440-260 орчим сая жилийн өмнө Монголын говь далай байсан гэж үздэг. Эх газруудын хөдөлгөөн, уул үүсэх үйл явцын нөлөөгөөр тэрхүү далай үгүй болж, 50 орчим сая жилийн өмнө өнөөгийн бидний мэдэх говь нутаг бүрэлдэн тогтсон. Үүний баталгаа нь геологич, палеонтологич нарын эрэл хайгуулын үр дүнд говийн нутгаас олдсон далайн гаралтай амьтан, ургамлын олдворууд юм.
Энэ удаагийн нийтлэлийн гол дүр бол ус. Тэр дундаа говь нутагт байсан далайн ус хаачсан, энэ газар яагаад элсэн говь болсон, эргээд хэрхэн усаар тэтгэгдэж байгаа тухай газрын доорх усны ордтой холбогдуулан тайлбарлахаар бэлтгэлээ.
тэр их ус хаашаа алга болсон бэ?
Далайн хавтан эх газрын хавтан доогуур шургаж, улмаар далайн зарим ус газрын гүн рүү орж, үлдсэн нь хэд хэдэн хэсэг тэнгис болон үлдэж, уурших нь ууршиж, уул үүсэх үйл явцын үед өөр бассейнд цутгагдсаар далайн ус үгүйрсэн гэж ойлгож болно. Гэхдээ энэ нь 200 сая орчим жилийн турш үргэлжилсэн үйл явц гэдгийг мартаж болохгүй.

говь хэрхэн бий болсон бэ?
Өнгөрсөн цаг хугацаанд далай байсан энэ газар уул ус, ургамал ногоотой хангай биш яагаад заавал элсэн говь болсон нь сонирхолтой санагдаж мэдэх юм. Далай байсан газар үлдсэн элсийг элэгдсэн хатуу болон тунамал чулуулаг гэж ойлгож болно. Өөрөөр хэлбэл гүний чулуулгууд элэгдэн, элс болж тунасан нь бидний мэдэх говийг бий болгожээ. Мөн далайн ус алга болж, элсэн говь үүсэх тэр үед Энэтхэгийн болон Евроазийн хавтан хоёр талаасаа шахагдан Гималайн уулсыг үүсгэсэн түүхтэй. Улмаар өмнөд хэсгээс ирдэг байсан чийглэг уур амьсгал Гималайн өндөрлөг уулсад хаагдаж, тус уулын хойно дэлхийн хамгийн хүйтэн цөлүүдийг үүсгэсэн. Тэгвэл говь нутаг хуурай, сэрүүн уур амьсгалтай байдаг нь ч мөн үүнтэй холбоотой юм.

ер нь ус хэрхэн, хаанаас бий болов?
Энэ тал дээр хоёр таамаг бий. Нэгдүгээрт, газрын гүнээс гаралтай буюу тивүүдийн хөдөлгөөн, галт уулын идэвхжилтийн нөлөөгөөр газрын гүнээс суллагдсан ус гадаргуу дээр гарч ирсэн байж болох. Нөгөөтээгүүр дэлхий дээр нэгэн томоохон мөсөн солир бууж, усыг үүсгэсэн ч гэж таамагладаг. Гэхдээ ихэнх судлаачид энэхүү хоёр хүчин зүйл аль аль нь нөлөөлсөн гэдэгт санал нэгддэг.
усны насыг тогтоох боломжтой юу?
Боломжтой. Ус нь өөртөө маш олон зүйлийг уусгахын зэрэгцээ байнгын хөдөлгөөнд оршиж байдгаараа онцлогтой. Энэ нь түүний насыг тодорхойлоход хүндрэл учруулдаг байсан ч сүүлийн үед усанд ууссан химийн элементийн цацраг идэвхит изотопын судалгааны тусламжтайгаар насыг нь тодорхойлох боломжтой болсон. Сонирхолтой нь усны насыг залуу, хөгшин гэж ерөнхийд нь хоёр ангилна. Үүн дотроо 1950 оноос хойших усыг “залуу ус” гэж нэрлэдэг.
Бидний мэдэх “Oppenheimer” кинон дээр гардаг устөрөгчийн бөмбөгийн туршилт хийх явцад ямагт “тэг”- рүү тэмүүлж байдаг тритиум буюу устөрөгч-3 гэх изотоп агаар мандал, хур тунадаст 7,000 хүртлээ нэмэгдсэн. 1950-1965 оны үед хийгдсэн уг туршилтын дараа хамгийн өндөр концентрацидаа хүрээд байсан уг изотопын түвшин тогтвортой буурч байгаа учир энэ нь залуу усны насыг тодорхойлох боломжийг бий болгосон. Харин хөгшин настай усны тухайд аргон, карбон, хлор, гели, уран зэрэг химийн элементүүдийн цацраг идэвхит изотопуудын хагас задралын үеийг нь ашиглан насыг нь тодорхойлдог.

