Эх дэлхийгээ хайрлан хамгаалж, байгаль орчинд ээлтэй амьдрах нь иргэн бүрийн мөрдөх ёстой үүрэг бас хариуцлага билээ. Тийм ч учраас хувь хүн, албан байгууллагууд өдөр тутмын үйл ажиллагаандаа тогтвортой хөгжлийн шийдлүүдийг нэвтрүүлэхээр зорьж байгаа. Байгууллагуудын байгаль орчинд хийж буй ажил, хэрэгжүүлж буй шийдлийг үнэлдэг олон улсын томоохон гэрчилгээнүүдийн нэг нь “Green Globe” юм. 

Дэлхийн 96 оронд хүлээн зөвшөөрөгдсөн, 400 гаруй шалгуур үзүүлэлтэй энэхүү гэрчилгээг Монгол Улсаас Ибис Стайлс Улаанбаатар зочид буудал хүртжээ. 

Green Globe гэж чухам юу вэ? Ямар шалгуураар олгодог вэ? Ибис Стайлс Улаанбаатар зочид буудал энэхүү батламжийг хүртэхийн тулд тогтвортой хөгжлийн чиглэлээр юу хийж, хэрэгжүүлсэн бэ? зэрэг талаар дэлгэрүүлэн хүргэе.

Ибис Стайлс Улаанбаатар зочид буудалтай илүү дэлгэрэнгүй танилцах бол энд дараарай

GREEN GLOBE ГЭЖ ЮУ ВЭ? 


Green Globe нь аялал жуулчлалын салбарын байгууллагууд байгаль орчин, нийгэм, эдийн засгийн тогтвортой хөгжлийг үйл ажиллагаандаа хэрхэн хэрэгжүүлж байгааг үнэлж, олон улсын батламж олгодог байгууллага юм. Энгийнээр хэлбэл, тухайн байгууллага байгальд орчинд ээлтэй, хариуцлагатай үйл ажиллагаа явуулж байгаа эсэхийг тодорхой шалгуурын дагуу үнэлж, шаардлага хангасан тохиолдолд уг гэрчилгээг олгодог ажээ.

Энэхүү гэрчилгээ нь нэг жилийн хугацаанд хүчинтэй. Тиймээс гэрчилгээ авсан байгууллагууд тогтвортой хөгжлийн чиглэлээрх үйл ажиллагаагаа үргэлжлүүлэн хэрэгжүүлж, жил бүр дахин үнэлүүлэн гэрчилгээгээ шинэчлэх шаардлагатай байдаг гэнэ.

Green Globe гэрчилгээ нь 44 ангиллын 400 гаруй шалгууртай. Өөрөөр хэлбэл, байгууллага бүрийн үйл ажиллагааг олон талаас нь харж, байгаль орчинд хэр ээлтэй ажиллаж байгааг үнэлдэг гэсэн үг. Ингэхдээ тухайн байгууллагын үйл ажиллагаа, байршил, онцлогоос хамааран холбогдох шалгуурыг үнэлдэг бөгөөд батламж авсан байгууллагуудын хэрэгжилтийг жил бүр хөндлөнгийн аудитаар шалгадаг байна.

ЯМАР ШАЛГУУРЫГ ХАНГАЖ “GREEN GLOBE” ХҮРТЭВ? 


Тус батламжийг авахын тулд зочид буудлууд эрчим хүч, усны хэрэглээгээ хэмнэх, хог хаягдлаа бууруулах, байгалийн нөөцийг зохистой ашиглах зэрэг байгаль орчинд ээлтэй шийдлүүдийг хэрэгжүүлэхээс гадна ажилтнуудын сайн сайхан байдал, нийгмийн хариуцлагад анхаарах шаардлагатай. Ибис Стайлс Улаанбаатар зочид буудал Green Globe-ийн шалгуурын дагуу хөндлөнгийн аудитад хамрагдаж, эрчим хүч, усны хэрэглээг бууруулах, хог хаягдлыг зөв зохицуулах, нэг удаагийн хуванцрын хэрэглээг багасгах зэрэг чиглэлээр хэрэгжүүлсэн ажлуудаа үнэлүүлжээ.

Тэгвэл тус зочид буудал тогтвортой хөгжлийг үйл ажиллагаандаа хэрхэн нэвтрүүлсэн бэ?

1. Эрчим хүчний хэмнэлттэй ногоон барилга 

Ибис Стайлс Улаанбаатар зочид буудлын барилгыг Италийн Термигас компанитай хамтран эрчим хүч, усны хэрэглээг хэмнэхээр төлөвлөж, байгальд ээлтэй шийдлүүдийг нэвтрүүлэн бүтээн байгуулжээ. IFC-ийн EDGE үнэлгээгээр тус барилга эрчим хүчийг 25.29 хувиар, усыг 39.9 хувиар тус тус хэмнэх боломжтой нь баталгаажсан байна.

Барилгын гадна фасад, дээвэр, ханын дулаалга, дулаан алдагдал багатай шилэн цонх болон өндөр чанартай барилгын материалууд нь дулаан алдагдлыг бууруулж, эрчим хүчний хэрэглээг хэмнэхэд чухал нөлөөтэй. Мөн EDGE үнэлгээнд үндэслэн жилд ойролцоогоор 541 тонн нүүрсхүчлийн хийн ялгарлыг бууруулах тооцоо гарчээ.

