Монголчууд эртнээс эмийн ургамал, эрдэс, амьтны гаралтай зарим түүхий эдийг ашиглан эм тан бэлтгэж, зүү төөнүүр, бариа заслаар биеэ анагааж ирсэн билээ. Өнөө цагт химийн гаралтай эмийн хэрэглээ давамгайлж байгаа хэдий ч хүний биед сөрөг нөлөө багатай, байгалийн цэвэр эко эм, бэлдмэлийн эрэлт хэрэгцээ улам бүр өссөөр байна. Тэгвэл Монос групп саяхан “Уламжлалт болон ургамлын гаралтай эмийн үйлдвэр”-ээ нээжээ.
Тус үйлдвэрийг Монголын уламжлалт анагаах ухааны өв мэдлэгийг олон улсын GMP стандарт, орчин үеийн дэвшилтэт технологитой хослуулан бүтээсэн гэнэ. Мөн хиймэл оюунд суурилсан ухаалаг шийдэлтэй гэдгээрээ онцлогтой.
Ингээд Монголдоо төдийгүй Төв Азийн салбарт анхдагч болж буй уламжлалт эмийн үйлдвэрийн нээлтийн арга хэмжээг тоймлон хүргэж байна.
ЭХЛЭХИЙН ӨМНӨ: МОНОС ЭМИЙН ҮЙЛДВЭРИЙН ТУХАЙ

“Эм үйлдвэрлэлийг дэлхийн жишигт” уриатай Монос эмийн үйлдвэр нь анх 1990 онд үүсгэн байгуулагдаж байжээ. Өнөөдрийн байдлаар тус үйлдвэр 80 нэр төрлийн 150 тун бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна. Тус үйлдвэр нь Монголд анх удаа GMP эм үйлдвэрлэлийн стандартыг шахмал болон капсултай эмдээ нэвтрүүлж байв. Энэхүү стандарт нь үйлдвэр доторх хүмүүс болон материалын хөдөлгөөнийг хооронд нь давхцуулахгүйгээр зохицуулж, агаар, усыг тогтмол цэвэршүүлснээр эмд бохирдол орохоос сэргийлдэг байна.
Тэд 2016 онд орчин үеийн анагаах ухааны хэрэгцээг хангах “Химийн үйлдвэр”-ээ нээж байсан бол, өдгөө монголчуудын олон зуун жилийн уламжлалт жор, байгалийн баялгийг шинжлэх ухаантай хослуулсан Монголын хамгийн анхны “Уламжлалт болон ургамлын гаралтай эмийн үйлдвэр”-ээ ашиглалтад орууллаа.
УЛАМЖЛАЛТ БОЛОН УРГАМЛЫН ГАРАЛТАЙ ЭМИЙН ҮЙЛДВЭР
Уг үйлдвэр нь түүхий эдийг цэвэрлэж, анхан шатны боловсруулалт хийхээс эхлээд хандлах, өтгөрүүлж хуурайшуулах, жимс жимсгэнэ боловсруулах зэрэг бүх шат дамжлагыг гүйцэтгэнэ. Ингэснээр уламжлалт тан, талх, үрэл эмүүдээс гадна орчин үеийн шахмал, бүрхүүлтэй шахмал, төрөл бүрийн капсул, мөхлөг, нунтаг болон шингэн эмийг үйлдвэрлэх боломжтой болж байгаа юм.

Монос группийг анх үүсгэн байгуулсан цагаас л эх орондоо ургамлын гаралтай, уламжлалт эмийн орчин үеийн үйлдвэр байгуулах сан гэсэн том мөрөөдлийг тээж ирсэн. Ийнхүү 36 жилийн дараа олон шилдэг эрдэмтэн, судлаачдынхаа хичээл зүтгэл, эрдэм ухааны үр шимээр энэхүү мөрөөдлөө биелүүлж, энэ том бүтээн байгуулалтын ард гарсандаа туйлын их баяртай байна.
Монос группийн ерөнхийлөгч, төрийн шагналт, академич, доктор, профессор Л.Хүрэлбаатар