монгол орны усны нөөц ба түүний ашиглалт
Монгол орны нийт усны нөөцийг 564.8км куб бөгөөд үүний 19.4км куб нь мөнх цас, мөсөн гол, 34.6км куб нь гол мөрөн, 500км куб нь нуур тойром үлдсэн 10.8км куб нь газрын доорх ус гэж тодорхойлсон байдаг. Монголчуудын нийт усны хэрэглээний 80 орчим хувийг газрын доорх усаар хангадаг. Газрын доорх ус нь тухайн бүс нутгийн гидрогеологийн нөхцөлөөс хамааран харилцан адилгүй шинж чанартай. Тухайлбал, улаанбаатарчуудын унд ахуйдаа хэрэглэж буй ус Туул голын хөндийн газрын доорх ус бөгөөд усны эргэлт, нөхөн тэжээгдэл хурдан тул бид шууд хэрэглэх боломжтой. Тэгвэл Өмнөговь аймгийн Ханбогд сумын төвийн усан хангамжинд ашиглаж байгаа газрын доорх усанд агуулагдах зарим химийн элемент нь ундны усны стандартад нийцдэггүй тул "Оюу толгой" компани 2017 онд ус цэвэршүүлэх үйлдвэр барьж өгсөн. Улмаар Ханбогд сумын иргэд цэвэршүүлсэн усыг унд ахуйдаа хэрэглэх боломжтой болсон юм.

газрын доорх усны нөөцийг хэрхэн тодорхойлдог вэ?
Усны эрэл хайгуул хийнэ гэдэг олон сар жилийн хугацаа, хүч хөдөлмөр шаарддаг нэн ярвигтай ажил. Хайгуулын олон шатлалт ажлыг амжилттай болгож, эцсийн зорилгодоо хүрч чадсан томоохон сайн жишээ бол "Оюу толгой" компани. Тэгэхээр тэдний туршлагаас жишээ татаж, усны нөөцийг хэрхэн тодорхойлдог талаар тайлбарлая. "Оюу толгой" компани 2003 оноос хойш говь нутагт усны эрэл хайгуул хийсээр 2015 онд уурхайгаас 40-70км-ийн зайд байрлах “Гүний хоолойн газрын доорх усны орд”-ыг нээн илрүүлж, нөөцийг нь батлуулжээ. Хамгийн түрүүнд сансрын зурган дээр тайлалт, ус хуримтлагдах боломжтой газруудад геофизикийн хайгуул хийж, өрөмдсөнөөр газрын доорх усыг илрүүлнэ. Илэрсэн тохиолдолд уст давхаргын хүчин чадлыг тодорхойлохын тулд төрөл бүрийн шавхалт туршилтын ажлыг эхлүүлнэ. Ингэснээр газрын доорх усны ашиглалтын нөөцийг тооцоолоход шаардлагатай мэдээллүүдийг цуглуулж, ашиглалтын нөөцийг тогтоодог. Сонирхуулахад, хамгийн ихдээ тухайн усны нөөцийн тал хувийг нь ашиглахыг зөвшөөрдөг. Тухайлбал, 10л усны ашиглалтын нөөц тогтоогдлоо гэдэг нь газрын доор үндсэндээ 20л ус байна гэсэн үг юм.

оюу толгойн уурхайн хэрэглэж байгаа ус малчдын гар худгуудад нөлөө үзүүлдэг үү?
Иргэдийн дунд “тэнд ус их хэрэглэвэл энд усны нөөц багасна” гэх эмзэглэл бий. Уст давхарга хоорондын холбоог изотопын судалгаагаар нарийн тодорхойлдог бөгөөд Ханбогд сумын малчдын ашиглаж буй гар худгууд "Оюу толгой"-н ашиглаж байгаа “Гүний хоолойн газрын доорх усны орд”-той холбоогүй гэдгийг баталж, малчидтай хамтран тогтмол хяналт шалгалтын ажлыг гүйцэтгэдэг. Өмнө нь хэлсэнчлэн шавхалт туршилтын ажлын үед ч мөн малчдын гар худгийн ус давхар доошилж байгаа эсэхийг судалж, үгүй болохыг тогтоосон байдаг.

