Хаврын хавсаргатай өдрүүдэд хүний бие физиологи төдийгүй сэтгэл санаа амархан ядарч, сульдах хандлагатай байдаг билээ. Оюутнуудын хувьд ч хичээл ном, шалгалт шүүлэг гээд ачаалал ихтэй, сэтгэл зүйн хувьд ч багагүй ядардаг үе. Тиймээс Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Оюутны холбооноос залуусынхаа нэг өдрийг стрессгүй, идэвхтэй хөдөлгөөнөөр дүүрэн өнгөрүүлэх зорилгоор “Спорт өдөрлөг”-ийг жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг байна. Тэгвэл энэ жилийн тэмцээн өнгөрсөн ням гарагт амжилттай болж өндөрлөлөө. 

СПОРТ ӨДӨРЛӨГИЙН ТУХАЙ + ЭНЭ ЖИЛИЙН ОНЦЛОГ 


Уг спорт өдөрлөгийг анх сумын Оюутны холбооноос санаачлан хэрэгжүүлж байжээ. Өдгөө жил бүр тус сумын оюутан, залуусын хамгийн их хүсэн хүлээдэг, оролцохыг зорьдог томоохон арга хэмжээний нэг болоод буй.

Өнгөрсөн жилүүдэд зөвхөн их, дээд сургуулийн оюутнууд дамжаа хоорондоо өрсөлддөг байсан бол энэ жилээс коллеж болон МСҮТ-ийн оюутнуудыг оролцуулан, хамрах хүрээгээ тэлсэн байна. Түүнчлэн сагсан бөмбөг, волейбол, шатар, даам гэсэн үндсэн төрлүүд дээр оролцогчдын хүсэл сонирхолд тулгуурлан ширээний теннисийг шинээр нэмсэн нь онцлууштай байв.



ӨДӨРЛӨГИЙН ОНЦЛОХ МӨЧ 


Өдөрлөгийн үеэр Саусгоби сэндс ХХК байгууллага Гурвантэс сумын их, дээд сургуульд сурч буй 71 оюутанд сургалтын тэтгэлэг гардууллаа. Тус байгууллага нь 2009 оноос эхлэн оюутан залууст сургалтын тэтгэлэг олгож байгаа бөгөөд энэ хугацаанд 300 гаруй оюутанд 836 сая гаруй төгрөгийн тэтгэлэг гардуулаад байгаа гэнэ.

Тэтгэлэг хүртэж буй оюутан 3.6-аас дээш голчтой суралцаж буй бол 100 хувийн тэтгэлэг авах бөгөөд голч оноо хүрснээр дөрвөн жил дараалан 100 хувийн тэтгэлэгт хамрагдах боломжтой юм.



Саусгоби сэндс ХХК-ийн Байгаль орчин, орон нутаг хариуцсан орлогч дарга Б.Шинэсар


Манай байгууллага үүсгэн байгуулагдаад 20 жил болж байна. Энэ хугацаанд нийгмийн хариуцлагын хүрээнд жил бүр 15 оюутанд сургалтын тэтгэлэг гардуулж байгаа юм. Харин энэ жил бид түүхт 20 жилийн ойгоо угтан тэтгэлэг өгөх оюутны тоог нэмж, Гурвантэс сумын харьяат их, дээд сургуульд суралцаж буй 71 оюутанд нийт 165 орчим сая төгрөгийн сургалтын тэтгэлэг олгоод байна.

Спорт өдөрлөгийн тухайд, оюутан залуус маань санхүүжилтийн асуудлаа бие даан, хувь хүн болон албан байгууллагуудтай хамтран шийдвэрлэдэг байсныг бид анзаарсан. Тиймээс энэ жил сургалтын тэтгэлэг гардуулах арга хэмжээтэйгээ уялдуулан, “Спорт өдөрлөг”-т нь анх удаа дэмжлэг үзүүлж, хамтран ажиллалаа.

