр хангах, шинэ боломжуудтай танилцах, туршлагатай бизнес эрхлэгчдээс суралцах нөхцөлийг бүрдүүлж буй. Өнөөдрийн арга хэмжээнд маань нийт 200 орчим залуус оролцож байна.”


Залуу бизнес эрхлэгч М.Дуулга

“Бизнес эрхлэхэд санхүүгийн зөв зохицуулалт, зөвлөгөө их чухал. Гэтэл залуучуудын хувьд санхүү, бизнесийн талаарх мэдлэг, мэдээлэл хангалттай байдаггүйгээс болж санхүүгийн асуудлаа хэрхэн зөв зохицуулахаа мэдэхгүй байх тохиолдол бий. Үүний улмаас бизнесээ өргөжүүлэх, хөгжүүлэх явцад санхүүгийн төлөвлөлтөөс эхлээд олон асуудал тулгардаг. Харин энэхүү арга хэмжээгээр дамжуулан өмнө нь сайн мэддэггүй байсан зүйлсээ мэргэжилтнүүдээс сонсож, туршлагаас нь суралцах боломж бүрдэж байгаа нь их таалагдаж байна. Ялангуяа бизнес эрхлэх явцад эргэлзэж, хаанаас нь эхлэхээ мэдэхгүй байгаа асуудлуудаа асууж, бодит мэдээлэл авах боломжтой байгаа нь арга хэмжээний хамгийн том давуу тал болов уу.

Голомт банкны зүгээс зээл, хөрөнгө оруулалт болон бизнесийн санхүүжилттэй холбоотой асуудлаар зөвлөгөө өгч, харилцагчтайгаа хамтран ажилладаг нь их авууштай. Бизнес нь хэр явж байна, цаашид ямар дэмжлэг хэрэгтэй байна, санхүүгийн ямар шийдэл байж болох вэ гээд л их зөвлөгөө өгч, тусалдаг шүү. Миний хувьд одоогоор и-спортын салбарт үйлчилгээ үзүүлэх чиглэлээр бизнес эрхэлдэг.”

ОНЦЛОХ ИЛТГЭЛҮҮД 

1. Голомт банкны Ерөнхий эдийн засагч Ж.Арман


Илтгэлийн сэдэв: Залуусын эдийн засагт эзэлж буй байр суурь

Сүүлийн жилүүдэд Монгол Улсын эдийн засаг харьцангуй өндөр өсөлттэй явж, өмнөх онд долоон орчим хувийн өсөлт үзүүлсэн байна. Гэхдээ эдийн засгийн өсөлттэй зэрэгцэн инфляцын түвшин өндөр хэвээр байгаа нь бизнес эрхлэгчдийн хувьд анхаарах асуудлын нэг болж байгаа гэнэ. Инфляц өсөх нь бараа, үйлчилгээний үнэ нэмэгдэхээс гадна бизнесийн зардал, хэрэглэгчдийн худалдан авах чадварт ч нөлөөлдөг. Тиймээс цаашид инфляцыг бууруулж, эдийн засгийн өсөлтийг тогтвортой хадгалах нь чухал.

Залуусын 34.7 хувь нь өдөр тутмын хэрэгцээгээ хангаж, амьдарч чаддаг бол 13.4 хувь нь өдөр тутмын хэрэгцээгээ бүрэн хангахад хүндрэлтэй байдаг тухай танилцуулав. Түүнчлэн эдийн засгийн өсөлт, инфляцын үзүүлэлтүүд тухайн үеийн эдийн засгийн нөхцөл байдлыг тодорхойлж байгаа гэнэ.

2. Премиум Нексус ХК-ийн Үүсгэн байгуулагч, ТУЗ-ийн дарга А.Ганхуяг 


Илтгэлийн сэдэв: The Entrepreneur Mindset: Туршлагатай бизнес эрхлэгчийн илтгэл

Бизнес эхлүүлэхдээ хамгийн түрүүнд бүтээгдэхүүнээ хэрхэн борлуулах вэ гэдгээ бодох хэрэгтэй. Борлуулалтын гарц, хэрэглэгчийн эрэлтээ тодорхойлоогүй байж их хэмжээний хөрөнгө оруулалт хийвэл дараа нь бүтээгдэхүүнээ борлуулахад хүндрэл үүсэж, тэрхүү хөрөнгөө нөхөхөд хэцүү болдог. Ялангуяа бусдын хөрөнгө оруулалт, зээлээр бизнес эхлүүлсэн тохиолдолд энэ нь илүү том дарамт болж болно.

