Уншигч та анх ажилд орж байсан үеэ санаж байна уу? Их сургуулийн шинэхэн төгсөгч эрч хүч, эрмэлзэл догдлол дүүрэн ажлын зүг алхаж явсан тэр үеийг мартаж болно гэж үү? Миний хувьд тэгж л анх хуулийн хүрээнд үүрэг харицлагаа ухамсарлан хүлээх ажилчин ангид шилжиж, “Хөдөлмөрийн гэрээ” гэх зүйлтэй танилцсан билээ. Одоо эргээд санахад тэрхүү гэрээг хангалттай нягталж уншилгүй гарын үсэг зурж, Хөдөлмөрийн тухай хуулиас нэг ч зүйл, заалт уншаагүй шинэхэн ажилтан болж байв. Энэ бол залуу мэргэжилтнүүд бидний дунд нийтлэг харагдах дүр зураг гэхэд ч хилсдэхгүй болов уу. 

Тиймээс бид энэ удаагийн нийтлэлдээ таны цаг завыг хэмнэх үүднээс уг хуулиас зайлшгүй мэдвэл зохих заалтуудыг онцлон хүргэж байна. Сонирхолтой, мэдүүштэй заалт цөөнгүй бий тул уншигч танд өгөөжөө өгөх нь дамжиггүй.

Жич: Зарим хэсэгт мэргэжлийн үг хэллэгийг энгийнээр тайлбарлаж бичсэн бөгөөд МУ-ын Хөдөлмөрийн тухай хуулиас дахин лавлаж уншихаа мартуузай.



ЭХЛЭХИЙН ӨМНӨ: ХӨДӨЛМӨРИЙН ТУХАЙ ХУУЛЬ ГЭЖ ЮУ ВЭ?

Шинэчлэн найруулсан Хөдөлмөрийн тухай хууль нь ажил олгогч болон ажилтан хоорондын хөдөлмөрийн харилцааг зохицуулдаг эрх зүйн акт юм. Нийт арван бүлэг, 166 зүйлтэй. Хуулийн зорилт нь хөдөлмөрийн харилцааны зарчим, суурь хэм хэмжээг тогтоож, уг харилцаанд оролцогч талуудын үндсэн эрх, үүргийг тодорхойлон тэдгээрийн хоорондын зохистой, тэнцвэрт байдлыг хангахад оршино. Уг хуулиар таны ажил үүрэг гүйцэтгэх байршил, ажлын байрны нэр, ажлын байрны тодорхойлолтод заасан гүйцэтгэх ажил үүрэг, хөдөлмөрийн аюулгүй байдал, цалин хөлсний хэмжээ, эрүүл мэнд, ажил, амралтын цаг зэрэг хөдөлмөрийн ба хөдөлмөр эрхлэлтийн нөхцөлийг зохицуулдаг.

“Монгол Улсын нутаг дэвсгэрт гүйцэтгэсэн ажил, үзүүлсэн үйлчилгээтэй холбоотой үүссэн бүх төрлийн хөдөлмөрийн харилцаанд Хөдөлмөрийн тухай хууль үйлчилнэ.”

МУ-ын Хөдөлмөрийн тухай хууль

Ажил эрхлэлт, хөдөлмөрийн харилцаанд оролцогчид доорх суурь зарчмыг баримталж, холбогдох үндсэн эрхийг эдлэх юм.

- Үл ялгаварлан гадуурхах
- Албадан хөдөлмөрлүүлэхийг хориглох
- Эвлэлдэн нэгдэх
- Хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй хэлбэрийг устгах
- Хөдөлмөрлөх эрх чөлөөг баталгаажуулах
- Дарамт, хүчирхийлэл, бэлгийн дарамтыг хориглох
- Барьцаа хэрэглэхгүй байх
- Шударга бус үйлдлийг хориглох
- Нийгмийн түншлэлийг хангах
- Салбар, салбар дундын хамтын хэлэлцээр
- Хамтын гэрээ
- Хөдөлмөрийн гэрээ

ААН байгууллагын хөдөлмөрийн дотоод хэм хэмжээ зэргээр ажилтны хөдөлмөр эрхлэх нөхцөлийг дээшлүүлж, тогтоож болно.

“Хөдөлмөрийн гэрээ гэдэг нь хөдөлмөр эрхлэлтийн харилцааны үндсэн дээр ажил олгогч, ажилтан харилцан тохиролцсоны дагуу хийсэн тохиролцоо юм.”

МУ-ын Хөдөлмөрийн тухай хууль

ҮНДСЭН АЖЛААСАА ГАДНА ӨӨР ГАЗАРТАЙ ХӨДӨЛМӨРИЙН ГЭРЭЭ БАЙГУУЛж БОЛОХ УУ?

