“Mining Week & MinePro 2025” буюу “Уул уурхайн долоо хоног” арга хэмжээ энэ жил “Эрдэс баялгийн салбарын шинэ мөчлөг: Хариуцлагатай уул уурхайн эрин үе” сэдвийн хүрээнд энэ сарын 11-13-ны хооронд Налайх дүүргийн Тайж хайрханы бэлд зохион байгуулагдлаа.
Тус арга хэмжээнд дотоодын болон БНХАУ-ын 100 гаруй байгууллага оролцож, уул уурхайн салбарт өөрсдийн хийж хэрэгжүүлж буй онцлох ажлууд болон хуваалцах сайн туршлагуудаа сонирхууллаа. Энэ удаа бид “Хөгжил дэвшлийг хамтдаа бүтээе” уриатай “Оюу толгой” компанийн асраар зочлов.
Гурван өдрийн турш үргэлжилсэн “Mining Week” арга хэмжээний үеэр “Оюу толгой” компанийн асарт тэдний 20 ханган нийлүүлэгч компани бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулж, байгаль орчин, хүний нөөц бүрдүүлэлт, орон нутгийн төсөл хөтөлбөрийн талаар мэдээлэл өгч ажиллалаа. Мөн “Оюу толгойг бүтээгчид” гэрэл зургийн үзэсгэлэн, гүний уурхайн VR, аюулгүй ажиллагааны үзүүлэнг үзэж сонирхох боломжтой байв.
“Оюу толгой”-н мэргэжилтнүүд хиймэл оюунаас эхлээд бүрэн автомат удирдлага бүхий тоног төхөөрөмж, эрсдэлийн менежмент, аюулгүй ажиллагаа, орон нутгийн иргэдийн хөдөлмөр эрхлэлт зэрэг салбарын ирээдүйг тодорхойлохуйц сонирхолтой, чухал сэдвүүдээр илтгэл тавилаа. Бид арга хэмжээний хоёр дахь өдөр "Оюу толгой" компанийн асраар зочилсон бөгөөд энэ үеэр “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд амлалт авсан гурван уул уурхайн компани өөрсдийн хуримтлуулсан сайн туршлага, сорилт бэрхшээлийг шийдвэрлэсэн арга замынхаа тухай илтгэл тавьж, мөн Ойн газрын Ойн нөхөн сэргээлтийн хэлтсийн дарга Б.Ганзориг хүрэлцэн ирж, “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд уул уурхайн компаниудын оруулж буй хувь нэмрийн талаар хуваалцаж, хүрэлцэн ирсэн зочдыг мэдээллээр хангалаа.
Ойн газрын Ойн нөхөн сэргээлтийн хэлтсийн дарга Б.Ганзориг
“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн нь цөлжилт, газрын доройтлоос хамгаалахын тулд 550 орчим сая мод шинээр тарих, доройтсон ойн сангаа нэмэгдүүлэх гэсэн хоёр үндсэн зорилготой. Уг зорилгын хүрээнд 21 аймаг, Улаанбаатар хот, 22 уул уурхайн ААН, 10 төрийн өмчийн оролцоот байгууллага, 17 банк санхүүгийн байгууллага тус бүр тодорхой тооны мод тарих амлалт авч, үндэсний хөдөлгөөнд нэгдсэн билээ.
Одоогийн байдлаар үндэсний хөдөлгөөний хүрээнд 114 сая мод тарьсан байна. Төлөвлөлтийн эхний үе шатанд бид 250 орчим сая мод тарих ёстой ба өөрөөр хэлбэл одоогийн байдлаар 50 орчим хувийн гүйцэтгэлтэй байна гэсэн үг. Тодруулж хэлэхэд, хоёр уул уурхайн ААН, байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам ойн салбарт шаардлагатай хөрөнгө оруулалтыг дүйцүүлэн оруулна гэсэн санамж бичгийн хүрээнд ажиллаж байгаа ба эдгээр нь “Оюу толгой” ХХК болон “Эрдэнэс Тавантолгой” ХК юм.
“Тэрбум мод”үндэсний хөдөлгөөн эхэлж байх үед тоо бүртгэл, гүйцэтгэлийн мэдээ тун бага байсныг хэлэх үү, улсын хэмжээнд 7-8 сая тарьц суулгацын нөөцтэй гэсэн дүн гарч байсан. Тэгвэл үндэсний хөдөлгөөн хэрэгжсэн гурван жилийн хугацаанд бараг 80 сая орчим тарьц суулгацын нөөцийг тодорхойлоод байна. Тэрбум мод тарих үйлсэд уул уурхайн ААН-үүдийн хөрөнгө оруулалт асар чухал бөгөөд аймаг орон нутагт мод үржүүлгийн газар байгуулах замаар орон нутгийн тарьц суулгацын нөөцийг нэмэгдүүлэх бодлого баримталж байна. Үүний нэгэн тод жишээ нь “Оюу толгой” компани бөгөөд одоогийн байдлаар Өмнөговь аймгийн таван байршилд мод үржүүлгийн газар байгуулж өгсөн ба Архангай аймагт мөн мод үржүүлгийн газар байгуулахаар ажилллаж байна.
“Оюу толгой” компанийн Байгаль орчны тогтвортой хөгжлийн багийн Ерөнхий зөвлөх д.ерөөлтбаяр
2021 оны арванхоёрдугаар сард уул уурхайн компаниуд “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг дэмжиж, тодорхой тооны амлалтуудыг авч хэрэгжүүлэн ажиллаж байна. “Оюу толгой” компанийн хувьд 100 сая мод тарих амлалт авсан ба үүнээс 60 саяыг нь бодитоор тарьж ургуулан, үлдсэн 40 сая модтой дүйцэх хэмжээний хөрөнгө оруулалтыг ойн салбарт оруулах юм. Энэ оны есдүгээр сарын байдлаар бид 22.3 сая модыг дүйцүүлэх болон бодитоор тарьж ургуулаад байна.
