Цаг хугацаа яг л тэндээ зогсчихсон уу гэлтэй. Улаан шаргал хаднууд, салхины исгэрээ, нарны гэрэлд туяарах Ханбогдын боржин чулуун уулс. Галбын говь бол энгийн нэгэн элсэн манхан яав ч биш. Харин эл газар бол тэртээ 300 сая жилийн өмнөх эх дэлхийн үүсэл, хувьслын нууцыг хэвлийдээ хадгалсан байгалийн амьд музей юм.
Тэгвэл энэхүү чимээгүйхэн оршиж асан дэлхийн хэмжээний үнэ цэнтэй өвийг хүн төрөлхтөнд шинэ өнгө төрхөөр таниулах, байгаль хамгаалал ба тогтвортой хөгжлийг хослуулсан нэгэн түүхэн үйл явдал өнөөлөр Өмнөговь аймгийн Ханбогд суманд тохиолоо. Энэ бол Монгол Улсын анхны геопарк болох “Ханбогд-Шар цав”-ын албан ёсны нээлт байв.
ЭХЛЭХИЙН ӨМНӨ: ШАР ЦАВЫН ТУХАЙ
290 сая жилийн өмнөх Түрүү Пермийн галавын үеийн шүлтлэг боржингийн тогтоц, 150 сая жилийн өмнөх Юрийн галавын үеийн чулуужсан ой, 99 сая жилийн тэртээх Хожуу Цэрдийн галавын үеийн 13,600 гаруй үлэг гүрвэлийн мөр, мөн 30 гаруй сая жилийн өмнөх Палеогенийн галавын эртний хөхтөн амьтдын үлдэгдэл тэргүүтэй энэ газар шороо тэр чигтээ байгалийн гайхамшигт музей ажээ.
Сонирхуулахад, Шар цав нь зөвхөн геологи, палеонтологийн өлгий төдийгүй говийн нүүдэлчдийн оюун санаа, сүсэг бишрэлийн амьд гэрч болсон газар юм. Тодруулал, энэ нутагт XIX зуунд говийн Догшин хутагт Данзанравжаа Дэмчогийн хийд, Эрээтийн хийд, Цагаантолгойн хийд болон Өлийн хийд хэмээн дөрвөн гайхамшигт хийдийг бүтээсэн нь өдгөө дэлхийн энерги эрчмийг хадгалан зон олноо тэтгэж буй. Гайхамшгаар бүтсэн энэ ууланд галав юүлэхэд хүн зоноо авч үлдэх авшиг энергитэй нутаг хэмээн хутагт өөрөө айлдаж байсан гэдэг.
НЭЭЛТИЙН АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ

Монгол Улсын анхны геопаркийн албан ёсны нээлтийн арга хэмжээнд Гадаад харилцааны яам, ЮНЕСКО-гийн Монголын үндэсний комисс, НҮБ, ЮНЕСКО-ийн Зүүн Ази дахь төлөөлөгчийн газар, холбогдох яамд, ШУА-ийн Геологи, Палеонтологийн хүрээлэн, Соёлын өвийн үндэсний төв, Үндэсний геологийн алба, орон нутгийн удирдлага, иргэд, “Рио Тинто Монгол”, “Оюу Толгой” компанийн төлөөлөл, эрдэмтэн судлаачид оролцсон юм.
Түүнчлэн Өмнөговь аймгийн Ханбогд, Манлай, Дорноговь аймгийн Хатанбулаг, Мандах зэрэг дөрвөн сумын өргөн уудам нутаг дэвсгэрийг хамарсан тус геопаркийг бүтээн байгуулах, цаашид хамгаалах харилцан ойлголцлын санамж бичигт орон нутгийн удирдлагууд мөн гарын үсэг зурж, баталгаажууллаа.
Дэлхийн геологич, палеонтологич, түүхчдийн хувьд Монголын говь бол мөрөөдлийнх нь орон байсаар ирсэн. Үлэг гүрвэлийн яс ганцхан цул бүхлээрээ олддог, тэр үеийн аж амьдралыг гайхамшигтайгаар авч үлдсэн энэ нутагт геопарк байгуулах нь асар өндөр шалгууртай аж. Үүнд төр засаг, орон нутгийн удирдлага, иргэдийн идэвхтэй оролцоо, хамтын ажиллагаа, тасралтгүй санхүүжилт шаардагдах хэдий ч өнөөдөр тэрхүү нүсэр ажлын бат бөх суурь тавигдаж байгааг оролцогчид онцлов.

