Хэлтэй бол хөлтэй гэдэг дээ. Он солигдоод хэдхэн хоног өнгөрч буй энэ үед “За энэ жил л солонгос, япон хэлний аль нэгийг заавал сурна”, “англи хэлэндээ ус цас болно” эсвэл “мартчихсан орос хэлээ сэргээнэ” зэрэг бодол уншигч таны толгойд нэг бус удаа орж ирж байж магадгүй. Гэхдээ чухам яагаад жил бүр бид энэ зорилгодоо төдийлөн хүрч чаддаггүй юм бол?
Мэргэжилтнүүдийн үзэж буйгаар бид гадаад хэл сурах арга барилаа төдийлөн олж чаддаггүй, түүнчлэн хэт бодит бус,тодорхой бус зорилгыг өмнөө тавьдагтай холбоотой гэнэ. Жишээлбэл, “ус цас болно” гэж таны хувьд аливаа хэлийг ямар түвшинд эзэмшихийг хэлэх вэ?
Энэ удаагийнхаа нийтлэлээр шинэ ондоо шинээр хэл сурах гэж байгаа, мартсан хэлээ сэргээх гэж байгаа эсвэл хэдийн сурсан хэлээ улам өнгөлж зүлгэмээр байгаа хэн бүхэнд гадаад хэл сурах арга барилаа олоход нь туслах, 30 хоногийн турш хэрэгжүүлэх боломжтой “час” хийсэн 7 аргыг хүргэхээр бэлтгэлээ.
Танд амжилт хүсье.
1. 2000 үг цээжлэх
Тийм ээ, яг хоёр мянган үг. Таны аливаа хэл сурах, сэргээх, улам тордох бүхий л үйл тань үг цээжлэх, үгсийн сангаа өргөжүүлэхээс л эхлэх учиртай. Харин 2000 үг хэмээн тодорхой тоо заасан нь шалтгаантай. Одоогоор нийтдээ 170 000 гаруй үгтэй хэмээгддэг англи хэлний 2000 үгийг сурахад л анхан шатанд хангалттай буюу бидний хэлдгээр “хөөрхөн” хэмжээнд сурчих юм. Энэ талаар хэл зүйч, эрдэмтэн Пол Нэйшн өөрийн “Learning Vocabulary in another language” номдоо (Английн Кембрижийн Их Сургуулийн хэвлэлийн газраас анхлан нийтэлсэн) англи хэл дэх өргөн хэрэглээний 2000-3000 үгийг мэддэг байхад л өдөр тутмын бүхий л мэдээ мэдээллийг 95 хүртэл хувь ойлгох боломжтой гэж онцолсон байдаг аж.
Түүний үзэж буйгаар аливаа хэлний үгсийн хэрэглээний давтамж нь харилцан адилгүй байдаг бөгөөд сонин сэтгүүл, ном зохиол, кино, дуу хөгжим, харилцан яриа гээд хэлний хэрэглээний бүх түвшинд бидний хэлж заншсанаар “жижүүрийн үгс” л илт давамгайлдаг гэнэ. Энэхүү санааг мөн АНУ-ын хэл зүйч, филологич Жорж Кингсли Ципфийн онол ч хэмээх нь бий. Гэхдээ Пол Нэйшний үзсэнээр үлдэж буй 5 хувьд нь аливаа текстийн гол утга санаа, нарийн далд илэрхийлэмж байдаг бөгөөд тэрхүү 5 хувь үгсийн санг сурах гэж бид хэдэн арван жил хүртэл хугацааг зарцуулах боломжтой гэдгийг анхаарууштай.
Тиймээс та 30 хоногийн “challenge”-аа хамгийн түрүүнд 2000 үгээс эхлэх нь зүйтэй. Энэ нь хоёр долоо хоногт 1000 үг, өдөрт 66 үг цээжилнэ гэсэн үг. Та үг цээжлэх ямар ч арга техник ашиглаж болно. Хамгийн чухал нь та өөрийн цээжлэхээр зорьсон 2000 үгийн ард нэгэнт гарсан хойно үг цээжлэх арга барилаа хэдийн олсон байх болно гэдгийг амлая.