Гурвантэс сумын зүгээс оюутан бүрээ ямар нэгэн байдлаар тэтгэлэгт хамруулах бодлого баримталдаг юм билээ. Бид ч энэхүү санал санаачилгыг дэмжиж, хамтын ажиллагааны хүрээнд нутгийнхаа бүх оюутанд ийнхүү сургалтын тэтгэлэг олгож байгаадаа баяртай байна.

ЗОХИОН БАЙГУУЛАГЧДЫН СЭТГЭГДЛЭЭС

Гурвантэс сумын Оюутны холбооны дарга, ҮБТДС-ийн III курсийн оюутан Б.Анхтөгөлдөр

Манай спорт өдөрлөг сагсан бөмбөг, волейбол, шатар, даам гэсэн үндсэн төрлүүдээр тогтмол зохион байгуулагддаг. Бид жил бүрийн онцлогт тохируулан спортын төрлөө баяжуулдаг бөгөөд өмнө нь дартсыг нэмж байсан юм. Харин энэ жил залуусынхаа идэвх, сонирхолд тулгуурлан ширээний теннисний төрлийг нэмээд байна.

Арван жилдээ өдөр бүр уулздаг байсан найзууд оюутан болоод тэр бүр уулзаж, ярилцах боломж хомс болдог. Тиймээс энэхүү өдөрлөг нь тэмцээн гэхээс илүүтэй, уулзаагүй удсан найз нөхөдтэйгөө сонин сайхнаа хуваалцдаг, хамгийн их хүлээдэг баяр нь болсон гэхэд болно.

Үүнээс гадна энэ жилийн хамгийн онцлох хэсэг нь сумын засаг даргын маань шинэчилсэн журам байв. Өмнө нь зөвхөн их, дээд сургуулийн оюутнууд тэтгэлэг хүртэх боломжтой байсан бол энэ жилээс МСҮТ болон коллежид сурч буй оюутнууд тэтгэлэгт хамрагдах боломжтой шийдвэр гарсан байна лээ. Миний хувьд үүнийг маш оновчтой шийдвэр хэмээн харж байна. Учир нь, хөдөлмөрийн зах зээлд нарийн мэргэжлийн техникч, мэргэжилтэй ажилчид их эрэлттэй байдаг. Харин тэр мэргэжлээр сурч буй залуусыг ийнхүү дэмжих нь орон нутагт дутагдаж буй хүний нөөцийг бодитоор бэлтгэх, мэргэжлийн боловсролын үнэ цэнийг өсгөхөд томоохон хөрөнгө оруулалт болох юм.


Гурвантэс сумын Оюутны холбооны гишүүн, АШУҮИС-ийн II курсийн оюутан Б.Отгонжаргал

Оюутан, залуусаа нэг өдрийг ч болов идэвхтэй хөдөлгөөнтэй, хөгжөөнтэй өнгөрүүлж, эрч хүч аваасай гэсэндээ энэхүү өдөрлөгийг уламжлал болгон зохион байгуулж байна. Тэмцээний үеэр оюутнуудынхаа дунд хөгжөөнт тоглоомыг зохион байгуулсан. Үүнд идэвх санаачилга, үзүүлэлтээрээ хоёрдугаар курсийн оюутнууд маань “Шилдэг үе”-ээр шалгарсан юм.

Үндсэн тэмцээний шүүлтийн тухайд гэвэл, ширээний теннис, волейбол, шатрын төрөлд тухайн спортыг сайн мэддэг, тоглодог Оюутны зөвлөлийн гишүүд маань шүүгчээр ажилласан. Харин сагсан бөмбөгийн тэмцээний хувьд илүү өргөн хүрээг хамардаг тул мэргэжлийн шүүгчийг тусгайлан урьж ажилласан. Энэ ташрамд спорт өдөрлөгийг маань үргэлж дэмждэг Гурвантэс сумын Засаг даргын Тамгын газар болон энэ жилийн тэмцээнийг ивээн тэтгэж, хамтран ажилласан Саусгоби Сэндс ХХК-ийн хамт олонд талархал илэрхийлье.


