Өнөө цагийн бодит мэт дүрслэлтэй өч төчнөөн тоглоом зах зээлийг эзэгнэж байгаа ч тэд бүгд дурсамж дүүрэн хуучны видео тоглоомуудаас эхтэйг мартаж үл болно. 8-битийн хязгаарлагдмал график, энгийн функц нь бидний уран төсөөлөл, ур чадварыг сорьж, бага насны маань баяр хөөртэй үеүдийн гэрч болж явсныг уншигч та ч бас санаж буй биз ээ. Тиймээс бид энэхүү нийтлэлдээ 1980-аас 2000-аад оны сүүл үеийн биет болон видео тоглоомуудыг танд эргэн сануулж байна.
Super Mario (1985)
Nintendo компанийн бүтээсэн Марио анх "Donkey Kong" тоглоомын Jumpman нэртэй барилгачин байсныг та мэдэх үү? Улмаар тоглоомын алдар нэр аажмаар өсөж, жилийн дараа буюу 1982 онд Марио нэрээ авсан гэдэг. Харин анхны бие даасан тоглоом нь 1985 оны 9-р сарын 13-нд олны хүртээл болсон ба энэ оны 6-р сарын байдлаар франчайз нь дэлхий даяар 900 сая гаруй ширхэг зарагджээ.
Tamagotchi (1996)
Гар утас шиг жижиг хэмжээтэй уг тоглоомыг Японы Bandai компани үйлдвэрлэжээ. Анхны үүдэл санаа нь элдэв бодит арчилгаа шаардахгүй, хүүхдүүдэд зориулсан гэрийн тэжээвэр амьтан бүтээх хүслээс эхлэлтэй аж. Гол дүр болох бяцхан виртуал амьтныг хооллох, тоглуулах, цэвэрлэж, өдөр бүр анхаарал халамж тавин түүнийг "амьд" байлгах нь тоглогчийн гол үүрэг юм.
Pac-Man (1980)
Namco компанийн бүтээсэн тус тоглоом нь видео тоглоомын түүхэнд чухал үүрэг гүйцэтгэсэн классик бүтээл билээ. Учир нь тухайн үед ихэвчлэн эрэгтэйчүүдэд зориулсан хүчирхийлэлтэй тоглоомууд алдартай байсан ба эмэгтэй тоглогчдод зориулж тоглоом бүтээсэн нь энэ юм. Pac-Man дүрийн нэр япон хэлнээ "идэх" гэсэн утгатай "paku-paku" гэдэг үгнээс гаралтай.
Contra (1987)
Харь гаргийн түрэмгийлэгч хүчнээс дэлхийг хамгаалах үүрэг хүлээсэн хоёр тусгай ажилтан болох Билл Райзер, Лэнс Бин нарын дүрд орж, 19 үеийн турш даалгавар биелүүлэх уг тоглоомыг Konami компани бүтээжээ. Контрад нэгэн онцгой нэмэлт байсан нь "Konami Code" бөгөөд үүгээр 30 амь авах боломжтой нь тоглогч бүрийн хүсэмжит бэлэг байсан юм.
Snake II (1997)
Уг тоглоом нь анх 1976 онд Atari-ийн "Blockade" нэрээр зах зээлд гарсан бөгөөд улмаар 1997 онд Nokia 6110 гар утсанд багтаж, “Snake II” хувилбараараа олон нийтэд алдаршжээ. Цаашлаад 3210, 3310 зэрэг эхэн үеийн Nokia гар утасны үндсэн тоглоом болсон юм. Энгийн дүрслэл, хялбар үйлдэлтэй ч өрсөлдөөн шаардах энэхүү тоглоом та бидний хүүхэд насны олон дурсамжтай нягт холбогдох нь гарцаагүй. Сонирхолтой баримт хуваалцахад Данийн тоглогч Мортен Кьяргаард Педерсен 2016 онд Nokia 3310 утсаараа 9254 оноо авч, дэлхийн дээд амжилтыг эзэмшээд буй. Уншигч та хуучин цагаа дурсаж, Snake тоглоомыг тоглохыг хүсвэл snake.io сайтаар зочлоорой.
Tetris (1984)
Оросын програмист Алексей Пажитновын бүтээсэн Тетрис нь латин хэлний “тетра” буюу “дөрөв” гэх үг болон түүний дуртай спорт болох “теннис” хэмээх үгний нийлбэрээс үүсэлтэй. Дэлхий даяар алдартай болсон үе гэвэл 1989 он бөгөөд Nintendo компаниас гаргасан Game Boy-д багтсанаар ийнхүү алдаршсан гэдэг. Тун сонирхолтой нь Тетрис сансарт гарсан анхны видео тоглоом ба 1993 онд Оросын сансрын нисгэгч Александр Серебров Союз ТМ-17 хөлөгтөө Game Boy-оо авч явжээ. Үүгээр ч зогсохгүй Тетрис танин мэдэхүйн үйл ажиллагааг сайжруулахад нөлөө үзүүлж буйг 2009 оны BMC Research Notes сэтгүүлд дурдсан удаатай.
Mortal Kombat (1992)
Midway Games компанийн анхны тоглоом бол Mortal Kombat бөгөөд тус тоглоомын гол онцлог нь хүчирхийлэл. Магад та өөр тулаант тоглоомоос хэзээ ч харахгүй хэрцгий үйлдлүүдийг эл тоглоомоос харж мэдэх юм. Сонирхолтой баримт дурдахад, тоглоом бүтээгчид Mortal Kombat хэмээх нэрэн дээр огт санал нэгдэж байгаагүй ба өөр нэр өгөх гэж байсан гэдэг.
Zuma (2003)
Өнгө өнгийн бөмбөлөг амнаасаа гаргадаг бах мэлхийг санаж байна уу? Энэ бол 2003 онд PopCap Games компаниас бүтээсэн Zuma тоглоом билээ. Тоглогчид угсраа бөмбөлгүүдийг харанхуй ангал руу унахаас өмнө устгах бөгөөд цаг хугацаатай уралдаж, хурдан буудах шаардлагатай. Хэрэв та дурсамжаараа аялахыг хүсвэл zumaballs.com сайтаар зочлоорой.
Battle City (1985)
Nintendo компанийн Famicom платформ дээр гаргасан, хоёулаа тоглох боломжтой, стратеги болон тулааны элементүүдийг агуулсан видео тоглоом бол Battle City юм. Тоглоомын зорилго нь танаар удирдуулсан танкын тусламжтайгаар эсрэг талын хамгаалалттай бүсийг эзлэх бөгөөд нийт 100 түвшинтэй.
Space Impact (2000)
Анхны Space Impact нь 2000 онд Nokia 3310 дээр гарч ирсэн бөгөөд дараа нь монохром дэлгэцтэй бусад загвар буюу 3320, 3330, 3350, 3360, 3390, 3410, 3610 загварын гар утсуудад мөн ижил багтаж, стандарт тоглоомуудынх нь нэг болж байв. Тоглоомын гол дүрэм нь сансрын хөлөг харь гаргийн биетүүдийг устгахад орших ба одоо ч цахимаар тоглож болно.