2. Өдөр бүр 10 минут ярих
30 хоногийн турш өдөр бүр 10 минут ярилцахыг зориорой. Хэнтэй ч ярьж болно. Найзтайгаа, тэжээвэр амьтантайгаа, өөртэйгөө, хиймэл оюун ухаантай гээд тухайн сурч буй хэлийг тань мэддэг эсвэл таны яриаг сонсож өгөх боломжтой хэн нэгэнтэй өдөр бүр 10 минут ярьж байхад л хангалттай.
Тэгэхдээ та өөрийгөө танилцуулахаас эхлээд өөрийн хүссэн сэдвээрээ ярьж болно. Гэхдээ 30 хоногийн турш тодорхой төлөвлөгөөгүй өдөр бүр ямар нэгэн шинэ сэдвээр ярих нь бага зэрэг хүндрэлтэй санагдаж магадгүй. Тиймээс эхлээд 30 хоног өдөр бүр ярих сэдвүүдийнхээ жагсаалтыг гаргахыг зөвлөж байна. Энэ дадал нь таны тухайн хэл дээрх авиа зүй, дуудлагыг сайжруулахаас гадна шинээр сурсан үгсээ давтах, түүнчлэн сурч буй хэлээрээ ярихад илүү өөртөө итгэлтэй болоход тань тусална.
3. Өдөр бүр 300 үг бичих
Бид аливаа гадаад хэлийг сурахад сонсох, унших гэсэн хоёр идэвхгүй, бичих, ярих гэх хоёр идэвхтэй чадварыг өөртөө суулгах шаардлагатай болдог. Идэвхтэй чадвар нь идэвхгүйгээсээ арай илүү хичээл зүтгэл шаарддагаас гадна илүү аажимдаа сайжрах нь элбэг. Энэ нь хэвийн үзэгдэл бөгөөд санаа зовох эсвэл шантрах зүйл огт биш билээ. Гэтэл бид эдгээр дөрвөн чадвараа нэг дор ижил түвшинд хөгжихгүй байгаад л анхаарлаа хандуулан “хүний яриаг ойлгоод байгаа хэр нь өөрөө ярьж чадахгүй байна, уншаад ойлгоод байгаа хэр нь бичиж найруулж чадахгүй байна” гэсээр аажимдаа тухайн хэлээ үргэлжлүүлэн суралгүй орхих нь олонтоо. Хамгийн гол нь ярих болон бичих гэсэн хоёр идэвхтэй чадвар тасралтгүй, тогтмол хөгжүүлж байж сая гарт орж ирдэг тул бага багаар ч гэсэн огт тасалдуулалгүй хөгжүүлэх нь чухаг гэдгийг санууштай.
Иймд та ирэх 30 хоногийн турш өдөр бүр 300 үг бичихийг хичээгээрэй. Учир нь 300 үг нь хэтэрхий бага ч биш бас хэтэрхий урт ч биш тул ихэнх түвшний хүмүүст тохирно. Мэдээж та өөрийнхөө зорилго, тухайн хэлийг сурах хэрэгцээндээ тааруулан 300 үгээс их эсвэл бага бичиж болно. Бичих нь тухайн хэлний өгүүлбэр зүй, үгийн хэрэглээ гээд хэлийг хэрэглэхэд амин чухал мэдэгдэхүүнийг хүнд суулгадаг дасгал бөгөөд зүйрлэвэл хоол хийж сурахын тулд гурил зуурч сурдагтай агаар нэг гэдгийг санаарай. Мөн та бичсэн эхүүдээ дүрмийн алдаа шалгагч (Grammarly) сайт, аппуудаар болон хиймэл оюун ухаанаар хянуулах нь бичгийн найруулга, дүрмийн мэдлэгээ хөгжүүлэхэд тань тустай.