Тийм. 57.1-т заасны дагуу ажилтан үндсэн ажлын цагаасаа бусад цагт өөр ажил олгогчтой зэрэгцсэн хөдөлмөрийн гэрээ байгуулж болно. Өөрөөр хэлбэл, одоогийн ажлаасаа гадна өөр компанитай хөдөлмөрийн гэрээ байгуулж, цалин хөлс авч болно гэсэн үг юм. Гагцхүү зэрэгцсэн хөдөлмөрийн гэрээгээр ажиллана гэдгээ ажил олгогчдод мэдэгдэх үүрэгтэй бөгөөд дараах тохиолдолд зайлшгүй зөвшөөрөл авах шаардлагатай.

  • Ажилтан үндсэн ажил олгогчтой Хөдөлмөрийн тухай хуулийн 65 дугаар зүйлд заасан онцгой нөхцөл бүхий хөдөлмөрийн гэрээ байгуулсан бол,
  • Үндсэн ажил олгогчтой ижил төрлийн үйл ажиллагаа явуулдаг, эсвэл зах зээлд өрсөлддөг аж ахуйн нэгж, байгууллагад ажиллах бол,
  • Ажилтан цахилгаан, дулааны эрчим хүч, нийтийн усан хангамж, олон улс, хот хоорондын болон хот, суурин газрын нийтийн тээвэр, тусгай зориулалтын тээвэр, цахилгаан холбоо, төмөр зам болон иргэний нисэхийн хөдөлгөөний удирдах алба зэрэг хүн амын аюулгүй байдал, эрүүл мэнд, тав тухтай орчинд амьдрах эрхийг хангахтай холбоотой ажил үүрэг гүйцэтгэх тохиолдолд ажил олгогчдоосоо зайлшгүй зөвшөөрөл авах ёстой.

Мөн нийт ажлын цагийн хувьд долоо хоногийн ажлын цагийн дээд хязгаар нь 56 цаг, өдөрт ажиллах илүү цагийн хязгаар нь дөрвөн цагаас хэтрэхгүй байх ёстой бөгөөд үүнд ажилтан болон ажил олгогч бүхий л талууд харилцан хяналт тавих ёстойг санууштай.


ЯМАР ТОХИОЛДОЛД ИЛҮҮ ЦАГААР АЖИЛЛАХГҮЙ БАЙХ ЭРХТЭЙ ВЭ?

88.5-д заасны дагуу бие давхар эмэгтэй эсвэл гурав хүртэлх насны хүүхэдтэй ажилтанг өөрөө зөвшөөрөөгүй тохиолдолд амралтын өдөр, нийтээр тэмдэглэх баяр ёслолын өдөр, шөнийн цагаар болон илүү цагаар ажиллуулах, томилолтоор явуулахыг хориглоно. Нэг ёсондоо таныг зөвшөөрөөгүй бол аль ч үед илүү цагаар ажиллуулах эрх танай байгууллагад байхгүй. Түүнчлэн ажил олгогч ажлын бусад цагаар ажиллах шаардлагатай байгааг дор хаяж 24 цагийн өмнө мэдэгдэх ёстой бөгөөд ажилтныг сард наймаас илүү удаа дуудан ажиллуулж болохгүй.

ТЭГВЭЛ ЯМАР НӨХЦӨЛД ИЛҮҮ ЦАГААР АЖИЛЛАХ ЁСТОЙ ВЭ? 

91.2-т заасны дагуу…

  • Улс орныг батлан хамгаалах, хүний амь нас, эрүүл мэндийг хамгаалахад зайлшгүй шаардлагатай ажил гүйцэтгэх,
  • Гамшиг, аюулт үзэгдэл, ослоос урьдчилан сэргийлэх, түүний хор уршгийг нэн даруй арилгах,
  • Нийтийн усан хангамж, цахилгаан, дулааны эрчим хүч, зам тээвэр, холбооны хэвийн ажиллагааг алдагдуулсан гэмтлийг арилгах,
  • Урьдчилан мэдэх боломжгүй бөгөөд яаралтай гүйцэтгэхгүй бол аж ахуйн нэгж, байгууллагын буюу түүний салбар, нэгжийн хэвийн үйл ажиллагаанд учирч болзошгүй саадаас урьдчилан сэргийлэх, эсхүл учирсан саадыг арилгахад чиглэгдсэн хойшлуулшгүй ажил гүйцэтгэх тохиолдолд таныг илүү цагаар ажиллуулж болох аж.

Ажилтан илүү цагаар ажиллахыг зөвшөөрсөн тохиолдолд амраах ёстой бөгөөд нөхөн амруулаагүй тохиолдолд 109.1-т заасны дагуу дундаж цалин хөлсийг 1.5 болон түүнээс дээш хэмжээгээр нэмэгдүүлж олгох ёстой. Жишээлбэл, амралтын хоёр өдөр болон шөнийн цагаар ажилласан бол 1.2, нийтээр амрах баярын өдөр ажилласан бол 2 дахин болон түүнээс дээш хэмжээгээр цалин хөлс авч болно.

ХУУЛИЙН ДАГУУ АЛЬ ӨДРҮҮДЭД АМРАХ ВЭ?

