Дэлхий даяар 11-р сарын 7-ны энэ өдрийг анагаахын физикийн олон улсын өдөр хэмээн тэмдэглэдэг. Энэ өдөр бол шинжлэх ухааны түүхэнд нэрээ тодоос тод тамгалсан эрдэмтэн Мэри Кюригийн төрсөн өдөр юм. Түүний нээсэн радий ба полиони нь орчин үеийн цацрагийн эмчилгээ, цөмийн анагаах ухаан болон өнөөгийн анагаахын салбарын технологийн үндэс болсон тул энэ өдрийг сонгосон байдаг.
Бид мэс засал, хавдрын эмчилгээ, туяа эмчилгээг хэрхэн ажилладгийг тодорхой хэмжээнд мэддэг. Гэхдээ MRI аппарат хэрхэн тийм тод зураг гаргаж ирж чаддаг, хавдрын туяа эмчилгээ зөвхөн хавдрын эсийг онож эрүүл эдийг яаж хамгаалж чаддагийг төдийлөн бодоод суухгүй. Энэ бүхний цаана анагаахын физикийн шинжлэх ухаан бий.
Анагаахын физикийг маш товчоор хэлбэл физикийн зарчмуудыг анагаах ухаанд хэрэглэх шинжлэх ухаан. Нэг ёсондоо анагаахын физик нь хүний биеийн доторх эд, эрхтнийг мэс заслаар нээж онгойлголгүй үүссэн өвчлөлийг харах, эмчлэх төхөөрөмжүүдийг зохион бүтээж, туршиж, хянаж ажилладаг гэсэн үг.
ДЭМБ-ын мэдээлснээр жил бүр дэлхий даяар 4.2 тэрбум гаруй дүрс оношилгоо болон 8 сая гаруй цацрагийн эмчилгээ хийгддэг байна.
Үл үзэгдэх бүхнийг үзүүлэгч
Физикийн шинжлэх ухаан анагаах ухаанд нэвтрэхээс өмнө эмчилгээ, оношилгоо зөвхөн ажиглалтад тулгуурлаж байлаа. Эмч нар өвчтөний судсыг тэмтрэх, арьсны өнгийг нь ажиглах, биеийн дулааныг ажиглах зэргээр онош тавьдаг байж. Гэсэн ч аль эрт дээр үеэс л физикийн зарчим эмчилгээнд туршигдсаар ирсэн байна.
Тухайлбал эртний Египетэд эмч нар халуун төмрөөр шархыг түлж, халдварыг устгаж, эртний Грект Гиппократ шавартай даавууг цээжин дээр тавьж, хэр хурдан хатаж байгаагаар нь халуурч буй эсэхийг нь тодорхойлдог байв. Энэ нь дулаан дамжуулалт ба ууршилтын физикийн зарчимд тулгуурлан өвчтөнийг оншлох анхны оролдлого байсан юм.
1895 онд Германы физикч Вильгельм Конрад Рөнтген катодын туяаг судалж байхдаа шинэ төрлийн цацраг илрүүлсэн нь ангаахын физикт том тэсрэлт бий болгосон юм. Тэрээр уг цацрагийг рентген буюу X-ray гэж нэрлэсэн бөгөөд эхнэрийнхээ гарын зургийг авч, яс болон бөгжийг нь тод харуулсан нь түүхэндээ анх удаа хүний ясны зургийг авсан явдал байлаа.
Удалгүй Мэри болон Пьер Кюри нар радиоактив бодис болох полиони ба радийг нээж, эдгээр нь өвчнийг илрүүлэхээс гадна эмчлэх чадвартайг олж нээсэн юм. Дэлхийн I-р дайны үед Мэри Кюри хөдөлгөөнт рентген төхөөрөмж зохион бүтээж, дайны талбарт шархадсан мянга мянган цэргийг оношлоход тусалсан нь анагаахын физик бодит хэрэглээнд нэвтэрсэн анхны тохиолдол байв.
XX зууны дунд үе гэхэд анагаахын физик дараах шинэ төхөөрөмжүүдийг бий болгожээ:

- CT (Компьютер томограф) - олон өнцгөөс авсан рентген зургуудыг нэгтгэн 3D дүрс гаргадаг
- MRI (Соронзон резонансын дүрслэл) - соронзон орон, радио долгион ашиглан зөөлөн эдийг нарийн ялгаж харуулдаг бөгөөд цацраг ашигладаггүй
- Хэт авиан шинжилгээ - өндөр давтамжийн дууны долгион ашиглан дотоод эрхтний хөдөлгөөн, ураг, зүрхний цохилтыг харуулдаг
- PET (Позитрон эмиссийн томограф) - радиоизотоп ашиглан бодисын солилцоог илрүүлж, хавдрын эсийн идэвхийг харуулдаг

