"Нэг удаагийн" гэдэг үг бидний амьдралын хэв маяг, хийх сонголтыг маань хэтэрхий амарчилж өгсөн мэт. Угааж цэвэрлэх шаардлагагүй, нэг хэрэглээд л хаячихна гэх энэхүү хандлагаас болоод бид ард нь үлдэх асар их хог хаягдал, байгалийн бохирдлыг анзаарах сөхөөгүй явсаар иржээ. Бүр цаашлаад бидний амьдарч буй эх дэлхий, уур амьсгалд хэрхэн сөргөөр нөлөөлж байгааг бодох ч завгүй амьдарч байна.
Тиймээс бид энэ удаагийн нийтлэлдээ хуванцар сав яг ямар замыг туулж хог хаягдал болдог вэ гэдгээс эхлээд одоогоор бидэнд буй хамгийн сайн шийдэл болох дахин боловсруулалт хийгдвэл байгальд ямар ашигтай талаар өгүүлсэн МУИС-ийн Инженер, Технологийн Сургуулийн судалгааг тоймлон хүргэж байна.
СУДАЛГААНЫ ТУХАЙ

Монгол Улсад байгаль орчинд ээлтэй, тогтвортой хэрэглээг төлөвшүүлэх чиглэлд тодорхой ахиц гарсны нэг нь “М-Си-Эс Кока-Кола” компани 100% дахин боловсруулсан хуванцар (rPET) савлагаатай “BONAQUA” усыг зах зээлд нийлүүлсэн явдал билээ. Тэгвэл тус компанийн хувьд уг шийдэл нь байгаль орчинд бодит эерэг нөлөө үзүүлж чадаж байгаа эсэхийг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр, тоо баримтаар баталгаажуулах шаардлагатай гэж үзжээ. Үүний дагуу МУИС-ийн Хүрээлэн буй орчин, ойн инженерчлэлийн тэнхимд судлуулахаар захиалга өгсөн нь энэхүү судалгаа юм.
Дахин боловсруулсан хуванцар савлагаа нь хүлэмжийн хийн ялгарлыг бууруулж, тойрог эдийн засгийг дэмжих боломжтой ч өнөөг хүртэл дотооддоо үүний бодит үр өгөөжийг тооцсон судалгаа хийгээгүй байв. Тэр ч утгаараа "Дахин боловсруулсан PET хуванцрын байгаль орчинд үзүүлэх нөлөөллийг тодорхойлох судалгаа"-г олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн Амьдралын мөчлөгийн үнэлгээ буюу Life Cycle Assessment (LCA) стандарт аргачлалын дагуу хийжээ. Ингэхдээ хуванцар савны түүхий эдийн олборлолтоос эхлэн үйлдвэрлэл, түгээлт, хэрэглээ, ангилан ялгалт, цуглуулалт, дахин боловсруулах эсвэл хогийн цэгт булшлах хүртэлх бүх үе шатыг иж бүрэн үнэлсэн байна.
Судалгааны дэлгэрэнгүйтэй ЭНД дарж танилцана уу.
Гэхдээ судалгааны гол агуулга руу орохоос өмнө яагаад заавал PET савыг онцолж байгааг товчхон дурдъя. АНУ-ын EPA-ийн албан ёсны тайланд дурдсанаар, нийт хуванцрын дахин боловсруулалтын хувь ердөө 5-6% орчим байдаг бол PET савны дахин боловсруулалтын түвшин 23.2% байгаа нь бусад бүх төрлийн хуванцраас хамгийн өндөр үзүүлэлт юм. Харин Европын хэмжээнд PET цуглуулалт, дахин боловсруулалт маш эрчимтэй хөгжиж буй. UNESDA-ийн мэдээлснээр Европт PET савны цуглуулах хувь 60%-д хүрсэн бөгөөд зөвхөн ундааны тунгалаг PET савны ангилан ялгаж, дахин боловсруулалтад оруулсан хувь нь 75%-д хүрээд байна.
ОДООГИЙН НӨХЦӨЛ БАЙДЛЫГ ОЙЛГОХ НЬ
Дэлхийн дахинд
rPET буюу дахин боловсруулсан PET хуванцар нь эдийн засгийн асар өндөр эргэлттэй түүхий эд болж буй. Дэлхийн дахин боловсруулсан PET (rPET)-ийн зах зээлийн үнэлгээ 20-35 тэрбум ам.долларт хүрээд байна. Цаашлаад, rPET-ийн зах зээл жил бүр дунджаар 7.7%-8.3%-иар тасралтгүй өсөж байгаа бөгөөд 2034-2035 он гэхэд 43 тэрбум ам.доллар давах төлөвтэй байгаа аж.

