Уг нийтлэл нь Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын Конвенцын Талуудын 17 дугаар бага хуралын зөвлөх Доктор Н.Мандахын нийтлэл болно.

Элсэн болон шороон шуургыг ган, цөлжилтийн дагалдах үзэгдэл бус, хил дамнасан эрүүл мэнд, хүнсний аюулгүй байдал, эдийн засгийн бие даасан эрсдэл гэж үзэх цаг болжээ.

Элсэн ба шороон шуурга паспорт шаарддаггүй. Нэг улсын доройтсон бэлчээр, хатсан нуурын ёроол эсвэл хамгаалалтгүй тариалангийн талбайгаас агаарт дэгдсэн нарийн ширхэгт шороо хэдэн зуун, заримдаа хэдэн мянган километр зам туулж, өөр улсын хот суурин, тариалан, усан сан, хүний уушгийг бохирдуулж бүр Сахарын цөлийн шороо Атлантын далайг гатлан Карибын тэнгис хүрдэг. Арабын хойгийн шуурга хотуудын нислэг, авто зам, эрчим хүчний үйлдвэрлэлийг саатуулдаг. Төв болон Зүүн Азийн тоос Монгол, Хятад, Солонгосын хойг, Япон төдийгүй Номхон далай хүртэл тархдаг аж.

Иймээс элсэн ба шороон шуурга бол зөвхөн “эх үүсвэр нэг бол улсын” байгаль орчны асуудал биш. Энэ бол хил дамнасан нийтийн эрүүл мэнд, хүнсний аюулгүй байдал, эдийн засаг, шилжилт хөдөлгөөний асуудал юм.

Хямралууд давхцах бус, бие биеэ үржүүлж байдаг

“Олон хямралын зангилаа” буюу polycrisis гэдэг нь хэд хэдэн тусдаа хямрал нэгэн зэрэг тохиолдоод зогсохгүй, харилцан үйлчилж, бие биеийнхээ хор нөлөөг улам нэмэгдүүлэх нөхцөлийг хэлдэг.
Элсэн ба шороон шуурга энэ ойлголтын бодит жишээ.

Ган гачиг ургамлын бүрхэвчийг сийрэгжүүлж. газрын зохисгүй ашиглалт хөрсний бүтцийг эвдэж, хуурай элс, шороо салхинд хийсэхэд хялбар болгоно. Ийнхүү салхи үржил шимт өнгөн хөрсийг хийсгэж, үлдсэн газрын бүтээмжийг улам бууруулдаг. Ургац, малын тэжээл багасахад өрхийн орлого буурч, хүнсний үнэ өснө. Амьжиргаа тогтворгүй болохын хэрээр хүмүүс нүүхээс өөр аргагүйд хүрч, хот суурин болон байгалийн нөөцөд ирэх дарамт нэмэгдэнэ. Ингэснээр газрын доройтол, ган, бохирдол, өвчлөл, ядуурал, шилжилт хөдөлгөөн тус тусдаа асуудал байхаа больж, нэг том эрсдэл болон хувирдаг.

Эх сурвалж: Guardian


Дэлхийн цаг уурын байгууллагын мэдээллээр элсэн ба шороон шуурганд 150 гаруй орны 330 сая орчим хүн шууд өртөж байна. Жил бүр агаар мандалд ойролцоогоор хоёр тэрбум тонн элс, тоос дэгддэг. Үүний 80 гаруй хувь нь Хойд Африк болон Ойрх Дорнодын цөлийн бүсээс гаралтай боловч үр нөлөө нь эх үүсвэрээсээ асар хол хүрдэг.

Салхиар дэгдэн туугдах тоос шорооны дийлэнх зөвхөн байгалийн үйл явцаар үүсдэг. Гэхдээ ус, газрын зохисгүй менежмент, ургамлан бүрхэвчийн талхлагдал, газрын хэт ашиглалт, ган болон бусад хэлбэрийн газар доройтуулах нь хүний үйл ажиллагаанаас үүдэлтэй элсэн ба шороон шуурганы эх үүсвэрийг нэмэгдүүлж байна. Байгалийн бүх шороон шуургыг “зогсоох” боломжгүй, шаардлага ч үгүй. Харин хүний үйл ажиллагаанаас үүдэлтэй шороон шуураны эх үүсвэрийг бууруулах бүрэн боломжтой.

