Наадмын амралт зугаалга гээд хөдөө гадаа салхинд гарах, найз нөхдөөрөө аялах сайхан ч шумуулнууд яг хажууд сууж байгаа хүмүүсийг огт тоохгүй хэрнээ таныг л онцгойлон хазаж байгаа мэт санагдаж байсан уу? Миний цус илүү амттай болохоор эсвэл цусны бүлгээс болж ингэж байгаа хэмээн таамаглаж суугаа бол түр азнаарай. Үүнээс тэс өөр, шинжлэх ухаанч, бүр илүү нарийн шалтгаануудыг хуваалцаж байна.
Тодруулбал, эрдэмтэд шумууланд “ямар хүмүүс илүү амттай санагддаг вэ” гэдгийг судалж, бидний биеэс ялгардаг химийн нарийн нэгдлүүдийн нууцыг тайлж эхэлжээ.
ШУМУУЛ БИДНИЙГ ХЭРХЭН ОЛЖ ИРДЭГ ВЭ?
Зөвхөн үр төлөө үлдээх гэж буй эм шумуулнууд л хүн хаздаг бөгөөд тэд тун мэдрэмтгий хүлээн авагчийнхаа тусламжтайгаар дараах гурван дохиог уншиж, хазах хүнээ сонгодог байна.
1. Нүүрсхүчлийн хий (CO2)
Бидний амьсгалаар гадагшилж буй нүүрсхүчлийн хий бол шумуулыг өдөөдөг анхны дохио. Тэд энэ хийг хэдэн арван метрийн цаанаас ч мэдэрч чиглэлээ олдог ажээ.
2. Биеийн үнэр
Байндаа 10 орчим метр ойртож ирэхэд шумуул хүний биеийн үнэрийг нүүрсхүчлийн хийтэй хамтад нь мэдэрч, улам бүр улайрч эхэлдэг байна.
3. Дулаан ба чийгшил
Бүр ойртох тусам биеийн дулаан, хөлс, чийглэг байдал нь тэднийг удирдан чиглүүлдэг.

ТАГ МАРТАХ ЁСТОЙ ТАШАА ОЙЛГОЛТУУД
Цусны бүлэг ямар ч хамаагүй: Хүмүүсийн дунд байдаг хамгийн түгээмэл төөрөгдөл бол цусны бүлэг. "I бүлгийн цустай хүнд шумуул дуртай" гэх яриа шинжлэх ухааны хувьд ямар ч баталгаагүй бөгөөд ийм судалгаанууд нь цөөн хүнийг хамарсан байдаг.тул батлагдсанд тооцогддоггүй байна. Мөн таны арьс, нүд, үсний өнгө шумуулд огт сонин биш.
Шумуул үргээдэг бугуйвч, апп гэж байхгүй: Бугуйндаа ургамлын гаралтай тос бүхий бугуйвч зүүчихвэл биеийг бүхэлд нь шумуулаас хамгаална гэж байхгүй. Эдгээр бугуйвч нь зөвхөн зүүсэн хэсэгтээ маш бага хэмжээгээр нөлөөлж болох ч биеийн бусад хэсгийг огт хамгаалж чаддаггүй байна. Мөн гар утасны апп ашиглан шумуул үргээдэг өндөр давтамжийн авиа гаргаж, шумуулыг дайжуулж болно гэдэг бүр ч худлаа. Шинжлэх ухааны олон удаагийн туршилтаар эдгээр хэт авиа гаргагч төхөөрөмж болон утасны аппууд шумуул устгах, үргээхэд огт нөлөөлдөггүй нь батлагджээ.
Citronella болон бусад ургамлын тос үр дүнгүй: Наранцэцэг, цитронелла зэрэг байгалийн ургамлын тос нь химийн бодисыг бодвол аюулгүй бөгөөд шумуулаас урт хугацаанд найдвартай хамгаалдаг гэх ойлголт бий. Эдгээр тос шумуулыг үргээдэг нь үнэн боловч үйлчлэх хугацаа нь ихэвчлэн 10-20 минут байдаг. Хурдан ууршиж алга болдог тул ойр ойрхон түрхэх шаардлагатай тул урт хугацааны хамгаалалт болж чаддаггүй.
ТЭГВЭЛ ЯГ ЮУНААС БОЛЖ ХАЗААД БАЙНА?
Арьсны үнэр маш чухал үүрэгтэй. Бидний арьсан дээрх бичил биетнүүдийн орчин бүхий микробиота задрах үед молекулын өвөрмөц "цуглуулга" буюу үнэр үүсдэг. Хүн төрөлхтөн бид одоогоор бүрэн судалж амжаагүй 300-1000 гаруй төрлийн өөр өөр үнэрт нэгдлийг ялгаруулдаг аж. Шведийн эрдэмтэн Рикард Игнеллийн судалгаагаар шумуул үүнээс онцгойлон 27 нэгдлийг нь соргог гэгч нь ялгаж мэдэрдэг байна.
Жишээ нь, арьсны тослог задрах үед үүсдэг 1-octen-3-ol гэх нэгдэл бүхий мөөгний спирт үл ялиг ихсэхэд л шумуул шууд тухайн хүн рүү шуурдаг болохыг тогтоожээ. Жирэмсэн эмэгтэйчүүд, ялангуяа 4, 5, 6 дахь сарын тээлт дээрээ яваа бол энэ нэгдлийг илүү ихээр ялгаруулж, шумуулд хазуулах нь элбэг аж.

