24 жилийн өмнөх энэ өдөр Apple-ийн гаргасан алгын чинээ цагаан төхөөрөмж хөгжмийн ертөнцөд цоо шинэ өнгө төрх авч ирсэн билээ. 2001 оны 10-р сард Apple компани “халаасанд багтах 1,000 дуу” гэх уриа лоозонтойгоор анхны iPod-ийг танилцуулж, тухайн жилийн 11-р сарын 10-нд хэрэглэгчдийн гарт хүргэж эхэлсэн юм. Энэ нийтлэлээр 2000-аад оны залуусыг хөгжимтэй танилцуулсан энэ жижигхэн төхөөрөмжийг дурсан санахын сацуу хөгжмийн ертөнц өдгөө хэрхэн хувьссаныг мөн хөгжим, тархины холбоо энэ үеэс хэрхэн өөрчлөгдөж буйг эргэцүүлье.

Napster-ийг халсан халаасны хөгжим 

2000-аад оны үед CD худалдаж авах, диск шарах эсвэл Napster гэх файл солилцох сүлжээний тусламжтай хүмүүс дуу, бичлэгийг үнэгүй хуулж авдаг байв. Napster-ийн хэрэглэгч 80 саяд хүрч, уран бүтээлчид, студиүдийн орлогыг огцом бууруулсан нь хөгжмийн салбарыг хямрааж эхэлжээ. Мөн тус систем хэрэглэгчдийг хоорондоо дуугаа хууль бусаар хуваалцах боломжийг нээснээр зохиогчийн эрхийн маргаан ч дэгдээсэн юм.

Энэ үймээн дунд iPod хэмээх жижигхэн цагаан төхөөрөмж зах зээлд танилцуулагдсан нь хэн бүхний анхаарлыг татаж байв. Механик хүрдтэй, жижиг дэлгэцтэй эл төхөөрөмж анх удаа хөгжмийг эмх цэгцтэй бөгөөд авч явахад хялбар, өөрийнхөөрөө эмхэлж, хүссэн үедээ, хаана ч сонсох боломжтой болгосон нь хэрэглэгчдийн харцыг булааж байлаа. Технологийн дэвшлээс гадна iPod нэг талаараа хүмүүсийн өөрсдийгөө илэрхийлэх хэрэгсэл ч болж байв.

Эх сурвалж: Property Room

Mini, Nano, Shuffle, Touch

Тухайн үед зах зээлийг эзэгнэж байсан, төрөл бүрийн MP3 MP3 тоглуулагчийн жин нь хүнд, ажиллагаа нь удаан, ашиглахад төвөгтэй байв. Тиймээс л Apple-ийн инженер Тони Фаделл, дизайнер Жони Айв нарын бүтээсэн 5 гигабайтын багтаамжтай, FireWire холболтоор USB-ээс 10 дахин хурдан дуу хуулах чадвартай авсаархан iPod хүн бүхний хүсэмжит бүтээгдэхүүн болсон хэрэг. 2003 он гэхэд Apple нэг сая iPod зарсан бол 2007 онд энэ тоо 90 саяд хүрчээ. Харин 2011 он гэхэд 300 сая гаруй iPod дэлхий даяар зарагдсан байв.

2004 он - iPod Mini
Анхны iPod-ийн дараа гарсан хамгийн авсаархан, илүү олон өнгөний сонголттой хувилбар.

2005 он- iPod Nano
Mini-ийн залгамж халаа болсон Nano нь илүү нимгэн, LCD дэлгэцтэй болж, зураг болон видео тоглуулах чадвартай болов. Түүнчлэн дараагийн үеийн iPod Nano нь мэдрэгчтэй дэлгэцтэй болж, алхам тоолох фитнесийн функц ч нэмэгдлээ.

2005 он - iPod Shuffle
Дэлгэцгүй хэлбэр бөгөөд shuffle буюу дууг санамсаргүй тоглуулах функцтэй төрөл нь. Маш жижигхэн бөгөөд ард талдаа хавчаартай тул гүйх, дасгал хийхэд тохиромжтой төрөл нь болж дасгал хийдэг хүмүүсийн дунд алдартай болов.

2007 он - iPod Touch
iPhone-ийн технологийг ашигласан Touch загвар нь iPod-ийг ухаалаг төхөөрөмж болгосон анхны хувилбар байлаа. Мэдрэгчтэй дэлгэц, Wi-Fi холболт, апп татах боломж зэргээрээ тэр үеийн хамгийн дэвшилтэт төхөөрөмж байв.

