Өнгөрсөн долоо хоногт Unread баг “Оюу толгой” компанийн “100 сая мод өвлүүлэн үлдээе” хөтөлбөрийн хүрээнд хийж буй ажлуудтай танилцахаар гурав хоног үргэлжилсэн 1,100 километрийн аялалд гарсан юм. Ойжуулалтын бааз суурийг нэмэгдүүлэх, хариуцлагатай уул уурхайн жишиг тогтоох, байгалийн унаган төрхийг сэргээх зорилготой эл хөтөлбөр нь “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний нэгэн хэсэг билээ. Хөтөлбөрийн хүрээнд өнгөрсөн онд л гэхэд 1,210.7 га газрыг нөхөн сэргээсэн тэд энэ онд 426.58 га газарт техникийн нөхөн сэргээлт, 650 га газарт масс ойжуулалт хийж буй.
Ингээд их ажлын явцыг дэлгэрүүлэн сонирхъё.

ХӨТӨЛБӨРИЙН ТУХАЙ
"Тэрбум мод" үндэсний хөдөлгөөнд “Оюу толгой” компани 21 уул уурхайн компанийн хамт нэгдэн орж, 100 сая мод тарих амлалт өгсөн билээ. Үүнийхээ хүрээнд тэд энэ оны эцэс гэхэд 1,630 га эвдэрч, орхигдсон талбайг нөхөн сэргээх, 2,370 га талбайд масс ойжуулалт хийхээр ажиллаж байна.

Техникийн нөхөн сэргээлтээр хариуцлагагүй уул уурхайгаас үүдсэн олон тооны овоолго, огцом нүх шуудууг тэгшилж, голын голдиролыг сэргээх, хиймэл нуур, цөөрмийг тэгшитгэх, зарим тогтоолд эргийн налуулалт хийн аюулгүй болгох зэрэг ажлуудыг гүйцэтгэдэг онцлогтой. Энэ хүрээнд 2025 оны байдлаар 1,210 га талбайг нөхөн сэргээсэн бол яг одоо Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Бугантайн гол, Хүдэр сумын Хавчиргана ам, Амж зэрэг газруудыг нөхөн сэргээж байна. Үүний үр дүнд нийт 1,630 га газрын унаган төрх эргэн сэргэх боломж бүрдэнэ.
Харин биологийн нөхөн сэргээлтээр ойн санг тэлэх, ойжуулалтын бааз суурийг нэмэгдүүлэхээр идэвхийлж, энэ онд Сэлэнгэ, Дархан-Уул аймгийн 2,200 га талбайд 5 сая шилмүүст мод суулгаж, Өмнөговь аймгийн 300 гаруй га-д заган ойжуулалт хийж байна. Ийнхүү тэд оны эцэс гэхэд хөтөлбөрийн шууд болон дүйцүүлэх хэлбэрээр тарих модны тоо 45-50 саяд хүрэх төлөвтэй аж.

ЗОГСООЛ 1. ХОНГОР СУМ ДАХЬ ШИЛМҮҮСТ МОДНЫ СУУЛГАЦ
Дархан-Уул аймгийн анхны масс ойжуулалтыг хийж буй энэхүү талбайд 1.1 сая нарс модны тарьцыг Тужийн нарсыг нөхөн сэргээх үед Монгол орны байгаль, газарзүйн онцлогт хамгийн тохиромжтой хэмээн шалгарсан шан татах аргаар суулгажээ. Тус арга нь эхний гурван жилд зэрлэг ургахаас сэргийлэх, хур тунадасын чийгийг урт хугацаанд тогтоон барих, суулгацыг нар, салхинаас хамгаалах ач холбогдолтой. Ширүүн бүсийн шилмүүст модны ойн санг тэлэх энэхүү ажлыг ойролцоох нарсан ойг захаас нь ижил зүйлийн модоор тэлэн гүйцэтгэсэн бөгөөд шинэхэн тарьц ойрын 10-15 жилийн дотор орчиндоо дасан зохицож, 1.5-2.0 метр хүртэл ургах тооцоо бий.

