Муур хүнийг өвдөхөөр өвдсөн газар нь очиж хэвтээд анагааж өгдөг гэж ярьдаг даа? Үнэхээр л тэд биднийг анагаах чадалтай амьтад ажээ.
Таны хажууд эрхлэн хэвтэх бяцхан муур хүн төрөлхтний анагаах ухааны хамгийн ээдрээтэй оньсого болох хорт хавдрыг эмчлэх нууц түлхүүрийг тээж явсаар иржээ. Тодруулбал, тэжээвэр муурын биед явагддаг хавдрын эсийн мутаци хүнийхтэй ижил механизмаар явагддаг гэнэ.
Бидэнд ямар хамаатай вэ гэж үү? Муурын биед жам ёсоороо үүсэх хавдар нь лабораторийн тусгай нөхцөлд хулганад хавдрыг албаар үүсгэж, эмчлэхээс илүү оновчтой, эрсдэл багатай эмчилгээний арга боловсруулахад туслахаас гадна хүний хавдарт хэрэглэдэг хавдрын эмийг мууранд шууд хэрэглэх боломжтойг баталсан юм.
Таны хажууд эрхлэн хэвтэх бяцхан муур хүн төрөлхтний анагаах ухааны хамгийн ээдрээтэй оньсого болох хорт хавдрыг эмчлэх нууц түлхүүрийг тээж явсаар иржээ. Тодруулбал, тэжээвэр муурын биед явагддаг хавдрын эсийн мутаци хүнийхтэй ижил механизмаар явагддаг гэнэ.
Бидэнд ямар хамаатай вэ гэж үү? Муурын биед жам ёсоороо үүсэх хавдар нь лабораторийн тусгай нөхцөлд хулганад хавдрыг албаар үүсгэж, эмчлэхээс илүү оновчтой, эрсдэл багатай эмчилгээний арга боловсруулахад туслахаас гадна хүний хавдарт хэрэглэдэг хавдрын эмийг мууранд шууд хэрэглэх боломжтойг баталсан юм.
ӨГҮҮЛЛИЙН ТУХАЙ
Өгүүлэл хэвлэгдсэн огноо: 2026.02.19
Өгүүллийн нэр: The oncogenome of the domestic cat
Түлхүүр үгс: хавдар, онкоген, хавдар дарангуйлагч ген
Туршилтыг гүйцэтгэсэн баг: Bailey A. Francis, Latasha Ludwig, Chang He, Melanie Dobromylskyj, Christof A. Bertram, Heike Aupperle-Lellbach, Hannah Wong, Aiden P. Foster, Mark J. Arends, Louise van der Weyden
Гол санаа: Муур болон хүний хавдар үүсгэгч генүүд хоорондоо төстэй бөгөөд нэг төрлийн гений мутациар өвчилдөг болохыг баталлаа.
Ач холбогдол: Хүний хавдрын эмээр муурын хавдрыг эмчлэх боломжтой болсон ба, цаашлаад хүний хавдрын эсрэг шинэ эмчилгээг илүү оновчтой эмчилгээний аргыг боловсруулах боломж нээгдэв.
ЕРӨНХИЙ МЭДЭЭЛЭЛ
Хавдар
Хавдрыг "гений өвчин" гэж ойлгож болох юм. Бидний биеийн эс бүрд ДНХ байх ба эс бүр хуваагдаж, үржих бүрдээ түүнийг хуулбарлаж байдаг. Гэхдээ ингэж хуулах явцад алдаа гарах нь бий, үүнийг мутаци гэдэг. Хүн ямар нэг текст хуулж бичвэл үсэг алдах эсвэл буруу бичих гээд алдаанууд гаргадаг шүү дээ, үүнийг л мутаци гээд байгаа хэрэг. Бидэнд буруу бичсэнээ дарж арилгах штрих гэж байдаг шиг бидний бие ч бас тусгай механизмтай буюу ихэнх тохиолдолд дархлааны систем эсвэл эсийн өөрийнх нь засварлах механизм энэ алдааг олоод устгачихдаг. Бүр хааяа нэг тэрхүү алдаа нь эсийн маш чухал зааварчилгаа дээр гарчихдаг. Ингэснээр тухайн эс зогсолтгүй хуваагдаж эхэлдэг ба ингэж түм буман эс бөөгнөрснөөр хавдар үүсдэг ажээ.