"Монгол Улс болон ЮНЕСКО хоорондын 2022-2029 оны санамж бичигт анхны геопарк байгуулах зорилт тусгагдсан нь өнөөдөр бодитоор хэрэгжиж эхэллээ. Галбын говьд Дэмчогийн хийд гэдэг ариун дагшин, авшигтай газар, дэлхийн энергийн төв гэдэг энэ гайхамшигтай газарт босгосон энэ хийд судалгаанд хамрагдаад тойрсон газрууд бүгдээрээ геопаркийн үндсэн бүрэлдэхүүн хэсэг болно гэж үзсэн. Энэ нь цаашид хэдэн мянга, хэдэн сая жил үлдэх өвийг бий болгож байна. Ханбогд-Шар цавын нутаг нь хүн төрөлхтний нийтлэг өвийн сан хөмрөгт хүндтэй байр суурь эзлэх бөгөөд геопарк болсноор зөвхөн онцгой газар нутгийг хамгаалаад зогсохгүй орон нутгийн тогтвортой хөгжилд үнэлж баршгүй хувь нэмэр оруулна."

"Энэ бол алсын хараа, түншлэлийн оргил юм. Геопарк нь алслагдсан бүс нутгийг инновац, боловсролын төв болгон хувиргаж, тогтвортой аялал жуулчлал, амьжиргааны шинэ эх үүсвэрийг бий болгоно. Байгаль хамгаалал болон хөгжил цэцэглэлт хэрхэн зэрэгцэн оршиж болдгийн тод жишээг бид эндээс харж байна."

"Адуун сүрэг, тэмээн жингийн туурайн дор чулуунд сийлэгдсэн сая сая жилийн баялаг түүх говьд байна. Дэлхийн хамгийн том шүлтлэг армстронгит хэмээх эрдэс баялаг зөвхөн энэ нутгаас олддог бөгөөд үүнийг илүү их судалж, таньж мэдэх нь чухал. Өнөөдрийн энэхүү үйл явдалд палеонтологич, геологичдын 100 гаруй жилийн нөр их хөдөлмөр үндэс нь болсон гэж болно. Энэхүү геопарк нь залуу судлаачдын уламжлан судлах, суралцах амьд архив болж үлдэх ёстой."

"Бид газар орныг зүгээр нэг хамгаалалтад авах бус, Монгол орны геологийн гайхалтай өвөрмөц тогтоц, баялаг соёлыг хадгалах замаар тогтвортой хөгжилд жинтэй хувь нэмэр оруулах шинэ боломжуудыг бий болгож байна. Ханбогд-Шар цав геопаркийн маань дэлхийн сүлжээнд нэгдэх зам ойрхон байгаа гэж найдаж байна. Энэ бол бидний үр хойчдоо үлдээх маш том өв.”
БИД ЯАГААД АНХААРАХ ХЭРЭГТЭЙ ВЭ?
Өнөөдөр дэлхийн 51 улсад 241 геопарк байдаг бол манай улс энэхүү нэр хүндтэй дэлхийн сүлжээнд нэгдэх анхны бат бөх сууриа тавьж, ийнхүү нэр дэвших эрхээ баталгаажууллаа. Эдгээр парк нь нэгдэн Дэлхийн геопаркийн сүлжээг бүрдүүлдэг бөгөөд энэхүү сүлжээ нь тусдаа паркууд хоорондоо харилцан туршлага солилцож, менежмент, боловсрол, аялал жуулчлалын чиглэлээр хамтран ажилладаг бие даасан бүтэц ажээ.
Уг сүлжээнд багтсанаар тухайн бүс нутгийн үнэ цэн олон улсад хүлээн зөвшөөрөгдөж, дэлхий дахинд өргөнөөр сурталчлагдах маш өргөн боломж нээгдэх юм.





Сэтгэгдэл бичих