“Говийн улиас” компанийн Ерөнхий инженер Г.Отгонбат

Манай компани 2012 оноос хойш ойжуулалт, нөхөн сэргээлтийн ажлыг гардан гүйцэтгэж байна. Жилдээ 5 сая орчим нарс, шинэсний тарьц суулгац гаргадаг. Ноднин ойжуулалт эхлэхэд нэлээд гантай, өвс ургамлын зүйл бага байсан энэхүү талбайд тарьсан нарс модны амьдралын хувь 80 давж яваа. Талбайгаа малын хөлөөс тусгаарлаж бүрэн хашаалсны үр дүн болов уу.
Тарьц суулгацууд шангаасаа цухуйж “нүдэнд өртөж” эхэлтэл наанадаж таван жил шаардлагатай. Хашаалсан бүсээ шаардлагатай бол 10 хүртэл жил хамгаалж, мал идэхээргүй хэмжээнд хүрсний дараа нутгийн малчид ч энэ бүсийг бараадан буух боломжтой.
“Оюу толгой” компанийн Байгаль орчны хэлтсийн газарзүйн мэдээллийн систем болон өгөдлийн сангийн зөвлөх Н.Пүрэвсүрэн

"Оюу толгой" компани Дархан-Уул, Сэлэнгэ аймагт нийт 10 сая мод тарихаар төлөвлөсөн. Ийнхүү өнгөрсөн жил нийт 150 га талбайд 350,000 орчим тарьц суулгасан бол энэ жил үргэлжлүүлэн 300 га газрыг ойжуулах зорилго бий. Суулгацаа тариад орхих биш ирэх гурван жилийн турш талбайдаа нөхөн суулгац хийж, арчилж хамгаалах болно. Ийн гурван жилийн дараа 80-аас илүү хувийн амьдралтай суулгацын талбайг орон нутагт хүлээлгэж өгөхөөр зорьж байна.
ЗОГСООЛ 2. ЗУЛЗАГЫН ГОЛЫН ОЙЖУУЛАЛТЫН ТАЛБАЙ
ШУТИС-ийн Ойн инженерийн 3-р түвшний оюутан Л.Гантөгөлдөр

Энэхүү 120 га талбайд ойжуулалтын дадлага хийгээд 10 гаруй хонож байна. Ойролцоогоор 2 настай нарсны тарьцыг сарил гэх багажаар хагалсан шандаа метрийн зайтай суулгаж байгаа. Миний хувьд өмнө нь дан ухсан нүхэнд тарьц суулгаж байсан. Харин энэ удаагийн дадлага бага настай ургамлыг анхнаас нь суулгах онцлогтой. Мэргэжил нэгт дүү нарт маань ч үнэтэй туршлага болж байгаа гэдэгт итгэлтэй байна.
Энэ зун манай сургуулийн 2, 3 дугаар курсын 16 оюутан ойжуулалтын дадлага хийж байна. Урьд нь үр, томоохон суулгац тарьж байсан бол энэ удаа 2 настай тарьцаар шангийн ойжуулалт хийж байгаа нь сурагчдад тун хэрэгтэй туршлага.
ШУТИС-ийн ойн инженерчлэлийн хөтөлбөрийн дэд профессор Б.Баярцэцэг


ЗОГСООЛ 3. БУГАНТАЙН ГОЛ
Бидний дараагийн зогсоол бол Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Бугант тосгоны 35-ын аманд хийж буй 209.2 га талбайн техникийн нөхөн сэргээлт. Томоохон цүнхээлээр дүүрч, голын голдирол ойр хавиас харагддаггүй байсан энэхүү талбайд 40 орчим жилийн өмнө уул уурхайн олборлолт хийж байсан юм. Мөн голын голдиролыг өөрчилж тогтоосон хиймэл нуурууд нь байгалийн налуу шугамгүй, огцом гүн тул хүн, мал хөл алдах тохиолдол олон байжээ. Иймд эргийн налуулалт хийж, нутгийн иргэд, амьтдын аюулгүй байдлыг хангаж байгаа нь нөхөн сэргээлтийн онцлох ач холбогдол аж.

"Бугант нандин" ХХК-ийн Захирал С.Батсүх

Би энэ нутгийн хүүхэд. Аав маань ч 1961 онд буюу Бугант тосгон гэж байгаагүй үеэс нутагтаа хайгуул хийж асан түүхтэй. Хүүхэд ахуйдаа Нийлэхийн амнаас доош Арцтай уулаар жимс, самранд явдаг байсан дурсамж одоо ч сэтгэлд тод байдаг юм. Манай нутгийн онцлог нь зуд, ган болдоггүй байгалийн таатай нөхцөл. Нэмээд зөвхөн эндээс л шилмүүст модны таван төрлийг нэг дор харж болно. Иймд нөхөн сэргээлттэйгээ залгуулан ойн сангаа улам баяжуулахаар зорьж байна. Байгаль маш хурдан сэргэдэг учраас нутгаа унаган төрхөнд нь аваачих итгэл дүүрэн байгаа. Таван жилийн дараа энэ хэсэгт биднийг танигдахын аргагүй байгаль угтана.
Манай компани сүүлийн 20 жил модыг нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүн болгох чиглэлээр үйл ажиллагаагаа эрхэлж ирсэн. Мөн техник болон биологийн нөхөн сэргээлт хийдэг. "Оюу толгой" компанийн захиалгаар л гэхэд 705 га газрыг нөхөн сэргээсэн байна.
Нөхөн сэргээлт хийхдээ нэн түрүүнд хиймэл нуур, цүнхээлийн усыг зайлуулдаг. Учир нь олон жил болсон хонхор нүх лагаар дүүрэх нь элбэг тул түүнийг зайлуулалгүй хонхорыг дүүргэвэл тухайн лаг даалгүй цөмрөх аюултай. Лагийг нь авч, голын хайрга, томоохон чулуунуудаар эхэлж дүүргэнэ. Ийнхүү тухайн газар машин даахуйц болсны дараа үе шаттайгаар шимт хөрсөөр хучилт хийдэг. Мөн нөхөн сэргээлтийн төгсгөлд газрын хэвгий 18 градусаас ихгүй байх стандарт бий.