Монос группийн гүйцэтгэх захирал Х.Ананд
Уламжлалт үйлдвэрээ бүтээн байгуулахад бид 30 тэрбум төгрөг зарцуулсан. Үйлдвэрт маань бүтээгдэж байгаа бүхий л бүтээгдэхүүн олон улсын стандартаар баталгаажсан, хамгийн сүүлийн үеийн технологиор хийгдэж байгаа. Тийм ч учраас бид зөвхөн дотооддоо зогсохгүй, Төв Азийн болон бусад улс орнууд руу бүтээгдэхүүнээ экспортлохоор төлөвлөөд буй. Одоогоор чун-7, дарву-5, нормон зэрэг таван нэр төрлийн эмээ Киргиз, Казахстан, Узбекистан улсын зах зээлд албан ёсоор бүртгүүлчихсэн, удахгүй экспортлохоор ажиллаж байна даа.
Үйлдвэрээс онцлох нэг хэсэг нь хиймэл оюуныг нэвтрүүлсэн явдал. Группийн хэмжээнд удирдлагын багаас эхлээд үйлдвэрийн бүх ажилтнууддаа хиймэл оюуны сургалтад хамруулсан. Үйлдвэрлэл дээр л гэхэд түүхий эд жигнэхээс эхлээд цаашаа бүх дамжлагыг автоматаар бүртгэх, тайлангаа өөрөө боловсруулах, мөн санхүү, нягтлан бодох бүртгэлийн ажлыг илүү хөнгөвчлөөд байна.
Монос групп үүсгэн байгуулсан цагаасаа хойш 36 жилийн түүхэнд тав дахь GMP стандартад нийцсэн үйлдвэрээ ашиглалтад оруулж байна. Шинэ уламжлалт эмийн үйлдвэр нь Монголдоо төдийгүй Төв Азийн хэмжээнд уламжлалт болон ургамлын гаралтай эмийн анхны жишиг үйлдвэр болж буй нь их онцлууштай.
Монос группийн гүйцэтгэх захирал Х.Ананд
УЛАМЖЛАЛТ ҮЙЛДВЭРИЙН ОНЦЛОХ ШИЙДЛҮҮД

Монголын уламжлалт анагаах ухааны арвин өв соёл, эрдэм судлалын мэдлэгийг олон улсын эмийн үйлдвэрлэлийн өндөр шаардлагад нийцүүлэн хөгжүүлэх, цаашлаад дэлхийн зах зээлд өрсөлдөх экспортын бүтээгдэхүүнийг бий болгох зорилгоор энэхүү бүтээн байгуулалтыг хийжээ. Түүнчлэн уг үйлдвэр нь технологи болон үйл ажиллагааны хувьд хэд хэдэн онцлох давуу талтай аж.
Том талбай, илүү бүтээмж
Энэ удаагийн үйлдвэр нь гурван давхар бөгөөд нийт 8,340 м² талбайтай. Үүний 3,154 м²-ийг цэвэр эмийн үйлдвэрлэл явагддаг байна. Үүнд ургамал боловсруулах хэсэг, шингэн болон хатуу тугнагдсан эмийн үйлдвэрүүд, олон улсын GDP стандартын агуулах, инженерийн дэд бүтцийн хэсгүүд багтжээ.
14 шинэ бүтээгдэхүүн
Монос групп одоо үйлдвэрлэж буй 22 төрлийн бүтээгдэхүүн дээрээ нэмж, шинээр дархлаа дэмжих, вирусийн эсрэг, цэр ховхлох зэрэг 14 нэр төрлийн эм үйлдвэрлэхээр төлөвлөөд байгаа гэнэ. Мөн дараагийн ээлжийн 19 бүтээгдэхүүнийг судалгаа, туршилтын шатанд хөгжүүлж байгаа аж.
50 шинэ ажлын байр
Шинэ үйлдвэр ашиглалтад орсноор 50 гаруй хүнийг тогтвортой ажлын байраар хангах юм. Ингэснээр уламжлалт анагаах ухаан, био-технологи, эмийн үйлдвэрлэлийн чиглэлээр мэргэшсэн залуу боловсон хүчин, нарийн мэргэжлийн инженерүүд шинээр ажиллах боломж бүрдэж байгаа бөгөөд энэ нь салбарынхаа хөгжилд оруулж буй бодит хөрөнгө оруулалт болох билээ.
140 Clean room system + 168 өрөө
Эмийн үйлдвэрлэлд орчны цэвэр байдал хамгийн чухал. Олон улсад үүнийг “Clean room” буюу “Цэвэр өрөөний систем” гэж нэрлэдэг бөгөөд GMP стандартын хамгийн гол шалгуур үзүүлэлт болдог байна.
Уг шинэ үйлдвэрт ийм системтэй 140 өрөөг тохижуулжээ. Эдгээр өрөөнүүд нь коридорынхоо агаартай ч холилдохгүй бөгөөд агаарын даралтын тусламжтайгаар гаднаас ямар ч тоос шороо, нян бактери, өөр бодисын хольц оруулахааргүй нарийн тусгаарлагдсан байна. Ингэснээр эмийг хамгийн цэвэр, аюулгүй орчинд үйлдвэрлэх нөхцөл бүрдэж буй аж. Үүнээс гадна тус үйлдвэрт ахуйн болон туслах зориулалттай өөр 168 өрөөг ч бүрэн тохижуулжээ.
БҮТЭЭН БАЙГУУЛАГЧДЫН СЭТГЭГДЛЭЭС