ус авахдаа төлж буй төлбөрийн талаар
Усыг ашиглаж мөн хэрэглэж болно. Хот суурин газрын иргэд бол усыг хэрэглэгчид. Улаанбаатарчууд худгаас нэг литр усыг хоёр төгрөгөөр авдаг гэж үзвэл энэ мөнгө нь тухайн усыг эрж хайж, илрүүлж, шугам сүлжээгээр хангаж, хэрэглэгчдэд хүргэж буйн төлбөр юм. Харин үйлдвэрлэлийн хэрэглээнд зориулан усыг ашиглаж буй тохиолдолд байгалийн баялаг ашигласны төлбөр төлдөг. Тухайлбал, "Оюу толгой" компани эрэл хайгуул хийх, шугам сүлжээ тавих зэрэг бүхий л шатлалын хөрөнгийг өөрсдөө гаргасан тул ус хэрэглэсний төлбөр бус байгалийн баялаг ашигласны төлбөр болгон сард ойролцоогоор 1.5-2 тэрбум төгрөг төлдөг. (нэг метр куб ус 1,678 төгрөг). "Оюу толгой" компанийн ус ашиглалтын тайланд дурдсанчлан 2013 оноос хойш улсын төсөвт нийт 193 тэрбум төгрөг төвлөрүүлсэн байна.
оюу толгойн уурхайн хэрэглэсэн ус хаачдаг вэ?
Газрын доорх усыг 28 худгийн байгууламжаар хүлээн авч, 40-70 км шугам сүлжээгээр дамжуулан 200 мянган м.куб ус хадгалах хоёр цөөрөмд авчирдаг. Уг усны гол хэрэглэгч болох зэсийн баяжуулах үйлдвэрт ашиглаж дууссаны дараа хаягдал хадгалах байгууламжид авчран хуримтлуулж эргүүлэн ашигладаг.

оюу толгой компани бүс нутгийн усны асуудалд хэрхэн хамтран ажилладаг вэ?
Дээр дурдсанчлан малчидтай хамтран хяналт шинжилгээний ажил хийж байх явцад тэдний гар худгийн сул талуудыг анзаарчээ. Тухайн худгууд ихэвчлэн хуурай сайран дээр байрладаг бөгөөд говьд бороо хаа нэг орохдоо хуурай сайраар үер бууж худгийн усыг ашиглах боломжгүй болгодог. Үүнийг шийдэхийн тулд сайрын доод хэсэгт хоёроос гурван далд худаг байршуулж, сайрны захад буюу гадна талд худгийн байгууламжийг шинээр барьсан. Улмаар хүндийн хүчний нөлөөгөөр гадна талын худаг руу усны нөөц хуримтлагдах байдлаар инженерийн шийдэл гаргаж, одоогоор туршилтын журмаар дөрвөн худаг байгуулаад байна. Эдгээр нь нарны толь, камержуулалтын тусламжтайгаар мал ирэх үед автоматаар ус шахагдах, автомат соруулалтын цагийн тохиргоо зэрэг ухаалаг шийдлүүдээр тоноглогдсон байна.


Сэтгэгдэл бичих (2)


З Зочин 66.181.180.93
рио тинто луйварчин , дээрэмчин , бүр алуурчид , анх Испани-д зэс олборлож байхдаа Испани уурхайчид амьдарч буй нөхцөлөө сайжруул гэж шаардаж жагсахад нь өөдөөс нь буудаж маш олон уурхайчдын амийг хөнөөсөн , Испани-д тэгэж байгаан юм чинь Монголчуудыг гөлөөг гэж тоохгүй тооцохгүй -ёстой новшнууд
З Зочин 66.181.160.12
Оюутолгой говь нутгийн олон мянган жилийн хуримт эргэж нөхөгдөхгүй нөөцийг шавхаж дуусгалаа алтнаас үнэтэй ундны цэнгэг ус асар ихээр үнэгүй шахуу авчихаад бос бохир гэж толгой угааж ард түмнийг доромжилж бна ашиггүй дээрэм хийж бга Оюутолгойн шууд хаа