Их сургуулиудын хичээл талдаа орж удахгүй хэдхэн долоо хоногийн дараа дундын шалгалт эхлэх гэж буй энэ үед шалгалтдаа эртлэн бэлдэхэд нь тус болохоор уг нийтлэлийг бичлээ. Лекц, семинартаа суучхаад тухайн сэдвээ дэлгэрүүлж бие дааж судлахгүй бол олон талаар мэдлэгийг тань сорих шалгалтад бүдэрч мэднэ. 

Гэхдээ хичээлийн сэдвийн хүрээнд эрдэм шинжилгээний өгүүлэл унших гэхээр ойлгодоггүй эсвэл нэг л анхаарч төвлөрч чаддаггүй бол цагаа хэмнэхийн сацуу илүү ойлгож уншихад туслах хэдэн аргуудыг хуваалцъя. Мөн интернэтээс мэдээлэл хайхдаа эрдэм шинжилгээний өгүүллийг уншаад хэрэгтэй мэдээллээ ойлгоод авчих хүсэлтэй хүн бүхэнд энэ нийтлэл хэрэг болох биз ээ. 

1. Зөв түлхүүр үгээр нь хайх

Анх интернэт үүсэж бий болоод хэдийн 40-50 жил өнгөрч, цахим шинжлэх ухааны өгүүллийн сан болох arXiv үүсээд 35 жил өнгөрсөн энэ үед интернэт дээр сайн нь ч тэр саар нь ч тэр янз янзын өгүүллэгүүд хар мянгаараа байж таараа. Гэхдээ тэр дундаас өөрийн хайгаад буй асуултад тохирохыг нь олж унших нь чухлаас гадна яагаад заавал тэр өгүүллийг уншихаар шийдэж байгаа нь чухал.

Тиймээс нэг хичээлийн сэдвийг зүгээр интернэт дээр хуулж бичээд хайх биш тэр сэдвийнхээ “юуг нь” мэдмээр байгаагаа ойлгох хэрэгтэй. Ингэхдээ мэдмээр байгаа асуултуудаа цаасан дээр байна уу, дижиталаар байна уу буулгаад ямар үгээр хайвал гарч ирэх вэ гэдгийг нь бодоорой.
Жишээ нь би чихрийн шижингийн эмчилгээ яаж хийгддэгийг мэдмээр байвал “diabetes/чихрийн шижин” гэж бичиж хайвал жуман юм гарч ирэхийн хувьд гарч ирэх боловч таны дотроо бодчихсон байгаа асуултын хариулт гарч ирдэггүй шүү дээ.

Тиймээс хэддүгээр хэлбэрийн чихрийн шижинд зориулсан, ямар эмчилгээ юм; тарилга юм уу, эм юм уу, эсвэл шинээр гарч ирж буй эмчилгээний аргууд юм уу гэдгээ тодорхойлно. Ингээд “How type II diabetes injection works?” гэдэг ч юм уу “type II”, “injection” гэх хоёр түлхүүр үгсээ зөв сонгоно. Цаашлаад өөр өгүүллүүдийг хальт гүйлгээд харах нь ээ, GLP-1 буюу хүний биеэс ялгардаг цатгалан мэдрэмж төрүүлдэг дааврын тухай мэдэж авна, энэ дааврын ажиллах зарчмыг нь цааш лавшруулна. Жишээ нь GLP-1 pathway/mechanism гэж хайгаад яаж ажилладгийг нь мэдэж авна. Ингээд л чихрийн шижингийн тарилгын эмчилгээний ажиллах механизмыг яаж хайхаа ойлгож авна.

2. Уран зохиолын ном шиг бүү унш

Эрдэм шинжилгээний өгүүллийг уран зохиолын ном шиг эхнээс нь дуустал шугаман дарааллаар унших шаардлагагүй. Тэглээ гээд заавал ингэж унш ч гэсэн дүрэм байхгүй. Гэхдээ хүмүүсийн уншдаг интернэт дээр түгээмэл гурван аргыг хуваалцъя.

1. Шугаман бус арга

Abstract + conclusion унших
Хүснэгт, графикуудыг гүйлгэж харах
Өгүүллээ бүтнээр нь нэг унших
Томьёо, тэгшитгэлд төөрөх хэрэггүй

2. Доороос нь эхэлж унших арга

Conclusion
Abstract
Discussion
Material & Method
Results

3. Гүйлгэж унших арга

Abstract
Introduction-ий сүүлийн параграфыг унших
Discussion-ий эхний параграфыг унших


Хэрэв та өмнө нь шинжлэх ухааны чиглэлийн дипломын ажил бичиж байгаагүй бол abstract, discussion, results гэх мэт хэсгийн зорилго, ач холбогдлыг ойлгохгүй байж мэднэ. Тиймээс тус бүрд нь ямар зорилготой, яах гэж бичдэгийг нь ойлгочихвол хаанаас хэрэгтэй мэдээллээ хурдан авахаа мэддэг болно. Тухайлбал:

Abstract / Судалгааны товч агуулга

Судалгааны хамгийн чухал элементүүд буюу зорилго, арга зүй, үр дүн, дүгнэлт хэсгүүдийг 200-300 үгэнд багтаасан ерөнхий тойм гэж ойлгож болно. Киногоор бол trailer нь гэсэн үг. Дээрх унших аргуудад энэ хэсэг заавал байгаагийн шалтгаан нь тухайн өгүүллийг цааш нь бүтнээр нь унших шаардлагатай эсэхийг хэлж өгдөг чухал хэсэг учраас тэр.

