Хүн амьсгалах, хоол боловсруулах, хөдөлгөөн хийх, бодисын солилцоонд оролцох бүрд биед “хаягдал” үүсэж байдаг. Гэхдээ хүний бие яг л нарийн төлөвлөгдсөн хот мэт бие махбод дотроо хог хаягдлын менежментийн системтэй. Энэ систем нь өдөр шөнөгүй, завсар зайгүй ажиллаж, биеийн "цэвэр, аюулгүй, тэнцвэртэй орчныг" хадгалдаг. Нэг ёсондоо, та биеэ эрүүлжүүлэх зорилгоор эрүүл мэндийн шидэт ногоон шүүс, алимны цуу, сироп уугаагүй байсан ч энэ бүх механизм 24/7 ажиллаж л байдаг. Таны элэг, бөөр эрүүл байгаа цагт бие тань аль хэдийнээ, байнга бүр үр ашигтайгаар хоргүйжиж байдаг.
Харин сүүлийн хэдэн жил бид өөрсдийн биеэсээ жигшиж, цэвэрлэж, хоргүйжүүлэх хэрэгтэй гэсэн ойлголт дэлгэрсэн нь ямар учиртай вэ? Үнэхээр хааяа нэг “бохирдчихсон биеэ” цэвэрлэх хэрэгтэй байдаг уу? Ингэхдээ найруулж уудаг янз бүрийн шидэт ундаануудыг л хэрэглэж байж бид “цэвэрлэгдэх” үү?
Алимны цуу: Хүчиллэг ундаа юу? Хоосон амлалт уу?
Өөх хайлуулж хор гадагшлуулна, цусан дахь сахрыг тэнцвэржүүлнэ гээд олон ид шидтэй хэмээн шагшигдсаар буй алимны цуу нэгэн цагт гал тогооны буланд хадгалагдаж байсан бол өнөө цагт өдөр тутмын шидэт ундаа болжээ. Үнэхээр бидний биед алимны цуу тийм хэрэгтэй гэж үү?
Хүний бие маш нарийн зохицуулалттайгаар дээрх бүх үйлдлийг өөрөө хийж чадна. Жишээ нь, өөх шатаах үйл явц нь дааврын тусламжтай явагддаг. Инсулин, лептин, глюкагон, адреналин зэрэг дааврууд өөхний эсийн триглицеридийг задалж, липолиз буюу өөх задлах үйл явцыг идэвхжүүлдэг. Ингэснээр тосны хүчил, глицерин болж задран, энергийн эх үүсвэр болж биед ашиглагддаг. Харин алимны цууг ууснаар эдгээр үйл явцын аль ч фермент шууд идэвхжихгүй. Мэдээж алимны цууны шидийг тайлбарласан олон судалгаа байдаг ч судалгааны үр дүнд илэрсэн оролцогчдын жин хасалт нь хоолны дуршил буурсантай илүү холбоотой байж болзошгүй. Алимны цууг тогтмол, буруу хэрэглэвэл шүдний паалан элэгдэх, улаан хоолойн салст цочрох, хэвлийн хий ихсэх эрсдэлтэй аж.
Цусан дахь сахрын хэмжээг тогтвортой байлгадаг гэх ойлголтын хувьд нойр булчирхайн ялгаруулдаг инсулин ба глюкагон гэх дааврууд тэнцвэр дунд оршдог бөгөөд алимны цуу нь зөвхөн хоол идсэний дараа богино хугацаанд цусан дахь сахар огцом өсөлтийг бага зэрэг сааруулах нөлөөтэй. Түүнчлэн, алимны цуу “биеийг шүлтлэг байлгадаг” хэмээх ойлголт нь өрөөсгөл. Хүний цусны pH түвшин нь нэлээд тогтвортой, 7.35–7.45 хооронд хадгалагддаг бөгөөд бөөр ба уушги энэхүү тогтвортой байдлыг хадгалахын тулд хормын дотор зохицуулалт хийж ч чаддаг. Алимны цуу хүчиллэг шинжтэй учир ходоодонд ормогцоо ходоодны хүчлийг улам хүчиллэг болгодоггүй, харин ходоодны орчны хүчиллэг орчинд саармагждаг. Заримдаа алимны цуу уусны дараа шээсний pH бага зэрэг өөрчлөгдөж болох ч энэ нь цусны pH-д ямар ч нөлөөгүй юм.
