Unread Today долоо хоног тутмын англи сонины 2026 оны 1-р сарын 29-ний дугаарын А8-А9 нүүрт хэвлэгдсэн ковер нийтлэлийг орчуулан хүргэж байна. Англи сониныг эдгээр түгээлтийн цэгүүдээс хүлээн авч уншаарай.


Сайн байцгаана уу, 25-р дугаарт тавтай морилно уу. Миний бие Artemis II-ийн нислэгийг сэтгэл догдлон хүлээж буй энэ мөчид дэлхийгээс өөр төрлийн пуужингууд хөөрөхөд бэлэн болжээ. Тодруулбал, та бидний сайн мэдэх хэд хэдэн технологийн компаниуд IPO хийхээр бэлдэж байна.
Сошиал медиа дээр “Хэрвээ энэ хувьцааг төдөн жилийн өмнө авсан бол ийм хэмжээний ашиг олох байжээ” гэсэн пост харж л байсан биз дээ? Надад лав ийм постыг харах бүрдээ унтаж байхдаа мөнгө олох том боломжоо алдсан мэт санагддаг юм. Гэтэл 2026 он ахин нэг удаа ийм боломж бүрдүүлэх бололтой.
Санхүүгийн шинжээчид энэ оныг IPO хийхэд ойрын хэдэн жилд үзэгдээгүй таатай жил байх болно хэмээн таамаглаж буй. Гэхдээ зүгээр нэг IPO-нууд биш шүү. Рекорд тогтоох хэмжээний даацтай IPO-нууд.
Бидний өнгөрсөн дугаартаа хураангуйлсан “Дэлхийн эрсдэлийн тайлан”-д ойрын хоёр жилд гео-эдийнзасгийн зөрчилдөөн хамгийн том эрсдэл байх болно гэсэн байсан. Хэдий тийм ч, хиймэл оюуны хүчирхэг салхи технологийн давлагааг ахин нэг удаа түрж, шилдэг компаниудыг олон нийтэд нээлттэй компани болоход таатай орчин бүрдүүлэв бололтой.
Ийнхүү энэ жил нээлттэй болох олон олон компаниуд дундаас бид зургааг нь онцолж байна. Мэдээж энэ бол санхүүгийн зөвлөгөө биш бөгөөд энэ жилийн өнгө ямархуу байх тухай мэдээлэл юм шүү.
SpaceX - Сая сая өнгөт одны зүгт
Эхний компани бол Элон Маскын үүсгэн байгуулсан, энэ цагийн хамгийн трэнди компани болох SpaceX. Хүн төрөлхтнийг сансрын уудмыг эзэгнэхэд туслах зорилготой уг компани сүүлийн хоёр арванд пуужин, хиймэл дагуул, сансрын аялал жуулчлал зэрэг салбаруудыг хэний ч ойд багтамгүй өндөр хурдаар тэлснийг бид мэднэ.
2026 оны 6-р сард IPO хийх магадлалтай байгаа тэд 1,5 их наяд долларын үнэлгээгээр 50 тэрбум доллар босгох төлөвлөгөөтэй байна. Хэрэв энэ нь бүтвэл, уг IPO дэлхийн түүхэн дэх хамгийн аварга IPO болох юм. Харьцуулбал, одоогийн рекордыг эзэмшигч Saudi Aramco 2019 онд 29.4 тэрбум доллар босгож байсан түүхтэй. NASA-гийн Artemis хөтөлбөр хүний төрөлхтнийг 50 гаруй жилийн дараа Сар луу дахин хүргэхэд ойртоод буй энэ мөчид сансрын эдийн засаг эрчимжиж, түүнийг дагаад SpaceX рүү хөрөнгө оруулагчид болон олон нийтийн анхаарал төвлөрөх нь дамжиггүй.
OpenAI - “Нээлтэй хиймэл оюун” нээлттэй болно
Хиймэл оюуны хүчирхэг давлагааны загалмайлсан эцэг бол мэдээж OpenAI. Хамгийн хурдан 100 сая хэрэглэгчтэй болсон аппын амжилтыг эзэмшигч тэд өдгөө маргаангүй дэлхийн хамгийн нөлөө бүхий компани болоод байна.
Шинжээчид тэдний үнэлгээ 830 тэрбумаас 1 их наяд доллар байх болно хэмээн таамаглаж буй. Ашгийн төлөө бус, нийтэд үйлчлэх зорилготой байгуулагдсан OpenAI уг зорилгоосоо хазайсан гэдэг шүүмжлэл хаа сайгүй бий. Хэдийгээр Гүйцэтгэх захирал Сэм Алтман IPO хийхээ мэдэгдээгүй байгаа ч ихэнх эх сурвалжууд 2026 оны сүүлч эсвэл 2027 оны эхэн үеэр IPO хийнэ хэмээн таамаглаж байгаа юм.
