Уул уурхай гэхээр ухсан нүх, эвдэрч сүйдсэн газар, тоос шороо төсөөлдөг хэвшмэл ойлголт бий. Харин олборлолт хийсэн газраа нөхөн сэргээж, хүн, мал, амьтан ундаалах нуур цөөрөм, ой, мод, жимсний төгөл болгон амилуулж болдгийг Монполимет ХХК өнгөрсөн 30 гаруй жилийн хугацаанд бодитоор батлан харуулаад буй. 

Тэгвэл бид энэ удаагийн нийтлэлээр уул уурхайн салбарт байгаль орчны нөхөн сэргээлтийн жишгийг тогтоож буй тус компанийн олон жилийн турш хуримтлуулсан туршлага болоод газрын доройтлыг бууруулж, байгаль орчныг сэргээхэд чиглэсэн ажлууд, тэдгээрийн бодит үр дүнг онцлон хүргэж байна.

яагаад НӨХӨН СЭРГЭЭЛТ ЧУХАЛ ВЭ?  

2012 оны 6-р сар Техникийн нөхөн сэргээлт хийж буй үе , 2022 оны 7-р сар Биологийн нөхөн сэргээлт хийсний дараа

Монгол Улсад олборлолтын дараах нөхөн сэргээлтийн ойлголт төдийлөн төлөвшөөгүй байх үеэс Монполимет ХХК нөхөн сэргээлтийг үйл ажиллагааныхаа салшгүй нэг хэсэг болгон хэрэгжүүлж иржээ. Өнөөдрийн байдлаар тус компани ашиглалт явуулсан талбайнхаа 90 гаруй хувь буюу 980 га-д техникийн, 63 хувь буюу 654 га-д биологийн нөхөн сэргээлт хийж, орон нутагт нь хүлээлгэн өгсөн байна.

Үүний ард экологич, ой зүйч, ургамал судлаач, агрономич зэрэг мэргэжлийн баг хамт олон ажилласан билээ. Тэдний хувьд нөхөн сэргээлт хийхдээ мод тарихаас гадна тухайн газрын экосистемийг бүхэлд нь сэргээж, цаашид тогтвортой үргэлжлэх нөхцөлийг бүрдүүлэхэд анхаарчээ.

Ингээд Монполимет ХХК-ийн байгаль орчинд үзүүлсэн эерэг нөлөө, бодит үр дүнгээс онцлон танилцуулж байна.

2012 оны 8-р сар Монполимет ХХК-н Экологич Т.Октябрь мод тарьсан талбайд, 2022 оны 7-р сар Монполимет ХХК-н БОНСА-ны дарга Т.Октябрь

1. Ойжуулалт буюу Ногоон төгөл

Төв аймгийн Заамар, Булган аймгийн Бүрэгхангай сумын нутагт 460,000 гаруй мод тарьж ургуулан, 326 га талбайг ойжуулжээ. Тэд өөрсдийн мод үржүүлгийн газартаа 14 төрлийн модыг үржүүлж, жилдээ 30,000 гаруй мод тариалалтад бэлтгэдэг. Үүний үр дүнд нийт 5.5 км урттай, 8 ойн төгөл шинээр бий болсон байна.

2. Бэлчээрийн менежмент

Тухайн бүс нутгийн хөрс, цаг уурын онцлогт тохирсон, малд идэмтгий 8-10 төрлийн ургамлын үрийг хольж тариалдаг. Үүний үр дүнд 312 га талбайд олон наст ургамал ургаж, нутгийн малчдын ашиглах бэлчээрийн талбай бий болжээ.


2012оны 6-р сар Техникийн нөхөн сэргээлт хийж буй үе , 2022 оны 7-р сар Биологийн нөхөн сэргээлт хийсний дараа

3. Эдийн засгийн эргэлт буюу жимсний төгөл

Нөхөн сэргээлт нь байгаль орчноо сэргээхээс гадна орон нутгийн иргэдийн амьжиргааг дэмжихэд чиглэх ёстой. Тиймээс Заамар сумын иргэдийн санал хүсэлтэд үндэслэн 2011 оноос чацаргана, монос, өрөл, үхрийн нүд зэрэг жимсний мод тариалж эхэлжээ. Өдгөө 5 га талбайг хамарсан тус ногоон төгөл 2014 оноос анхны ургацаа өгч, нутгийн иргэдэд эдийн засгийн бодит үр өгөөжөө хүртээсээр байна.