Монгол Улсад
Манай улсад жилд ойролцоогоор 18,000 тонн ус, ундааны PET савны хог хаягдал гардаг. Үүнээс одоогоор 4,000 гаруй тонныг л дахин боловсруулахаар цуглуулж чадаж байгаа бөгөөд үлдсэн хувь нь байгальд хаягдаж байгаа харамсалтай тоо баримт бий. Гэсэн хэдий ч сүүлийн жилүүдэд дотоодын дахин боловсруулах дэд бүтэц хөгжиж, хуванцар боловсруулах 24 үйлдвэр ажиллаж байна. Тухайлбал, дотоодын “Ти Эм Эл Пластик” үйлдвэр жилд 20,000 тонн PET савыг хүнсний түвшинд дахин боловсруулах хүчин чадалтайгаар ажиллаж буй.
СУДАЛГААНААС ОНЦЛОХ ТОО БАРИМТ, ҮР ДҮНГҮҮД
МУИС-ийн судалгааны багийн Амьдралын Мөчлөгийн Үнэлгээгээр (LCA) хуванцрыг дахин боловсруулж ашиглах нь хүлэмжийн хийн ялгарлыг бууруулахад бодитой дэмжлэг болдгийг дараах тоо баримтаар баталжээ.
1. Түүхий эд үйлдвэрлэх үеийн ялгарал

Хуванцар савны түүхий эдийг олборлохоос эхлээд бэлдэц хийх хүртэлх шатанд 1 кг анхдагч хуванцар (vPET) ашиглах үед 3.60 кг CO₂e хүлэмжийн хий ялгардаг. Харин 1 кг дахин боловсруулсан хуванцар (rPET) ашиглахад энэ үзүүлэлт ердөө 2.55 кг CO₂e байна.
Гол үр дүн: Дахин боловсруулсан хуванцар савлагааг сонгосноор хүлэмжийн хийн ялгарлыг даруй 29%-иар бууруулж, 1 кг тутамд 1.05 кг CO₂e агаарт дэгдэхээс сэргийлж байна.
Байгалийн нөөцийн хэмнэлт: 1 кг дахин боловсруулсан хуванцар нь байгалийн шавхагдах нөөц болох түүхий нефтийн хэрэглээг 1.9-2.3 кг-аар хэмнэдэг.

2. Булшлах уу, Дахин боловсруулах уу?
Судалгаагаар хуванцар савны ашиглалтын дараах эцсийн шатыг хоёр хувилбараар бүтэн амьдралын мөчлөгөөр нь тооцжээ.
Хогийн цэгт булшлах хувилбар: 1 кг хуванцар савыг хэрэглээд шууд хогийн цэгт хаяж булшлахад 1.44 кг CO₂e хүлэмжийн хий агаарт ялгардаг.
Дахин боловсруулах хувилбар: Манай улсын эрчим хүчний салбар нүүрсэнд суурилсан тул 1 кг РЕТ савыг Монголд цуглуулж, дахин боловсруулахад бодитоор 2.224 кг CO₂e ялгардаг байна. Хэдийгээр бодит ялгарал нь өндөр мэт боловч, дахин боловсруулан гаргаж авсан үрэл нь шинээр анхдагч хуванцар (vPET) үйлдвэрлэхийг орлож байгаа тул системээс -1.245 кг CO₂e-ийн нөөц хэмнэлтийн "бонус кредит" хасагдаж тооцогддог аж.
Цэвэр үр дүн: Үүний дүнд дахин боловсруулалтын нийт цэвэр ялгарал ердөө 0.98 кг CO₂e болж буурна.

