Жилийн хэсэгхэн хугацаанд үргэлжилдэг зуны дэлгэр өдрүүд нэг нэгээрээ шувтарсаар. Тэгвэл энэ сарыг үдэж дижитал арт, хөгжмийн хэмнэл, гэрлийн шоу, дэвшилтэт тайзны технологийг хослуулдгаараа алдартай Kharkhorum фестивалийн хамт олон дэлхийн алдарт Mixmag Lab-ийн хамт олон улсын хамгийн чадварлаг DJ нарыг нэгэн тайзнаа чуулуулах арга хэмжээ болох гэж байна. 

Ингээд их хотын хөөр дүүрэн нэгэн үдшийг мэдрүүлэх тус арга хэмжээний тухай мэдэх ёстой бүхнийг хүргэе.

Зургийг: Mixmag Lab

MIXMAG LAB-ИЙН ТУХАЙ

Mixmag Lab нь электроник хөгжим болон клубын соёлын чиг хандлагыг тодорхойлогч гэгддэг live stream session-үүдээрээ танигдсан нэгдэл. Их Британийн DJ, электроник хөгжмийн салбарын хамгийн эртний, том сэтгүүлүүдийн нэг болох Mixmag-аас санаачлан эхлүүлсэн ба өдгөө Лондон, Нью-Йорк, Лос-Анжелес, Ибиза, Сидней, Сөүл, Бали зэрэг дэлхийн гол хөгжмийн төвүүдэд байрлах студиүдэд эвентүүд тогтмол зохион байгуулдгаараа танигдаад буй.


Зургийг: Mixmag Lab

Диско, базз, классик техно, тэр ч байтугай афро хаус гээд төрөл бүрийн урсгалаар дагнасан дэлхийд нэртэй DJ сэтүүдийг эндээс нэг дор сонсож, мэдэрч болно. Хэрэв та тэдний YouTube чаннелийг сонирхож үзвэл хамгийн сүүлд л гэхэд Spotify дээр 2 сая гаруй сонсогчтой Hannah Laing, 3 сая гаруй сонсогчтой Bonobo нар тус тус өөрсдийн сетийг толилуулжээ. Мэдээж тэдний өмнө Shanti Celeste, Kayzo, Mason Collective ч тайзыг доргиогоод амжиж.


Зургийг: Mixmag Lab

ТӨВ АЗИЙН ТӨВ ЗОГСООЛ: МОНГОЛ!

Хөгжмийн шүтэн бишрэгчдэд хэдийн танигдсан уг нэгдэл энэ жил Төв Азид анх удаа ирж байгаа бөгөөд анхны зогсоолоор Монгол улсыг сонгосон аж. Тэд саяхан Дака, Бали, Хонгконг, Жакартагаар зочилсон бол энэ сарын 24-нд нийслэл хотод маань газардах нь ээ. Mixmag Lab Asia болон KHARKHORUM фестиваль хамтран 2026 оны долоодугаар сарын 24-нд ZU Ballroom-д "The Mixmag Lab Mongolia" төслийг Улаанбаатар хотод зохион байгуулж, анхны үйл ажиллагаагаа эхлүүлэхэд бэлэн болсон байна.


Зургийг: Mixmag Lab

KHARKHORUM ФЕСТИВАЛИЙН ТУХАЙ

Энэ 8-р сарын 22, 23-нд буюу хоёр өдрийн турш төсөөллөөс давсан визуал арт, хөгжмийн хэмнэл, гэрлийн шоу, дэвшилтэт тайзны технологийг нэг дор мэдрүүлэх фестиваль бол Kharkhorum. Монголын хамгийн анхны 360° тойрох 300 метрийн урттай дэлгэц бүхий уг фестивальд өмнө жилүүдэд Германын Len Faki, Hosh, Австралийн Ben Frost, Украинийн Nastia, АНУ-ийн DOPPLEREFFEKT зэрэг томоохон артистууд хүрэлцэн ирсэн билээ.

Ирэх сарын фестивалиас урьтаж дэлхийн томоохон Mixmag Lab-тай хамтарч буй тэдний энэ удаагийн үйл ажиллагаа нь Монголын их говийн айлуудаар өртөөчлөх мэт “The famous yurts of the Gobi Desert” сеттингтэй аж.


Зургийг: Kharkhorum

УРАН БҮТЭЭЛЧИД

The Mixmag Lab нь 2012 онд байгуулагдсанаасаа хойш Carl Cox, Peggy Gou, Solomun, Charlotte de Witte зэрэг дэлхийн хэмжээний супер оддын сетүүдийг тив дамнан шууд дамжуулж байжээ. Уг амжилтыг үргэлжлүүлэн Монгол улсад нэр бүхий уран бүтээлчдийн хамт эвентийг зохион байгуулж байгаа нь бүтээлч салбарын хувьд ч томоохон дэвшил. Энэхүү эвентийн хувьд Монголын электроник хөгжмийн урсгалыг тодорхойлж буй уран бүтээлчид болон олон улсад танигдсан зочдоос бүрдсэн line up-аа зарлажээ.

Gonno: Японы электроник хөгжмийн урсгалыг түүчээлэгчдийн нэг тэрбээр хөгжмийн үнэнч хорхойтнуудад хэдийнээ танил болсон чадварлаг уран бүтээлч. Ази болон бусад улсуудад өөрийн бүтээлээрээ танигдан, Ben UFO тэргүүтэй домогт уран бүтээлчдэд үнэлэгдсэн сонсогчдын хамгийн дуртай DJ нарын нэг юм.


Зургийг: Kharkhorum

CMT: Дуу хөгжмийн тогтсон хил хязгаарыг ямагт эвдэж, бүтээлч ажлуудаараа гүн гүнзгий, утга төгөлдөр сет бэлтгэн хүргэдгээрээ алдартай. Түүний сетүүд түүх өгүүлэх мэт сонсогддог нь гол онцлог бөгөөд тэрээр дуу авиагаар дамжуулж хөгжмийн ертөнц дэх хэвшмэл хэв шинжийг эвдэж, тэлж буй чадварлаг Япон уран бүтээлчдийг нэг гарцаагүй мөн.


Зургийг: Kharkhorum

Anu Dol: Anu Dol бол зөвхөн нэг жанрт баригдалгүй хаус, техно, минимал техно, диско болон бусад хэмнэлүүдийг чадмаг хослуулагч. Түүний сетүүд ихэвчлэн сонсогчдод хүнд бус, харин дулаахан, хөнгөн бөгөөд тансаг хэмнэлийг мэдрүүлдэг билээ.


Зургийг: Kharkhorum

Biliguudei: Монголд хаус болон техно урсгалаар дагнан тоглодог анхдагчдийн нэг Biliguudei нь ADE, Wonderfruit, Savage, Social Room, Стокгольмын Bronx Bastun зэрэг нэр бүхий газруудад DJ сетээ толилуулжээ. Хөгжмийн хувьд түүний сетүүдээс техно, намуухан хаус, космик брейкс зэрэг шинэлэг өнгө аясыг мэдрэх боломжтой.


Зургийг: Kharkhorum

Хаана: ZU Ballroom
Хэзээ: Долоодугаар сарын 24-нд
Хугацаа: 22:00 – 04:00
Тасалбар: Эвентийн өдөр шууд үүднээсээ борлуулагдана (үнэ: 39000₮)
YouTube чаннел
Фэйсбүүк хуудас