Элсэн ба шороон шуурга нүдэнд харагдах агаарын бохирдол

Элсэн ба шороон шуургыг ихэвчлэн үзэгдэх орчин муудах, зам тээвэр саатахтай холбон ойлгодог. Гэвч хамгийн ноцтой өртөг нь хүний бие махбодод үүсдэг.

Том ширхэгт тоос нүд, арьс, амьсгалын дээд замыг цочрооно. Харин PM₁₀ болон түүнээс жижиг ширхэгт тоос амьсгалын замын гүнд нэвтэрч, багтраа, уушгины архаг өвчин, зүрх судасны өвчнийг сэдрээх эрсдэлтэй. Хүүхэд, өндөр настан, жирэмсэн эмэгтэй, гадаа орчинд ажилладаг хүн болон архаг өвчтэй иргэд хамгийн эмзэг бүлэгт багтана.

Элс, шороо нь зөвхөн эрдэс бодисоос бүрддэггүй. Замдаа бичил биетэн, мөөгөнцрийн спор, ургамлын тоосонцор, хүнд металл, пестицид болон бусад бохирдуулагчийг өөртөө шингээн тээвэрлэх нь элбэг. Иймээс элсэн ба шороон шуурганы эрүүл мэндийн үр нөлөө нь түүний гарал үүсэл, ширхэгийн хэмжээ, химийн болон биологийн найрлагаас шалтгаалан өөр өөр байна.

Эх сурвалж: Smart Air India

Дэлхийн эрүүл мэндийн байгууллага ахуйн болон гадаад орчны нийт агаарын бохирдлыг жилд тохиолдох ойролцоогоор 6.7 сая дутуу төрөлтийн статистиктай холбон тооцдог. Үүнээс гадаад орчны агаарын бохирдол дангаараа 2019 онд ойролцоогоор 4.2 сая дутуу төрөлттэй холбоотой байжээ. Эдгээр нь бүх төрлийн агаарын бохирдлыг хамарсан үзүүлэлт бөгөөд элсэн ба шороон шуурганаас үүдэлтэй нас баралт гэж шууд тайлбарлаж болохгүй нь мэдээж.

Харин НҮБ-ын 2016 онд нийтийн хүртээл болсон үнэлгээний тайланд 2014 оны байдлаар цөлийн тоосонцорын өртөлттэй холбоотойгоор дэлхий даяар жилд ойролцоогоор 400 мянган хүн нас барж болзошгүй гэж үзсэн байдаг. Аргачлал, өгөгдлийн хязгаарлалтаас шалтгаалан энэ тоонд тодорхой бус байдал бий ч элсэн ба шороон шуургыг зөвхөн байгаль орчны таагүй үзэгдэл бус, нийтийн эрүүл мэндийн томоохон эрсдэл гэж үзэхэд хангалттай дохио юм.

Алдагдсан хөрс бол алдагдсан ургац, буурсан орлого

Элсэн ба шороон шуурга газар тариаланд хоёр талаар нөлөөлнө. Нэгдүгээрт, салхи органик бодис, шим тэжээлээр баялаг өнгөн хөрсийг хийсгэнэ. Хоёрдугаарт, агаарт дэгдсэн элс, тоос ургамлыг механикаар гэмтээж, навч, ургал эрхтнийг бүрхэх, фотосинтезийг сааруулах, үр суулгацыг булах замаар ургац бууруулна.

Нөлөөллийн цар хүрээ нь таримлын төрөл, хөрс, салхины хурд, үргэлжлэх хугацаа болон ургалтын үе шатаас хамаардаг. Зарим хүчтэй өртсөн газар нутагт ургацын алдагдал 20-25 хувьд хүрсэн тохиолдол бүртгэгдсэн боловч үүнийг дэлхий даяар мөрдөх нэгэн ижил дундаж гэж ойлгож болохгүй. Гол санаа нь нэг удаагийн шуурганы хохирлоос илүү, үржил шимт хөрс жил бүр алдагдах тусам үйлдвэрлэлийн суурь чадвар доройтдогт оршино.