Спирулина: Тэжээллэг бактери уу? Тогтсон маркетинг хэллэг үү?
Бараг л сүлжээний бизнес бүрийн урдаа барьдаг бүтээгдэхүүн нь ногоон замаг байдаг гэхэд хилсдэхгүй. Тураах, цус цэвэрлэх, хор гадагшлуулах гээд л явж өгнө. Зарим үйлчилгээ нь ч үнэний ортой, судалгаа, үндэслэлтэй. Гэхдээ бид амруугаа орох зүйлсээ чухам юу гэдгийг нь мэдэхгүй амруугаа хийнэ гэдэг дэндүү эрсдэлтэй.
Спирулина нь замаг биш, харин цианобактери буюу гэрлийн тусламжтай фотосинтез хийдэг төрлийн бактери юм. Гурван тэрбум жилийн настай уг бактери нь байгальд шүлтлэг орчинд, эрдэс бодис бүхий усанд ургадаг бөгөөд хуурай жингийн 60-70 хувийг нь уураг эзэлдэг бөгөөд олон төрлийн амин хүчил, төмөр, магни, B-ийн төрлийн аминдэм, мөн гамма-линоленийн хүчил (GLA), фикоцианин зэрэг антиоксидант, үрэвслийн эсрэг нэгдлүүдийг агуулдаг. Гэвч эдгээр шим тэжээл агуулагдаж байна гэдэг нь биеийг анагаах чадамжтай гэсэн үг биш гэдгийг санууштай.
Судалгаануудаас харвал спирулина зарим тодорхой нөхцөлд үр нөлөөтэй болох нь тогтоогдсон байдаг. Жишээлбэл, өдөрт 1-8 грамм спирулина уух нь цусны LDL (муу холестерин), триглицерид-ийг бууруулж, HDL (сайн холестерин)-ийг нэмэгдүүлдэг болохыг олон клиник туршилтаар судалсан байна. Clinical Nutrition (2016) сэтгүүлд нийтлэгдсэн 7 туршилтыг нэгтгэсэн мета-анализ судалгаагаар фикоцианин гэх антиоксидант бодисын нөлөөгөөр үрэвслийн замууд (жишээ нь NF-κB, COX-2) дарангуйлагддаг байж болзошгүй, тийм ч учраас биед үрэвсэл үүсэхээс сэргийлдэг байж магадгүй юм.
Үүн дээр нэмээд, II-р хэлбэрийн чихрийн шижинтэй хүмүүсийн хувьд, спирулина нь цусны сахрын түвшнийг бууруулах эерэг нөлөөтэй байж болох бөгөөд энэ нь нойр булчирхай дахь исэлдэлт буурч, эсвэл инсулиний мэдрэг чанар дээшилсэнтэй холбоотой байж магадгүй. Үүнээс гадна, спирулина нь ахмад насныхны цус багадалтыг сайжруулж болзошгүй гэсэн дүгнэлт гарсан бөгөөд 2011 онд хийгдсэн нэгэн судалгаагаар өдөрт 3 грамм спирулина хэрэглэсэн ахмадуудын гемоглобины түвшин, дархлааны үзүүлэлтүүд сайжирсан гэжээ. Гэсэн хэдий ч эдгээр нөлөө нь маш цөөн тохиолдолд мөн зөвхөн тэжээлийн дутагдалтай эсвэл өвчтэй хүмүүст ажиглагдсан бөгөөд эрүүл, тэнцвэртэй хооллодог хүмүүст онцын шаардлагагүй аж.
