Монгол Улсад барилгын салбар үүсэж хөгжсөний түүхт 100 жилийн ой энэ онд тохиож байна. Хот байгуулалт, дэд бүтэц, орон сууцны хөгжил гээд улс орны хөгжилтэй салшгүй холбоотой энэ салбарын хувьд өнгөрсөн зуун асар их өөрчлөлт, бүтээн байгуулалтын үе байсан билээ. 

Тэгвэл энэ цаг үед салбарын өнөөгийн нөхцөл байдал, ирээдүйн чиг хандлага, тулгамдсан асуудлуудыг нэг дор цуглан хэлэлцдэг MAKBM арга хэмжээ гурав дахь жилдээ амжилттай зохион байгуулагдлаа.

Ингээд уг арга хэмжээнээс онцлох мэдээллийг сорчлон хүргэж байна. 

ЭХЛЭХИЙН ӨМНӨ: MAKBM ГЭЖ ЮУ ВЭ? 


MAKBM буюу MAK Building Materials арга хэмжээг “Монголын Алт” (МАК) ХХК-аас зохион байгуулдаг бөгөөд барилгын салбарын томоохон холбоод, эксперт, мэргэжилтнүүд нэг дор цуглан салбарынхаа одоогийн нөхцөл байдал, ирээдүй, алсын хараа, хэрэгжүүлэхээр төлөвлөж буй ажлуудаа хэлэлцэн танилцуулдаг уламжлалтай.

Өнгөрсөн жил энэхүү арга хэмжээгээр дамжуулан аж үйлдвэрийн салбарын тулгамдсан асуудал, дэд бүтэц, эрчим хүчний хомсдол зэрэг хөгжлийн суурь сэдвүүдийг хөндөж байв. Харин энэ жил барилгын салбарын ирээдүйн чиг хандлага, орон сууцны шинэ хэрэгцээ, барилгын өртөг, тав тух, эрүүл амьдрах орчин зэрэг олон нийтэд шууд хамаарах асуудлуудыг хэлэлцсэн юм.

НЭЭЛТ 


Арга хэмжээг нээж, Монголын Алт (МАК) ХХК-ийн Ерөнхийлөгч Н.Цэлмүүн үг хэлэхдээ барилгын салбарын өрсөлдөх чадвар зөвхөн баригдсан байгууламжийн тоогоор хэмжигдэхээ больж, чанар, стандарт, нийлүүлэлтийн тогтвортой байдал, инженерийн шийдэл, эрчим хүчний хэмнэлт болон урт хугацааны ашиглалтын үнэ цэнээр тодорхойлогддог болсныг онцоллоо.

Мөн залуу гэр бүлүүдэд хамгийн шаардлагатай зүйл бол худалдан авах чадварт нийцсэн, эрчим хүчний хэмнэлттэй, чанартай, удаан эдэлгээтэй орон сууц. Тиймээс зөвхөн бүтээгдэхүүн үйлдвэрлэхгүй, харин түүхий эд, үйлдвэрлэл, нийлүүлэлтээс эхлээд эцсийн хэрэглэгч хүртэлх үнэ цэнийн нэгдсэн сүлжээг чухалчилж буйгаа дурдсан юм.

МАК компанийн хувьд сүүлийн 20 жил барилгын материалын үйлдвэрлэлийн салбарт хөрөнгө оруулж, тууштай ажиллаж байгаа билээ. Энэ хүрээнд цемент, блок, бетон зуурмаг, шохой, цонх, хаалга болон төмөр хийц, агаар сэлгэлтийн систем зэрэг долоон үйлдвэрийг ашиглалтад оруулан 20 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүнийг дотооддоо тогтвортой үйлдвэрлэж байна.


Монголын барилгын салбар 100 жилийнхээ хөгжлийн хүрээнд улсаа барьж байгуулсан бол дараагийн 100 жилд бид иргэн бүрийнхээ амьдрах орчныг бүтээх ёстой. МАК энэ үүрэгт өөрийн хувь нэмрийг эрдэс түүхий эдээс орон сууц хүртэлх сүлжээг бий болгон оролцох болно.

Монголын Алт (МАК) ХХК-ийн Ерөнхийлөгч Н.Цэлмүүн

МЭРГЭЖИЛТНҮҮДИЙН ҮЗЭЛ БОДОЛ 


Монголын Алт (МАК) ХХК-ийн Бодлого зөвлөлийн дарга Б.Нямтайшир

Манай компани барилгын материалын импортын хараат байдлыг халах зорилгоор 25 жилийн өмнө геологи хайгуулын ажлаа эхлүүлж байсан түүхтэй. Өөрсдийн нээсэн шохойн чулууны ордод түшиглэн цементийн үйлдвэрээ байгуулж, улмаар барууны шилдэг технологийг эх орондоо нутагшуулж байсан юм. Энэхүү дотоодын үйлдвэрлэлийг хөгжүүлснээр гадагшаа урсах мөнгөн урсгалыг зогсоож, Монголдоо ажлын байр болон чанартай материалын хангамжийг бий болгож чадсан.

