Энэ жил Тулгар төрийн 2230, 2231, Их Монгол Улс байгуулагдсаны 815, 816, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, 111, Ардын хувьсгалын 100, 101 жилийн ой тохиож байгаа билээ. Түүхэн ойг хамтатган тэмдэглэж буй 2022 оны наадам ямар онцлогтой зохион байгуулагдах, нээлтийн тасалбар хэрхэн борлогдох талаар албан ёсны мэдээллийг хүргэе.

БРЭНДИЙН ТУХАЙ
Монгол үндэстний дэлхийн олон улсаас ондооших гол ялгарал, түүх соёлын илэрхийлэл бол Үндэсний их баяр наадам юм. Тиймдээ ч эл наадмын эх үндэс одоогоос 4000 жилийн өмнө тавигдаж, Хүннүгийн үед бүрэлдэн тогтоод Их Монгол Улсын цагт дэлгэрэн түгсээр өнөөгийн улсын баяр наадмын төрхийг олжээ. Хүчит бөхийн барилдаан, хурдан морьдын уралдаан, цэц мэргэнээ сорих сурын харваа, шагайн харваа тэргүүтэй үндэсний спортын төрлөөр нааддаг уламжлалтай монгол наадам нь өнөө цагт залуу үедээ нүүдэлчин соёл иргэншлийн өвийг таниулах, түгээх, өвлүүлэх их үйлийн эхлэл агаад үндэсний ижилсэл, тусгаар тогтнолоо бататгах онц үйлийн үргэлжлэл болж буй. Энэ ач холбогдол, онцлог шинжүүдийг товойлгон гаргах, дэлхийд данстай албан ёсны брэнд арга хэмжээ болгон таниулах зорилгоор “Наадам” брэндийг хөгжүүлсэн байна.
Монголчуудын сэтгэлгээний үндэс нь “Гурвал үзэл” бөгөөд хамгийн тогтвортой, бат бэх чанарыг илтгэдэг. Бид аливаа зүйлийн мөн чанарыг гурвалаар шинжилж, гүн ухаан, түүх, утга зүйн судалгаагаар баталдаг нь монгол наадамд ч мөн тусгалаа олдог. Наадмын үндсэн илэрхийлэл нь эв нэгдэл, төрт ёс, бахархал бөгөөд өнө мөнхөд мандан бадрахуйн тайлал болсон гал, нар, сарыг бэлгэдэн эрхэмсэг оршихуй, ижилсэн эвлэхүй, бахдан омогшихуйн утга чанарыг илтгэнэ. Энэ л учиг сэжмээр Үндэсний их баяр наадамд зориулан Есөн хөлт Их цагаан тугийг гол бэлгэдлээ болгон монгол бичгээр тодотгон чимж, албан ёсны логог бүтээжээ.

Есөн хөлт цагаан туг
Монгол төрийн сүр хүч, тусгаар тогтнол, эв нэгдлийн бэлгэдэл болсон цагаан тугийг цагаан зүсмийн адууны гөхөл дэлээр хийдэг нь монголчууд цагаан өнгийг цэвэр ариун, эрхэм дээд хэмээн хүндэтгэн дээдэлж ирсний илрэл билээ. Өдгөө Үндэсний их баяр наадмаар цэнгүүлж, бусад цагт Төрийн ордны Төрийн ёслол хүндэтгэлийн өргөөнд залж буй Есөн хөлт цагаан тугийг 1992 онд шинээр бүтээж, төр улс энх мөнх оршихын бэлгэдэл болгожээ. Энэ нь Үндэсний их баяр наадмын брэндингийн үндсэн илэрхийлэл нь монголчуудын төрт ёс, цог золбоог илэрхийлсэн Есөн хөлт цагаан туг буюу Цагаан сүлд байх ёстойг илэрхийлж буй юм.
Монгол бичиг
Аливаа үндэстнийг тодорхойлогч үндсэн шалгуур нь соёл агаад тэрхүү соёлын салшгүй хэсэг нь үндэсний уламжлалт бичиг үсэг юм. Монгол үндэстэн түүхийн урт удаан хугацаанд олон янзын бичиг үсэг хэрэглэж байсан ч Найман аймаг улсыг нэгтгэн авсан 1204 онд Чингис хааны зарлигаар монгол бичгийг төрийн бичиг болгож, улмаар монголчуудын түүх соёл, үндэстний ижилслийг бүтээгч үндэсний бичиг бий болсон түүхтэй. 800 гаруй жилийн түүхт "монгол бичиг" бол монголчуудын түүхийн салшгүй хэсэг билээ.

