“Тэр хүн эргэж ирэх болов уу?”“Заяаны ханьтайгаа хэзээ учрах вэ?”“Энэ сарын төлөв ямар байх бол?” гэх зэргээр тарот хөзрөөс асууж болох асуултууд мундашгүй.
Сүүлийн үед тарот хөзрийн уншлага хүмүүсийн дунд нэлээд түгээмэл болж Instagram, YouTube, TikTok зэрэг сошиал сүлжээнд мэргэлэх пост, бичлэгүүд олшрох болжээ. Тэгвэл тарот үнэхээр бидний ирээдүйг хэлж чаддаг уу? Эсвэл энэ бүхний цаана сэтгэлзүйн ямар нэгэн механизм ажилладаг уу?
Таротын үүсэл, таротод итгэхэд нөлөөлдөг сэтгэлзүйн хүчин зүйлс болон шинжлэх ухаан энэхүү үзэгдлийг хэрхэн тайлбарладгийг хамтдаа судалцгаая. Таротод итгэх эсэхээ уншигч та өөрөө шийдээрэй.
Тарот хөзөр гэж юу вэ?
Тарот нь нийт 78 хөзөртэй. Их болон бага (мажор болон минор) аркана гэж хоёр хуваагддаг. Аркана гэдэг нь латинаар arcanum буюу нууц, далд зүйл гэсэн утгатай.
Их аркана нь нийт 22 хөзөртэй бөгөөд үүнд The Fool картаас эхлэн The World хүртэл багтана. Эдгээр хөзрүүдийг амьдралын томоохон үйл явдал, өөрчлөлт, сорилт, сонголт зэрэгтэй холбон тайлбарладаг.
Жишээлбэл:
The Emperor → эрх мэдэл, удирдлага, тогтвортой байдал
The Empress → үржил, элбэг дэлбэг байдал, халамж
The Hierophant → шашин, уламжлал, итгэл үнэмшил
The Lovers → хайр, харилцаа, сонголт
The Chariot → зорилго, ялалт, өөрийгөө хянах чадвар
Justice → шударга ёс, тэнцвэр, хариуцлага
Death → төгсгөл, өөрчлөлт, шинэ эхлэл
The World → төгсгөл, бүрэн бүтэн байдал
Харин бага аркана нь нийт 56 хөзөртэй бөгөөд дөрвөн бүлэгт хуваагдана. Үүнд Саваа (Wands), Аяга (Cups), Сэлэм (Swords), Зоос (Pentacles) багтана. Бүлэг тус бүр Ace буюу 1-ээс 10 хүртэлх тоон хөзөр, боол, баатар, хатан, хаан гэсэн дөрвөн дүрийн хөзөртэй. Уламжлалт тайлалд эдгээр хөзрүүдийг өдөр тутмын амьдрал, харилцаа, ажил хөдөлмөр, сэтгэл хөдлөл, зөрчилдөөн зэрэг илүү тодорхой нөхцөл байдалтай холбон тайлбарлах нь түгээмэл.

Тарот хөзөр анхнаасаа ирээдүйг зөгнөх зориулалттай байгаагүй гэдгийг та мэдэх үү?
Тарот хөзрийн үүсэл нь анх 1440–1450-аад оны үед Италийн язгууртнуудын дунд “tarocchi” хэмээх хөзрийн тоглоомоос улбаатай. Тухайн үеийн хөзөр нь энгийн хөзрүүдээс гадна тусгай дүрслэл бүхий нэмэлт хөзрүүдтэй тэдгээрийг “trionfi” буюу “ялалт” хэмээн нэрлэдэг байв.
Өнөөдөр бидний мэддэг 78 хөзрийн бүтэц “Мажор аркана”, “Минор аркана” зэрэг нэршил нь тарот мэргэ төлөгтэй холбогдон хөгжих явцад бүрэлдэн тогтсон ойлголтууд юм.

Тэгвэл тарот хэзээнээс ирээдүйг зөгнөдөг болсон бэ?
Таротыг мэргэ төлөгтэй холбосон түүх 18-р зуунаас эхлэлтэй. Тухайн үед Францын зохиолч, шашны зүтгэлтэн Antoine Court de Gébelin таротын хөзрүүдийг эртний Египетийн нууц мэдлэгтэй холбон тайлбарласан байдаг. Тэрээр таротыг эртний, нууцлаг мэдлэгийг хадгалсан бэлгэдлийн систем гэж үзэж байжээ. Гэвч тарот эртний Египетээс гаралтай гэх энэхүү таамаглалыг батлах түүхэн нотолгоо одоогоор байхгүй.
Францын Jean-Baptiste Alliette, Etteilla хэмээх мэргэ төлөгч-таротыг ирээдүйг зөгнөхөд ашиглах аргыг системтэйгээр хөгжүүлсэн хүмүүсийн нэг юм. Тэрээр хөзрүүдэд тодорхой утга оноож, таротын тусгай тайлал, байрлалын аргуудыг бий болгосон байна. Жишээ нь The Death карт шууд үхэл гэсэн утгатай биш аливаа зүйлийн төгсгөл, шинэ эхлэлийг илэрхийлдэг.

