Анхны сарын тэмдэг ирэхээс эхлээд, жирэмслэх, цэвэрших гээд байнгын дааврын өөрчлөлт дунд амьдардаг эмэгтэйчүүд бидэнд хамгийн их асуудал авч ирдэг зүйл бол жирэмснээс хамгаалах арга хэрэгслүүд. Өнгөрсөн хэдэн арван жилийн турш жирэмслэлтээс хамгаалах аргуудын ихэнхийг эмэгтэйчүүд дангаараа үүрсээр ирсэн нь нууц биш. Дааврын хавсарсан эм, умайн хөндийн ерөндөг (IUD), дааврын наалт, тариа, бугалгын суулгац гээд сонголт олон. Харин эдгээр аргууд нь бараг бүгд хэдэн арав байтугай хоёр А4-ийн нүүрэнд шахаж бичсэн хэмжээний дагалдах гаж нөлөөтэй байдаг нь харамсалтай. Гэтэл эсрэгээрээ эрэгтэйчүүд жирэмснээс сэргийлэхдээ хоёрхон сонголттой л нүүр тулдаг нь бэлгэвч болон үрийн суваг боох мэс ажиллагаа юм. 

Тэгвэл энэ оны гуравдугаар сард хүн төрөлхтөн нэгэн гайхалтай нээлт хийсэн нь жирэмснээс хамгаалах эмийг эрэгтэй хүнд тохируулан боловсруулаад зогсохгүй дааврын зохицуулалтад нь оролцохгүйгээр шийдэж чаджээ. Уг эмийн эхний шатны туршилт өнгөрсөн долоодугаар сард амжилттай болсныг тохиолдуулан энэхүү эм нь чухам яаж үйлчилдэг вэ гэдгийг эл нийтлэлээс сонирхъё. 

Эх сурвалж: The Australian

ӨГҮҮЛЛИЙН ТУХАЙ

Өгүүлэл хэвлэгдсэн огноо: 2025.07.22, “Nature” сэтгүүл /анхны судалгаа 3-р сард хэвлэгдсэн/

Өгүүллийн нэр: Safety and pharmacokinetics of the non-hormonal male contraceptive YCT-529

Түлхүүр үгс: YCT-529, ретиной хүчил, RAR‑α рецептор

Туршилтыг гүйцэтгэсэн баг: ​​Nadja Mannowetz, Stewart W. McCallum, Sharan Sidhu, Karen H. Mena, Eric P. Ruby, Ramiro Castro-Santamaria, Emily Dodds, Dennis Henderson, Gareth Whitaker, Heather Wright, Sarah Beaudoin & Akash Bakshi

Гол санааг ганцхан өгүүлбэрт: Эрчүүдийн дааврын тогтолцоонд өөрчлөлт оруулахгүйгээр бэлгийн эсийн ялгарлыг түр хугацаанд бүрэн зогсоох эм эхний туршилтын шатаа амжилттай давлаа.

Ач холбогдол: Хэдэн арван жил эмэгтэйчүүд /бараг/ ганцаараа жирэмслэлтээс хамгаалж ирсэн бол уг судалгаа нь анх удаа эрчүүдэд хариуцлагыг тэгш ногдуулж, ингэхдээ дааварт нөлөөлөхгүй, эмчилгээг зогсооход үр тогтолт хэвийн явагдах найдвартай аргыг санал болгож байгаа юм.

ЕРӨНХИЙ МЭДЭЭЛЭЛ

Жирэмсний эмийг өмнө нь дааврын бусаар яагаад зохицуулж болдоггүй байв?

1960 онд АНУ-д анх зөвшөөрөгдсөн жирэмслэлтээс хамгаалах эм нь XX зууны эмнэл зүйн хамгийн чухал, шинэ нээлтүүдийн нэг. Түүхэндээ анх удаа эмэгтэйчүүд өөрсдийн биеэ өөрсдийн сонголтоор хамгаалж бүр дээр нь өндөр үр дүнтэй аргаар жирэмслэхээс сэргийлэх боломжтой болсон. Нэг талаараа энэхүү эм нь бэлгийн харилцааг нөхөн үржихүйгээс салгаж өгсөн нийгмийн эрүүл мэнд, жендерийн эрх тэгш байдлын “чимээгүй хувьсгал”-ын эхлэл байсан юм.

Уг эмийн ажиллах механизм нь бие махбодыг “хуурах” зарчим дээр суурилдаг. Тусгайлан гарган авсан эстроген болон прогестин гэх хоёр төрлийн дааврын нийлэг эмийг тогтмол хэрэглэснээр эмэгтэйн биед “өндгөн эс аль хэдийн гадагшилсан” гэсэн хуурамч дохио очдог хэрэг. Түүхэн ач холбогдлын хувьд чухал боловч гаж нөлөө ихтэй уг арга нь урт хугацаанд эмэгтэйчүүдэд дааврын үйл ажиллагаа, өндгөвч гээд янз бүрийн дагалдах олон асуудлыг үүсгэсээр байгааг олон судалгаанаас илэрхий харж болно.

