Америк, Өрнийн поп соёлын нөлөөгөөр дэлхийд “тархсан” хамгийн амжилттай баяруудын нэг бол яахын аргагүй Хэллоун буюу бидний хэлж заншсанаар “Аймшгийн баяр” билээ. Өнөөгийн Ирланд болон Шотланд үндэстний эртний өвөг болох Селтикчүүдээс гаралтай уг баярыг дэлхийн олон оронд сүр дуулиантай басхүү ёслол төгөлдөр тэмдэглэн өнгөрөөдөг. Тэдгээрийн дотор Ази тивийн, тэр дундаа Зүүн Азийн улсууд ч мөн хамаарах боловч эл бүс нутгийн Аймшгийн баяртай холбогдох түүх тун чиг нимгэн: хамгийн анх тэмдэглэж эхэлсэн улсууд гэгдэх Япон, Солонгос улсууд дөнгөж 2000-аад оноос л тус баярыг өргөн дэлгэр тэмдэглэх болсон байна.
Хэдийгээр уг баяр Зүүн Азийн улсуудын залуучуудын дунд онцгой байр суурийг эзэлдэг, жилийн томоохон нэгэн тэмдэглэлт өдөр боловч, сүүлийн жилүүдэд эдгээр улс орнуудын хандлага нэлээд өөрчлөгдөж эхлээд буй. Тэгэхдээ бүгд Аймшгийн баярт ихэд “тааламжгүй” хандах болцгоожээ. Монголчууд бид ч мөн энэхүү баярыг “хадгаа дэлгээд” угтаагүйг дурдууштай. 
Энэ удаагийн нийтлэлээ бид яагаад Хэллоуныг Зүүн Азийн орнууд одоо ч “таалдаггүй” вэ? гэх асуултад хариулахаар бэлтгэлээ. Зүүн Азиуд анхнаасаа энэ баярт “нүүр үзүүлээгүй” юу? Эсвэл сүүлийн жилүүдэд л ийм хандлага төрөв үү? Тэдний дургүйцлийн цаад учир шалтгаан чухам юу вэ?
Өмнөд Солонгос
Нэгэн цагт Аймшгийн баярыг хамгийн өргөн тэмдэглэдэг Азийн орон хэмээгдэж асан Өмнөд Солонгос өнөөдөр уг баярт хамгийн “хүйтэн” ханддаг улс болон хувирсан гэхэд хилсдэхгүй. Хэдхэн жилийн өмнө л уг баяраар Сөүл хотын Итэвон, Хондэгийн гудамж баг өмссөн, “cosplay” (кино, цуврал, уран зохиолын дүрээр хувцаслах)-тэй залуус, гудамжны DJ нар, баар ресторануудын үдэшлэгээр дүүрдэг байсан бол сүүлийн хоёр жилд тус дүр зураг энэ улсаас бараг бүрмөсөн алга болжээ.
2022 онд тохиосон Итэвоны осол энэхүү эрс өөрчлөлтийн хамгийн том шалтгаан байв. 150 гаруй хүн амиа алдсан уг ослын дараа “Аймшгийн баяр” Солонгосчуудын хувьд баяр гэхээсээ илүү эмгэнэлт өдөр болон хувирсан юм. Түүнээс хойш Сөүл хотын захиргаа Итэвоны гудамжинд Хэллоуны ямар ч арга хэмжээ зохион байгуулахыг хориглож, 2023 онд иргэдээсээ тус баярыг тэмдэглэхгүй байх албан ёсны уриалга гаргаж байлаа. Гэхдээ энэ нь зөвхөн тус ослын дараах гэнэтийн өөрчлөлт байсан гэж үү? Тийм бас үгүй.
 

Товчдоо, Солонгосчууд уг баярыг ихэвчлэн “гадаадын баяр” хэмээн харж иржээ. “The Korea Times”-ийн мэдээлснээр, 1970-80-аад онд АНУ-д сурч, ажиллаж байсан иргэд эх орондоо буцаж ирээд уг баярыг танилцуулсан ч нийгмийн олонхын хувьд хол хөндий Барууны соёл хэвээр байв. Түүнчлэн, тус улсад 2000-аад оны эхэн хүртэл Аймшгийн баярыг гагц АНУ-ын цэргийн баазынхан л тэмдэглэдэг байсныг дурдууштай. Учир нь, Солонгосын уламжлалт баярууд болох Чусок (ургацын баяр), Соллаль (шинэ жил) зэрэг тэмдэглэлт өдрүүдтэй харьцуулахад Аймшгийн баяр нь маск, үдэшлэг гэх мэтчилэн гаднын өнгө төрх давамгайлдаг тул соёлын хувьд нэлээд зөрчилтэй байсаар ирсэн аж. Түүнээс гадна, цар тахлын үеэр Өмнөд Солонгосын хэвлэл мэдээллийн байгууллагууд Аймшгийн баярыг “гаднын баяр” хэмээн үзэх хандлагыг нэмэгдүүлсэн гэнэ. Энэ мэт хэд хэдэн хүчин зүйлс тус улсыг уг баяраас “хөндийрөх”-ийн шалтгаан болоод буй ч залуу үеийн дунд Аймшгийн баярыг өргөн хүрээнд тэмдэглэх сонирхол өндөр байгааг дурдалгүй орхиж болохгүй.