Эдийн засгийн өртөг ч асар их. Дэлхийн банкны үнэлгээгээр Ойрх Дорнод, Хойд Африкийн бүс нутагт элсэн болон шороон шуурганы хор уршигийн даван туулах халамжинд жилд 150 тэрбум ам.долларын алдагдал хүлээж, олон орны хувьд энэ алдагдал дотоодын нийт бүтээгдэхүүний 2.5 хувиас илүүтэй тэнцэж байна. Энэ тооцоонд өвчлөл, нас баралт, хөдөлмөрийн чадавхиа алдах болон эдийн засгийн бусад алдагдал багтдаг тул зөвхөн шороон шуурганы шууд алдагдал гэж ойлгож болохгүй.

Нислэг цуцлагдах, авто зам хаагдах, тоног төхөөрөмж элэгдэх, нарны цахилгаан үүсгүүрийн үр ашиг буурах, эмнэлгийн ачаалал нэмэгдэх зэрэг олон жижиг мэт өртөг нийлээд үндэсний эдийн засагт том дарамт болдогийг анхаарах хэрэгтэй.

Эх сурвалж: Nature

Газрын доройтлоос шилжилт хөдөлгөөн хүртэл

Хүмүүс “тоос шорооноос зугтаад” нүүх шийдвэр шууд гардаггүй байж болно. Харин элсэн ба шороон шуурга амьжиргааг тогтворгүй болгодог олон хүчин зүйлийн нэг болж, орон гэрээсээ дүрвэх шийдвэрийг түргэтгэнэ гэж үзэж болно.

Доройтсон газар ургац, бэлчээрийн гарцыг бууруулна. Ган, усны хомсдол энэ дарамтыг нэмэгдүүлнэ. Орлого тасалдаж, өрхийн хүнс, эрүүл мэнд, боловсролын зардлыг даах боломж хумигдах үед түр хугацааны хөдөлмөрийн шилжилт байнгын нүүдэл болж хувирч болно.

Дэлхийн банкны Groundswell судалгааны өндөр эрсдэлийн хувилбараар усны хомсдол, газар тариалангийн бүтээмжийн бууралт, далайн түвшний өсөлт зэрэг уур амьсгалын удаан явцтай нөлөөлөл 2050 он гэхэд зургаан бүс нутгийн 216 сая хүртэлх хүнийг өөрийн улс дотор шилжин суурьшихад хүргэж болзошгүй. Энэ нь зөвхөн газрын доройтол эсвэл шороон шуурганаас үүдэх нүүдлийн тоо биш. Харин эрүүл газар, ус, ургацын бүтээмжийг хамгаалахгүй бол бусад хямралтай нийлэн ямар хэмжээний шилжилт хөдөлгөөн үүсгэж болохыг харуулсан төсөөлөл юм.

Сахелийн бүс нутагт энэ гинжин холбоо тод харагддаг. Тус бүсийн температур дэлхийн дунджаас ойролцоогоор 1.5 дахин хурдан өсөх төлөвтэй, хүн амын гуравны хоёр орчим нь газар тариалан, мал аж ахуйгаас хамааралтай байна. Газар ба усны нөөцийн хүртээмж муудах нь малчид, тариаланчдын хоорондын өрсөлдөөнийг нэмэгдүүлнэ. Засаглал, ядуурал, аюулгүй байдал, зах зээл болон түүх, соёлын нөхцөлтэй хавсран зөрчилдөөний өнгө төрхийг өөрчилж эрсдэлийг хурцатгадаг. Тиймээс хөрсийг хамгаалах, бэлчээрийг сэргээх ажил нь зөвхөн байгаль хамгаалал биш. Энэ бол нийтийн эрүүл мэнд, ажлын байр, хүнсний аюулгүй байдал, нийгмийн тогтвортой байдалд хийж буй хөрөнгө оруулалт юм.

Эх сурвалж: Adaptation Community

Монгол Улс бол эх үүсвэр төдийгүй өртөгч орон

Монголын хувьд энэ асуудал онолын сэдэв биш. Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцийн мэдээллээр манай улсын газар нутгийн бараг 77 хувь нь газрын доройтолд өртсөн бөгөөд элсэн ба шороон шуургатай өдрийн жилийн тоо 1960-аад оноос хойш гурав дахин нэмэгджээ.

