Дэлхий дахинд жил бүр ойролцоогоор 2.3 тэрбум тонн хог хаягдал үүсдэг гэх тооцоо бий.  Хүн амын өсөлт, хотжилт, үйлдвэрлэл тэлэхийн хэрээр энэ хэмжээ цаашид ч нэмэгдэх төлөвтэй байгаа. Гэвч нийт хог хаягдлын ердөө 20 хүрэхгүй хувь нь дахин боловсруулагддаг гэнэ. Өөрөөр хэлбэл, бидний өдөр тутамдаа хэрэглээд хаяж буй асар их хэмжээний материал дахин ашиглагдах, шинэ бүтээгдэхүүн үйлдвэрлэх нөөц бололцоо байгаа хэдий ч хог хаягдал болсоор байгаа юм. Тиймээс хүн бүр дор бүрнээ хогоо ангилан хаях, дахин ашиглах, дахин боловсруулах дадлыг хэвшүүлэх нь чухал асуудал болж буй. 

Энэхүү асуудлын хүрээнд “Хог Хаягдалгүй Монгол” ТББ “Улаанбаатар хотын дахин боловсруулалтад залуусын манлайлал, олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх нь” төслийг хэрэгжүүлж эхэлжээ. Төслийн хүрээнд хүүхэд, залуусын хог хаягдлын талаарх мэдлэг, зөв дадлыг нэмэгдүүлэх зорилгоор “World Cleanup Day”-ийг тохиолдуулан ерөнхий боловсролын сургуулиудын эко клубийг хамруулан “3R олон нийтийн үзэсгэлэн 2026”-г зохион байгууллаа.

ТӨСЛИЙН ТУХАЙ 


“Хог Хаягдалгүй Монгол” ТББ-аас хэрэгжүүлж буй “Улаанбаатар хотын дахин боловсруулалтад залуусын манлайлал, олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх нь” төсөл нь Канадын Засгийн газрын Орон нутгийн санаачилгыг дэмжих Канад сангийн (CFLI) санхүүжилтээр 2026-2027 онд хэрэгжиж буй.

Манай улсын хувьд одоогоор хог хаягдлыг ангилан ялгах дадал тэр бүр төлөвшөөгүй, дахин боловсруулах боломж, үйлчилгээний талаарх мэдээлэл, хүртээмж ч мөн хангалттай түвшинд хүрээгүй байгаа. Түүнчлэн хүүхэд, залуусын хог хаягдал болон байгаль орчинд үзүүлэх нөлөөллийн талаарх мэдлэгийг нэмэгдүүлэх шаардлага бий.

Тиймээс энэхүү төслийн хүрээнд хог хаягдлыг бууруулах, ангилан ялгах, дахин ашиглах, дахин боловсруулах 3R зарчмыг өдөр тутмын амьдралд хэрэгжүүлэх мэдлэг, дадлыг түгээн дэлгэрүүлэхэд чиглэж байгаа ажээ.

3R ЗАРЧИМ ГЭЖ ЮУ ВЭ?


3R зарчим гэдэг нь хог хаягдлыг багасгаж, байгаль орчноо хамгаалахад чиглэсэн Reduce (Бууруулах), Reuse (Дахин ашиглах), Recycle (Дахин боловсруулах) гэсэн англи үгсийн товчлол. Өөрөөр хэлбэл, хог хаягдлыг бий болсны дараа түүнийг хэрхэн шийдэх вэ гэдэгт анхаарахаас илүүтэй тухайн хогийг үүсэн бий болохоос нь өмнө хэрэгцээгүй зүйлсийг худалдаж авах, хэрэглэхээс татгалзаж хог үүсэхээс сэргийлэх, хэрэглэсэн зүйлсээ дахин ашиглах, дахин боловсруулах замаар хог хаягдлын асуудлыг бууруулахад чиглэсэн зарчим юм.

Гэхдээ үүнийг хэрэгжүүлэх нь улс орны бодлого, байгууллагын үйл ажиллагаанаас огтхон ч хамаарахгүй. Хүн бүр өдөр тутмын хэрэглээг танаж, нэг удаагийн бүтээгдэхүүнийг хэрэглээг багасгах, эд зүйлээ дахин ашиглах, хогоо зөв ангилах хаях зэрэг энгийн дадлыг амьдралдаа хэвшүүлснээр энэхүү зарчмыг хэрэгжихэд хувь нэмрээ оруулж чадах юм.