Хятад
Дэлхийн хамгийн олон хүн амтай, поп соёлын салбар дахь томоохон тоглогч болох Хятад улс бол Аймшгийн баяраас “татгалзсан” цөөн улсын нэг. Аймшгийн баярын үеэрх хүмүүс нэг нэгнээ айлгаж цочоох, гудамж талбайг чимэглэх зэрэг нь 2024 онд тус улсын Бээжин, Шанхай, Шэньжэнь мэт хэд хэдэн томоохон хотуудад албан ёсоор хориглогдож олон улсын хэвлэлүүдийн анхаарлыг татсан юм.
“The Irish Times”-ийн мэдээлснээр, Хятадын орон нутгийн захиргаанууд өнгөрсөн жилүүдэд “нийтийн аюулгүй байдал, соёлын уур амьсгалд сөрөг нөлөөтэй” гэх шалтгаанаар сургууль, дэлгүүр, ресторан, баар, худалдааны төвүүдэд Аймшгийн баяртай холбоотой ямар нэгэн арга хэмжээг зохион байгуулахыг зогсоосон байна. Үүнтэй зэрэгцэн “Trick or Treat” буюу айл хэсэх уламжлалыг “нийгмийн эмх журам алдагдуулах эрсдэлтэй” хэмээн үзэж, хүүхдүүдээ ийм тоглоомд оролцуулахгүй байхыг эцэг эхчүүдэд анхааруулжээ.

Тухайн жилд “BBC News” үүнийг гадаад соёлын нөлөөг хязгаарлах Хятадын өргөн хүрээтэй бодлогын нэг хэсэг хэмээн бичиж байв. Учир нь тус улс сүүлийн жилүүдэд “өрнийн баяруудын оронд үндэсний баяруудыг сурталчлах” чиглэлд онцгой анхаарч, бүх шатны боловсролын байгууллагуудад Аймшгийн баярын оронд Дүнжие (冬至) буюу өвлийн нар буцах өдөр, Цинмин (清明节) буюу өөд бологсдоо дурсах өдөр зэрэг уламжлалт баяруудаа тэмдэглэхийг уриалах болжээ.
Сүүлийн арван жилд Хятад Улс залуусын соёл, загвар, урлагийн чиг хандлагад Барууны нөлөө хэт давамгайлах болсныг эрс шүүмжилж ирсэн. Аймшгийн баяр адил Өрнийн гаралтай баяр нь тус улсад үзэл суртлын хувьд “сөрөг хандлага, эмх журамгүй байдлыг өөгшүүлдэг” хэмээгдэх нь түгээмэл. Тиймээс сүүлийн жилүүдэд уг баярыг цахим орчинд ч хүртэл хязгаарлах болсон аж. Түүгээр ч зогсохгүй, “WeChat, Weibo” зэрэг дотоодын платформууд Аймшгийн баярын зураг, “hashtag”-ийг автоматаар устгах, баг өмссөн дүр төрхийг хязгаарлах тохиолдлууд ч гарч буй гэнэ.
Япон
Аймшгийн түүх, аман ярианы арвин их сан хөмрөгтэй япончуудын хувьд тус баяр нь бусад Азийн орнуудтай харьцуулахад харьцангуй “амжилттай нэвтэрсэн” гэхэд хилсдэхгүй. Гэхдээ энэ нь соёл уламжлалын нөлөө гэхээс илүүтэй технологи, маркетинг, эдийн засгийн үсрэнгүй өсөлттэй холбоотой. Тодруулбал, 1990-2000-аад оны үед “Tokyo Disneyland”, “Universal Studios Japan” зэрэг паркууд Хэллоуны үдэшлэг, cosplay-тэй наадам зэрэг олон арга хэмжээг нэвтрүүлж эхэлсэн нь тус улсын залуусын анхаарлыг татсан аж. “Tokyo Weekender”-ийн мэдээлж буйгаар, энэ үеэс л эхлэн Аймшгийн баяр нь зөвхөн хүүхдийн баяр бус, харин залууст зориулсан томоохон арга хэмжээ, гудамжны парти болон хувирчээ.
Гэвч Японд Аймшгийн баяр нь хэд хэдэн шалтгаанаар “сайн суурьшиж чадаагүй” хэвээр буй. Нэгдүгээрт, уг баяр нь Япончуудын хувьд зөвхөн технологи, маркетинг, гудамжны арга хэмжээнд тулгуурласан бөгөөд Токио хотын захиргаа 2025 оноос тус өдөр зөвхөн цөөн цагаар цуглахыг зөвшөөрч, хүчтэй хяналт тавих болжээ. Үүнийг гудамжны бөөгнөрлийг багасгах, аюулгүй байдлыг хангах зэрэг энгийн шалтгаантай бус, харин уг баярыг хэт “хяналтгүй” орхихгүй байх нийгмийн хандлагын илрэл хэмээн таамаглах боломжтой.

