Дэлхийн дахинаа зуу зуун сая уншигч, үзэгчдэд ид шидийг бэлэглэж, шидэт мэдрэмжээр аялуулж, уран төсөөллөөр догдлуулж чадсан Харри Поттерын суу алдрыг дурдаад дуусашгүй. 2027 онд уг цувралын анхны боть болох "Харри Поттер ба Философийн чулуу" ном нээлтээ хийсний 30 жилийн ой тохиох гэж байна. Гурван арван өнгөрсөн ч Ж.К.Роулингийн бүтээсэн шидэт ертөнц өргөжин тэлсээр шинэ түүх, шинэ ном, шинэ дэлгэцийн бүтээлүүдээр баяжсаар байгаа юм. Энэ дундаас хамгийн өндөр хүлээлттэй байгаа нь HBO-ийн “Harry Potter” цуврал бөгөөд энэ жилийн Зул сараар цацагдах болно.  

Тэгвэл хэл ус, хил соёлоос үл хамаарсан энэхүү гайхамшигт ид шидийн ертөнцөд өөрийн бүтээлийг мөнхлөх боломж монгол уран бүтээлч та бүхэнд гарсныг дуулгахад туйлын таатай байна. Тиймдээ ч энэхүү нийтлэлээ яаран яаран бичлээ. 

Хавтасны зураг бүтээх уралдаан

Харри Поттерыг монгол хэлээр орчуулж, эрхлэн гаргах эрхийг эзэмшигч Монсудар хэвлэлийн газар анхны хэвлэлээ 2014 онд гаргаж байв. Ингэхдээ Их Британи зураачийн хавтасны зургийг ашиглажээ. Харин одоогоос тэд монгол уран бүтээлчийнхээ зургийг ашиглахаар шийдэж, эрэл хайгуулаа эхлээд буй.

Уралдааны эхний шатанд зөвхөн таны портфолио буюу ажиллаж байсан төслүүдийн хураангуй хэрэгтэй. Энэ шатыг давснаар ярилцлагад орж, ерөнхий санаа, уран сайхны шийдлээ танилцуулна. Ингээд тэнцсэн оролцогчидтой тодорхой дүнгээр гэрээ байгуулж, хар зургийг зуруулах бөгөөд уран бүтээлчид дундаас шилдгийн шилдэг нэг уран бүтээлч нь бүх номны 7 зургийг зурах гэрээг үзэглэх гэнэ.


Эхний шатанд танилцуулгаа илгээх холбоос

Бүртгэл хүлээн авах сүүлийн хугацаа:

2026 оны 8-р сарын 31

Хэрэг болж мэдэх хэдэн санаа

Харри Поттероор “хүмүүжсэн” хүний зүгээс уран бүтээлч таны санаа авч болох хэдэн сонирхолтой жишээ хуваалцъя.

Хятад: Хятадад хавтасны зургийг мөн л нээлттэй уралдаанаар шалгаруулж байжээ. 2008 онд гарсан цуглуулгын хэвлэлийн хавтасууд нь урагдсан хуйлмал цаасан дээр усан будгаар зурсан мэт дүрслэлтэй байсан бол 2019 онд Ардын уран зохиолын хэвлэлийн газраас гаргасан хувилбарыг хятад хэв маягаар танигдсан зураач Ли Минь бүтээж байсан гэнэ.



Итали: Дэлхийн даяарх ихэнх хавтас дээр Харри Поттер бөөрөнхий шилтэй, духан дээрээ сорвитой байдаг. Харин 1998 онд Salani хэвлэлийн газраас гаргасан анхны Итали хувилбар дээр зураач Серена Риглиетти Харриг шил, сорви хоёргүйгээр, хулганын толгойн дүрстэй малгай өмсгөж, дэргэд нь асар том хулгана зэрэгцүүлэн зуржээ. Зураач хожим тайлбарлахдаа, дүрүүддээ хачин малгай өмсгөх нь өөрийнх нь бүтээлийн онцлог гэж хэлээд, хорин жилийн дараа ч хүмүүс хулганын учрыг асуусаар байгаа нь тэр шийдэл ажилласны нотолгоо гэсэн байна. Өдгөө уг анхны хэвлэлт нь цуглуулагчдын дунд хамгийн эрэлттэй хувилбаруудын нэг болоод буй.



Тайвань: Ихэнх орон гол дүрүүдээ хавтас дээрээ гаргахыг эрмэлздэг бол Тайванийн 20 жилийн ойн хэвлэл тэс өөр замыг сонгожээ. Зураач Крэнз, Лойза хоёр хүний дүр огт оруулалгүй, зөвхөн Хедвиг, 9¾ тавцангийн хаяг, Хогвартс экспресс, тэргэнцэр, сургуулийн захидал, Гринготтсын түлхүүр, шидэт саваа, Хогвартсын сүлд зэргийг чимэглэлийн байдлаар оруулсан байна. Түүнчлэн долоон номын нуруу зэрэгцэн тавихад Харри Хедвигийн хамт Хогвартсын дээгүүр нисэж буй бүтэн зураг үүсдэг байна.

Уран бүтээлч таны Харри Поттерын үндсэн 7 номд зурсан зураг мянга мянган хүүхэд залуусын гарт очиж, ид шидийг түгээхээс гадна, дотоод болон гадаадын үзэгчдийн анхааралд уран бүтээлч таныг төлөөлж чадах нь дамжиггүй. Амжилт хүсье. Лумос Максима!