Нөгөө талаар биеэс "хүнд металлыг гадагшлуулдаг", “цацрагийн хор тайлдаг” гэх ойлголтууд хэдхэн амьтанд хийсэн туршилт болон ихэвчлэн өнгөц шинжлэх ухааны тайлбараар хамгаалагдсан тайлбараас үүдэлтэй. Спирулина нь зарим амьтны судалгаа болон цөөн хэдэн хүн дээр хийсэн туршилтаар хүнд металлын хордлого тайлах боломжтой болохыг харуулсан бөгөөд энэ нь ихэвчлэн хүнд металлыг гэдсэнд шингэхээс өмнө хелат үүсгэх буюу тус металлын молекултай холбогдох байдлаар биед шингэхээс нь саатуулдаг хэмээн ойлгодогтой холбоотой. Жишээлбэл, 2006 онд Бангладешид хийсэн судалгаагаар цайрын нэмэлттэй спирулина нь архаг хүнцлийн хордлоготой өвчтөнүүдийн үсэнд агуулагдах хүнцлийн түвшнийг бууруулж, арьсны шинж тэмдгийг сайжруулсан ч, зөвхөн спирулина дангаараа хүнд металлтай холбогдож түүнийг биеэс гадагшлуулах чадамжтай гэдэг нь нотлогдоогүй.
Нони шүүс: Нэн чухал нэмэлт үү? Нөгөө л нэг тренд үү?
Сүүлийн үед сүлжээний бизнесүүдийн “хүний бие дэх 37 их наяд холбогч эд эсийн үхэж байгаа эсийг амьдруулах антиоксидант үйлчилгээтэй бүр цаашлаад хорт хавдраас хүртэл сэргийлнэ” хэмээн сурталчлаад буй Нони гэгч юу вэ?
Нони шүүс нь халуун орны Morinda citrifolia ургамлын жимснээс гаргаж авдаг, гашуун амттай, хурц үнэртэй ундаа юм. Энэ ургамал нь Зүүн Өмнөд Азид үүсэлтэй бөгөөд Полинез, Энэтхэг, Карибын тэнгис, Хавай зэрэг бүс нутагт өргөн тархсан. Уламжлалт анагаах ухаанд нониг шарх, үрэвсэл, халдвар эмчлэхэд хэрэглэдэг аж. Химийн найрлагын хувьд нони нь иридоид гликозидууд (жишээ нь deacetylasperulosidic acid), damnacanthal (антрахинон), scopoletin (кумарин), флавоноид болон полисахарид зэрэг олон био идэвхт нэгдлийг агуулдаг. Эдгээр нь in vitro орчинд (амьд организмын гадуур буюу эсийн өсгөвөр, туршилтын таваг, эсвэл лабораторийн орчинд хийдэг туршилт) антиоксидант нөлөөтэй нь батлагдсан байдаг. Гэвч эдгээр үр дүнг ихэвчлэн өндөр концентраци бүхий лабораторийн туршилт дээр харуулсан бөгөөд хүний бие организмд хэдий хэмжээнд ууж байж ижил үр нөлөө үзүүлэх эсэх нь тодорхойгүй.
Жишээ нь, антиоксидант үйлдлийг авч үзье. Нонигийн ханд нь липидийн исэлдэлтийг сааруулдаг ч, шүүс ууснаар хүний бие дэх исэлдлийн стресс буурч байгаа эсэх нь тухайн нэгдлүүд бие дотор шингэж, цусны эргэлтэд орж, зорилтот эсүүдэд очих боломжтой эсэхээс хамаарна. Тамхи тогтмол татдаг хүмүүст хийсэн судалгаагаар Нони жүүс уусан хүмүүсийн малондиальдегид (MDA) гэх исэлдэлтийн стрессийн биомаркер буурсан нь ажиглагдсан. Энэ нь исэлдэлтийн стресс буюу биеийн эсүүдэд хор хөнөөл учруулдаг хүчилтөрөгчийн хэт идэвхтэй молекулуудын нөлөөг багасгаж байж магадгүйг харуулж байгаа хэрэг. Гэвч энэхүү судалгаа нь цөөн хүн дээр богино хугацаанд хийгдсэн бөгөөд үр дүнг өргөн хүрээнд дүгнэхэд хангалтгүй юм.
Хорт хавдартай холбоотой нотолгоо нь ихэнхдээ лабораторийн нөхцөлд хийсэн туршилтуудад тулгуурладаг. Жишээлбэл, дамнакантал гэдэг бодис нь эсийн митохондрийн үйл ажиллагаанд нөлөөлж, эсийг өөрийгөө устгах буюу апоптоз-д оруулах чадвартай байж магадгүй гэж үздэг. Мөн NF-κB гэх үрэвслийн генийг идэвхжүүлдэг сигналыг дарангуйлдаг гэж үзсэн. Гэвч энэ бүх үзүүлэлт нь зөвхөн лабораторийн орчинд буюу in vitro нөхцөлд гарсан үр дүн.