Маш олон үйл явц нэгдэж байж мод тарих үйл ажиллагаа амжилттай явагддаг. Модны үрээ түүх, тээвэрлэх, хадгалах, цэвэрлэх, тарьц суулгац бэлтгэх, түүнийгээ ойжуулалтын талбай руу тээвэрлэх, тарих, арчлах, услах, хамгаалах гэх мэт. Энэ бүх үе шатыг эхнээс нь дуустал бид гар бие оролцож байгаа учраас туулсан алдаа оноо, олж авсан сайн туршлагуудаа өнөөдрийн арга хэмжээгээр дамжуулан бусад уул уурхайн компаниудтай хуваалцахаар ирсэн байна.
“Өсөх зоос” компанийн Байгаль орчны менежер С.Алтанзул
“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд манай компани 30 сая мод тарьж ургуулах амлалтыг 2021 онд авсан. 2022 оноос хойш мод тарих ажлаа хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд одоогийн байдлаар хоёр сая гаруй мод тарьж ургуулаад байна. Манай компанийн хувьд ойжуулалт, заган ой нэмэгдүүлэх, цэцэрлэгжүүлэлт, ногоон байгууламж гэсэн чиглэлээр гурван байршилд тарилтын ажил ид өрнөж байна.
Мод тарьж ургуулах ажлын явцад тухайн бүс нутагт тохирсон мод ургамлыг сонгож тарих нь нэн чухал санагдсан бөгөөд зөвхөн тарих бус арчлах нь бидний ажлын үр дүнд хамгийн их нөлөөлдөг гэдгийг сайтар ойлгож авсан. Нийгмийн хариуцлагын хүрээнд олон уул уурхайн компани өөрсдөө мод үржүүлгийн газар байгуулж, мод тарих үйлсэд нэгдэж буй нь сайшаалтай ч мэргэжлийн ой үржүүлгийн газрын мэргэжилтнүүдээс тусламж, заавар зөвлөгөө авч, суулгацаа хүлээж авах нь зохилтой юм шиг санагддаг.
“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ногоон хөгжлийн төслийн нэгжийн дарга Б.Сэр-Оддамба
Манайх 100 сая мод тарих батламжаа 2021 онд гардан авч, дараа жилээс нь үндсэн үйл ажиллагаагаа эхлүүлсэн. Амлалтын хүрээнд бид одоогийн байдлаар 3.6 сая мод тарьж ургуулсан бөгөөд бэлтгэл үе шат буюу бүтээн байгуулалтын ажилд сайтар анхаарч байгаа. Үүн дотроо 2022-2025 оны хооронд гурван бүтээн байгуулалтын ажил төлөвлөсөн бөгөөд ойн генетик нөөц, хөрсний инновац технологи, мод үржүүлгийн Эрдэнэт цогцолбор гэсэн ажлууд бий. Эдгээр бүтээн байгуулалтын ажлууд маань нэлээн жигдэрчихсэн, ид явагдаж байгаа.
Модыг хийсвэрээр тарьчихдаг эд биш гэдгийг мод тарьж үзсэн хүн бүр мэднэ. Тарихаас гадна арчилгаа маш их шаардагддаг, тэр дундаа массын ойжуулалт гэдэг нь нэг хашаанд 10 мод тарихаас ялгаатай. 100-200га талбайн хүрээнд яригдах учраас гүйцэтгэлийн ажил эхлэхээс урьтаж техник, хүний нөөц, тарих талбай гэх зэрэг суурь төлөвлөлт, баазаа сайтар хангах хэрэгтэй. Үүнийхээ дагуу ажиллаж чадвал тэрбум мод тарьж ургуулахад асуудалгүй гэж харж байгаа.
Асрын хойд хэсэгт байрлах ханган нийлүүлэгчдийн бүтээгдэхүүн, үйлчилгээний бүүтүүдийн дунд “Ургамлын далай”, “Говийн улиас” гэсэн хоёр компани байв.
“Ургамлын далай” компани нь мод үржүүлэг, ногоон байгууламжийн чиглэлээр 2010 оноос хойш тогтвортой үйл ажиллагаа явуулж, нийслэл хот болон аймаг, сум орон нутгийн өнгө төрхийг сэргээх 100 гаруй тохижилт, ногоон байгууламжийн ажлыг амжилттай гүйцэтгэжээ. Мөн “Хашаандаа сайхан амьдаръя” төслийг санаачлан олон мянган хүнд үлгэрлэж буй мэргэжлийн чадварлаг хамт олон бүхий салбартаа тэргүүлэгч компани аж.
“Говийн улиас” компани нь мод үржүүлэх, ойжуулах, ойг нөхөн сэргээх, газрын хэвлийн нөхөн сэргээлт хийх мэргэжлийн байгууллага юм. Тэд Монгол оронд зонхилон ургадаг шилмүүст, навчит моддыг үржүүлэх, ойжуулах, ойг нөхөн сэргээх, хот суурин газарт ногоон байгууламж байгуулах мэргэжлийн үйлчилгээ үзүүлэх зорилгоор 2012 онд байгуулагдсан ба жилд 4.5-5 сая ширхэг шилмүүст болон навчит модны тарьц, суулгац нийлүүлэх бүрэн боломжтой гэв.