19-р зуунд тарот бүр илүү хөгжиж хөзрийн дүрслэлүүдэд каббала, зурхай, алхими зэрэг тухайн үеийн эзотерик үзэлтэй холбоотой бэлгэдлүүдийг холбон тайлбарлах болсон байна. Эзотерик гэдэг үг нь эртний грекийн esōterikos буюу «дотоод», «дотогш чиглэсэн» гэсэн утгатай цөөн тооны, тодорхой чиглэлээр мэргэшсэн хүмүүс л ойлгох боломжтой, эсвэл тэдэнд зориулсан мэдлэг, үзэл санаа, сургаалыг тодорхойлдог тэмдэг нэр юм.
Харин 1909 онд өнөөдөр дэлхий даяар хамгийн их танигдсан таротын нэг болох Rider–Waite–Smith хөзөр хэвлэгджээ. Энэхүү хөзрийг Arthur Edward Waite зохион бүтээж, Pamela Colman Smith дүрслэн зурсан бөгөөд William Rider & Son хэвлэн гаргасан байдаг. Rider–Waite–Smith нь таротын анхны хөзөр биш ч орчин үеийн таротын дүрслэлд асар их нөлөө үзүүлсэн юм. Ялангуяа хөзөр бүрийг тодорхой үйл явдал, дүр, бэлгэдлээр дүрсэлсэн нь хүмүүсийн таротыг тайлбарлах, ойлгох арга хэлбэрийг улам хялбар болгожээ.
Энэ хавьд тарот ирээдүйг зөгнөдөггүй гэдэг яг баталгаа, холболт дутаад байх шиг байна
Яагаад тарот бидэнд үнэн санагддаг вэ?
Энэ асуултыг ойлгохын тулд хүний тархи мэдээллийг хэрхэн хүлээн авч, тайлбарладагтай танилцах хэрэгтэй.
Нэгт: Barnum effect
1948 онд сэтгэл судлаач Bertram Forer оюутнууддаа хувь хүний зан чанарыг тодорхойлох тест бөглүүлжээ. Дараа нь тэдний хариултыг тус тусад нь шинжилсэн мэтээр тестийн хариуг танилцуулсан ч үнэндээ оюутан бүрд ижилхэн ерөнхий хариултуудыг өгжээ.
Тухайн тодорхойлолтод:
- бусдад хайр халамжийг үзүүлдэг боловч заримдаа өөртөө хатуу ханддаг
өөрийн чадварт эргэлздэг - суралцах арга барилаа олбол олон зүйлийг бүтээж чадна
- бусдын хүлээлт, үзэл бодолд заримдаа хэт их ач холбогдол өгдөг
- бие даасан байхыг хүсдэг зэрэг олон хүнд тохирохоор ерөнхий шинжүүд багтжээ.
Оюутнуудаас уг тайлбар өөрсдийг нь хэр сайн тодорхойлсон талаар 15 оноогоор үнэлүүлэхэд дундаж үнэлгээ нь ойролцоогоор 4.26 байв. Энэ үзэгдлийг Barnum effect эсхүл Forer effect гэж нэрлэдэг. Өөрөөр хэлбэл, олон хүнд тохирохуйц ерөнхий, эерэг эсвэл хоёрдмол утгатай тодорхойлолтыг хүн өөрт нь тусгайлан зориулсан, үнэн мэдээлэл мэт хүлээн авах хандлага юм. Жишээ нь:“Та өөртөө итгэлтэй харагддаг ч дотроо өөртөө эргэлзэх үе байдаг. Та хайртай хүмүүсийнхээ төлөө их зүйл хийдэг боловч хааяа ганцаараа байхыг хүсдэг.”

Ийм өгүүлбэрийг уншихад “яг намайг хэлж байна” гэсэн мэдрэмж төрж болно. Гэвч эдгээр нь зөвхөн нэг хүнд бус, маш олон хүнд тохирохоор ерөнхий өгүүлбэрүүд юм.
Хоёрт: Confirmation bias
Хүн мэдээллийг хэрхэн сонгож, санаж байгаа нь ч бас чухал гэнэ. Confirmation bias буюу баталгаажуулах хандлага гэдэг нь хүн өөрийн өмнө нь бий болгосон итгэл үнэмшил, хүлээлттэй нийцсэн мэдээллийг илүү анзаарч, санаж, хүлээн авахын зэрэгцээ түүнтэй зөрчилдөж буй мэдээллийг үл тоомсорлох эсвэл бага ач холбогдол өгөх хандлага юм.
Жишээ нь таротын тайлалд арван зүйл хэлсэн ч тэдгээрээс гурав нь тухайн хүний амьдралтай таарлаа гэж бодъё. Тэр хүн “энэ гурав яг таарлаа” гэж хүчтэй санаж болох ч үлдсэн долоон тайлбар тохироогүйг төдийлөн анзаарахгүй өнгөрч болно. Ингэснээр таротын тайлал хааяа ерөнхий байсан ч хүн өөрт нь таарсан хэсгүүдийг сонгон анзаарч, түүнийгээ баталгаажуулснаар “үнэхээр хэлж байна” гэсэн мэдрэмж улам хүчтэй болж болно.

