Монгол түмний Цагаан сарын баяр тохиож, “Сүрээр дарагч” хэмээх гал морин жил гарлаа. Харин монголчууд бидний өнө эртнээс уламжлан ирсэн энэхүү баярын нэгэн чухал хэсэг нь хөөрөг зөрүүлэн мэндчилэх ёсон байдаг билээ.
Иймд бид энэ удаа үеийн залуустаа зориулан хөөрөг зөрүүлэх уламжлалтай холбоотой 4 зөвлөгөөг хүргэхээр энэхүү нийтлэлээ бэлтгэлээ. Уншигч та “айл их хэсэж, алт мөнгө их цуглуулах”-аасаа өмнө нийтлэлээ тогтож уншин, ахмад настан, азай буурлуудтайгаа хөөрөг зөрүүлэхдээ доорх зөвлөгөөг анхаараад аваарай.
Эхлэхийн өмнө: Хөөргөний тухай товчхон
Монголчууд эртнээс хоорондоо хөөрөг зөрүүлэн мэндчилж ирсэн ёс уламжлалтай боловч чухам хэдий үеэс эхлэлтэй нь тодорхойгүй байдаг байна. Тодруулбал, Доктор, дэд профессор А.Пунсаг гуай “eguur.mn”-д өгсөн ярилцлагадаа “Энэ их маргаантай сэдэв. Хөөргөний гарал үүслийг баримтаар яг таг нотолсон хатуу байр суурь гэж үгүй. Нэг хэсэг эрдэмтэд хөөргийг нүүдэлчин монголчуудаас үүсэлтэй гэж таамагладаг. Харин нөгөө хэсэг нь Европт үүссэн соёл урд хөршөөр дамжин, дундад зууны үед манайд нэвтэрсэн нь энэ гэж үздэг.” гэжээ.
Дэлгэрүүлж унших: СОЁЛЫН КРИТИК №2: Биднийх боловч биднийх биш ХӨӨРӨГ, түүний нууц
Хэдийгээр хөөргөний үүсэл гарал нь тодорхойгүйн дээр манай соёлд хэдийгээс орж ирснийг нь батлах боломж багатай ч монголчууд л хөөргөөр мэнд мэдэх, ахмад настнаа хүндлэх, түүнчлэн нийгмийн байр суурь, харилцаа, соёлын хэрэгсэл болгон хөгжүүлснээрээ онцлогтой. Тухайлбал, манайд эв түнжин муудсан хүмүүс хоорондоо эвлэрэхдээ хөөрөг зөрүүлдэг уламжлал байдгаас гадна, олон утга санааг тойруу, дам аргаар нэгэндээ ойлгуулахад хөөргийг ашиглах нь түгээмэл. Мөн хөөргөндөө даалин урлах соёлыг ч гагц монголчууд бүтээн өнөөг хүртэл хойч үедээ өвлүүлэн уламжлуулсны дээр дотор нь эмийн ургамал хийж эмчилгээнд зориулан хэрэглэдэг байсан тухай түүхэн баримтууд байдаг аж.
1. Хөөргөний толгойг хааж мэндэлж болохгүй
Дээр дурдсанчлан монголчууд бидний харилцааны нэгэн чухал хэрэглүүр болон хөгжсөн хөөргөөр нэг нэгэндээ олон далд санааг дамжуулдаг уламжлалтай. Үүний нэг нь мэндэлж буй хүндээ хөөргөнийхөө толгойг хааж, эрхий хуруугаараа дарж барих юм. Энэ нь уй гашуу тохиолдсоныг илтгэдэг учир энгийн үед ийн мэнд мэдэхийг цээрлэдэг.
Харин мэнд мэдэлцэн хөөрөг зөрүүлж буй хүнийхээ хөөргийг буцааж өгөхдөө толгойг нь бага зэрэг чангатгадаг ёстой. Ингэснээрээ тухайн хүнийхээ санааг хүлээн зөвшөөрч буйг илэрхийлдэг гэнэ. Гэхдээ хэт чанга дарж, бүтэн хааж өгөх нь эв түнжин, харилцаа муу байгаагийн илэрхийлэл болдгийг дурдууштай. Мөн зарим эх сурвалжид дурдаж буйгаар хөөргөний толгойг дарж мэндлэх нь хулгайч, худалч, эсвэл баян хүнтэй хамт яваагаа мэдэгдэх дохио гэж үздэг хэмээжээ.