ШАР АЙРАГ УУВАЛ ШУМУУЛ ХАЗНА
Зуны үдэш хүйтэн шар айраг уун суух дуртай бол та шумуулын хараанд өртөх магадлалаа өөрөө нэмж байна гэсэн үг. Нидерланд болон Буркина Фасод хийсэн судалгаагаар шар айраг уусан хүмүүс ууж дууссанаас хойш 24 цагийн дотор бусдаас шумуулд 1.35 дахин илүү хазуулж байжээ. Учир нь алкохол нь биеийн дулааныг нэмэгдүүлж, амьсгалах бүрд гарах CO2-ын хэмжээг ихэсгэдэг гэнэ.

УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТИЙН УРШИГ
Дэлхийн дулаарал, уур амьсгалын өөрчлөлтөөс шалтгаалж шумуулын амьдрах, тархах газар нутаг улам бүр тэлж байна. Үүний хамгийн том жишээ бол үхэлд хүргэх аюултай вирус тээгч Азийн бар шумуул буюу Tiger mosquito юм. Өмнө нь зөвхөн Азийн халуун, чийглэг бүс нутагт л бүртгэгддэг байсан энэ зүйл өдгөө Европын гүн рүү нутагшиж эхэлжээ. Урьд өмнө нь ийм төрлийн шумуул амьдрах ямар ч боломжгүй гэгдэж байсан Францын хойд хэсгийн Эльзас мужид өнгөрсөн жил анх удаа чикунгунья вирус (зөвхөн вирус тээгч шумуулаар дамждаг вирус) дотооддоо халдварласан тохиолдол бүртгэгдсэн байна.

АВЧ БОЛОХ АРГА ХЭМЖЭЭ БАЙНА УУ?
Судлаачдын зөвлөж буйгаар дараах энгийн аргууд таныг шумуулын дайралтаас аварна.
- Бие халхалсан, сул чөлөөтэй хувцас өмсөх. Учир нь шумуул бариу хувцасны цаанаас ч хазаж чадна.
- Зориулалтын шумуул үргээгч цацлага болон тор хэрэглэх.
- Зуны халуунд аль болох хөнгөн хооллож, согтууруулах ундааны хэрэглээгээ хянах.
Дараагийн удаа салхинд гарахдаа шар айрагнаас илүү их ус ууж, сул чөлөөтэй хувцаслаад үзээрэй. Мэдээж үр дүн гарвал бидэнтэй хуваалцахаа мартуузай.

Сэтгэгдэл бичих