Эх сурвалж: Everyday Health

Тухайлбал, эмийг тогтмол хэрэглэсэн эмэгтэйчүүдийн 30-40% нь сэтгэл санааны өөрчлөлт, жин нэмэгдэх эсвэл бүр буурах, бэлгийн дуршил багасах, сарын тэмдгийн мөчлөг алдагдах зэрэг таагүй шинж тэмдгүүдийг мэдэрсэн ажээ. Зарим ховор тохиолдолд цусны бүлэн үүсэх, зүрх судасны асуудал үүсгэх хүртэл эрсдэлтэй гэх зэрэг гаж нөлөөг эмийн заавартай зэрэгцүүлэн ярайтал бичсэн байдаг билээ.

Тэгвэл яагаад дааварт нөлөөлөхгүй өөр төрлийн эмийг судлаачид одоог хүртэл туршиж чадаагүй юм бол? Хариулт нь биологийн заяагдмал байдал. Эмэгтэй хүн сард нэг л удаа боловсорсон өндгөн эсүүд гадагшлуулдаг бол эрэгтэй хүн өдөр бүр сая саяар нь үйлдвэрлэдэг шүү дээ. Өндгөн эс ялгарах мөчлөгийг дөрвөн долоо хоног тутамд нэг удаа “зохицуулах” нь сая сая бэлгийн эсийг “хязгаарлах”-аас харьцангуй хялбар.

YCT‑529 гэж юу вэ?

YCT‑529 нь жирэмслэлтээс хамгаалах эмийн салбарт гарч ирж буй шинэ “тоглогч”. Энэ эм нь эрэгтэйчүүдэд зориулсан бөгөөд дааварт нөлөөлөхгүйгээр эр бэлгийн эсийн ялгаруулалтыг түр хугацаанд зогсоодгоороо онцлог юм. Ингэхдээ ретиной хүчлийн альфа рецептор (RAR‑α) гэгч хэсэгт очиж үйлчилнэ. Хэрвээ эр бэлгийн эс боловсрох үйл явцыг угсралтын шугам гэж үзвэл RAR‑α хэсэг нь гарах бүтээгдэхүүн бүрд “тамга” дардаг чанарын хяналтын ахлах нь гэсэн үг, нэг ёсондоо тамга байхгүй бол бүтээгдэхүүн үйлдвэрлэгдэхгүй хэмжээний чухал хэсэг.

RAR‑α гэж юу вэ?

Ретиноид гэдэг нь А витамины уламжлалтай молекулууд (ретинол → ретинал → ретиной хүчил). Эдгээр нь эсийн гарын авлага л гэсэн үг, хэзээ хуваагдах, хэзээ ялгаран хөгжих, ямар генүүдийг асаахыг “сануулна”.

Ялангуяа бэлгийн эс боловсроход тэд (сперматогенез) чухал үүрэгтэй оролцдог. Тодруулбал, боловсроогүй эсүүд (сперматогони) дараагийн шатанд шилжихдээ ретиноидын дохионд тулгуурладаг. Харин энэ дохиог асаагч нь ретиной хүчлийн рецепторууд (RAR-α, RAR-β, RAR-γ) хэмээн ойлгож болох юм.

Харин судлаачид энэ “зааварчилгаа”-г нь сугалаад авчихвал юу болох вэ? гэж бодсон хэрэг л дээ. Үүнийг хулгана дээр туршиж үзэхэд RAR‑α дутагдалтай эр хулганууд эр бэлгийн эс байхгүй боловч бусад эд эрхтнүүд нь эрүүл байгааг баталсан юм. Тэгэхээр уг генетикийн судалгаанаас эрдэмтдэд юуг ойлгосон бэ гэхээр RAR-α бол зөвхөн эсийн үйлдвэрлэлд онцгой үүрэгтэй, харин бусад рецепторууд илүү өргөн хүрээний үйл ажиллагаанд оролцдог юм байна хэмээн ойлгожээ.

C&EN - American Chemical Society

ТУРШИЛТЫГ ТОВЧООР

Хулгана дээр хийсэн туршилтыг гурван хэсэгт хувааж болно: фармакокинетик, үр нөлөөг хэмжих (efficacy) туршилт, эр бэлгийн эсийг тоолох (cauda epididymis)

1. Фармакокинетик (PK): Судалгаанд 30 эр хулганад тусгай эмийг амаар өгөв. Дараа нь 5 минутаас 48 цаг хүртэл тодорхой хугацаанд цус, тархи, testes буюу бэлэг эрхтнээс дээж авч, YCT-529-ийн концентрацийг хэмжсэн. Ингэснээр эм бие дотор хэр удаан хадгалагдаж, зорилтот хэсэгт хэдий хугацаанд хүрч очиж буйг шалгаж байгаа юм.