Канад Улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Стивен Дауст

“Канад Улсын хувьд ч гэсэн 3R зарчмыг өдөр тутамдаа байнга мөрддөг юм. Гэхдээ үүнийг дан ганц өдөр тутамдаа мөрдөхөөс илүүтэй залуу үеийнхэнд таниулж, зөв дадал болгон төлөвшүүлэх нь чухал. Учир нь хүүхдүүдэд энэ талаар ойлгуулж, хэвшүүлбэл найз нөхөд, гэр бүл цаашлаад нийгэмдээ эерэг өөрчлөлт гарах боломжтой. Бид ер нь өдөр тутамдаа ямар бүтээгдэхүүн сонгож байгаа, түүнийгээ дахин ашиглах боломжтой эсэх, хог хаягдлаа хэрхэн багасгаж болох талаар байнга санаж явах хэрэгтэй. Хүн бүр дор бүрнээ хичээж чадвал хог хаягдлын хэмжээ тодорхой хэмжээнд буурна шүү дээ.

Монгол Улс дэлхийд ховор, үзэсгэлэнтэй байгаль, өвөрмөц тогтоцтой орон. Энэхүү байгалийн сайхныг урт хугацаанд хадгалж үлдэхийн тулд хог хаягдлын менежментээ сайжруулах, тэр дундаа залуу үеийн байгаль орчны талаарх мэдлэг, ойлголтыг багаас нь нэмэгдүүлэхэд анхаарах шаардлагатай. Хүүхдүүд багаасаа зөв дадалтай болж, үүнийгээ өдөр тутамдаа хэрэгжүүлж чадвал Монгол Улсын байгаль орчноо хамгаалах, өнөөдрийн байгалийн сайхныг ирээдүйд хадгалан үлдээхэд чухал хувь нэмэр оруулж чадна.”

ХУВАНЦАР ХОГ ХАЯГДЛЫН ХЭРЭГЛЭЭ 


Хуванцар гэгч бидний амьдралын салшгүй нэгэн хэсэг болжээ. Хүнсний сав баглаа боодол, ус, ундааны сав, гялгар уут гээд өдөр тутамдаа хэрэглэдэг олон бүтээгдэхүүн хуванцраар хийгдсэн байдаг. 2024 оны мэдээллээр л гэхэд дэлхий даяар нийт 400 сая тонн хуванцар хог хаягдал үүссэн гэх судалгаа гарчээ. Ялангуяа нэг удаагийн хуванцар бүтээгдэхүүн их хэмжээгээр хаягдал үүсгэж байгаа тул хэрэглээгээ бууруулах, дахин ашиглах, боломжтойг нь дахин боловсруулах шаардлага дэлхий нийтэд улам нэмэгдэж буй гэнэ.


Хог Хаягдалгүй Монгол ТББ-ын орлогч захирал Н.Солонго

“Монгол Улс нэг хүнд ногдох хуванцар хог хаягдлын хэмжээгээр дэлхийд есдүгээрт жагсдаг. Энэхүү үзүүлэлтээс харахад бид өдөр тутмын сонголтдоо, ялангуяа нэг удаагийн хуванцар сав, бүтээгдэхүүний хэрэглээндээ анхаарах шаардлагатай байна. Тиймээс бидний хувьд хамгийн түрүүнд хуванцар хог хаягдлаа хэрхэн бууруулах вэ гэдэгт анхаарах нь зүйтэй.

Нөгөөтээгүүр, манай улсад хуванцар хог хаягдлыг дахин боловсруулах боломжтой үйлдвэрүүд бий. Тэгэхээр бидний хэрэглэсэн хуванцар хаягдлыг дахин боловсруулж, шинэ бүтээгдэхүүн болгох боломж байгаа гэсэн үг. Гэтэл дахин боловсруулах боломжтой хог хаягдлын тодорхой хэсэг нь үйлдвэрүүдэд хүрэлгүйгээр хаягдаж, үр дүнтэй ашиглагдаж чадахгүй байна. Тиймээс хог хаягдлаа зөв ангилан ялгаж, дахин боловсруулах үйлдвэрүүдэд хүргэх тогтолцоог сайжруулахад анхаарах хэрэгтэй.