Materials and Methods / Материал, арга зүй

Энэ хэсэг судалгааг яг яаж, ямар дарааллаар хийсэн бэ? Ямар бодис, тоног төхөөрөмж, программ ашигласан, эсвэл судалгаанд хэдэн хүнийг хэрхэн хамруулсан зэрэг нарийн ширийн буюу яг хоолыг яаж хийх “жор" нь энд бий.

Энэ хэсгээс тухайн судалгаа хэр найдвартай, бодитой вэ гэдгийг шүүж үзэх боломжтой. Хэрвээ өөр нэг судлаач яг энэ аргын дагуу туршилт хийвэл ижил үр дүн гарах ёстой гэдгээрээ шинжлэх ухааны баталгаа болж өгдөг гэсэн үг.


Results / Үр дүн


Уг хэсэгт ямар нэгэн таамаг, хувийн үзэл бодол орохгүй, зөвхөн энэ туршилтыг хийгээд юуг олж, илрүүлэв, илрүүлж чадаагүй бол чадаагүй гэсэн хэсэг ч энд үнэнээрээ бичигдэх учиртай. Эндээс цааших дүгнэлтүүд хэр үндэслэлтэй гэдгийг энд байгаа тоон мэдээллээр баталгаажуулдаг. Тиймээс салбараа ойлгодог хүмүүс, судлаачид энэ хэгсийг уншаад материал хэсэгтэй нь эргэцүүлж хараад дүгнэлт хийж чаддаг гэсэн үг.

Discussion / Хэлэлцүүлэг

Хувьдаа би өгүүллийн энэ хэсэгт хамгийн дуртай. Гарсан үр дүн буюу тоо баримтыг илүү энгийнээр энэ хэсэгт тайлбарлахын сацуу ямар утга учиртай, юу илэрхийлээд байгааг нь хэлж өгдөг. Мөн өмнө нь хийгдэж байсан судалгааны үр дүнтэй нийцэж байгаа эсэх, юу нь шинэ байв, мөн ямар сул тал, хязгаарлагдмал байдал байсан бэ гэдгийг хэлэлцдэг.

Түүнчлэн энэ хэсгээс судлаачдын өөрсдийнх нь дүгнэлт, мөн цаашид энэ сэдвээр юуг илүү лавшруулж судлах хэрэгтэй вэ гэдгийг хэлэлцдэг учраас энэ хэсгийг хувийн зүгээсээ заавал бүрэн уншиж байхыг зөвлөе.

 3. Шүүмжил 

Бүх эрдэм шинжилгээний ажил алдаагүй байдаггүй. Заримдаа хэл найруулга нь тааруу буюу хэрэгцээгүй хэсэгт зориуд хүндрүүлж бичих нь бий. Тиймээс та ч гэсэн судалгааны ажилд шүүмжлэлт сэтгэлгээгээр хандаж болно.

Ингэхдээ дараах асуултыг тавиарай:

Зохиогчийн дэвшүүлсэн таамаглал логик болон бодит байдалд нийцэж байна уу?
Туршилтын явцад орхигдуулсан байж болох нөлөөлөх хувьсагч байна уу?
Зарим зүйлсийг хэт нэг талыг барьж, өөрийн таамаглалд тааруулан тайлбарласан эсэх?

Ингэж аливаад шүүмжлэлтэй хандах тусмаа та дараа дараагийн өгүүллүүд дээрээсээ мэр сэр алдаа олж чаддаг болж мэднэ. Гэхдээ энэ үгийг бас бүү мартаарай.

“Be skeptical but when you get proof, accept the proof” буюу “Шүүмжлэлтэй ханд, гэхдээ шүүмжлэлийг тань няцаах баримт гарч ирвэл хүлээж авах зоригтой байгаарай”

Майкл Спектер “The New Yorker” сэтгүүл, “The New York Times” сонины, “The Washington Post” хэвлэлийн сэтгүүлч

Эрдэм шинжилгээний өгүүллийг заавал салбарынхан нь л уншина гэсэн дүрэм байхгүй. Хүн болгоныг уншаарай гээд нээлттэй интернэтэд тавьчихсан байгаа шүү дээ. Тиймээс бие дааж уншиж, давтаж, сайжруулсаар байвал илүү л олон зүйлийг ойлгодог болно. Гол нь текстийн жижиг сажиг детальд төөрөх биш, асуултаа зөв тавьж гол санааг нь ойлгоход л анхаарлаа хандуулаарай.

Амжилт!