4. Кино, цувралаа хадмал орчуулгагүй үзэх
Хэн ч уйтгартай сурах бичиг, хар цагаан дүрмийн дасгалуудтай зууралдахыг хүсдэггүй биз ээ. Тийм ч учраас бид гадаад хэл сурах илүү хялбар, илүү сонирхолтой аргыг өдөр бүр эрж хайсаар байдаг. Гэхдээ өнөө цагт ямар нэгэн хэлийг орчинд нь очилгүйгээр маш сайн сурах бараг л цор ганц, хэлний зөвлөгөө бүрд давтагддаг арга бол кино, цуврал, аниме, YouTube-ийн бичлэг зэргийг сурч буй хэл дээрээ үзэх юм. Энэ нь таны сонсоод ойлгох чадварыг хөгжүүлэх хамгийн үр дүнтэй аргаас гадна сурах бичгийн бус “амьд” хэл сурах боломж гэж хэлж болно.
Хэрвээ та аль хэдийн сурч буй хэлээрээ кино, бичлэг, влог үздэг бол ямар ч хадмалгүй үзэж эхлээрэй. Таны үгсийн сан нэмэгдэх тусам сонсоод ойлгох чадвар тань өсдөг бөгөөд үүнийг бид “чих онгойх” хэмээдэг.
5. 15-30 хэлц үг сурах
Хэлц үг болон хэвшмэл үг хэллэг (idiom, phrase) нь бүхий л хэлний гол амин сүнс нь юм. Өөрөөр хэлбэл тухайн хэлийг амьтай бөгөөд “роботлог” бус болгодог хамгийн чухал зүйл бол хэлц үгс. Учир нь энгийн үгээр бүхэл бүтэн хоёроос гурван өгүүлбэрт хэлэх утга санааг ганцхан хэлц үгээр эсвэл хэдхэн холбоо үгээр нөгөө хүндээ “тас” хийтэл ойлгуулах боломжтой. Жишээлбэл, МУ-ын Соёлын Гавьяат зүтгэлтэн Г.Аким гуайн орчуулсан Г.Г.Маркесийн алдарт “Зуун жилийн ганцаардал” бүтээлийн орчуулгаас англи хувилбартай нь тулган харьцуулъя:
… Урсула багтартлаа уурлаж “Чи солиорох мөрөөрөө солиор. Цыганы солио өвчнийг хүүхдүүдэд бүү халдаачих” гэж аашлаад одны байршил олох багажийг нь хэмх чулуудсан боловч Хосе Аркадио Буэндиа тоосон ч үгүй, айж эмээсэн ч үгүй, өөр нэг багаж хээв нэг хийж аваад, умгархан өрөөндөө сууриныхаа харчуулыг цуглуулж, …”
Зуун жилийн ганцаардал номын хэсгээс
“Úrsula lost her patience. “If you have to go crazy, please go crazy all by yourself!” she shouted. “But don’t try to put your gypsy ideas into the heads of the children.” José Arcadio Buendía, impassive, did not let himself be frightened by the desperation of his wife, who, in a seizure of rage, mashed the astrolabe against the floor. He built another one, he gathered the men of the village in his little room, …”
Зуун жилийн ганцаардал номын хэсгээс
Эндээс “Хосе Аркадио Буэндиа тоосон ч үгүй, айж эмээсэн ч үгүй (José Arcadio Buendía, impassive, did not let himself be frightened by the desperation of his wife)” болон “хээв нэг (impassive)” зэрэг монгол хэлний дадсан, хэвшмэл хэлц ашигласан нь уг орчуулгын найруулгыг тун ойлгомжтойн дээр “шууд”, ямар ч асуудалгүй ойлгогдохуйц болгосон байгааг харах боломжтой. Үүний адил та сурч буй хэлээрээ хэлц үг, хэвшмэл хэллэгийг сурах нь (хэдийгээр илүү ойлгомжтой үзүүлэх үүднээс уг жишээнд монгол хэлний хэлцийн тохиолдлыг ашигласан боловч) таны бичих найруулга, утга санаагаа илүү үр дүнтэй бөгөөд ойлгомжтой илэрхийлэхэд туслахыг анхаараарай. Мөн аливаа хэлний хэлц үгс нь тухайн хэрэглэж буй хүнийхээ ярианы хэв маяг, зан төрх (personality)-ийг тодорхойлдог бөгөөд та өөрийн гэсэн тогтмол хэрэглэгдэг хэлц үгстэй болсноороо илүү унаган хэлтэн (native speaker) мэт буюу бидний хэлдгээр “ус цас” ярьж, бичиж сурахад юу юунаас ч илүү нэмэртэй юм.