3. Хэмнэсэн 1.05 кг CO₂e ялгарлын бодит амьдрал дээрх ач холбогдол

Нэг модны 18 хоногийн турш агаараас шингээх нүүрсхүчлийн хийн хэмжээтэй тэнцэнэ.

Дотоод шаталтат хөдөлгүүртэй суудлын автомашинаар 5.5 км зам туулахад агаарт ялгарах утаатай тэнцэнэ.

Ухаалаг утсыг 300 удаа бүрэн цэнэглэхэд зарцуулагдах цахилгаантай адил хэмжээний эрчим хүч юм.

Ойролцоогоор 40 ширхэг хуванцар савыг хог дээр хаяхгүйгээр дахин боловсруулсантай адил бодит хэмнэлтийг бий болгох боломжтой аж.
ОДОО ТЭГВЭЛ ЯАХ ВЭ?
Энэхүү судалгааны үр дүн бидэнд тодорхой гарц, шийдэл байгааг харуулж байна. Гэвч хуванцрыг дахин боловсруулах тогтолцоо нь зөвхөн нэг үйлдвэрийн бус, нийгмийн бүх оролцогч талуудын хамтын ажиллагаанаас шууд хамаарна гэдгийг дурдах нь зүйтэй.
Нэгдүгээрт, дахин боловсруулагдах PET савны түүхий эдийн цуглуулалт хангалтгүй байгааг сайжруулах хэрэгтэй байна. Тиймээс иргэд өдөр тутмын хэрэглээний хуванцар саваа цэвэрлэн, эх үүсвэр дээр нь ангилан хаях дадал хэвшлийг бий болгох нь хамгийн эхний чухал алхам юм.
Хоёрдугаарт, судалгаанаас харахад дахин боловсруулах үйлдвэрүүд уламжлалт эрчим хүчний хэрэглээ өндөр байгаа нь хүлэмжийн хийн ялгарлыг нэмэгдүүлж байгаа аж. Иймд үйлдвэрлэлийн шатанд нар, салхины сэргээгдэх эрчим хүч болон эрчим хүчний хэмнэлттэй дэвшилтэт технологиудыг онцгойлон нэвтрүүлэх шаардлагатай байна. Сонирхуулахад, дээр дурдсан "Ти Эм Эл Пластик" үйлдвэр нь дамжлагын усаа 96.8% хүртэл цэвэршүүлж, дахин ашигладаг гэнэ.
Гуравдугаарт, хуванцар савлагаатай бүтээгдэхүүн үйлдвэрлэгч болон импортлогч компаниуд зах зээлд гаргасан сав баглаа боодлоо эргүүлэн цуглуулах, дахин боловсруулах үйл ажиллагааг санхүүжүүлэх эрх зүйн болоод эдийн засгийн хөшүүргийг бүрдүүлэх ёстой.

Гэхдээ хамгийн чухал нь нэг удаагийн хуванцар савыг дахин ашиглах бүрэн боломжтой эдийн засгийн үнэ цэнтэй нөөц гэдгийг бид нийтээрээ хүлээн зөвшөөрөх хэрэгтэй байна. Иргэн бүрийн ангилан хаясан ганц хуванцар сав ч гэсэн байгаль орчныг бохирдлоос хамгаалах, хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах, байгалийн шавхагдах нөөцийг хэмнэхэд бодитой хувь нэмэр болох юм. Тиймээс уншигч та дараагийн худалдан авалтаасаа эхлээд нэгийг бодож, хоёрыг тунгаана биз ээ.
Сэтгэгдэл бичих

