Чухал шийдвэр, шинэ санаа, ажил хэргийн яриа гээд олон үйл явдлын ард үргэлж аяга кофе байдаг шүү дээ. Бидний өдөр тутмын амьдралын нэг хэсэг болсон кофег бэлтгэхэд ганцхан кофены үр, сүү, ус байгаад хангалтгүй. Тэдгээрийн амтыг хослуулан, үйлчлүүлэгчдэд хүссэн үнэр, амтыг нь гаргана гэдэг амаргүй ажлыг чадварлаг бариста хариуцдаг билээ.

Монголын кофены салбарын хөгжлийн 20 жилийн ойг тохиолдуулан зохион байгуулсан Origin Mongolian Barista Championship 2026 тэмцээнд 100 гаруй оролцогчоос шалгарсан шилдэг 5 бариста өөрсдийн ур чадвар, өвөрмөц амт, бүтээлч үзүүлбэрээрээ өрсөлдсөн юм.

Арга хэмжээний тухай

Origin Mongolian Barista Championship хоёр дахь жилдээ зохион байгуулагдаж байгаа тэмцээн юм. Энэ жил 100 гаруй бариста өрсөлдөж, хагас шигшээд шилдэг 20 оролцогч шалгарч, тэр дундаас шилдэг 5 оролцогч үндэсний аваргын төлөө өрсөлдөх эрхийг авсан юм. Олон нийтэд нээлттэй зохион байгуулагдсан тус тэмцээнд бариста нар хэрэглэж буй кофены үрийн гарал үүсэл, амтыг тайлбарлаж, ур чадвараараа өрсөлдсөн юм. Тус тэмцээн баристагийн ур чадвар, цагийн менежмент, хийсэн бүтээлээ хэрхэн танилцуулж чадах вэ гээд олон чадварыг нэг дор сорьдог нь уг тэмцээний гол онцлог билээ.

Celebrating Coffee Roasting арга хэмжээ ганц энэ тэмцээнээр хязгаарлагдсангүй. Салбарын экспертүүдийн хэлэлцүүлэг, бизнес уулзалт, монголын кофены соёлд үнэтэй хувь нэмрээ оруулж байгаа 200 кофе шопын зургийг үзэсгэлэн болгон танилцуулсан юм.

Нээлт

Mongolian Barista Championship 2026 тэмцээний ерөнхий шүүгчээр Step Coffee компанийн чанарын хяналтын албаны дарга Нурлан Көптлеуов, EXIT Coffee Roasters компанийн үүсгэн байгуулагч Жин Мёнги, CCR ХХК-ийн үйлдвэрлэл, бүтээгдэхүүн хөгжүүлэлтийн албаны дарга Б.Оюунбилэг нар ажилласан юм.

Нээлтийн үеэр Б.Оюунбилэг тэмцээний ач холбогдлыг онцолж, оролцогчид өмнөх жилүүдээс илүү сайн бэлтгэлтэй, ур чадвараа хөгжүүлэх хүсэл эрмэлзэлтэйгээр хүрэлцэн ирсэнд талархал илэрхийллээ. Энэ тэмцээн ганцхан бариста нарыг чадваржуулах тэмцээн биш кофенд дуртай хүн бүр энэ салбарын хөгжил дэвшлийг ойроос мэдрэх боломжийг олгодог гэдгийг онцолсон юм.

Оролцогчид юу хэлэв?

Оролцогч Э.Хулан

Би кофе уух их дуртай л даа. Оюутан болоод хэрэглээний зардлаа өөрөө олохыг хүсэж, цагийн ажил хайж байгаад бариста хийхээр болсон. Кофег яаж хийхийг эхнээс нь заалгаад сурах их сонирхолтой байсан. Өмнө нь өөрөө кофе уух дуртай байсан бол бариста болсоод хүмүүст хүссэн амтыг нь бэлтгэж өгөх бүр ч илүү таалагдсан.