Хоёрдугаарт, Япончууд Аймшгийн баярыг жинхэнэ тэмдэглэлт өдөр хэмээн хүлээж авдаггүй бөгөөд “гадаадын, хүүхдийн баяр” эсвэл “энтертайнмент арга хэмжээ” гэж харах хандлага өндөр. 2023 онд “Bloomberg”-ийн мэдээлснээр, Шибуягийн захирагч олон нийтийн сүлжээгээр “Аймшгийн баярт оролцох хүмүүсийг хол ойр зай барьж, эмх журам сахихыг” уриалж, сургууль, ажиллаж буй байгууллагуудад тус баярыг тэмдэглэхгүй байхыг зөвлөж байжээ.
Монгол
Манай орон ч мөн дээрх улсуудын адил энэ баярыг тун таашаадаггүй билээ. Тиймдээ ч “бүх шатны боловсролын байгууллагын орчинд тэмдэглэн өнгөрүүлэхгүй байх"-ийг тусгасан сайдын тушаалыг 2019 онд баталж байв. Түүнчлэн, хувь хүн, иргэдийн дунд ч Аймшгийн баяр тэмдэглэж буй хүүхэд, залууст сайнгүй хандах тохиолдол олонтоо. Үүний цаана хэд хэдэн шалтгаан байх боломжтой боловч гагц таамаг дэвшүүлэхээс өөр судалгаа, баримт нотолгоо тун ховор болохыг цохууштай.
Юуны өмнө, манай улсад тус баярыг “муу ёр” хэмээн хүлээн авах хандлага өндөр. Учир нь, манайд Азийн бусад улс орнуудын адил бурхан бологсдодоо жил бүр хүндэтгэл үзүүлэх, дурсан санах уламжлал үгүй. Түүгээр ч барахгүй, өөд болсон хүнийхээ шарилыг эргэхгүй тодорхой хугацааг (хэн болохоос хамааран тав хүртэлх жил) өнгөрөөх ёс заншил бий.
 

Мөн манайд одоогоор амжилттай нэвтэрсэн гаднын баярууд болох Шинэ жил, Олон Улсын Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр (Март-ын найман), Хүүхдийн, Инээдмийн баяр зэрэг нь цөм хуучин нийгмийн үед дэлгэрсэн (үүнд үзэл суртал нөлөөлсөн байх боломжтой) бөгөөд түүнээс хойш шинээр дэлгэрсэн тэмдэглэлт өдөр тун ховор. Үүнд Гэгээн Валентиний баяр ч мөн хамаарах бөгөөд тус баяр нь Аймшгийн баяр адил өргөн хүрээний тэмдэглэлт өдөр болж амжаагүй хэвээр буйг дурдууштай.
Эцэст нь, Аймшгийн баяр манай улсад хүчтэй дэлгэрсэн 2010-аад он нь мөн Солонгос, Япон зэрэг улсуудын дэлгэрэлттэй давхацдаг. Үүнийг бид тус хоёр улсын соёлын нөлөөнд өртөмтгий байдагтай холбон тайлбарлаж байж болох билээ. Түүнээс гадна, тухайн үеийн улс орны эдийн засаг үсрэнгүй өсөлт нь Япон, Солонгос улсуудын жишгээр гаднын соёлыг нэвтрүүлэх таатай нөхцөл болсон хэмээн дүгнэх ч үндэслэл бий.
Уншигч та Зүүн Азийн жишгийг даган “Аймшгийн баяр”-аас “айх”, үгүйгээ өөрөө мэднэ биз ээ. Ямартаа ч танд Аймшгийн баярын мэнд хүргэе.
 
           
   1129
 1129 0
 0 
 
                
               Сэтгэгдэл бичих
 Сэтгэгдэл бичих  
        