Өргөн уудам хуурай, гандуу, чийг дутмаг бүс нутаг, цаг агаарын хэлбэлзэл, хүчтэй салхи нь Монгол орны шороон шуурганы ландшафтын суурь нөхцөлийг бүрдүүлдэг. Үүн дээр бэлчээрийн даац хэтрэх, ургамлан бүрхэвч буурах, усны нөөцийн зохисгүй ашиглалт, уул уурхай, зам, барилгын хамгаалалтгүй талбай зэрэг хүний үйл ажиллагаатай эх үүсвэр мөн нэмэгдэх хандлагатай байна.

Монголд үүссэн тоос шороо нь улсын хилээр хязгаарлагдахгүй. Үүний адил бусад нутгаас дэгдсэн тоос ч Монголын агаарын чанарт нөлөөлнө. Иймээс хэн нэг орныг “буруутгах” бус, эх үүсвэр болон өртөгч орнууд харилцан мэдээлэл солилцож, үүрэг ба хариуцлагыг шударгаар хуваалцах тогтолцоо шаардлагатай.

Эрт сэрэмжлүүлэг дангаараа хангалтгүй

Шуургыг хэдэн өдрийн өмнө таамагласнаар сургууль, эмнэлэг, тээврийн байгууллага болон малчид, тариаланчид бэлтгэл хангах боломжтой. Эрүүл мэндийн байгууллага эмзэг бүлэгт зөвлөмж хүргэж, иргэд гадаа ажиллах хугацаагаа багасган, агаар шүүгч, хамгаалах хэрэгслээ бэлтгэж чадна.
Гэвч “маргааш шуурга болно” гэсэн мэдээ эрсдэлийг өөрөө бууруулахгүй. Сэрэмжлүүлэг нь бодит арга хэмжээтэй холбогдох ёстой. Өөрөөр хэлбэл:

- урьдчилсан мэдээг орон нутгийн хэлээр, хүртээмжтэй сувгаар түгээх;
- PM₁₀, PM₂.₅-ийн хэмжилтийг эрүүл мэндийн мэдээлэлтэй уялдуулах;
- сургууль, эмнэлэг, тээвэр, эрчим хүч, мал аж ахуйн салбарын хариу арга хэмжээний журамтай болох;
- эрсдэлтэй өрх, ажилтанд хамгаалах хэрэгсэл, цэвэр ажиллах болох амьдрах орчны хүртээмжийг нэмэгдүүлэх;
- сэрэмжлүүлэг гарсны дараа ямар байгууллага, ямар арга хэмжээ авахыг урьдчилан тогтоох шаардлагатай.

Урьдчилан мэдэхээс илүү чухал зүйл бол урьдчилсан үйлдэл хийх чадвар юм.

Эх сурвалж: UNCCD

Эх үүсвэрийн менежмент бол урт хугацааны хамгаалалт

Элсэн ба шороон шуургыг удирдах бодлого нөлөөллийг бууруулахаас гадна эх үүсвэрийг нь анхаарах ёстой. UNCCD-ийн бодлогын хүрээнд мониторинг, урьдчилан таамаглал, эрт сэрэмжлүүлэг; өртөлт, эмзэг байдлыг бууруулах; эх үүсвэрийн менежмент гэсэн харилцан холбоотой гурван чиглэлийг тодорхойлсон байдаг.
Эх үүсвэрийн менежментэд дараах арга хэмжээ хамаарна:

- идэвхтэй болон болзошгүй тоосны эх үүсвэрийг зураглах;
- бэлчээрийн ачааллыг улирал, газрын даацтай уялдуулах;
- тариалангийн хөрсийг нүцгэн орхихгүй байх, хамгаалалтын зурвас байгуулах;
- нутгийн нөхцөлд тохирсон ургамлын бүрхэвчийг хамгаалж, сэргээх;
- хатсан нуур, усан сангийн ёроол зэрэг шинэ эх үүсвэрийг хянах;
- уурхай, зам, барилгын талбайн тоосжилтын стандартыг мөрдүүлэх;
- хөрсний чийг, бүтэц, органик бодисыг хамгаалах газрын тогтвортой менежментийн арга технологийг өргөн хүрээнд нэвтрүүлэх ажлыг санхүүжүүлэх.

Гэхдээ гандуу бүс нутаг бүрт ойжуулалт хийх нь зөв шийдэл биш. Усны хомсдолтой экосистемд тохироогүй мод тарих нь усны дарамт нэмэгдүүлж, нутгийн бэлчээрийн тогтолцоог алдагдуулж болно. Шийдэл нь шинжлэх ухаанд суурилсан, тухайн газрын экологи болон нутгийн иргэдийн мэдлэгт нийцсэн байх ёстой.