Тиймээс бизнесээ эхлүүлэхээсээ өмнө зах зээлийн судалгаа хийх, хэрэглэгчийн хэрэгцээ, сонирхлыг тодорхойлох нь чухал. Зах зээлийн судалгаа гэдэг нь зүгээр нэг санаагаа баталгаажуулах биш, тухайн бүтээгдэхүүн, үйлчилгээг хэн авах вэ, ямар хэрэгцээг нь шийдэх вэ, хэрхэн борлуулах вэ гэдгийг бодитоор шалгах үйл явц шүү дээ.

Манай залуучуудын хувьд санаа ихтэй, шинэ зүйл хийх хүсэлтэй байдаг. Гэхдээ тэр гоё, шинэлэг санаагаа шууд их хэмжээний хөрөнгө оруулалт шаардсан бизнес болгохоос өмнө зах зээл дээр туршиж үзэх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, эхлээд борлуулалтаа бий болгож, хэрэглэгчийн эрэлтээ баталгаажуулсны дараа хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлэх нь эрсдэлийг бууруулах нэг арга юм.

3. Оюу Толгой ХХК-ийн ТУЗ-ийн гишүүн Э.Мэндтүвшин


Илтгэлийн сэдэв: Global Career: Олон улсын байгууллагад ажилласан туршлага

Хувийн болон бизнесийн санхүүгээ тусад нь авч үзэх нь хамгийн эхний анхаарах асуудлын нэг. Компанийн санхүүгийн тайлангаа тогтмол гаргаж, орлого, зарлага, ашиг, хөрөнгө оруулалттай холбоотой мэдээллээ тодорхой бүртгэдэг байх шаардлагатай. Цаашлаад шаардлагатай тохиолдолд аудит хийлгэж, санхүүгийн мэдээллээ хөндлөнгийн байдлаар баталгаажуулсан байх нь хөрөнгө оруулагчтай ажиллахад чухал ач холбогдолтой. Мөн компанийн дотоод бүтэц тодорхой байх хэрэгтэй. Хэн ямар шийдвэр гаргах, хэн ямар үүрэг хариуцлага хүлээх, бизнесийн үйл ажиллагаанд хэн ямар түвшинд оролцох нь ойлгомжтой байснаар цаашид хөрөнгө оруулагчтай хамтран ажиллахад үүсэх эргэлзээг багасгана.

Гадаадын мэргэжлийн хөрөнгө оруулагчтай ажиллах үйл явц ч тодорхой дараалалтай байдаг. Эхлээд компани өөрийн үйл ажиллагаа, бизнесийн загвар, санхүүгийн нөхцөл байдал, цаашдын зорилгоо танилцуулна. Үүний дараа талууд урьдчилсан тохиролцоонд хүрч, компанийн үйл ажиллагаа, санхүүгийн тайлан болон танилцуулсан мэдээллүүд бодитой эсэхийг нарийвчлан шалгах үе шат явагдана. Үүний үндсэн дээр хөрөнгө оруулалтын нөхцөл, боломжит эрсдэлийг үнэлж, дараагийн шийдвэрүүд гардаг.

Тиймээс эдгээр бэлтгэлийг хөрөнгө оруулалт хэрэгтэй болсон үедээ гэнэт эхлүүлэхээс илүүтэй бизнесийнхээ 3-5, цаашлаад 5-10 жилийн төлөвлөгөөнд тусгаж өгөх нь зүйтэй. Өнөөдөр шууд хөрөнгө оруулалт татахгүй байсан ч санхүүгийн тайлагнал, хууль эрх зүйн зохицуулалт, компанийн бүтэц, менежментийн тогтолцоогоо зөв бүрдүүлээд явбал цаашид санхүүжилтийн боломж нээгдэх үед бэлэн байх боломжтой.

ОНЦЛОХ МӨЧҮҮД