Тооны хэлээр

Зах зээлд худалдаалагдаж эхэлсэн огноо: 2001.11.10
Нийт борлуулалт: ойролцоогоор 450 сая ширхэг
Үйлдвэрлэлт зогссон: 2022.05.10

Эх сурвалж: The New Daily

Хөгжмийг хууль журмаар нь сонсох нь

Дээр дурдсанчлан 2000-аад оны эхэн үе бол хөгжмийн ертөнцийн хямралын үе байлаа. Napster, Kazaa зэрэг файл хуваалцах сүлжээ хүчээ авч, хүмүүс дуртай дуугаа үнэгүй татаж чаддаг болсон ч энэ нь зохиогчийн эрхийн маргаан, шүүхийн хэрэг үүсгэж уран бүтээлчид, студиүдийн орлогод асар хохиролтой байв.

2003 онд Apple iTunes Store-ийг нээсэн нь хөгжмийн ертөнцөд шударга загварыг бий болгосон юм. Хэрэглэгч нэг дууг ердөө 99 центээр худалдаж авч, зохиогчийн эрхтэй, чанартай хувилбарыг бүрэн эзэмших боломжтой болсон хэрэг. Харин дараагийн арван жилд технологи, интернэтийн хөгжил үүлэн систем, өндөр хурдны сүлжээ, ухаалаг утас зэрэг нь энэхүү “эзэмших” ойлголтыг өөрчилжээ. Стримингийн үйлчилгээ Spotify, Apple Music зэрэг платформоор дамжин 2008 оноос хүчээ авч, хэрэглэгчдэд хязгааргүй олон дууг сар бүрийн маш бага үнээр санал болгож эхэлснийг өдгөө бид сайн мэднэ.

Тархи ба хөгжим 

Хөгжим бол хүний тархины сэтгэл хөдлөл, ой санамж, анхаарал төвлөрөлтэй хамгийн хүчтэй холбогддог өдөөгч. Канадын McGill Их сургуулийн судалгаагаар хөгжмөөс авах таашаалын мэдрэмж нь тархины допамины нейротрансмиттертэй шууд хамааралтай болохыг нотолжээ. Туршилтын үеэр оролцогчид тэдэнд нь гүнзгий сэтгэгдэл төрүүлдэг хөгжим сонсож, PET (позитрон ялгарлын томограф) шинжилгээнд хамрагдсан байна. Үр дүнд нь тэдний тархины nucleus accumbens хэсгийн допамины хэмжээ 9 хүртэлх хувиар нэмэгдэж байв.

Хоёр дахь шатны туршилтаар судлаачид допамины хэмжээг зориуд өөрчилж туршжээ. Оролцогчид допамин нэмэгдүүлэгч эм (agonist) хэрэглэсний дараа хөгжмөөс авах таашаал мэдэгдэхүйц өссөн бол, харин допамин дарангуйлагч эм (antagonist) хэрэглэсний дараа хөгжим сонсоход мэдрэгдэх сэтгэл хөдлөл эрс буурчээ.

Эх сурвалж: Nottelmann Music

Энэ судалгаа нь анх удаа хөгжмөөс авах сэтгэл хөдлөл нь зүгээр нэг явган яриа бус тархины биохимид шууд нөлөөлдөг болохыг баталсан юм. Хүн нэг дууг анхаарлаа төвлөрүүлж, хэмнэлийг нь мэдэрч, оргил хэсгийг таамаглан сонсох үед тархи допаминыг зохион байгуулалттай, давтамжтай долгион хэлбэрээр ялгаруулдаг. Үүнийг “biology of anticipation” гэдэг бөгөөд анхаарал болон тэвчээр уялдаж байж таашаалын мэдрэмжийг улам хүчтэй төрүүлдэг байна. Хөгжим ийм байдлаар сонсох үед тархи цаг хугацааг мэдэрч, сэтгэл хөдлөлийг аажмаар өсгөдөг байгалийн хэмнэлийг хадгалдаг.

Харин энэ хэмнэл орчин үед алдагдаж эхэлжээ. Өнөөгийн тасралтгүй “скроллдох” соёлын улмаас стрийминг платформууд бидэнд 10 секундийн богино аялгуу, хурдан алгасах боломж бүхий түр зуурын өдөөлтүүдийг байнга санал болгосоор. Ингэснээр тархинд илүү олон, илүү шинэ “өдөөлт” хэрэгтэй болж тархины байгалийн мөчлөг алдагдаж байгаа аж.

iPod-ны өөрийн playlist-ээ үүсгэх, нэг дууг тогтож, нандигнаж сонсох дадал бидний тархины хэвийн үйл ажиллагаанд эерэгээр нөлөөлдөг байжээ.