Төслийн хүрээнд яагаад сургууль, хүүхдүүдэд түлхүү анхаарч байна вэ гэвэл сургууль бол олон хүүхдэд нэгэн зэрэг зөв дадал төлөвшүүлэх боломжтой орчин. Нэг сургуульд хэдэн зуун, цаашлаад мянга гаруй хүүхэд суралцдаг учраас хог хаягдлаа зөв ангилан ялгах, дахин ашиглах, дахин боловсруулах дадлыг сургуулийн орчинд хэвшүүлж чадвал энэ ойлголтыг олон хүнд хүргэх боломжтой. Цаашлаад зөв дадал эзэмшиж байгаа хүүхдүүд ирээдүйд хог хаягдал, байгаль орчны асуудлыг зөв ойлгож, түүнийг шийдвэрлэхэд өөрсдийн хувь нэмрээ оруулах мэдлэг, хандлагатай иргэд болон төлөвшинө.”

ХОГ ХАЯГДЛЫГ ДАХИН АШИГЛАЖ БҮТЭЭЛ УРЛАХ НЬ 


Тус арга хэмжээний хүрээнд ерөнхий боловсролын сургуулиудын эко клубийн сурагчид өдөр тутамд хаягддаг материалуудыг дахин ашиглан урласан бүтээлүүдээ дэлгэн үзүүллээ. Үзэсгэлэнд ус, ундааны хуванцар савыг хэрхэн буталж, дахин боловсруулахад бэлтгэдэг үйл явцыг танилцуулцснаас гадна сав, баглаа боодлыг зориулалтын дагуу хэрхэн ангилан ялгах талаар мэдээлэл өгсөн юм. Мөн хуванцар савыг дахин ашиглан ширээ, сандал зэрэг хэрэглээний эд зүйлс урлажээ.



Уудам Монгол сургуулийн экологийн клубийн багш Г.Оюун-Эрдэнэ

“Манай Эко клубийн үйл ажиллагаа сурагчдыг байгаль орчиндоо ээлтэй хандаж, өдөр тутмын амьдралдаа зөв дадал хэвшүүлэхэд чиглэдэг бөгөөд дөрөв дэх жилдээ үйл ажиллагаагаа явуулж байна. Энэ хугацаанд нийт 2.5 тонн орчим хуванцар сав, дахин боловсруулах боломжтой хаягдал цуглуулж, холбогдох байгууллагад тушаалаа. Мөн хаягдал зай, батарей нь аюултай хог хаягдал учраас тусгай зориулалтын аргаар устгах байгууллагад хүлээлгэн өгсөн. Үүнээс гадна мод тарих, цэцэг, ногоо арчлах, сургуулийнхаа гаднах орчныг тохижуулах, борооны усыг хуримтлуулж цэцэг, ногоогоо услах зэрэг олон үйл ажиллагааг зохион байгуулаад байна.

Тухайлбал, хүүхдүүд хаягдал цаасаа цуглуулж, дахин боловсруулахад өгдөг. Дууссан дэвтрийн цаас зэрэг ашиглах боломжтой материалыг дахин боловсруулж, шинэ цаас болгон хичээлдээ ашиглах тохиолдол ч бий. Тэмцээн, уралдаанд оролцохдоо хүүхдүүд маань тарьсан хогоо цэвэрлэж, эмхэлж цэгцэлдэг болсон. Сургууль дээрээ хуванцар сав авчирч хаях нь ч багассан. Энэ бол маш том өөрчлөлт.”


Ус, ундааны тагийг дахин боловсруулан бүтээсэн ширээ, сандал

Төслийн хүрээнд Хог Хаягдалгүй Монгол ТББ-с Эко клубүүдэд зориулсан сургалтын интерактив багцыг хөгжүүлж, нийслэлийн ерөнхий боловсруулан 60 сургуульд гардуулан өглөө. Тус багц нь сурагчдад хог хаягдлыг зөв ангилан ялгах, дахин ашиглах, дахин боловсруулахын ач холбогдлыг сонирхолтой, практик байдлаар ойлгуулахад чиглэжээ.



Сургалтын багцад хог хаягдлыг төрлөөр нь зөв ангилан ялгаж сурахад зориулсан интерактив тоглоом, хуванцар савны бэлдэц, дахин боловсруулсан хуванцар үрэл болон хэрчдэс, жижиг тавиур зэрэг сургалт, дадлагын үеэр ашиглах төрөл бүрийн хэрэглэгдэхүүн багтсан байна. Эдгээр материал нь сурагчдыг хог хаягдлыг хэрхэн ангилах, дахин боловсруулах боломжтой материалыг таних, өдөр тутмын хэрэглээндээ зөв дадал хэвшүүлэхэд нь дэмжлэг үзүүлэх ач холбогдолтой.