Гуравт: Apophenia
Хүний тархи мэдээллийг зүгээр л хүлээж аваад орхидоггүй. Харин тэдгээрийн хоорондын холбоо, зүй тогтол, утгыг хайдаг. Apophenia гэдэг нь хоорондоо бодит холбоогүй мэдээлэл, үйл явдлуудын дундаас холбоо хайж хүлээн авах үзэгдлийг хэлдэг.Жишээлбэл, таротоос тодорхой нэг хөзөр сонгосныхоо маргааш өмнө нь бодож байсан хүнээсээ мессеж авчээ гэж бодъё. Тэгээд “өчигдрийн хөзөр өнөөдөр энэ хүн надтай холбоо барихыг хэлсэн байна” гэж хоёр үйл явдлыг хооронд нь холбож тайлбарлаж болно. Энэ нь тухайн хоёр үйл явдал заавал шалтгаан хамааралтай гэсэн үг биш. Харин хүний тархи тэдгээрийн хооронд утга учиртай холбоо хайж байгаа хэрэг юм.Үүнтэй холбоотой өөр нэг чухал ойлголт бол pattern recognition буюу хэв маяг таних чадвар юм.
Энэ нь хүний тархи олон төрлийн мэдээллээс давтагдаж буй хэлбэр, зүй тогтол, холбоо хамаарлыг олж таних танин мэдэхүйн чадвар юм. Дээрх ойлголтуудыг нэг дор авч үзвэл таротын тайлал яагаад заримдаа маш “онож” байгаа мэт санагддагийг ойлгоход тусална.

Үүнтэй холбоотой өөр нэг чухал ойлголт бол pattern recognition буюу хэв маяг таних чадвар юм. Энэ нь хүний тархи олон төрлийн мэдээллээс давтагдаж буй хэлбэр, зүй тогтол, холбоо хамаарлыг олж таних танин мэдэхүйн чадвар юм.
Дээрх ойлголтуудыг нэг дор авч үзвэл таротын тайлал яагаад заримдаа маш “онож” байгаа мэт санагддагийг ойлгоход тусална.
Barnum effect → “Энэ яг намайг хэлж байна.”
Confirmation bias → “Таарсан хэсгүүд нь үнэн байна.”
Apophenia → “Эдгээр санамсаргүй үйл явдал хоорондоо учиртай холбоотой юм байна.
”Pattern recognition → “Энд ямар нэгэн давтагдсан зүй тогтол байна.”
Тэгвэл хүмүүс яагаад таротод ханддаг вэ?

Ялангуяа ирээдүй тодорхойгүй байх үед хүн тодорхой хариулт хайх хандлагатай байдаг. Сэтгэл судлалд үүнийг intolerance of uncertainty буюу тодорхой бус байдлыг тэсвэрлэх чадвар гэсэн ойлголттой холбон судалдаг. Тодорхой бус нөхцөл байдлыг хүлээн зөвшөөрөхөд хэцүү байх үед хүн нөхцөл байдлыг ойлгож, урьдчилан таамаглах, хянах мэдрэмж авахын тулд илүү их мэдээлэл, хариулт эрэлхийлж болно.Энэ үед таротын тайлал тухайн хүнд тодорхой бус байдлыг “эмхэлж”, өөрийн бодол, мэдрэмжээ ойлгоход тусалдаг. Гэхдээ тарот хөзрийн тайлалыг сонирхдог, сонсох дуртай хүмүүсийг сэтгэлзүйн асуудалтай гэж ойлгож болохгүй. Тодорхой бус байдлыг хянахыг хүсэх нь танин мэдэхүйн хэвийн үйл явц юм. Ялгаа нь эдгээр үйл явц тодорхой нөхцөлд хэр хүчтэй илэрч байгаад оршдгоос шалгаалдаг.Анх зүгээр л тоглоом байсан ч хэдэн зууны дараа ирээдүйг зөгнөж, асуудлыг тайлбарлаж өгдөг гээд байгаа тарот хөзрийн нууц нь бидний тархи мэдээллийг хэрхэн хүлээн авдаг дээр тулгуурладаг байж болох л юм.
Та юу гэж бодож байна?
Сэтгэгдэл бичих