ENAADAM.MN
Өмнө нь дурдсанчлан монголчуудын дэлхийн бусад улсаас ялгарч ондооших чухал хүчин зүйл бол өв уламжлал, ёс заншлын хамгийн тод илэрхийлэл Үндэсний их баяр наадам. Гэвч өнөөг хүртэл улс даяар өргөн дэлгэр тэмдэглэж ирсэн энэхүү баярын тухай нэгдсэн мэдээлэл бүхий эх сурвалж дутмаг байсаар, ард түмний дунд наадам хэмээх үнэт өвийн утга учир бага багаар алдагдаж, олон хоногоор үргэлжлэх амралт төдийхнөөр санагдах болжээ. Тиймээс наадмын үнэ цэн, утга учрыг эргэн таниулах, холбоотой мэдээллүүдийг нэгтгэх, найдвартай сурвалж үүсгэх зорилгоор eNaadam.mn сайтыг тун удахгүй нээх гэж байгаа ажээ.
Таныг юу хүлээж байгаа вэ?
eNaadam.mn вэбсайтаас монгол наадмын үүсэл түүх, үндэсний спортын төрлүүд болох хүчит бөх, хурдан морь, сурын харваа, шагайн харвааны тухай мэдүүштэй баримт, мэдээллүүд болон наадмын нэгдсэн хөтөлбөр, цаг үеийн мэдээллийг хүлээн авах боломжтой. Хамгийн онцлууштай нь “Орон нутаг” цэс бөгөөд 21 аймгийн ерөнхий мэдээлэл, байгалийн үзэсгэлэнт газруудаас гадна баяр наадмын нэгдсэн хөтөлбөртэй нь танилцаж болох юм.
Түүнчлэн манай улсыг зорин ирж буй гаднын жуулчдад зориулсан цогц мэдээлэл бүхий гарын авлага бэлтгэж буйг дурдах нь зүйтэй. Товчхондоо eNaadam.mn вэбсайт нь Үндэсний их баяр наадмын тухай нэгдсэн мэдээллийг хялбар хүлээн авах платформ юм.
Албан ёсны сошиал хуудсуудыг дагах
Тасалбарын тухай мэдээлэл бий юу?
eNaadam.mn-ийн өөр нэг чухал давуу тал бол наадмын тасалбарыг цахимаар худалдан авах боломж юм. Цахимаар худалдах тасалбар нь мөн хүргэлттэй гэдгийг тэмдэглүүштэй. Тасалбар захиалгын тухайд долоодугаар сарын 1-ний өглөө 11:00 цагт eNaadam.mn сайт дээр идэвхжих ба та юун түрүүнд вэбсайтад албан ёсны бүртгэлээ үүсгэсэн байх шаардлагатай аж. Харин үүний дараа тэрхүү бүртгэлээ ашиглан хамгийн ихдээ хоёр тасалбар худалдан авах бөгөөд вэбсайтад бүртгүүлсэн хаягаараа хүргүүлэх боломжтой. Үнийн хувьд сүүдрэвчтэй суудлууд 52,500, сүүдрэвчгүй нь 42,000 төгрөгийн сонголттой бөгөөд энэхүү багц үнэд хоёр өдрийн буюу наадмын нээлт эхлэхээс хаалт хүртэлх арга хэмжээ багтаж буй.
ЭНД дарж бүртгэлээ үүсгэнэ үү.
Дараагийн онцлох хэсэг нь Хүй долоон худагт автомашинаа байршуулах зогсоолын эрхээ баталгаажуулах цэс юм. Тасалбар хэрхэн захиалах болон тээврийн хэрэгслийн зогсоолын эрх авах тухай дэлгэрэнгүй мэдээллийг тун удахгүй хүргэх болно.

ХӨТӨЛБӨР
2022 оны Үндэсний их баяр наадмын хүрээнд зохион байгуулагдах 22 арга хэмжээ албан ёсоор долоодугаар сарын 7-ны өдөр сурын харваагаар эхэлнэ. Та дараах хэсгээс үндэсний спорт, соёл урлаг, төрийн ёслол хүндэтгэлийн арга хэмжээний хөтөлбөрийг ЭНДЭЭС хүлээн авна уу.

Сэтгэгдэл бичих (3)


T TS.Batsaikhan 66.181.161.63
Tekhnik technology in hugjil bvgd hvnii ervvl mend goosaikhan curtain tsag hugatsaa sansriin haan chbaisan aylan any space travel and for humans health and help humans hard work just like Transporter robot bike bieniigee amid baih,hugatsaand hugjildevshiliig medreh 1000 naslah geh met mash loon nuruudul neeltvvdiig hvnturlhutund erdemten alich,nasnii erdemted bvteeh vvregtei yostoigej boson bnaa
H Hugjil 192.82.71.23
Nuguu l bdag yumnuud l yavna doo. Tsengeldehed heden tserguud tug barij guildeel...buh, mori ni nuli bulihai, hurshsan tosond hairsan huushuur, stadion toirch alhsan arduud... bi 60 hurch bgaa namaig uhaan orohod l iim bsan ter heveeree joohon sonirhol tatsan uur yum sedej boldogguimuu
Б Баатар 66.181.160.50
Монголынхаа төрт ёсны наадмыг ёс суртахуунтай, өв уламжлалаа хадгалсан, өвөг дээдэс ахмад үеэ хүндэтгэсэн зөв зохион байгуулалттайгаар хийнэ гэдэгт гүнээ итгэж талархал илэрхийлье! Монголчуудаа ёс жудагтай, хийморь золбоотой сайхан наадаарай! Бүх ард түмэндээ баярын мэнд хүргэж аз жаргал сайн сайханыг ерөөе!