2. Үр нөлөөг хэмжих судалгаа (Efficacy): Бусад бүлэгт тус эмийг 4 долоо хоног өдөрт 10 мг/кг/ тунгаар, цааш 2 долоо хоног өдөрт 20 мг/кг/ тунгаар өгч өдөр бүр биеийн жин, ерөнхий зан авир өөрчлөгдөж буй эсэхийг давхар судалсан юм. Ийнхүү гистологийн шинжилгээ хийж, бэлгийн эсэд өөрчлөлт гарсан эсэхийг судлахад эм уусан хулганад эдийн түвшинд бэлгийн эс боловсрох шат саатсан нь ажиглагджээ.

3. Эр бэлгийн эсийг тоолох (Cauda epididymis): Хулганын эпидидимисээс (эр бэлгийн эс хадгалагддаг хэсэг) дээж авч судлахад. Эм уусан хулгануудын эр бэлгийн эсийн тоо огцом багассан бөгөөд эмийг зогсооход дахин хэвийн хэмжээнд хүрч байв. Мөн эм хэрэглэсэн эр хулгануудыг эрүүл эм хулганатай эвцэлдүүлэхэд жирэмслээгүй ба эмийг зогсоох үед үржил хэвийн болсныг нотолжээ.

Эх сурвалж: Bio Render

Тайлбар: Илүү өндөр тунгаар эмчилсний дараах 4 долоо хоногт бэлгийн эсийн боловсролтыг үнэлсэн нь

Хүн дээр хийсэн туршилт:

32–59 насны 16 эрэгтэй сайн дурын оролцогчдод туршилтыг гурван үе шаттайгаар явуулжээ:

- 10 мг тун (цагаар, хоол идээгүй үед)
- 90 мг эсвэл 180 мг тун өгөв
- 30 мг тун өгөв (өөх тостой хоолны дараа)

Аюулгүй байдлын хувьд 10-180 мг-ийн тун бүрд зүрхний хэм, дааврын түвшин (тестостерон, FSH, LH), сэтгэл санаа, үрэвслийн хариу урвал зэрэгт ямар ч сөрөг нөлөө илрээгүй. Тиймээс дараагийн шат буюу 28 болон 90 хоногийн давтагдсан тунгийн туршилтыг (Phase 1b/2a) эхлэх боломжийг нээж өгснөөрөө онцлог.

ОНЦЛОГ, ДЭВШИЛТ

Өмнө нь хийгдэж байсан ижил төрлийн туршилтууд бүх төрлийн RAR-д (RAR-α, RAR-β, RAR-γ) “хориг тавьдаг” байсан гэсэн үг. Энэ нь мэдээж бэлгийн эсийн үйлдвэрлэлийг зогсоож чадсан ч, нөгөө талдаа биеийн бусад эрхтэн, үйл ажиллагаанд хэрэгтэй дохиог бас хамтад нь тасалдуулж улмаар олон гаж нөлөө ихтэй байсан юм. Тиймээс эрдэмтэд зөвхөн RAR-α-г оновчтой, сонгомлоор хааж чадах шинэ арга зайлшгүй хэрэгтэй хэмээн үзэж YCT-529-ийг нээсэн нь өөрөө онцгой дэвшилт юм.

ИРЭЭДҮЙ

YCT-529 эмийн ирээдүй хамгийн чухал үе шат руугаа ойртож байна. Өөрөөр хэлбэл илүү олон хүн дээр, илүү урт хугацаанд хийх 50 гаруй эрэгтэйг хамруулсан шинэ туршилтын ажлыг эхлүүлжээ. Шинэ туршилтын хүрээнд оролцогчид YCT-529-ийг өдөр бүр 28-90 хоногийн турш ууна. Судлаачдын хэлж буйгаар эл шинэхэн туршилт нь 2026 оны дунд үе гэхэд дуусгах төлөвтэй байгаа аж. Хэрэв энэ удаагийн туршилт амжилттай болбол түүхэндээ анх удаа эрэгтэй хүнд зориулсан дааврын бус жирэмслэлтээс хамгаалах эм эмийн сангуудаар худалдаалагдах өдөр ирэх нь ээ.

Уг эмийн судалгаа YourChoice Therapeutics компанийн баг хамт олны тусламжтай бий болжээ. Тун удахгүй жирэмснээс хамгаалах шинэхэн эм зах зээлд гарч магадгүй сайхан цагт биднийг амьдруулж буй судлаач, эрдэмтдэдээ талархаад нийтлэлээ дуусгая. Шинжлэх ухаан мандтугай!