Компанийн зүгээс 3 дахь жилдээ зохион байгуулж буй энэхүү өдөрлөг нь барилгын салбарынханд өөрсдийн бүтээгдэхүүн болон цаашдын төлөвлөгөөгөө танилцуулах зорилготой. Жил ирэх тусам өгөөжөө өгч буй уг арга хэмжээ нь салбарын хамтын ажиллагааг бэхжүүлж, бүтээн байгуулалтыг саадгүй үргэлжлүүлэхэд том дэмжлэг болж байна.



“Монголын Алт (МАК) ХХК-ийн Барилгын материалын борлуулалтын газрын захирал Х.Базарханд

Өнөөдрийн байдлаар манай компанийн үйлдвэрлэж буй бүтээгдэхүүнүүд дотоодын барилгын материалын зах зээлд нэлээдгүй томоохон орон зайг эзэлж байна. Бид Евро Блок, Евро Цемент зэрэг үндэсний шилдэг 7 үйлдвэртээ барилгын үндсэн хийц, бүтцийн 20 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүнийг чанарын өндөр түвшинд үйлдвэрлэдэг юм.

Өдгөө манай улс барилгын материалын хэрэглээнийхээ 60-70 хувийг импортоор авч байгаа нь дотоодын үйлдвэрлэлийг өргөжүүлэх, хэрэгцээг хангах зайлшгүй шаардлагатайг харуулж буй. Энэ ч утгаараа бид дотоодын зах зээлээ дэмжих бүтээн байгуулалтын ажлуудаа тасралтгүй хийгээд байгаа юм.

Тухайлбал, энэ жилийн хувьд хуванцрын үйлдвэрээ ашиглалтад оруулна. Тус үйлдвэр маань уут сав, хуванцар хоолой зэрэг 3-4 нэр төрлийн чиглэлээр нийт 20-30 бүтээгдэхүүн зах зээлд нийлүүлнэ. Түүнчлэн, барилгын салбарт томоохон хөрөнгө оруулалт болох инженерчилсэн хавтангийн үйлдвэрийн бүтээн байгуулалтын ажлыг энэ онд эхлүүлэхээр төлөвлөөд байна.



Монголын Архитекторуудын Эвлэлийн Ерөнхийлөгч Г.Цовоодаваа

Барилга гэдэг бол зөвхөн барилгын салбарт ажиллаж буй хүмүүсийн асуудал биш. Хүүхэд хөгшид, залуус гээд Улаанбаатар хотод амьдарч буй хүн бүхэнд хамаатай асуудал. Тийм ч учраас арга хэмжээнд барилгын салбарт ажиллаж буй хүмүүсийг бус эрдэмтэн, судлаач, боловсролын салбарт ажиллаж буй мэргэжилтнүүд, залуус мөн төрийн байгууллагын төлөөлөл гээд олон хүн иржээ. Үүгээр дамжуулан олон салбарыг холбосон, ярилцах боломжийг олгосон гэдгээрээ их онцлогтой боллоо хэмээн харж байна.

Дотоодод барилгын материал үйлдвэрлэх, ялангуяа орон нутгийн түүхий эдийг ашиглах нь тээвэрлэлтээс үүдэлтэй хүлэмжийн хийн ялгарлыг бууруулж, ногоон болон тогтвортой хөгжилд хүрэхэд маш том ач холбогдолтой. Монголын Алт (МАК) компани нь үйл ажиллагаандаа байгаль орчинд ээлтэй шийдлүүдийг нэвтрүүлж, үйлдвэрлэлийн явцад гарах хорт ялгарлыг багасгахад онцгойлон анхаарч байгаа нь сайшаалтай. Түүнчлэн тус компани барилгын материалын шинэ төрлүүдийг тасралтгүй судалж, дараагийн шатны эко бүтээгдэхүүн болох “Ногоон бетон”-ы үйлдвэрлэлийг эхлүүлэхээр зорьж буй. Энэхүү шилжилт болон дотоодын үйлдвэрлэлийн өргөжүүлэлт нь барилгын талбарын үр ашгийг нэмэгдүүлээд зогсохгүй, Монгол улсын ногоон хөгжлийн бодлогын хамгийн чухал үзүүлэлт, бодит дэвшил болох юм.

НЭГДҮГЭЭР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ

Сэдэв: Барилгын салбарын бүтээмж, үр ашиг, тогтвортой хөгжлийн шийдэл



Арга хэмжээний хэлэлцүүлэгт хэсэгт Unread Media компанийн Хамтран үүсгэн байгуулагч, ТэнГэр телевизийн Гүйцэтгэх захирал А.Ундрал чиглүүлэн ажиллалаа. Харин хэлэлцүүлэгт УИХ-ын гишүүн Ж.Золжаргал, “Монголын Алт (МАК) ХХК-ийн Барилгын материалын борлуулалтын газрын захирал Х.Базарханд, Монголын Архитекторуудын Эвлэлийн Ерөнхийлөгч Г.Цовоодаваа, Deutsche Welle Mongolia-ийн Ерөнхий захирал В.Хосбаяр нар оролцсон бөгөөд тэд орон сууцны үнийн өсөлт, архитектур төлөвлөлтийн алдаа, импортын хараат байдал, салбарын тогтвортой хөгжлийг хангах боломж зэрэг чухал сэдвүүдийг хөндөн ярилцлаа.

