Монгол түмний уламжлалт баяр болох Цагаан сар тун удахгүй болох гэж байна. Ази үндэстнүүдийн соёлын салшгүй нэг хэсэг, шинэ жил, шинэ тооллыг бэлгэдэх хаврын баярыг улс улсад өөр зан заншлаар тэмдэглэдэг. Монгол Улсын хувьд “Энх цагтай учран золгосны баяр” хэмээн ихэд дээдлэн, өнө эртнээс тусгай дэг жаягийн дагуу хотол олноороо өргөн дэлгэр тэмдэглэж ирсэн уламжлалтай. Цагаан сарын заншлын нэгэн чухал хэсэг болох шагайн наадгай бол монголчуудын өв соёлын томоохон бүрдэл билээ. Шагайн өв соёл, ач холбогдлын тухай илүү ихийг мэдэж авцгаая.


Орхон аймагт хийсэн Хүннү, Сяньбийн үеийн булш, бууриудын малтлагаас хонь, ямаа, гур, аргаль, янгирын шагай олноор олдсон нь монголчуудын шагайн соёл хэдий урт түүхтэйн гэрч болдог. Түүнчлэн Монголын нууц товчооны 116 дугаар зүйлд “Тэмүжин арван нэгэн настай байхад Жамуха гурын шагай Тэмүжинд өгч, Тэмүжин цутгамал шагай арилжин, анд бололцож, анд хэмээлдсэн. Ононы мөсөнд шагайлцахуйд, тэнд анд хэмээлдлээ.” гэж гардаг байна. Үүнээс үзэхэд шагай нь монголчуудын хувьд эртний түүхтэйн дээр гагц наадгай тоглоомоос илүү утга агуулга, бэлгэдлийг илэрхийлдэг аж.

Шагай нь анатомийн хувьд хоёр мөчийг нэгэн бие болгон холбох үүрэгтэй байдаг тул салшгүй хамт байхын бэлгэдэг болдог байна. Тиймээс ч монголчууд эртнээс нааш нүүсэн гэрийн буурин дээр шагай үлдээгээд явахыг ихэд цээрлэдэг ажээ. Мөн мал амьтны шагайг сүсэг бишрэлийн үүднээс хамгаалалт, дом болгон биедээ авч явдаг уламжлал өнөө ч өвлөгдөн ирсэн юм. Нутаг нугын соёл заншлаас шалтгаалан гол ус бохирдох, ган тохиох, хүн, малын өвчин гарахад шагайгаар домнох нь ч бий. Иймийн учир шагайг хог руу хаяг, амандаа хүлхэж, үмхдэггүй уламжлалтай.

Соёлын үндэсний төвөөс шагайгаар нааддаг 120 гаруй төрлийн тоглоом байдаг хэмээжээ. Үүнд, бидний хамгийн сайн мэддэгээс бөгцөг няслах, алаг мэлхий өрөх, гүү саах, шагай шүүрэх, шагай няслах, шагай шүүрэх зэрэг олон төрлийн тоглоомууд орно. Түүний дундаас эрчүүдийн цэц мэргэнээ сорьдог наадам болж өргөжин үндэсний спортын төрөл болон жил ирэх бүр цар хүрээгээ тэлэн хөгжиж буй нь шагайн харваа юм. Шагайн харваа 2001 онд Үндэсний их баяр наадмын нэгэн төрөл болж, албан ёсны дүрэмтэй болсон бол 2014 онд ЮНЕСКО-ийн Хүн төрөлхтний соёлын биет бус өвийн жагсаалтад бүртгэгдсэн байдаг.


"Монгол ШАГАЙ Наадгай"

Шагайн наадгай дотроо олон төрөл зүйлтэй ч гэлээ аль нь боловч хүмүүжил төлөвшил, бие бялдар, булчин эдийн хөгжилд нэн тустай гэдгээрээ ихээхэн онцлог. Ялангуяа бага насны хүүхдийн тоо тоолох, харааг хурцлах, гарын жижиг булчин зэргийг хөгжүүлэх нөлөөтэйгээс гадна багаар ажиллах, хүлээцтэй болох, ангилан ялгах, ажиглаж мэдэх, авхаалж самбааг нэмэгдүүлэх хүмүүжлийн арга хэрэгсэл болсоор иржээ. Мөн хөдөлгөөн, эрүүл мэндийн хувьд шагайн харваагаар нэг удаагийн тойромд (Шагайн харваа нь тойргоор тоглох дүрэмтэй тул шагайн наадмыг “тойром” хэмээдэг) оролцоход 350-410 удаа босож суун, 2.5-3 км газар явган алхсантай тэнцүү хэмжээний хөдөлгөөн хийдэг гэсэн тооцоо байдаг.


Шагайгаар наадах зохимжтой үе, улирал гэж байх бөгөөд энэ нь өвлийн улирал болдог байна. Учир нь монголчуудын аж ахуй хаврын улиралд мал төллөх, зуны улиралд сүү цагаа бэлтгэх, намартаа хадлан бордоо, идэш тэжээл бэлтгэх зэрэг их ажил өрнөдөг онцлогтой тул эдгээр үед шагай тогловол ажил цалгардана гэж үздэг байжээ. Тиймээс өвлийн сар буюу ес эхэлснээс хаврын эхэн сар гарах хүртэлх хугацаанд гэр бүлээрээ төрөл бүрийн шагайн наадгайгаар наадан тоглодог байна. Цагаан сарын битүүний орой алаг мэлхий өрөн, морь уралдуулж ирэх жилийнхээ аз хийморийг үздэг нь монголчуудын соёлын чухал бүрэлдэхүүн гарцаагүй мөн билээ.

шинэ мэдрэмж: дижиталд морио уралдуулах нь

Цаг үеийн нөхцөл байдалтай уялдан өдөр тутмын амьдралын хамгийн энгийн зүйлс ч дижиталд шилжиж байна. Онцгой нөхцөлд тэмдэглэн өнгөрүүлэх хоёр дахь удаагийн Цагаан сарын баяр дөхсөн энэ үед соёл уламжлалыг технологитой хослуулсан шийдэл, хөтөлбөрүүд хэрэгжих болсны нэг нь U-Point-ын "Оноогоо цуглуулаад морио уралдуулаарай" хөтөлбөр юм.

Уг морин уралдааны дүрэм нь хөлөгт тоглоомын дүрэмтэй ижилхэн. U-Point-д нэгдсэн байгууллагаар үйлчлүүлэн оноо цуглуулж, цуглуулсан онооноосоо хамааран даага, соёолон, азарга насны уралдаанд оролцох эрхтэй болох юм. Улмаар U-Point апп дээр шагай орхиж хэдэн морь буухаас шалтгаалан таны морь урагшлах ажээ. Мөн та шагай орхиж, морио уралдуулах замдаа U-Point-д нэгдсэн байгууллагуудын бэлгээс ч цуглуулж болох нь тун таатай.

Нас насны ангилалд морь нь хурдалж айргийн тавд орсон буюу нийт 15 тоглогчид "Samsung"-ийн телевизор, "Dell"-ийн нөүтбүүк зэрэг шагнал хүртэх юм. Урамшуулал хоёрдугаар сарын 22 хүртэл үргэлжлэх тул танд хугацаа хангалттай байна. Уясан морь нь хурдан байж, айраг түрүү авах болтугай.