Эх сурвалж: Education Week

COP17-оос гарах ёстой таван үр дүн

Ирэх долоо хоногоос Улаанбаатар хотноо зохион байгуулагдах Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцийн хөтөлбөрт элсэн ба шороон шуурганы асуудлаарх өндөр түвшний арга хэмжээ багтсан нь чухал алхам юм. Гэхдээ асуудлыг зөвхөн нэг хэлэлцүүлэг, дагалдах арга хэмжээний түвшинд үлдээж болохгүй.
COP17 дараах таван чиглэлээр хэмжигдэхүйц үр дүнд хүрэх боломжтой.

1. Хил дамнасан эрт сэрэмжлүүлэх тогтолцоог бэхжүүлэхэд ахиц гаргах. Ингэснээр улс орнууд ажиглалт, хиймэл дагуулын мэдээлэл, загварчлал, эрүүл мэндийн эрсдэлийн мэдээллээ шуурхай солилцох чадавхитай болно.

2. Эрт сэрэмжлүүлгийг эрт арга хэмжээтэй холбох. Урьдчилсан мэдээ гармагц эрүүл мэнд, боловсрол, тээвэр, хөдөө аж ахуйн байгууллагуудын авах арга хэмжээг тодорхой болгож, санхүүжилтийг урьдчилан шийдэх шаардлагатай.

3. Эх үүсвэрийн бүсийн менежментийг тусгайлан санхүүжүүлэх. Шороо тоосны нөлөөлөл өөр улсад илэрч болох учраас эх үүсвэр орон дангаараа бүх зардлыг хариуцах боломжгүй. Хил дамнасан үр өгөөжтэй урьдчилан сэргийлэх төсөлд олон улсын болон бүс нутгийн санхүүжилт хэрэгтэй.

4. Эрүүл мэнд, эдийн засгийн хохирлыг тогтмол хэмжих. Шуургатай өдрийн тоо хангалттай үзүүлэлт биш. Хэдэн хүн өртөв, эмнэлгийн ачаалал хэр нэмэгдэв, хэдэн ажлын өдөр алдагдав, ургац, тээвэр, эрчим хүчид ямар өртөг үүсэв гэдгийг хэмжих нийтлэг аргачлал шаардлагатай.

Эх сурвалж: UNCCD

5. Өртөгч улс орнуудад хэрэгжилтийг хангахад бодит төсөл, санхүүжилтийн механизм чухал. COP17-ийн хэлэлцээнд орж буй UNCCD-ийн баримт бичгүүд эх үүсвэрийн мониторинг, үндэсний загварчлал, орон нутгийн бэлэн байдал, эрүүл мэндийн хариу арга хэмжээ болон эх үүсвэрийн менежментийг бүрэн санхүүжүүлэх шаардлагыг онцлох нв чухал.

Шороон шуурганы талаар бид ихэвчлэн тэнгэр харан ярьдаг. Харин шийдлийн ихэнх нь газар, хөрс, бэлчээрт байдаг. Эрүүл, үржил шимт хөрс салхинд бага туугдана. Ургамлан бүрхэвч хөрсийг тогтооно. Зохистой ашигласан бэлчээр өрхийн амьжиргааг хамгаална. Зөв цагт хийсэн сэрэмжлүүлэг хүний амийг аврана. Хил дамнасан хамтын ажиллагаа нэг улсын хийсэн хөрөнгө оруулалтыг бүхэл бүтэн бүс нутгийн үр өгөөж болгож чадна. Шороон шуурга хил хязгаар мэдэхгүй. Тиймээс түүнийг бууруулах мэдлэг, санхүүжилт, хариуцлага ч улс төрийн хилээр хязгаарлагдах ёсгүй.

COP17 элсэн ба шороон шуургыг газрын нөхөн сэргээлт, гангийн асуудлын дагавар асуудал биш, харин эрүүл мэнд, амьжиргаа, тогтвортой байдлыг хамгаалах бие даасан тэргүүлэх зорилт болгох ёстой. Энэ нь Улаанбаатарын СОР17-оос гарах чухал улс төрийн мессежүүдийн нэг байж чадна.