Манай редакцын уншигчдын чамгүй өндөр хувь нь гадаад орноос байдаг билээ. Иймд бид гадаадын бүх улсад бүх түвшинд суралцаж байгаа оюутан залуустаа нэгэн сонирхолтой боломжийг дуулгаж байна. Энэ бол Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллагын Монгол дахь салбарын хэрэгжүүлж буй “Монгол диаспора” төсөл. 

Төслийн хүрээнд гадаадын их, дээд сургуульд бакалавр, магистр, докторын түвшинд сурч байгаа (сургуулиа төгссөн бол 2026 оны 4-р сарын 10-ны байдлаар төгсөөд нэг жилээс хэтрээгүй байх) оюутнууд зуны амралтаараа эх орондоо ирж, дотоодын шилдэг байгууллагуудад дадлага хийх боломжтой гэнэ. 

Сонирхож байвал яг одоо энэ холбоосоор ороод 5-р сарын 8-наас өмнө бүртгүүлээрэй

Яагаад эх орондоо дадлага хийх хэрэгтэй гэж?

Маш олон танилууд маань гадаадад их, дээд сургуулиа төгсөөд эх орондоо ажиллаж, хөдөлмөрлөх эрмүүн хүсэлтэй ирдэг ч соёлын ялгаанаас болоод төлөвлөгөө нь хүссэнийх нь дагуу явахгүй байгаа харагддаг юм. Нэгт, улс орны түвшинд ажил хөдөлмөрийн ялгаа байхаас гадна байгууллагын түвшинд ч гэсэн монгол компаниуд өөр өөрсдийн хэв маягтай байх нь нийтлэг.

"Баримжаа авах": Хээрийн галуу нисэн үл хүрэх газраас эрдэм өвөртөлж ирээд эх орноо хөгжүүлэх хүсэлтэй олон залуус үүнээс болоод соёлын шоконд ахин орох, цаг хугацаа алдах бүр эсвэл буцаад явж байгаа жишээ дэндүү олон. Энэ асуудлын хамгийн үр дүнтэй атлаа энгийн шийдэл бол их сургуулийн зуны амралтаараа эх орондоо дадлага хийж “баримжаа” авах юм.

Танилуудтай болох: Ялангуяа “Монгол диаспора”-гаар дамжуулан дадлагаа хийх нь 1,000 ам.долларын тэтгэлэгтэй тул дэлхийн хаанаас ч ирсэн бай наад зах нь онгоцны тасалбараа авчхаж хүрэх нь байна. Дадлага хийнгээ зуны амралтаа эх орондоо өнгөрөөгөөд буцаж болно оо гэсэн үг. Мөн уг төслийн хүрээнд оролцогч нарын дунд зохион байгуулах уулзалт, сургалт нь танилын хүрээгээ тэлэх таатай боломж байх нь ойлгомжтой.

Монголтойгоо танилцах: Тэрчлэн энэхүү хөтөлбөр нь гадаадад төрж өсөөд тэндээ сурч боловсорч буй монгол залууст эх орондоо буцаж ирэх, эх орныхоо аж байдал, хөдөлмөрийн зах зээлтэй танилцахад нь туслах нэгэн чухал алхам болохыг хөтөлбөрийн зохион байгуулагчдаас онцолж байгаа ажээ.

Диаспора гэж нь төрсөн улсаасаа өөр улсад 6 болон түүнээс дээш сарын хугацаанд сурч, ажиллаж, амьдарч буй иргэдийг хэлдэг билээ.


Дадлагын тухай

НҮБ-ын харьяа Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллага (ОУШХБ)-ын Хөгжлийн сангийн санхүүжилтээр Зориг сан, Хилийн чанад дахь Монголчуудын зөвлөлийн дэмжлэгтэйгээр хэрэгжиж буй уг төсөл нь олон улсад эзэмшсэн боловсрол, мэдлэгээрээ эх орныхоо хөгжил дэвшилд хувь нэмрээ оруулахын зэрэгцээ бодит ажлын туршлага хуримтлуулах боломжийг олгож буй.

Төсөлд Хаан Банк, Аксиом, Монголын Хараагүйчүүдийн Үндэсний Холбоо, Эрүүл Мэндийн Хөгжлийн Төв, Оном Сан, Нью Номад Институт, Европын Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим, Австралийн Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим, Teach for Mongolia гэсэн байгууллагууд өөрсдийн саналаараа нэгдэж, дараах үндсэн чиглэлүүдэд дадлагажигч хайж байна:

  • I. Дижитал инновац ба санхүүгийн технологи
  • II. Нийгмийн эрүүл мэнд, шинжлэх ухаан ба биотехнологи
  • III. Тогтвортой хөгжил, ESG ба ногоон хөгжил
  • IV. Төрийн бодлого, боловсрол ба стратегийн харилцаа

Зарлагдсан дадлагын байр болон ерөнхий шаардлагуудтай энэ холбоосоор орж танилцаарай.

Дадлага хийх хүсэлтэй оюутан залуус дадлагын өргөдлөө илгээж, урьдчилсан шалгаруулалтад тэнцсэн бол эцсийн ярилцлагад орох юм. Ийнхүү сонгогдсон тохиолдолд 2026.06.15-2026.08.15-ны хооронд 8-10 долоо хоногийн дадлагаа хийх бөгөөд ОУШХБ-ын зүгээс 1,000 ам.долларын тэтгэлэг, мөн тухайн хүлээн авагч байгууллага өөрсдийн дотоод журмаар цалин, урамшуулал олгох ажээ.


Мэргэжилтнүүдийн хөтөлбөр тун удахгүй

"Монгол диаспора" төсөл буюу албан ёсоор “Хилийн чанад дахь Монголчуудыг эргэн ирэхийг дэмжих хөтөлбөр боловсруулж туршихад төр болон хувийн хэвшлийг татан оролцуулах нь" төсөл хоёр жилийн хугацаанд хэрэгжих бөгөөд энэ хүрээндээ хоёр хөтөлбөр хэрэгжүүлж байгаагийн эхнийх нь уг дадлагын хөтөлбөр.

Тэд тун удахгүй мэргэжилтнүүдэд зориулсан хөтөлбөрөө эхлүүлж, гадаадад сурч, ажиллаж байсан өндөр ур чадвартай мэргэжилтнүүдэд богино хугацаанд Монголдоо зөвлөхөөр ажиллах боломжийг бүрдүүлэх ажээ.