Өнгөрсөн жил энэ тэмцээнд оролцож, шилдэг 5 оролцогчийн нэгээр шалгараад тухайн үед цагаа буруу хувиарлаад хүссэн үзүүлбэрээ үзүүлж чадаагүй. Анх удаа оролцсон болоод ч тэр үү их сандарсан. Тэгээд хичээл бие даалт гээд завгүй байсан учраас үзүүлбэрийн бэлтгэлээ хангалттай сайн хийж чадаагүй. Энэ жил харин өөрийгөө тултал нь бэлтгэлээ сайн хийж, өмнө жил азаар тэнцээгүй гэдгээ өөртөө батлахыг хүссэн. Ер нь тэмцээнд оролцох тусам баристагийн ур чадвар сайжирдаг учраас өөрийгөө хөгжүүлэх зорилгоор дахин оролцож байна.

Хүмүүс ихэвчлэн чихэрлэг кофенд дуртай байдаг. Гэхдээ кофены амтыг дарж элдэв сироп, чихрээр дарахын оронд хүн бүр өөрийн дуртай кофены үндсэн амтаа олоосой гэж хүсдэг. Өнөөдрийн үзүүлбэрээрээ энэ санаагаа хүмүүст хүргэхийг зорьсон.

Оролцогч Э.Оюунжаргал

Би 2017 оноос хойш бариста хийж байна. Анх кофе шопд ажиллаж байх үед дарга маань намайг ур чадвараа ахиулаад ирээрэй гээд ROC кофе шоп-г санал болгож байсан. Тэнд Уртаа, Золоо ах нараасаа кофе хэрхэн амттай бэлтгэх, латте арт хэрхэн хийх талаар суралцаж, кофег ийм олон төрлөөр хийж болдог юм байна гэдгийг ойлгоод илүү сайн хийхийг хүссэн.

Өнгөрсөн жил хагас финалын шатнаас хасагдсан учраас энэ жил заавал финалд шалгарна гэсэн зорилго тавьж, бэлтгэлээ хийж тэмцээндээ оролцсон. Шилдэг 5 оролцогчийн нэг болж чадсандаа баяртай байна.

Өнөөдрийн үзүүлбэрээрээ тариалангийн талбайгаас кофе хэрхэн болдог гэдгээс санаа аваад үзүүлбэрээ бэлдсэн. Мөн гүзээлзгэнэ, манго жимсийг ашиглан онцгой амтыг мэдрүүлэхийг хүссэн.

Оролцогч У.Долгорсүрэн

Анх Халиукаа гээд үнэхээр гоё амттай кофе хийдэг эгчийн кофег уугаад кофенд дурлаж байсан. Тэр үед манай гэр хол байсан ч өдөр бүр зорьж очиж уудаг байсан. 2 жилийн дараа Халиука эгчээрээ амттай кофе хийх аргыг заалгуулж бариста болж байсан.

Өмнө жил энэ тэмцээнд оролцож байхдаа гадагшаа явах гээд сургуулийн материалаа бүрдүүлээд завгүй бэлтгэлээ сайн хийж чадаагүй. Харин энэ жил багаараа тэмцээндээ бэлдсэн болохоор их сайхан байлаа.

Энэ удаад кофены үрээ их чухалчилж сонгосон. Хоёр төрлийн үрийг хольж кофены үндсэн амтыг илүү нарийн гаргахыг хүссэн. Өөр хатаасан чангаанз, чавга ашиглан илүү дотно, онцгой амтыг гаргасан.

Эцэст нь хайр, итгэл, найдвараас хамгийн агуу нь хайр гэж үзүүлбэрээрээ дамжуулан хэлэхийг хүссэн.

Оролцогч О.Эрдэнэбилэг

Би 2024 оны 7-р сараас эхлэн бариста хийж байгаа. Одоо 19 настай. Кофе шопд ажилладаггүй ч сонирхлоороо кофе бэлтгэх дуртай.

