НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP17) Монгол Улсад ид үргэлжилж байна. Уг чуулганд манай улсаас нийт 200 гаруй компани бүтээгдэхүүн болон байгаль орчинтой холбоотой төсөл, санаачилгаа танилцуулж байгаа билээ. Тэдний нэг нь HushKhan брэнд. Тус брэнд энэ удаа Монголын хушин ойг хамгаалах, нөхөн сэргээх зорилготой Pine+ төслөө олон улсын зочид, төлөөлөгч, олон нийтэд нээлттэй танилцуулж байгаа юм.
Тэгвэл Pine+ төсөл гэж чухам юу вэ? Уг төслөөр дамжуулах хушин ойг хэрхэн сэргээх вэ? Мөн HushKhan брэнд энэ төслөө яагаад COP17-ийн үеэр танилцуулж байна вэ? Ингээд ээлжит нийтлэлээрээ Pine+ төслийн зорилго, хэрэгжүүлж буй ажлуудыг дэлгэрүүлэн хүргэе.
ЭХЛЭХИЙН ӨМНӨ: HUSHKHAN БРЭНДИЙН ТУХАЙ ТОВЧХОН

“Эрүүл хүнсээр дэлхийг дайлна” уриатай тус брэндийг “Норд Роуд” ХХК 2015 онд үүсгэн байгуулжээ. Анх хуш модны самар бэлтгэн боловсруулах чиглэлээр үйл ажиллагаагаа эхлүүлж байв. Харин 2020 оноос эхлэн HushKhan нэрийн дор бүтээгдэхүүнээ хөгжүүлж, хушны самрыг орчин үеийн технологиор боловсруулан нэмүү өртөг шингээж, олон улсын зах зээлд экспортолж эхэлсэн байна. Өдгөө хушин ойгоо хамгаалах, нөхөн сэргээх чиглэлээр “Pine+” төслийг санаачлан амжилттай хэрэгжүүлж буй.
PINE+ ТӨСӨЛ ГЭЖ ЮУ ВЭ?

Монгол орны байгалийн үнэ цэнтэй баялаг болох хушин ой сүүлийн жилүүдэд хортон шавж, түймэр болон хүний үйл ажиллагаанаас болж сийрэгжиж, доройтох болсон. Хушин ой нь хөрс, усны нөөцийг хамгаалахаас гадна олон төрлийн амьтан, ургамлын амьдрах орчныг бүрдүүлдэг учраас түүнийг хамгаалж, нөхөн сэргээх нь чухал. Тиймээс HushKhan брэнд 2024 оноос эхлэн доройтож буй ойг нөхөн сэргээх, хамгаалах зорилгоор “Монголын хушин ойн экс системийг хамгаалах нийгэмлэг” ТББ-тай хамтран “Pine+” төслийг хэрэгжүүлж эхэлжээ.
Энэхүү төслийн ачаар хуш модыг үрээр тарихад 30, 40 жил хүлээдэг байсныг залгаас технологийн тусламжтайгаар ердөө 7-8 жилийн дотор л боргоцой өгдөг болгож байна. Ингэснээр ой эдийн засгийн эргэлтэд орж, олсон орлогоороо эргээд ойгоо хамгаалдаг ухаалаг тогтолцоог бүрдүүлж байгаа юм.
Pine+ төслийн удирдагч, ургамал судлалын ШУ-ны доктор, хөрс судлаач, агрономич Л.Баяртулга
ТӨСЛӨӨР ДАМЖУУЛАН ХУШИН ОЙГ ХЭРХЭН СЭРГЭЭХ ВЭ?

Pine+ төслийн хүрээнд хушин ойг нөхөн сэргээхэд шаардлагатай ажлуудыг үе шаттайгаар хэрэгжүүлж байна. Үүнд хуш модны онцлогийг судлах, чанартай суулгац бэлтгэх, доройтсон ойн талбайг нөхөн сэргээх, тарьсан модоо хамгаалах зэрэг ажлыг хийж буй. Мөн цаашид ашиглах аргачлалаа боловсронгуй болгож, бусад бүс нутагт нэвтрүүлэх чиглэлээр ажиллах гэнэ. Төслийн хүрээнд хийх ажлуудаас онцолбол:
- Хуш модны онцлогийг судлах
Монголын хуш модны генетикийн онцлогийг судалж, аль бүс нутгийн мод тухайн орчиндоо илүү сайн дасан зохицож, тэсвэртэй ургадаг болохыг тодорхойлж байна. Энэхүү судалгаанд үндэслэн чанартай суулгац бэлтгэж байгаа юм.
- Жилд 1.1 сая суулгац
Ийм хэмжээний томоохон төслийг хэрэгжүүлэхэд чанартай, тогтмол үрийн нөөц бүрдүүлэх нь нэн чухал. Энэ хүрээнд байгуулагдах шинэ мод үржүүлгийн төв нь жилд 1.1 сая орчим тарьц, суулгац бэлтгэх хүчин чадалтай байхаар төлөвлөжээ. Үүний 940 мянгыг сайжруулсан чанартай үрээр, үлдсэн хэсгийг тухайн орон нутгийн байгаль, цаг уурын хатуу ширүүн нөхцөлд дасан зохицсон нутгийн үрээр тарьж ургуулах юм.

- 1,500 га талбайг нөхөн сэргээх
Төслийн эхний үе шатанд сийрэгжиж, доройтсон 1,500 га ойн талбайд мод тарьж, улмаар тарьсан моддын 85-аас доошгүй хувийг амьд үлдээхэд чиглэсэн арчилгаа, хамгаалалтын ажлыг тогтмол хэрэгжүүлнэ.
- Ойгоо хамгаалах
Төслийн хүрээнд орон нутгийн иргэдийн оролцоог хангаж, ойг түймэр болон хортон шавжийн эрсдэлээс хамгаалах цогц арга хэмжээг хэрэгжүүлнэ. Мөн тарьсан моддын өсөлт, хөгжил, арчилгааны явцад тогтмол хяналт тавьж, шаардлагатай арга хэмжээг тухай бүр авч ажиллана.
COP17: ЭРҮҮЛ СУУЛГАЦ, ЭРҮҮЛ ОЙ

COP17 нь цөлжилт, газрын доройтол, экосистемийн хамгаалал, нөхөн сэргээлтийн чиглэлээр улс орнуудын туршлага, шинэ шийдлийг танилцуулж, хэлэлцэж буй. Тиймээс HushKhan брэнд хушин ойг хамгаалах чиглэлээр хэрэгжүүлж буй Pine+ төслөө энэ хүрээнд танилцуулж, төслийн туршлага, аргачлалаа олон нийт болон салбарын төлөөлөлд хүргэж байгаа юм.
Мөн COP17-д дэлхийн олон орны төр, эрдэм шинжилгээ, бизнес, иргэний нийгмийн төлөөлөл цуглаж байгаа нь байгаль хамгааллын чиглэлээр хэрэгжүүлж буй санаачилгаа илүү өргөн хүрээнд таниулахад чухал ач холбогдолтой.




Хэрэв та Pine+ төслийн талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл авч, хийж буй ажлуудтай нь танилцахыг хүсвэл COP17-ийн Ногоон болон Цэнхэр бүсэд байрлах HushKhan брэндийн павилионоор зочлоорой.
Сэтгэгдэл бичих