2. Ханцуй шамлахыг цээрлээрэй
Хөөрөг солилцон мэндлэхдээ мөн ханцуй шамлахыг цээрлэдэг уламжлалтай. Түүнчлэн, дээлийн товчоо тайлах, сугалдаргалахыг цээрлэнэ. Энэ талаар Ц.Нацагдорж, Х.Нямбуу нарын “Монголчуудын цээрлэх ёсны хураангуй толь” бүтээлд “Үл хэрэгсвээс уй гашуудал илэрхийлж буйн шинж буюу тоомжиргүй ихэмсэг гэгдэнэ.” хэмээн тайлбарласан байдаг.
Сонирхуулахад, тус номд мөн хөөрөгтэй холбоотой өөр нэгэн цээрлэх ёсон дурдагдсан нь “Шинэ бэр хадамдаа хадаг, хөөрөг шууд барихыг цээрлэнэ. Заавал өөр хүнээр дамжуулан ёсолно.” гэсэн байв.
3. Амар мэндийн үг солилцох
Монголчуудын хувьд хөөрөг зөрүүлэх нь мэндлэх, хүндлэх ёсны шууд илэрхийлэл бөгөөд Цагаан сар нь ч ахмад настан, аав ээжийнхээ амрыг эрэн золгож, хүндэтгэл үзүүлж буйгаараа ач холбогдолтой баяр билээ. Энэ утгаараа хөөрөг зөрүүлэхэд амар мэндийн, бэлгэ дэмбэрлийн үг хэлэх нь нэн чухал.
Иймд хөөрөг зөрүүлэхдээ хамгийн түгээмэл “Даага далантай, бяруу булчинтай онд мэнд, тарган тавтай оров уу” гэдгээс эхлээд олон амар мэндийн үгээс хэлэх нь цаад хүнээ хүндэтгэж буйн илэрхийлэл болно. Мөн ийн мэндийн үг хэлэхдээ төлөг малыг дурдан асуудаг нь нийт мал сүргийг төлүүлж буй (metonomy) хэрэг болдог байна. Доор хөөрөг зөрүүлэн мэндлэхдээ хэлж болох амар мэндийн жишээ үгсийг хуваалцлаа:
Та сар шинэдээ сайхан шинэлж байна уу
Даага далантай, бяруу булчинтай, төлөг сүүлтэй, тором бөхтэй сайхан шинэлэв үү
Онд мэнд, тарган тавтай орж, одоо сайхан хаваржиж байна уу
Морь хурдан, уяа элбэг байна уу
Хараа хурц, сум мэргэн байна уу
Сүрэг тарган, сайхан хаваржиж байна уу
Тарган сайхан хаваржиж байна уу
Ташрамд дурдахад, хөөрөг зөрүүлэн мэндлэхдээ тус тусынхаа хөөргийг (хоёул хөөрөгтэй байгаа үед) алгандаа барьж бөөр бөөрөөр нь харилцан зөрүүлж, толгойг нь нар зөв эргүүлэн тамхинаас нь авч хамартаа хүргээд буцаан солилцдог бөгөөд дан үнэрлээд өгөх нь ажил хэрэг, ахуй амьдрал тэнүүн сайхан бус буй, яаруу сандруу яваагийн дохио тэмдэг болдгийг санууштай.
4. Зөв тосож гараараа авах
Монголчууд аливаа эд зүйлийг зүүн гараараа авч, өгөхийг ихэд цээрлэдэг. Иймд хөөргийг ч мөн авахдаа баруун гараа авах учиртай бөгөөд хэрэв өөрөө мөн хөөрөг зөрүүлж байгаа бол даалингаа зүүн гартаа тавьдаг уламжлалтай. Тэгэхдээ зүүн гараараа баруун гараа түшнэ.
Мөн дээр дурдсанчлан хөөрөг зөрүүлэхдээ толгойг нь бага зэрэг султган нар зөв гурав эргүүлж, өөрөө нэг үнэрлээд гардах бөгөөд энэ нь чөлөөтэй харилцан ойлголцох, эв найртай явахын бэлгэдэл болдог ажээ. Түүнчлэн хөөргөө солилцохдоо харшилдуулахыг цээрлэдэг байна.
Эцэст нь уншигч танд айлчлан ирж буй гал морин жилийн сар шинийн мэндийг дэвшүүлье.

Сэтгэгдэл бичих (1)


O Oogii 2026.02.24 66.181.166.154
Hoorog yron n dotroo ymar ymar torol baidag ve ted nariin talaar niitlevel ih sonirholtoi l yum bn daa.