Та хоёр хоногт нэг хэлц (30 хоногт 15 хэлц), эсвэл өдөр бүр нэг хэлц сурахын аль өөрт тохирох байдлаар суралцаарай.
6. Гар утсаа сурч буй хэл рүүгээ тохируулах
Өнөөдөр ухаалаг гар утас та бидний хоёр дахь тархи болсон гэхэд хилсдэхгүй болов уу. Ажлаа төлөвлөхөөс эхлээд хийж ажлын жагсаалт, хичээлийн тэмдэглэл, сошиал медиа, видео тоглоом гээд бид хэн нэгэнтэй цагийг хамт өнгөрөөхөөс илүүтэй гар утастайгаа илүү цагийг өнгөрөөх болжээ. Тэгвэл өөрийн хамгийн дотнын анд нөхрийнхөө хэлийг сурч буй хэл рүүгээ шилжүүлэх нь тухайн хэлний хэрэглээгээ нэмэгдүүлэх тун үр дүнтэй арга болох юм. Хэрвээ та англи хэлнээс өөр хэл сурч байгаа бол энэ нь таны өдөр тутмын хэрэглээг тухайн хэлтэй холбож, тогтмол тухайн хэлтэйгээ “нүүр тулах” боломжийг бүрдүүлнэ.
Судалгаагаар бид өдөр тутамдаа дунджаар 80 орчим сонордуулга хүлээж авдаг байна. Тэгвэл та гар утсаа сурч буй хэл рүүгээ хөрвүүлснээрээ өдөр бүр 80 удаа тухайн хэлээрээ унших, ойлгох “хөөрхөн” дасгал хийчих юм.
7. Эцэст нь өөрийгөө сорих
Энэ “challenge”-ийг эхлэхдээ тухайн хэлээрээ ямар нэгэн шалгалт өгөөд авсан оноогоо хадгалж аваад 30 хоногийн дараа ахин тэрхүү шалгалтаа өгч, өөрийгөө үнэлээрэй. Ингэснээрээ та үр дүнгээ бодитоор үнэлэхээс гадна шинээр юу сурч, аль чадвараа илүү хөгжүүлснээ мэдэх боломжтой. Гэхдээ энэ “challenge”- ийн гол зорилго нь хэлний мэдлэгээ нэг дор хурдан нэмэх бус өөрт тохирох хэл сурах, үг цээжлэх, бичих, ярих арга барилаа олох гэдгийг санаарай.

Сэтгэгдэл бичих (2)


R Rare 66.181.185.157
Onii ehend goy niitlel unshlaa. Helee surahad min uram zorig ugsun une tsentei niitlel bailaa~ Bayrlalaa
З Зочин 192.82.92.204
za hamaagu idiom surj tsag aldahin nemerde tuhain bus nutgin shinjtei ymig tseejled bdg ter idiomiig ni uur gazar ochod helhed oilgohgu bh mgadlaltai Jishee ni Chimid iin angli helni nom dahi IDIOM ig USA-s irsen hund uzuulhed ter idiomuudig ni ogt medku bsn tgher asuudaltai shu