Өнгөрсөн жил “Origin Mongolian Barista Championship 2025” зохион байгуулагдахыг сонсоод сонирхоод оролцсон. Тэгээд хагас финалын шатнаас хасагдсан. Энэ жил илүү хичээж шилдэг 5 оролцогчын нэгээр шалгарах зорилго тавиад тэмцээндээ оролцоод хүссэн үр дүндээ хүрч чадсан.

Өнөөдрийн үзүүлбэрээрээ дамжуулан шүүгчдэд хамгийн сонирхолтой амтыг мэдрүүлэхийг хүссэн. Яагаад кофе уухад Dr.Pepper ундаатай төстэй амт мэдрэгдэж болохгүй гэж бодоод, хүссэн амтаа гаргаж чадсан.
Ирэх жил илүү сайн бэлтгэж, ур чадвараа ахиулан дахин оролцохыг хүсэж байна.

Оролцогч С. Мөнхтөгөлдөр

Би одоо ROC кофе шопд бариста хийдэг. Бариста болоод 4 жил болж байна. Анх Cafe de Santo-д ажиллаж байсан. Дараа нь Та Чи-д ажиллаад, сүүлийн гурван жил ROC-д баристагаар ажиллаж байна.

Анх зүгээр л цэвэрхэн, хөнгөн ажил хийхийг хүсээд бариста болж байсан. Гэхдээ кофе бэлтгэж сурснаас хойш хийх үйл явцад нь улам дурлах болсон. Өнгөрсөн жил энэ тэмцээнд оролцож, шилдэг 20 оролцогчийн нэгээр шалгарсан. Харин энэ жил финалд үлдэх зорилготой оролцсон. Ялагч болсондоо үнэхээр их баяртай байна.

Миний хувьд кофены бүх төрлийг чухалчилдаг. Хамгийн гол нь кофены цэвэр, үндсэн амтыг алдагдуулахгүй байхыг зорьдог. Тиймээс өнөөдрийн үзүүлбэрээрээ кофе гэдэг өөрийн гэсэн онцлог амттай гэдгийг харуулахыг хүссэн.

Онцлох хэлэлцүүлэг

Хэлэлцүүлгийн сэдэв: Үйлчилгээний байгууллагыг юу амжилттай болгодог вэ?

Бизнес эрхэлнэ гэдэг зөвхөн сайн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, түүнийгээ хэрэглэгчдэд борлуулахыг хэлдэггүй. Харин хэрэглэгчээ ойлгож, ажилтнуудаа хөгжүүлэн, өөрийн брэндийн үнэ цэнийг бүтээхээс эхлээд өдөр тутмын үйл ажиллагаагаа тогтвортой авч явах гээд олон хүчин зүйлийн нэгдэл. Ялангуяа үйлчилгээний салбарт хэрэглэгчийн сэтгэл ханамж, дахин үйлчлүүлэх хүсэл нь бизнесийн урт хугацааны амжилтыг тодорхойлдог.

Хэлэлцүүлгийн эхэнд бизнесийн амжилтын үндэс болсон хэрэглэгчдийг хэрхэн татах, нэг удаа үйлчлүүлсэн хүнийг хэрхэн тогтмол хэрэглэгч болгох тухай хөндөж, үйлчилгээний салбарт тулгардаг асуудлуудыг хөндсөн юм.

Бизнесүүд тус тусдаа шийдвэрлэхэд хүндрэлтэй ажлуудаа нэгдэж хийснээр зардлаа хэмнэхээс гадна илүү өргөн хүрээний ажил, нийгэмд чиглэсэн төсөл хэрэгжүүлэх боломжтой. Ялангуяа ижил салбарын жижиг бизнесүүд нөөц бололцоогоо нэгтгэх нь томоохон сүлжээ брэндүүдтэй өрсөлдөх нэг гарц болохыг онцоллоо.

арга хэмжээний үеэр