Зөгийн ургамалд хүртээж буй тоос нь бэлчээрийн ургамлын нөөцийг баяжуулдаг бол үйлдвэрлэж буй бал нь хүний эрүүл мэндэд олон талаар ашиг тусыг үзүүлдэг ид шидтэй. Тиймдээ ч эрт дээр үеэс хүмүүс зөгийн аж ахуй эрхлэхийн хажуугаар зөгийн балыг хүнс болон анагаах ухаанд тогтмол ашигласаар иржээ. Зөгийн балыг тогтмол хэрэглэх нь эрүүл мэндэд нэн тустай гэж ярьдаг ч яг яаж хэрэглэх, ямар ач тустайг нь төдийлөн мэдэхгүй байх нь олонтаа. Иймд бид энэхүү нийтлэлээрээ зөгийн балын ач тус, хэрхэн хэрэглэх тухай болон зөгийн аж ахуйн талаар дэлгэрэнгүй ойлголт өгөхийн сацуу нэгэн сонирхолтой аяныг зарлах болно. 

Зөгийн балын ач тус

Хүн өдөрт 304 ккал буюу 100 грамм байгалийн цэвэр зөгийн балыг тогтмол хэрэглэснээр зүрх судасны өвчлөл, цус харвалт, зарим төрлийн хорт хавдар, холестролын бөөгнөрөл, алцхеймерийн өвчин, нойргүйдэл, зүрхний шигдээс, ханиад, харшил, хоол боловсруулах эрхтний өвчлөл зэрэг олон төрлийн өвчнөөс урьдчилан сэргийлэх боломжтой. Үүнээс гадна зөгийн бал нь арьсыг нөхөн төлжүүлж, шархыг хурдан хугацаанд анагааж, үс халзарч, хагтахаас сэргийлдэг. Антибиотикт дийлддэггүй бактеpийг устгах үйлчилгээтэй, цусан дахь спиртийн хэмжээг хурдацтай бууруулах чадвартай байна.

Гэвч 0-2 хүртэлх насны хүүхэд болон чихрийн шижинтэй хүмүүс зөгийн балыг хэрэглэж болдоггүйг анхаарах хэрэгтэй. Учир нь зөгийн баланд агуулагддаг "Clostridium botulinum" бактери нь хоол боловсруулах тогтолцоо нь бүрэлдэн хөгжиж гүйцээгүй 0-2 насны хүүхдэд сөргөөр нөлөөлөх бөгөөд халуурах, бөөлжих, нүүрний булчин сулрах, цаашлаад үхэлд хүргэж болох "botulism" өвчнийг бий болгох эрсдэлтэй. Харин чихрийн шижинтэй хүмүүсийн хувьд зөгийн бал нь нэг төрлийн чихэр гэдгийг анхаарах нь зүй.



хэрхэн хэрэглэх вэ?

Зөгийн балыг найруулахдаа хүйтэн, бүлээн усанд найруулж уух хэрэгтэй. Учир нь зөгийн балын найрлагын 80-аас дээш хувьд нь байгалийн элсэн чихэр агуулагддаг учир халуун ус хийх үед найрлага дахь амин дэм, антиоксидант үйлчилгээ нь саармагжиж, ердийн элсэн чихрээс ялгаагүй болдог.

Зөгийн бал болон ердийн элсэн чихэр нь хоёулаа чихэрлэг амттай боловч тэжээллэг чанарын хувьд эрс ялгаатай хүнсний бүтээгдэхүүнүүд юм. Ердийн элсэн чихрийг зөгийн бал бүрэн орлох чадамжтай байдаг ба илүү эрүүл сонголт болж өгдөг. Мөн зөгийн балыг уух зүйлсэд амт оруулах, хоолонд соус хэлбэрээр ашиглах, төрөл бүрийн амттан хийх, гоо сайхны үйлдвэрлэлд ашиглах зэргээр янз бүрийн байдлаар хэрэглэж болдог давуу талтай.

Зөгийн аж ахуй

Зөгийн аж ахуй нь байгаль орчинд хор хохирол учруулдаггүй ба биологийн олон төрөл зүйлийн амьтан, ургамлын өсөлт хөгжлийг дэмжин, экологийн тэнцвэрт байдлыг хадгалдаг чухал ач холбогдолтой, ногоон эдийн засгийн салбар юм.

Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимаас хийсэн судалгаанаас харахад 2020 онд Монгол Улсад 45 аж ахуйн нэгж, 541 хувь хүн зөгийн аж ахуй эрхэлж буй. Зөгийн аж ахуй эрхлэгчдийн 70 гаруй хувь нь бүтээгдэхүүнүүдээ шууд хэрэглэгчдэд нийлүүлдэг буюу зөгийн балын үйлдвэрлэлээс борлуулалт хүртэлх бүх үе шатаа өөрсдөө дангаараа хийж гүйцэтгэдэг байна. Гэвч зөгийн аж ахуй эрхлэгчид нэгдсэн бодлого, стандартгүйн улмаас бүтээгдэхүүнээ дараагийн түвшинд буюу олон улсад гаргаж чадахгүй байх нь элбэг. Бид зах зээлээ тэлж, бүтээгдэхүүнээ дараагийн түвшинд гаргахаар зорьж буй л бол чанар, тоо хэмжээ, үйлдвэрлэлт, нийлүүлэлтийн хугацаагаа тогтвортой байлгах шаардлагатай бөгөөд хамтын ажиллагааг бэхжүүлэн, нэгэн зорилгын төлөө хичээх хэрэгтэй билээ. Мөн нөгөө талаас хэрэглэгчид зөгийн балын чанар, стандартыг мэддэг байх нь чухал.

"Honey Week" аян

Японы Олон Улсын Хамтын Ажиллагааны Байгууллага "ЖАЙКА"-гийн санхүүжилтээр хэрэгжиж буй хөдөө аж ахуйн нэмүү өртгийн сүлжээний мастер төлөвлөгөө боловсруулах "MONMAP" төслийн хүрээнд зөгийн аж ахуй эрхлэгчдийн хамтын ажиллагааг бий болгох, зөгийн балын чанар стандарт, борлуулалтын сувгуудыг нэмэгдүүлэх, хэрэглэгчдэд зөгийн балын ашиг тусыг таниулах, хэрэглээг нь төрөлжүүлэх зорилгоор "Honey Week" аяныг энэ сарын 13-21-ний хооронд зохион байгуулж байна.

Уг аянд Улаанбаатар хотын 14 ресторан, кофе шопууд нэгдэн зөгийн балын орц найрлагатай тусгай жороор хоол, цай, кофе болон бусад амттанаар иргэдэд үйлчилж буй.

Түүнчлэн иргэдийн дунд "Би зөгийн балыг хэрхэн ашигладаг вэ?" сошиал уралдаан зарлаад буй. Та уг уралдаанд оролцон олон шагналуудын эзэн болох боломжтой. Мөн аяны хүрээнд зохион байгуулагдаж буй олон сонирхолтой хэлэлцүүлэг, семинарт хамрагдахыг уриалж байна.

Хэлэлцүүлгийг үзэх:
"HONEY WEEK" аяны цахим нээлтийн үйл ажиллагаа l Зөгийн балны экспорт, борлуулалтын боломжууд цахим семинар