Хавдар дарангуйлагч ген
Энэхүү ген нь эс доторх "цагдаа" л гэсэн үг. Эсийн ДНХ-д алдаа гарвал зогсоож засварладаг, эсвэл устгах үүрэгтэй. Энэ судалгаагаар муурын хавдарт энэхүү ген хамгийн их мутацид орж, ажиллахаа больж байгааг тогтоосон буюу “бурхангүй газрын бумба галзуурна” гэдэг шиг “цагдаагүй” болсон эс хавдар болж хувирдаг аж.
Яагаад заавал муур гэж?
Мал эмнэлгийн эмгэг судлаачид муурын хавдрын эсийг микроскопоор харж байхдаа хүний хавдартай маш адилхан бүтэцтэй байгааг ажиглажээ. Жишээлбэл, муурын хөхний хавдар (mammary carcinoma) болон хүний хөхний хавдар нь гадаад бүтэц, өсөх хурд, үсэрхийлэх шинж чанараараа төстэй байв. Анагаах ухаанд хүний хавдрыг генийн түвшинд нь судалж, зөвхөн тэрхүү мутацид нь таарсан зорилтот эмчилгээ хийдэг шүү дээ. Гэтэл мал эмнэлэгт муурын хавдрыг өнөөх л хуучны аргаар буюу мэс заслаар тайрч авах, эсвэл бүх биеийг нь хордуулдаг химийн тариагаар эмчилсээр байсан юм.
ТУРШИЛТЫГ ТОВЧООР
Тус судалгааг хийхдээ 6 улсын 10 өөр байгууллагаас нийт 13 төрлийн хавдраар өвчилсөн 493 муурын дээжийг цуглуулсан байна.
1. Targeted Sequencing буюу зөвхөн хэрэгтэйг нь онилж унших арга: тус судалгаа нь хүнд хавдар үүсгэдэг нь тодорхой 1000 орчим ген байдаг бөгөөд үүнтэй яг ижил үүрэгтэй 978 генийг муураас ялгаж авснаараа онцлог. Ингэхдээ зөвхөн тэдгээр генүүдийг л онилж уншсан хэрэг.
2. Био информатикийн шинжилгээ буюу ялгааг олох тоглоом: биднийг бага байхад хоёр зургийн ялгааг олох даалгавар өгдөг байсан даа? Яг үүн шиг энэ судалгаа нь эрүүл эс болон хавдрын эсийн гений кодыг компьютерын ухаалаг программууд ашиглан хооронд нь зэрэгцүүлэн харьцуулсан гэсэн үг. Нэг ёсондоо эрүүл эс хавдрын эс болон хувирахдаа цаг хугацааны явцад ямар алдаа буюу мутаци бий болов, ямар ген нь устаж алга болсон эсвэл илүү олширсон зэргийг олж илрүүлсэн гэсэн үг.
3. Tumoroids буюу бяцхан туршилт: өнөөх гений алдааг олж илрүүлснийхээ дараа яг бодит амьдрал дээр эмчилгээ хийхэд тэрхүү “алдаатай ген” яаж хариу үйлдэл үзүүлэхийг шалгах шаардлагатай болно. Ингэхдээ муурын хавдрын эсийг ургуулж түүн дээрээ хавдрын эмчилгээг туршиж тухайн гений алдаатай хавдар эмд хэрхэн дарангуйлагдаж байгааг баталгаажуулж авсан гэсэн үг.

ҮР ДҮН
Хавдар үүсгэгч гол генүүдийг олж илрүүлэв: Муурын хавдрын үед хамгийн их мутацид ордог нь TP53 ген (нийт тохиолдлын 33%) болохыг илрүүлсэн. Энэ нь хүний хавдрын мутацийн давтамжтай (34%) маш ойрхон үзүүлэлт бөгөөд нийт 31 гол хавдар үүсгэгч генийг тодорхойлжээ.