Баяр бүрээр амраад байна уу даа гэлтэй олон өдөр амардаг нь нууц биш. Тэгвэл толгой эргэм олон амралт дундаас хуулийн дагуу нийтээр амрах баярын өдрүүд хэзээ гэдгийг танилцуулъя.

97.1-т заасны дагуу…

  • Шинэ жил: Нэгдүгээр сарын 1
  • Цагаан сар: Билгийн тооллын хаврын тэргүүн сарын шинийн 1, 2, 3
  • Олон улсын эмэгтэйчүүдийн өдөр: Гуравдугаар сарын 8
  • Бурхан багшийн Их дүйчин өдөр: Билгийн тооллын зуны тэргүүн сарын шинийн 15
  • Хүүхдийн баяр: Зургаадугаар сарын 1
  • Үндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын ойн баяр: Долдугаар сарын 10, 11, 12, 13, 14, 15

АЖИЛД ОРСНООС ХОЙШ хэзээ ЭЭЛЖИЙН АМРАЛТАА АВЧ БОЛОХ вэ?

99.2-т зааснаар хөдөлмөрийн гэрээ байгуулснаас хойш зургаан сар ажилласан бол ээлжийн амралтаа авах эрх үүсдэг. Амралт нь ажлын 15 өдөр байх бөгөөд хөгжлийн бэрхшээлтэй болон насанд хүрээгүй ажилтанд ээлжийн үндсэн амралтын хугацаа 20 хоног үргэлжилнэ. Мэдээж ажилласан жилээс шалтгаалж дээрх 15 хоногт тодорхой тооны өдрүүд нэмэгдэх ба 99.5-д заасны дагуу,

  • 6-10 дахь жилийг дуусталх хугацаанд ажлын 3 өдөр
  • 11-15 дахь жилийг дуусталх хугацаанд ажлын 5 өдөр
  • 16-20 дахь жилийг дуусталх хугацаанд ажлын 7 өдөр
  • 21-25 дахь жилийг дуусталх хугацаанд ажлын 9 өдөр
  • 26-31 дэх жилийг дуусталх хугацаанд ажлын 11 өдөр
  • 32 дахь жилээс ажлын 14 өдөр нэмэлтээр амарч болох аж.


БАКАЛАВРЫН ДИПЛОМЫГ маань БАЙГУУЛЛАГА хураан авч БОЛОХ УУ?

Мэдээж үгүй. 10.1-т заасны дагуу ажил олгогч тал ажилд орох гэж байгаа хүн болон ажилтнаас мөнгө, үнэ бүхий зүйл, боловсролын баримт бичиг, мэргэжлийн үнэмлэх, хөдлөх болон үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ зэрэг хувийн бичиг баримтыг шаардан авч барьцаалахыг хориглоно. Хэрэв энэ заалтыг зөрчвөл Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэх юм.

УГ НЬ СЭТГҮҮЛЧ МЭРГЭЖИЛТЭЙ Ч ҮЕ ҮЕ АЖЛЫН ШААРДЛАГААР ГЭРЭЛ ЗУРАГ АВАХ ЁСТОЙ БОЛДОГ…

Хэрэв та зөвшөөрөөгүй эсвэл хуульд тусгайлан зааснаас бусад тохиолдолд ажил олгогч хөдөлмөрийн гэрээнд тусгаагүй ажил үүрэг гүйцэтгэхийг ажилтнаас шаардаж болохгүй. Ажилтан хөдөлмөрийн гэрээнд тусгаагүй ажил үүрэг гүйцэтгэхийг зөвшөөрсөн тохиолдолд ажил олгогч гүйцэтгэх ажил үүрэг, түүнд олгох цалин хөлсийг ажилтантай урьдчилан тохиролцоно.

ЯМАР ҮЕД АЖИЛ ҮҮРГЭЭСЭЭ ТАТГАЛЗАЖ БОЛОХ ВЭ?

54.1-т заасны дагуу…

  • Ажилтны болон гуравдагч этгээдийн амь нас, эрүүл мэндэд хохирол учруулж болзошгүй нөхцөл байдал үүссэн,
  • Ажил олгогч хуулиар тогтоосон илүү цагийн дээд хэмжээг хэтрүүлэн ажиллахыг шаардсан,
  • Ажил олгогч ажилтны цалин хөлсийг олговол зохих өдрөөс хойш 30 хоногийн хугацаанд олгоогүй бол ажил үүргээ гүйцэтгэхээс татгалзаж болно.


ЭЦЭСТ НЬ

Эрхээ мэддэг, үүргээ ухамсарладаг хүн л ирээдүйд гарч болзошгүй асуудал, эрсдэлээс өөрсдийгөө хамгаалж чадах тул залуу мэргэжилтэн та цаг заваа гарган "Хөдөлмөрийн тухай хууль"-ийг сайтар уншвал зохилтой. Үүний дараа одоо ажиллаж буй байгууллагатайгаа хийсэн гэрээгээ дахин нэг сөхөн харж, ажлын байранд таны эрх зөрчигдөж байгаа эсэхийг тунгаан үзээрэй.