Бид өмнөх нийтлэлүүддээ Нобелийн 2022 оны физик, химийн шагналтнуудыг танилцуулсан. Тэгвэл энэ удаа физиологи, анагаах ухааны Нобелийн шагналыг хүртсэн эрхмийг онцолж байна. Тэрээр 40 мянган жилийн настай яснаас ДНХ-г ялган авч, хүний хамгийн ойрын төрөл болох неандерталын геномын дарааллыг тогтоосон юм.
Эйнштейний эндүүрэл буюу 2022 оны Нобелийн физикийн шагналыг тайлбарлах нь
Молекулуудыг удирдах арга буюу 2022 оны Нобелийн химийн шагналыг тайлбарлах нь
ЭХЛЭХИЙН ӨМНӨ: СВАНТЕ ПАБОО ГЭЖ ХЭН БЭ?
Энэ жилийн физиологи, анагаах ухааны Нобелийн шагналыг хувьслын антропологич Сванте Паабо хүртсэн юм. Тэрээр Шведийн Өпсала их сургуульд Египет судлал ба анагаах ухаанаар суралцсан ба дархлаа судлалын чиглэлээр доктороо хамгаалж байх үедээ эртний Египетийн занданшуулсан шарил доторх ДНХ нь өнөөдрийг хүртэл хадгалагдан ирсэн гэдгийг тогтоож байв. Ийнхүү тэрээр палеогенетик хэмээх шинжлэх ухааны салбарыг шинээр үүсгэн салбартаа тэргүүлж эхэлсэн юм.
“Палеогенетик нь эртний амьд организмуудын геномыг нь судалж хувьслын явцыг нь тодорхойлоход тусалдаг”.
Паабо нь докторын зэргээ хамгаалсны дараа АНУ-ын Беркли дэх Калифорнийн их сургуульд хувьслын биологич Аллан Вилсоны судалгааны багт ажиллаж эхэлсэн бөгөөд 1990 оноос хойш Германы Мюнхен дэх Людвиг Максимиллиан их сургуульд өөрийн лабораторио байгуулжээ. Харин 1997 оноос Германы Лейпцигт шинээр байгуулагдсан Макс Планк хувьслын антропологийн институтийн таван эрхлэгчийн нэг болж, өдгөө энэ албан тушаалдаа ажилласаар буй.
ЭВЛҮҮЛДЭГ ТОГЛООМЫН ЭХНИЙ ХЭСГИЙГ ТАВЬСАН НЬ
Паабо болон түүний судалгааны баг 1990 оны дунд үед нэгэн неандертал эрэгтэйн митохондрийн ДНХ-г нь тайлж, орчин үеийн хүний геномоос ихээхэн ялгаатайг олж тогтоожээ. Ингэснээр неандерталууд нь орчин үеийн хүний өвөг биш гэдгийг батлан харуулсан юм.
Тухайн үед буюу 2000 оны эхээр ДНХ-г дараалалд оруулах арга барил илүү боловсронгуй болсны ачаар Паабо эсийн бөөмд орших неандерталын геномыг бүрэн тайлж чаджээ. Гэвч энэ бүхэн тийм ч амар байгаагүй юм. Учир нь өнгөрсөн мянга мянган жилийн хугацаанд неандерталын яс бактери болон мөөгөнцрүүдэд ихээхэн идэгдсэний улмаас дотор нь орших ДНХ-гийн 99,9 хувь нь микропын ДНХ болон хувирсан байв.
Үүний зэрэгцээ үлдсэн маш бага хэмжээний неандерталын ДНХ нь энд тэнд таран нуугдсан байдаг ба тэдгээрийг нэг бүрчлэн цуглуулж, эвлүүлнэ гэдэг асар хэцүү байх нь мэдээж. Тиймдээ ч тэр үеийн эрдэмтэд энэ ажлыг бүтэх боломжгүй хэмээн цааргалдаг байсан гэдэг.
БУХАЛ ӨВСӨН ДУНДААС БАЙШИН БОСГОСОН НЬ
Паабо болон түүний багийг эртний генетик материалыг аварч, анализ шинжилгээ хийе гэж хэчнээн муйхраар зүтгэсэн ч техникийн бэрхшээлүүдийн өмнө хүчин мөхөстөх нь тодорхой хэмээн Нобелийн комисс үзэж байв. Гэвч тэд бууж өгөлгүйгээр шинэ шийдэл хөгжүүлсэн юм.