Гол алдаа ба мэдрэг чанар: Муурын хөхний хавдрын 50-иас дээш хувьд нь FBXW7 гэх ген мутацид орсон бөгөөд хүнд ч мөн энэ ген хөхний хавдрын үед өөрчлөгддөг. Энэхүү алдаатай хавдрын эсүүд дээр хүний хөхний хавдарт хэрэглэдэг эмчилгээг (жишээлбэл, vincristine, vinorelbine) туршихад хавдрын эсийн өсөлт сайн дарагдаж байгааг батлав.
Гадаад орчны нөлөө: Хүнтэй яг адил нарны хэт ягаан туяаны хэт их нөлөөллөөс үүдэж муурт арьсны хавдар үүсдэг болохыг батлав.

ОНЦЛОГ, ДЭВШИЛТ
Юун түрүүнд энэ судалгаа нь муурын хавдрын генетикийг судалсан түүхэн дэх хамгийн өргөн цар хүрээтэй судалгаа гэдгийг дурдах нь зүй.
Харин дараагийн хамгийн чухал зүйл нь хүний хавдрыг бид илүү оновчтой шийдэх боломжтой болж буй явдал. Өмнө нь хавдрын эсрэг 100 шинэ эм гарлаа гэхэд хулгана дээр маш сайн үр дүн үзүүлдэг хэдий ч, яг хүн дээр туршихаар ихэнх тохиолдолд бүтэлгүйтдэг байж л дээ. Учир нь лабораторийн нөхцөлд буюу ямар ч бактеригүй ариутгасан орчинд хиймлээр хавдар үүсгэх эсвэл олон жилийн турш аажмаар хавдар үүснэ гэдэг тэс өөр. Мөн дээрээс нь хүний эсийг хулганад тарихын тулд хулганын өөрийнх нь дархлааны системийг устгах шаардлагатай болно гэтэл бодит байдал дээр хавдартай хүний дархлааны систем байнга "тулалдаж" байгаа шүү дээ.

Хамгийн гол нь бид хулгана шиг ямар ч гадаад орны хүчин зүйл үгүй орчин нөхцөлд амьдардаггүй. Хүн стресстдэг, агаарын бохирдолтой орчинд амьдарна, химийн бодистой ойрхон ажилладаг
/лабораторид ажилладаг хүмүүс/ гэхчлэн бидэнд нөлөөлөх хүчин зүйлс олон. Харин тэжээвэр муур бидэнтэй яг ижилхэн агаараар амьсгалж, хуванцар савнаас ус ууж байгаад жамаараа хавдар үүсдэг учраас муурт үр дүнгээ өгч байгаа шинэ хавдрын эм нь хулгана дээрх туршилтаас хамаагүй илүү хүнд үр дүнгээ өгөх магадлалтай гэсэн үг. Ингэснээр хавдрын эм бүтээх хугацаа болон зардлыг асар их хэмнэнэ.
Нөгөөтээгүүр муурын хавдарт зөвхөн муурт зориулсан эмийг нь өгөхгүй бол хавдрыг нь бус муурын амь насыг эрсдүүлэх эрсдэл өндөртэй. Харин энэхүү судалгааны хүчинд бид муурын хавдар үүсгэгч гол генүүд нь хүнийхтэй яг адилхан болохыг тодорхой харж чадсан. Одоо нэгэнт ген нь адилхан мутацид орсон гэдгийг ойлгож чадсан учраас, хүний эмчилгээнд хэрэглэж байгаа эмийг муурт өгөхөд яг таарч үйлчилнэ гэдгийг шинжлэх ухааны хувьд баталсан. Тийм ч учраас нийт муурын 14% нь одоо зах зээл дээр буй хүний хавдрын эсрэг эмээр эмчлэгдэх боломжтой болсон нь мал эмнэлгийн салбарын хувьд сайн мэдээ юм.
Сэтгэгдэл бичих