Олон улсын атомын энергийн агентлаг (IAEA)-ийн мэдээлснээр жил бүр 3.6 тэрбум гаруй дүрс оношилгоо хийгдэж байна. Эдгээрийн аюулгүй байдал, нарийвчлал бүрийг анагаахын физикчид хянаж байдаг. Тэд төхөөрөмж бүрийг тохируулах, тунг нь хэмжих, дүрсний чанарыг баталгаажуулах ажлыг хийдэг. Бид тэднийг төдийлөн анзаардаггүй боловч тэд бидний эрүүл, аюулгүй байдлыг хамгаалагч даруу баатрууд билээ.
Физикээр анагаах нь

Анагаахын физик хүний биеийн дотоод эрхтнийг харахаас гадна эмчилж чадна, үүний хамгийн тод жишээ нь цацрагийн эмчилгээ. Хавдрын эсийн ДНХ-г гэмтээж, дахин хуваагдах чадварыг нь зогсоох зорилгоор өндөр энергийн фотон, электрон эсвэл протон ашигладаг. Уг эмчилгээний гол зорилго бол хавдрыг устгахын сацуу эрүүл эдийг аль болох хамгаалах явдал. Энд анагаахын физикч чухал оролцоотой ажилладаг. Тэд эмчилгээний төлөвлөгөө боловсруулж, хавдрын байршил, хэмжээ, нэвтрэлтийн гүнийг тооцож, эмчилгээний төхөөрөмж бүрийг шалгаж баталгаажуулдаг. Тунг хэтрүүлэх эсвэл дутуу хүргэвэл эмчилгээний үр дүнд шууд нөлөөлдөг учир маш өндөр нарийвчлалтай ажиллах шаардлагатай байдаг.
ДЭМБ ба IAEA-ийн тайланд дурдсанаар дэлхий даяарх хавдартай өвчтөнүүдийн 50-60 хувь нь хавдрын аль нэг шатандаа цацрагийн эмчилгээ авах шаардлагатай байдаг. Хэрэв хангалттай тооны ангаахын физикч байхгүй бол аюулгүй байдал болон хүртээмж эрсдэлд орно гэсэн үг.
Ангаахын физикийн ирээдүй
Өдгөө энэ салбар хиймэл оюун, өгөгдлийн шинжилгээ, молекулын технологитой нэгдэж, эмчилгээ илүү нарийвчлалтай, хурдан, аюулгүй болсоор байна.
Гибрид дүрслэл нь үүний нэг тод жишээ. PET/CT болон PET/MRI нь хоёр төрлийн дүрсийг нэг дор харуулдаг. PET нь эсийн үйл ажиллагааг харуулдаг бол CT болон MRI нь яг хаана байрлаж байгааг тодорхойлдог. Ингэснээр эмч нар бүтэц болон үйл ажиллагааг зэрэг харж чадна гэсэн үг. EJNMMI Physics сэтгүүлд гарсан судалгаагаар гибрид дүрслэл нь хавдрын оношилгоо, эмчилгээний төлөвлөгөөг илүү нарийн болгодог хэмээн дурдсан байна.
Мөн тераностик хэмээх шинэ арга нэвтэрсэн нь оношилгоо болон эмчилгээг нэг молекулд хослуулдгаараа онцлог. Эхний шатанд молекул хавдрын эсийг илрүүлдэг бол дараагийн шатанд эмчилгээний цацраг агуулсан тухайн молекул өвчтэй эсийг устгадаг. New England Journal of Medicine-д нийтлэгдсэн судалгаагаар Лютецийн-177 PSMA хэмээх эмчилгээ нь түрүү булчирхайн хавдартай өвчтөнүүдийн амьдрах хугацааг уртасгаж, сөрөг нөлөөг багасгасан байна.

Түүнчлэн адаптив туяа эмчилгээ хурдацтай хөгжиж байна. Хавдрын хэмжээ, эрхтний байрлал эмчилгээний явцад өөрчлөгдөж болдог тул хиймэл оюунд суурилсан системүүд бодит цагийн дүрслэл ашиглан тунгийн төлөвлөгөөг автоматаар шинэчилдэг. IAEA-ийн тооцоогоор ийм технологи нь эмчилгээний нарийвчлалыг 15 хувь нэмэгдүүлдэг гэнэ. Эцэст нь ямар ч рентген зураг, MRI, туяа эмчилгээ, эсвэл PET шинжилгээний ард физикчийн хяналт, тооцоо, баталгаажуулалт маш чухал. Анагаахын физикчид өвчтөнтэй нүүр тулж уулзаж зөвлөгөө өгдөггүй боловч тэдний ажил өдөр бүр сая сая хүний амь насыг хамгаалж байдаг. Тиймээс анагаахын физикийн олон улсын өдрөөр төдийлөн анхааралд өртдөггүй тэднийг алдаршуулах өдөр билээ.
Мэри Кюри: Амьдралд айх зүйл үгүй, харин ойлгох хэрэгтэй олон зүйл бий.

Сэтгэгдэл бичих