Тэдэнд эхний ээлжид аль болох их хэмжээний геном хэрэгтэй байв. Олон орны археологи, малтлагын газруудаас ДНХ цуглуулах хэрэгтэй байсан ба үүнийг хийхэд тодорхой зөвшөөрөл авах, зарим улс төр, бурократик асуудлыг даван гарах шаардлагатай байсан юм. Гэсэн ч тэд үүний ард гарч, лабораторийн орчныг бүрдүүлэн өөрсдийн ДНХ-г судалгааны дээжтэй холихгүй байх тал дээр нарийн анхаарч эхэлжээ.
Түүнчлэн эртний ясны ДНХ-г шимпанзе болон хүний геномтой харьцуулан ялгаж чадах компьютерын програмыг бүтээсэн нь неандерталын геномыг дараалалд оруулахад ихээхэн дэм болсон юм. Энэ бүх судалгааны ажлын эцэст 2010 онд Сванте Паабо болон түүний баг 10 гаруй мянган жилийн настай яснаас неандерталын геномын анхдагч хувилбарыг шинээр бүтээж чадсан байна.
"40 мянган жилийн настай яснаас ДНХ гарган авах нь огт боломжгүй гэгддэг байсан. Харин Др.Паабогийн хатуу стандарт болон биоинформатик, химийн салбарт хөгжүүлсэн судалгааны аргууд нь энэ нээлтийг боломжтой болголоо. Түүний нээлт нь орчин үеийн хомосапиенс болон эртний хоминид нарын ялгааг харьцуулан дүгнэх боломжийг олгосны сацуу ирээдүйд бидэнд хүний физиологийг илүү сайн ойлгоход тус болох юм".
Нобелийн Физиологи, анагаах ухааны комиссын дарга Др.Нильс-Геран Ларссон
ХҮНИЙ ҮҮСЛИЙН МӨРӨӨР
Неандерталын геномыг орчин үеийн хүний геномтой харьцуулсны үр дүнд орчин үеийн хүн болон неандерталууд нь ойролцоогоор 600 мянган жилийн өмнө амьдарч байсан нийтлэг өвөгтэй болох нь тогтоогдсон юм. Үүнээс гадна орчин үеийн хүн болон неандерталууд нэгэн цагт хамт оршиж байх үедээ хүүхэдтэй болж байсан тухай баримт олджээ.
Өөрөөр хэлбэл, орчин үеийн хүн болон неандерталууд одоогоос 50 мянга орчим жилийн өмнө орчин үеийн хүн Африкаас Европ болон Азийг зорих үед хоорондоо учирч, хээлтэж, зулзагалсан гэсэн үг. Үүний учгаар өдгөө Африк биш хүний геномд 2 хувийн неандертал ДНХ агуулагдаж буй бөгөөд энэ нь нэг талаас хүний хувьсалд бас нөлөөлж, орчин үеийн хүний дархлааг улам хүчирхэгжүүлсэн бол нөгөө талаас зарим өвчинд өртөх эрсдэлийг нэмэгдүүлжээ.
ЭЦЭСТ НЬ
Паабогийн хамгийн чухал шинжлэх ухааны амжилт нь 40 мянган жилийн настай яснаас ДНХ-г ялган авч, хүний хамгийн ойрын төрөл болох Неандерталын геномын дарааллыг тогтоосон явдал билээ. Уг геномын дараалал ил болсноор эртний хүмүүс орчин үеийн хүмүүстэй ямархуу харилцаа холбоонд байсан, тэднийг ялгаатай болгож буй зүйл юу байв зэрэг 1856 онд анхны неандерталын чулуужмаг олдсоноос хойш палеонтологичдын толгойг гашилгаад байсан асуултууд анх удаа генетикийн түвшинд судлагдах боломжтой болсон юм.
Паабо болон түүний судалгааны баг одоогоор илүү жижиг, тайлахад бэрх ДНХ-г шинээр бүтээх арга техник дээр ажиллаж байгаа аж. Зорилго нь халуун бас чийглэг уур амьсгалаас шалтгаалан ДНХ амьд үлдэх боломж тун багатай газруудад генетик судалгааг явуулах юм.