Орон сууцны үнэ жилээс жилд өссөөр байгаа ч иргэдийн дунд байршил сайтай, том зайтай, тохь тухтай хэр нь хямдхан орон сууц хайх нь түгээмэл байдаг. Гэвч бодит байдал дээр ийм боломж тун хомс юм.Зах зээлийн бодит өртгөөс хэт доогуур үнэ тогтоох гэж оролдох нь эргээд хямд материал ашигласан, чанаргүй барилга баригдах гол шалтгаан болдог. Үүнээс үүдэн ашиглалтад орсон байрнууд нь дулаан алдах, салхи сийгэх зэрэг алдаа дутагдалтай байхаас гадна оршин суугчдын эрүүл мэнд, тав тухтай амьдрах орчинд сөргөөр нөлөөлдөг байна. Тиймээс барилгын компаниуд ч, худалдан авагчид ч чанараа дагаж өртөг нэмэгддэг гэх зах зээлийн алтан дүрмийг хүлээн зөвшөөрөх цаг болсныг дурдав.



Хэлэлцүүлгийн үеэр хууль тогтоогчид бодит талбар дээрх асуудлыг сайн мэдэхгүй, зөвхөн ширээний ард бодлого боловсруулж байгаа нь төр, хувийн хэвшлийн амьд харилцаа сул байгааг харуулж байна хэмээн хатуухан шүүмжлэв. Монгол улс барилгын материалынхаа 60-70 хувийг импортоор авдаг тул тээвэр логистик болон үнийн өсөлтийн асар том эрсдэлтэй нүүр тулдаг. Үүнээс гадна дотоодын компаниуд нэгдэж чадахгүйн улмаас том төслүүд Хятадын компани, ажилчдын гарт очих хандлага нэмэгджээ.

Мөн төгсөж буй залуу инженерүүдийн чадвар сул байгаа нь боловсролын системд, тэр дундаа инженерийн суурь сургалтад яаралтай анхаарах цаг болсныг санууллаа.

ХОЁРДУГААР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ

Сэдэв: Шинэ үеийн амьдрах орчин: Залуусын хандлага ба сонголт



Харин хоёрдугаар хэлэлцүүлгийг Гэрэл медиа группийн бизнес хөгжлийн захирал Э.Анударь чиглүүлэн явуулсан бөгөөд НҮБ-ын Хүүхдийн Сангийн Өсвөр үеийн хүүхэд, залуучуудын элч Б.Баттөр, Сэтгүүлч, контент бүтээгч Н.Хулан, Архитектор, контент бүтээгч Г.Номиндарь, Уран бүтээлч, дархан Б.Маргад-Эрдэнэ нар өөрсдөдөө тулгарч буй бодит асуудал болон ирээдүйд амьдрахыг хүсэж буй хотоо хэлэлцсэн юм.

Тэд барилгын компаниуд хангалттай ашиг олж байгаа мөртлөө бетон цутгамал, хөнгөн цагаан фасадны бэлэн хэв загварыг л давтан ашиглаж буйг дурдсан бөгөөд үүнээс үүдэн Улаанбаатар хот маань Солонгос ч биш, Хятад ч биш, ямар ч характергүй, өнгө үзэмжгүй болж байгаа гэдгийг хэлж байлаа.


Худалдан авагчдад үнэ болон байршлын л ялгаатай хувилбарууд олдохоос биш, төлөвлөлт, интерьерийн хувьд ямар ч бүтээлч сонголт алга. Уг нь хуучны социализмын үеийн барилгууд хүртэл өөрийн гэсэн мозаик зурагтай, Монгол философи, хийцлэлийг шингээсэн өвөрмөц шийдэлтэй байсан гэдэгт санал нэгдсэн юм.

Хотод гоё байшин барихаас гадна гудамж талбайг сайжруулах нь хамгийн зөв шийдэл юм. Хүн хол алхдаг байсан ч замдаа утас ширтэх биш, эргэн тойрны гудамж, орчноосоо гоо зүйн таашаал авч алхдаг тийм амьд хотыг бүтээх хэрэгтэй ажээ.

АРГА ХЭМЖЭЭНЭЭС ОНЦЛОХ НЬ

Монголын Алт” (МАК) компанийн хувьд дэлхийд тэргүүлэх Европ стандартыг нутагшуулан барилгын материалын 7 үйлдвэр байгуулж, дотоодын зах зээлд 20 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүн нийлүүлж байгаа юм. Ингэснээр 2015 оноос хойш нийт 560 сая ам.долларын гадагш чиглэх валютын урсгалыг дотооддоо үлдээж, импортыг орлох үйлдвэрлэл явуулсан байна.