Түүнчлэн, хүний биед эдгээр молекулууд шингээд, цусны урсгалаар дамжин элэгний ферментүүдээр анхдагч боловсруулалт хийгддэг бөгөөд энэ үе шатанд ихэнх бодисууд задарч, идэвхгүй болж, зорилтот эрхтэнд хүрч чадахаа больдог. Үлдсэн бодис нь хавдрын эсийг онцгойлон устгах чадвартай байх шаардлагатай ч, энэ нь одоогоор клиник туршилтаар нотлогдоогүй.
Хлорофилл: Ногоо юу, ногоон өнгө үү?
Ногоон ундаа уухаар нэг л эрүүл санагддаг уу? Тийм ч учраас TikTok-оор ногоон нунтаг, хлорофилл ундаа гэх зэрэг анхаарал татам содон бүтээгдэхүүнүүдийг харахаар үнэхээр л нөлөөлөх юм шиг, хор шаргүй, эрүүл, аюулгүй юм шиг санагддаг даа?
Эдгээр бүтээгдэхүүнүүдийн гол найрлагад ихэвчлэн хлорофилл буюу ургамалд нарны гэрлийг шингээж, фотосинтез буюу нарны энергийг шим тэжээл болгон хувиргах үүрэгтэй ногоон пигмент оролцдог. Гэхдээ хүн ургамлаас ялгаатай нь фотосинтез хийдэггүй бөгөөд хлорофилл ууснаар бие “цэвэрлэгдэнэ” гэдэг биологийн хувьд боломжгүй. Цаашлаад зах зээл дээр зарагдаж буй бүтээгдэхүүний ихэнх нь байгалийн хлорофилл биш, харин хлорофиллин буюу магнийн оронд зэс орсон хагас нийлэг, усанд уусдаг хэлбэрийн бодис байдаг бөгөөд энэ нь хлорофиллийг ходоод гэдэсний орчинд илүү тогтвортой байлгах зорилготой.
Зарим амьтны туршилтаар хлорофиллин нь хоол боловсруулах замд хорт нэгдлүүдтэй холбогдож, тэдгээрийг цусаар шимэгдэхээс сэргийлэх чадвартайг нотолсон байдаг. Жишээ нь, PNAS сэтгүүлд нийтлэгдсэн судалгаанд, Хятадын афлатоксинд (дулаан, чийгтэй орчинд ургадаг хөгц мөөгнөөс үүсдэг, хортой, хавдар үүсгэгч нэгдэл бөгөөд ихэвчлэн үр тариа, самар, буурцагт ургамлаас олддог) өртсөн бүс нутгийн оршин суугчдад хлорофиллин уулгаж туршихад, афлатоксиний түвшин огцом буурсан нь тогтоогдсон.
Хлорофиллин нь усанд уусдаг бөгөөд илүү тогтвортой боловч бие махбод дахь шимэгдэлт, хувирал, нөлөөллийн зам нь бүрэн судлагдаагүй. Хамгийн нийтлэг худалдаалагддаг хлорофиллийн ундаанд ердөө 1-10 мг хлорофиллин агуулагддаг ба энэ нь биологийн идэвхтэй түвшинд хүрэхэд хангалтгүй. “Цусыг хүчилтөрөгчөөр баяжуулна” гэсэн ташаа ойлголт ч шинжлэх ухааны хувьд үндэслэлгүй. Цусан дахь хүчилтөрөгчийг зөөвөрлөдөг үүргийг цусны эритроцит эс дэх гемоглобин гүйцэтгэдэг бөгөөд ногоон пигмент үүнд огт оролцдоггүй. Тиймээс хлорофиллийн ундаа нь ерөнхийдөө сөрөг нөлөө багатай, тодорхой нөхцөлд багавтар антиоксидант нөлөөтэй байж болохоос биш, бидний төсөөлж буй шиг өдөр тутам уух ёстой шидэт ундаа бас биш гэдгийг онцлууштай.