Гурвантэс сумын Оюутны холбооны гишүүн, Хүмүүнлэгийн Ухааны Их сургуулийн II курсийн оюутан Х.Нандинболор

Миний хувьд зохион байгуулалтын ажилд гар бие оролцохын зэрэгцээ тамирчны хувиар тэмцээнүүддээ идэвхтэй оролцлоо. Би волейбол, сагсан бөмбөг, ширээний теннис гээд гурван төрөлд өрсөлдсөн. Тэр дундаа сагсан бөмбөгийн тэмцээнд багаараа маш сайн тоглож, алтан медаль хүртсэндээ баяртай байна.

Манай Оюутны холбоо зөвхөн спорт өдөрлөгөөр хязгаарлагдахгүй, залуусын идэвх санаачилгыг дэмжсэн олон талт ажлуудыг тогтмол зохион байгуулдаг. Үүний нэг жишээ нь 2019 оноос хойш уламжлал болгон хэрэгжүүлж буй сайн дурын ажил юм. Бид сумынхаа ажиллах хүч дутмаг байгаа малчин айлуудад хоёр, гурваараа баг болон очиж, өдөр тутмын ажилд нь тусалдаг. Энэхүү ажил маань орон нутгийнхаа иргэдэд дэм болохоос гадна оюутан залуус бидэнд нийгмийн хариуцлага, харилцааны үнэ цэнийг мэдрүүлдэг чухал ач холбогдолтой.

СПОРТ ӨДӨРЛӨГИЙН ЭЕРЭГ ТАЛУУД 


Сонирхуулахад, спорт өдөрлөгийг оюутан залуусын дунд тогтмол зохион байгуулах нь зөвхөн өрсөлдөхөөс гадна олон талын эерэг нөлөөтэй гэнэ. Тухайлбал:

Сэтгэл санаа

Дасгал хөдөлгөөн хийх нь стрессийг бууруулж, сэтгэл санааг дээрдүүлдэг чухал зүйл гэдгийг хүн бүр мэдэх билээ. Тэгвэл энгийн нэг дасгал хөдөлгөөн хийхээс илүүтэй спорт өдөрлөгт оролцож, үе тэнгийнхэнтэйгээ өрсөлдөх нь сэтгэл санааг 24.8 хувиар нэмэгдүүлдэг болох нь судалгаагаар тогтоогдсон байна. Түүнчлэн стрессийг 26.8 хувиар бууруулдаг аж.

Эргэх холбоо

Нэг сургуульд арав гаруй жил хамтдаа суралцаж, дотно нөхөрлөсөн ч оюутан болсноос хойш хичээл ном гэсээр тэр бүр уулзах боломж хомс болдог. Хэдийгээр сошиал орчноор дамжуулан харилцаж байдаг ч биечлэн уулзаж, ярилцан дурсамжаа хуваалцах нь илүү ойр дотно мэдрэмжийг төрүүлдэг байна. Иймээс үе хоорондыг хамарсан спорт өдөрлөг зохион байгуулах нь найзуудтайгаа уулзах, хамтдаа цагийг хөгжилтэй өнгөрүүлэх боломжийг бүрдүүлж өгч буйгаараа чухал ач холбогдолтой.



Багаар ажиллах чадвар

Спортын өдөрлөгт нэг баг болж оролцох нь багийн гишүүн бүрийн хариуцлагыг нэмэгдүүлээд зогсохгүй, харилцааны ур чадварыг хөгжүүлж, харилцан ойлголцол, хамтын ажиллагаанд суурилсан “багийн соёл”-ыг төлөвшүүлэхэд чухал үүрэгтэй байдаг байна.