Учир нь тэдэнд их хэмжээний мөнгө ойрын хугацаанд хэрэг болно. OpenAI орон орны засгийн газар, хөрөнгө оруулагч нартай төрөл бүрийн гэрээ байгуулсаар байгаа бөгөөд дараагийн хэдэн жилд л гэхэд тэд амласан дэд бүтцээ байгуулахад нэг их наяд доллар шаардагдахаар байна.
ByteDance - Барахгүй бол багт нь ор
TikTok болон Хятадын Douyin-ийг эзэмшигч, нийт нэг тэрбум гаруй хэрэглэгчтэй, трэнд үүсгэгч ByteDance компани 480-500 тэрбум долларын үнэлгээтэй IPO хийх шинжтэй байна. Ингэснээр тэд Америкийн зах зээл дээрх хамгийн өндөр үнэлгээтэй гадаад компаниудын нэг болох юм.
Сүүлийн хэдэн жилд TikTok апп Америкийн улс төрийн байлдааны нэгэн талбар байлаа. Засгийн газраас эзэмшлээ өөрчлөхийг шаардсаны дагуу тэд өнгөрсөн долоо хоногт 80 хувиа Америкийн хөрөнгө оруулагчдын хамтарсан компанид шилжүүлсэн юм. Америк эзэдтэй болсон TikTok Америкийн хууль дүрэмд тааруулан нууцлалын бодлогоо өөрчилсөн нь олон хэрэглэгчдийнх нь эгдүүцлийг хүргэж, тус аппыг олноор устгахад хүргээд буй. Энэ мэтээр асуудал ихтэй байгаа TikTok-оо аврах гарц нь ByteDance өөрөө нээлттэй компани болж, олон нийтийн хамгаалалт авах ч байж болох юм. Барахгүй бол багт нь ор гэдэг дээ.
Anthropic - OpenAI-ийн хамгийн том өрсөлдөгч
Anthropic бол ChatGPT-ийн шуугианд дарагдах маягтай байдаг ч, хэдийн өөрийн гэсэн олон сая хэрэглэгчтэй болоод буй Claude хиймэл оюуныг хөгжүүлэгч компани. OpenAI-д ажиллаж байсан судлаачийн 2021 онд үүсгэн байгуулсан уг компани 2026 оны сүүлчээр 350-450 тэрбум долларын үнэлгээтэй IPO хийх магадлалтай байна.
Amazon-ийн Жефф Безосын хөрөнгө оруулсан тус компани нь Amazon + Anthropic VS Microsoft + OpenAI гэсэн өрсөлдөөний чухал нэгэн тоглогч билээ. OpenAI нь масс хэрэглэгчдэд хамгийн сайн хүрсэн хиймэл оюун бол Anthropic нь байгууллагын хэрэглэгчид рүү түлхүү анхаарч байгаа юм.
Stripe - Чимээгүй бөгөөд чухал нэгэн үйлчилгээ
Хэрвээ та хэзээ нэгэн цагт цахим худалдаа хийж байсан бол тухайн гүйлгээг Stripe дамжуулсан байх магадлал тун өндөр. Stripe бол өнөөгийн интернэт сүлжээний санхүүг даадаг чухал нэгэн компани билээ.
Тэд 2026 оны эхний хагас 90-120 тэрбум долларын үнэлгээтэй IPO хийхээр төлөвлөж байгаа бөгөөд энэ нь финтек зах зээлийн хувьд нэгэн том үйл явдал болох учиртай. Stripe-аас гадна Monzo, Revolut цахим банкнууд, Kraken крипто бирж ч гэсэн IPO хийх нь бараг л тодорхой болоод байна.
Canva - Бид бүгд дизайнер
Хүн бүрд дизайнер болох боломжийг бүрдүүлсэн Canva өдгөө 200 сая орчим хэрэглэгчтэй болжээ. Оюутан сурагчдаас эхлээд бизнес эрхлэгчдийн үнэнч хэрэгсэл болсон Canva бол Австралийн стартап ертөнцийн од нь билээ.
Энэ ч утгаараа 2026 оны сүүлчээр 50 тэрбум орчим долларын үнэлгээтэй IPO хийхээр зэхэж буй тэдний IPO амжилттай болсноор Австралийн технологи, стартапын экосистемийн нэгэн шинэ хуудас болох учиртай. Нээлттэй болохоор бэлдэж буй өөр нэгэн алдартай платформ гэвэл дата менежментийн Databricks. Хамгийн сүүлийн хөрөнгө оруулалтаараа тэдний үнэлгээ 130 тэрбумыг даваад байна.
Энэ жил уншигч таны харж, хүлээж байгаа гадаад, дотоодын IPO юу байна даа?

Сэтгэгдэл бичих