Үүнээс гадна зочид буудал эрчим хүчний хэрэглээгээ багасгахын тулд LED гэрэлтүүлэг, 90 хувийн үр ашигтай ус халаах бойлер, хувьсах хурдны удирдлагатай хөргөлтийн систем, эрчим хүчний хэмнэлттэй лифт ашигладаг байна.


2. Усны хэрэглээг бууруулах шийдэл

Зочид буудлын усны хэрэглээний ихэнх хэсэг ариун цэврийн өрөөнд ногддог гэнэ. Тиймээс Ибис Стайлс Улаанбаатар зочид буудал бүх өрөө болон нийтийн талбайдаа Японы TOTO брэндийн ус хэмнэгч тоноглолуудыг суурилуулжээ.

Тухайлбал, бага урсгалтай шүршүүр, ус хэмнэгч кран, аэратор, автомат унтраалттай цорго, усны хэмжээг тохируулан татах боломжтой суултуур зэргийг ашигладаг. Эдгээр тоноглол нь ердийн хэрэглээний тоноглолтой харьцуулахад усны нийт хэрэглээг 39 хувиар бууруулах боломжтой аж.

3. Хог хаягдлыг багасгах нь

Зочид буудлын хувьд хог хаягдлыг багасгах нэг чухал арга нь нэг удаагийн хэрэглээг бууруулах юм. Ибис Стайлс Улаанбаатар зочид буудал зочны өрөөнд байрлуулдаг жижиг савлагаатай үсний шампунь болон биеийн саванг халж, дахин дүүргэдэг савлагаатай бүтээгдэхүүн ашиглаж эхэлжээ. Харин нэг удаагийн нэмэлт хэрэглэлүүдийг зочны хүсэлтээр олгодог байна.

Мөн зочны өрөө болон нийтийн талбайд хогийг ангилан ялгах сав байршуулж, зочид буудлын бүх алба хуванцар, шил, лааз, цаас, батарей, ашигласан хоолны тос зэрэг хаягдлаа ангилан, дахин боловсруулах байгууллагуудад хүлээлгэн өгдөг.

Үүнээс гадна FSC баталгаажуулалттай, дахин боловсруулсан түүхий эдээр хийсэн цаасан бүтээгдэхүүн болон бүрэн уусдаг ариун цэврийн цаас ашигладаг. Тэд ирэх он гэхэд нэг удаагийн хэрэглэгдэхүүнийг бүрэн халахаар төлөвлөөд байгаа гэнэ.


4. Хүнсний хаягдлын менежмент

Тус зочид буудал хүнсний хаягдлыг бууруулахын тулд өдөр бүр гарч буй хаягдлаа жинлэж, хэмжээг нь бүртгэн, тогтмол дүн шинжилгээ хийдэг. Ингэснээр ямар төрлийн хоолноос хэр хэмжээний хаягдал гарч байгааг тодорхойлж, буфет хоолны бэлтгэл болон цэсээ бодит хэрэглээнд нийцүүлэн оновчтой төлөвлөх боломж бүрддэг байна.

5. Ажилтнуудаа анхаарахуй

Green Globe-ийн үнэлгээнд байгууллагын ажилтнуудынхаа эрүүл мэнд, аюулгүй байдлыг хэрхэн хамгаалж, тав тухтай, таатай ажлын орчин бүрдүүлж буй байдал ч чухал шалгуур болдог аж.

Ибис Стайлс Улаанбаатар зочид буудлын хувьд ажилтнууд болон тэдний хүүхдүүдийг хоёр жил тутам эрүүл мэндийн үзлэгт хамруулдаг. Бага насны хүүхэдтэй ажилтнуудад зориулсан хүүхэд саатуулах өрөөтэй бөгөөд хөдөлмөрийн аюулгүй байдал, хог хаягдлын менежмент, ажлын байрны сэтгэл зүй зэрэг чиглэлээр сургалт зохион байгуулдаг байна.

Мөн ажилтнуудаа орон сууцтай болоход дэмжих хөтөлбөр хэрэгжүүлж, Монголын уламжлалт баяр, соёлын өдрүүдийг хамт олноороо тэмдэглэдэг. Нийгэмд чиглэсэн ажлын хүрээнд энэ оны хичээлийн шинэ жилээр Хан-Уул дүүргийн 20 дугаар хорооны эмзэг бүлгийн хүүхдүүдэд сургуулийн иж бүрэн хэрэглэл хандивлажээ.

ТОГТВОРТОЙ АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛД ОРУУЛАХ ХУВЬ НЭМЭР 


Тогтвортой аялал жуулчлал гэдэг нь аялал жуулчлалын үйл ажиллагааг байгаль орчинд сөрөг нөлөө багатай явуулахын зэрэгцээ тухайн орон нутгийн нийгэм, соёл, эдийн засагт эерэг нөлөө үзүүлэхийг хэлнэ. Энэ нь байгалийн нөөцийг зөв ашиглаж, орон нутгийн онцлог, соёлын өвийг хадгалан, аялал жуулчлалын үр өгөөжийг урт хугацаанд хүртэхэд чиглэдэг билээ.

Ибис Стайлс Улаанбаатар зочид буудал Green Globe-ийн шалгуурыг хангаж, олон улсын батламж хүртсэн нь байгаль орчиндоо ээлтэй үйл ажиллагаа явуулж буйн нэг илрэл юм. Тэдний хийж хэрэгжүүлсэн ажлууд нь байгаль орчноо хамгаалах төдийгүй тав тухтай үйлчилгээг улам нэмэгдүүлэх, мөн Монголын зочлох үйлчилгээний салбарын хөгжилд ч чухал ач холбогдолтой.