Монос Фарм ХХК-ийн гүйцэтгэх захирал М.Одгэрэл
Үйлдвэр маань жилд 300 тонн ургамал, 1,000 тонн жимс боловсруулах хүчин чадалтай. Боловсруулсан ургамлаараа хуурай болон шингэн хэлбэрийн эмийг нэг дор, иж бүрнээр нь үйлдвэрлэдэг чадамжтай гэдгээрээ онцлог.
Бид давхар бүрдээ өөр өөр зориулалттай тусгай үйлдвэрүүдийг байгуулсан. Тухайлбал, нэгдүгээр давхарт ургамлын анхны боловсруулалтыг хийж, хэрэгцээт хуурай бодисыг нь ялгаж авдаг. Хоёрдугаар давхарт ургамлаа хандлаад шингэн эм болгон шилэнд савладаг бол гуравдугаар давхарт нь ялгаж авсан хуурай бодисоороо шахмал болон капсултай эмүүдийг бэлтгэн ажиллаж байна.
Манай үйлдвэр уламжлалт анагаах ухааны эртний нарийн жорыг орчин үеийн дэвшилтэт технологитой хослуулж буй нь хамгийн том давуу тал. Эрт дээр үед тан эмийг гараар боож, нүдэж хэрэглэдэг байсан шүү дээ. Бид тэрхүү уламжлалт чанарыг нь алдагдуулалгүйгээр, өнөөгийн хүмүүсийн амьдралын хэв маягт нийцсэн, уухад хялбар болгон зах зээлд нийлүүлж байгаа юм.

АШУҮИС-ийн Эм зүйн сургуулийн профессор, Монголын эм зүйн байгууллагуудын нэгдсэн эм холбооны ерөнхийлөгч Д.Энхжаргал
Манай улсад судлагдсан хэр нь эцсийн бүтээгдэхүүн, инноваци болж чадаагүй маш олон эмийн ургамал бий. Тэдгээр ургамлыг амь оруулж, үнэ цэнтэй бүтээгдэхүүн болгоход Монос групп асар том хувь нэмэр оруулж байна. Бид Монгол Улсыг зөвхөн уул уурхайгаар л хөгжих юм шиг өрөөсгөл ойлгодог. Гэтэл бид энэхүү цэвэр эко, органик үйлдвэрлэлийн ачаар химийн бус аргаар өөрсдийгөө эмчилж, өвчнөөс урьдчилан сэргийлэх бүрэн боломжтой. Төрөөс яг ийм төрлийн бизнес, үндэсний үйлдвэрүүдээ бодлогоор маш сайн дэмжиж өгөх хэрэгтэй.
Өмнөх химийн үйлдвэр нь харьцангуй жижиг. Гэсэн хэдий ч эдгээр үйлдвэрээ хэмжээгээр нь харьцуулж болохгүй. Химийн үйлдвэр нь синтетик гаралтай эм, тариаг гаргадаг бол уламжлалт эмийн үйлдвэр нь байгалийн цэвэр ургамлын гаралтай бүтээгдэхүүн үйлдвэрлэж буй. Хоёулаа л олон улсын стандартыг бүрэн хангасан, өөр өөрийн гэсэн үүрэгтэй, стратегийн чухал үйлдвэрүүд юм шүү.
АРГА ХЭМЖЭЭНИЙ ОНЦЛОХ МӨЧҮҮД






Сэтгэгдэл бичих