4. Биологийн олон янз байдал буюу “Тосон” нуур

Уул уурхайн талбайг усан мандал болгож болдгийн хамгийн тод жишээ бол 2001 онд байгуулж, 2011 онд улсын бүртгэлд орсон 16 га талбай бүхий “Тосон” нуур юм. Өдгөө тус нуурт хун, дэглий, нугас зэрэг 8 зүйлийн шувуу зусаж, цурхай, алгана зэрэг 5 төрлийн загас үржиж байна. Мөн нуурын эргийг тохижуулж аялал жуулчлал, спорт загасчлалын бүс болгосон нь нутгийн иргэдийн очих дуртай газруудын нэг болжээ.


Тосон нуур

5. Үзүүлэх сургалт ба судалгааны бааз

Байгаль орчны бодлогын хүрээнд гадаад, дотоодын ААН, төрийн болон ТББ-ууд, нутгийн иргэдтэй хамтран Байгаль орчны нөхөн сэргээлтийн үзүүлэх сургалтуудыг тогтмол зохион байгуулж ирсэн. Түүнчлэн нөхөн сэргээлтийн жишиг загвар болсон “Тосон үйлдвэр”-ийг түшиглэн эрдэм шинжилгээ, судалгааны дадлага сургуулилалтын төвийг байгуулаад байна.

Тосон үйлдвэрийн ажилчид Тосон нуурын эрэг дээр

ДАРААГИЙН АЛХАМ: “BUILD GREEN LAND” ТӨСӨЛ БА MPM GREEN LAND

Тэд энэ чиглэлээр хийж буй ажлаа өргөжүүлэн, эвдэрч, орхигдсон газрыг сэргээж, дахин ашиглах боломжтой болгох зорилготой “Build Green Land” төслийг танилцууллаа. Тус төсөл нь COP17-ын хүрээнд хэрэгжиж буй “Үндэсний ногоон лаб” платформоос гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдад танилцуулах шилдэг 15 төслийн нэгээр шалгарсан байна.

Мөн тус компани зөвхөн өөрийн эзэмшлийн талбайд нөхөн сэргээлт хийхээс гадна бусад уул уурхайн компани болон олон жил ашиглагдаагүй, эвдэрч орхигдсон газарт нөхөн сэргээлтийн үйлчилгээ үзүүлэх “MPM GreenLand” компанийг байгуулжээ. Ингэснээр 30 гаруй жилийн туршлагаа ногоон бизнесийн чиглэлээр өргөжүүлж, нөхөн сэргээлтийн салбарт хувийн хэвшлийн хөрөнгө оруулалт, ногоон санхүүжилтийг нэмэгдүүлэхийг зорьж байгаа юм.


ИРЭЭДҮЙ БА ЗОРИЛГО


Монполимет ХХК-ийн зорилго нь 30 гаруй жилийн нөхөн сэргээлтийн ажлаа Монгол Улсын газрын доройтол, цөлжилтийг бууруулахад чиглэсэн, хөрөнгө оруулалт татах боломжтой, өргөжүүлэн хэрэгжүүлэх ногоон бизнесийн загвар болгон хөгжүүлэх юм.

Гэхдээ газрын доройтол, цөлжилтийг бууруулахад төрийн эдийн засгийн дэмжлэг чухал байна. Одоогийн хуулиар байгаль хамгаалах, нөхөн сэргээхэд оруулсан хөрөнгө оруулалтын 1 хувийг татвараас хөнгөлөх зохицуулалттай. Үүнийг 5 хувь хүртэл нэмэгдүүлж чадвал хувийн хэвшлийнхэн энэ чиглэлд илүү их хөрөнгө оруулах нөхцөл бүрдэх боломжтойг төслийн багийнхан онцоллоо.

- Тогтвортой хөгжил, байгаль орчны менежментийн “Green Entrepreneur” - 24 удаа
- ТОП-100 аж ахуйн нэгж – 21 удаа
- “Азийн аж үйлдвэржилтийн манлайлагч” (ACES)

Тэдний амжилтаас