ЗОГСООЛ 4. ЯЛБАГИЙН ХӨНДИЙ
Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам 2020 онд “Нөхөн сэргээлт 2024” хөтөлбөрийн хүрээнд хариуцлагагүй уул уурхайн улмаас эвдэрч, орхигдсон 8,000 га гаруй газрыг тодорхойлж, их нөхөн сэргээлтийг үе шаттайгаар эхлүүлж байжээ. Энэхүү ажилд “Оюу толгой” компани нэгдэн орж, 2023 онд Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Ялбагийн хөндийн 400 га талбайг нөхөн сэргээсэн байна. Ийнхүү гурван жилийн дараа манай аяллын баг техникийн нөхөн сэргээлтийн үр дүнд өнгө төрх нь бүрэн сэргэсэн уг хөндийг нүдээр үзсэн юм.

Сэлэнгэ аймгийн Ерөө сумын 2-р багийн Байгаль хамгаалагч М.Болдбаатар

Ердөө гурван жилийн өмнө хууль бус алт олборлолтын уршгаар энд малын бэлчээр ч үгүй болчихсон, айл амьтны үхэр, адуу нүхэнд хөл алдаж олноороо осолддог байсан. Сэтгэл өмөлзмөөр дүр зураг шүү дээ. Өндөр карьерууд эгнэж, хөрс хайрга чулуугаар хучигдсан байдалтай, машинаар байтугай алхаж явахад ч хүндрэлтэй байсан энэ талбайг нөхөн сэргээснээс хойш манай ялбагийн хөндийн 20 гаруй айл дээр нэмэгдэн шинэ оршин суугчид нүүж ирсээр байна. Ан амьтны хөдөлгөөн ч ихсэж, одоо бол энэ хавиар хандгай, буга согоо, хүдэр ч элбэг явдаг юм. Мөн хар өрөвтас гэх тун ховор шувуу ч үзэгдэх болсон.
Ялбагийн хөндийн нөхөн сэргээлт уртаашаа 17-18 км үргэлжлэх, 4-5 амыг хамарсан томоохон ажил. Ялбагийн гол урссаар Ерөө гол руу цутгадаг. Манай нутагт энэ хөндийг даваад ч идэвхтэй нөхөн сэргээлт хийж, хүний гараар сүйтгэгдэж, эвдэрсэн газрууд эрс цөөрч байгаад их баяртай байна.
Сэлэнгэ аймгийн Зүүнхараа сумын 6-р багийн оршин суугч Ч.Бүжлхам

Энэ нутагтаа суурьшаад 20 гаруй жил болжээ. Хуучин нүх сүвэнд үхэр мал уначихна гэх айдастай, гар чанга байсан. Одоо бол тийм аюул гэж үгүй. Бараг үхрээ хариулахгүй барааг нь хараад л сууж байдаг болсон. Мал ч тэнхэрч, тарга тэвээрэг авч байгаа. Нэмээд голын захаар мод ургаад, нутаг маань нүдний өмнө сэргэж байгааг харахад сайхан байна.
“Оюу толгой” компанийн Байгаль орчны мэргэжилтэн Ж.Баярзаяа

Ялбагийн хөндийг нөхөн сэргээхээс өмнө экологи, эдийн засгийн хохирлын үнэлгээ хийсэн мэргэжлийн байгууллага нөхөн сэргээлтээс 3 жилийн дараа ирж өвс ургамлын тархац, хөрсний чанар, ус зүй гээд биологийн суурь байдлын үнэлгээ хийнэ. Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яаманд мэдээлэх энэхүү тайлангаас бид багахан л хичээж, газар орноо арчилж чадвал байгаль маш хурдан сэргэдэг гэдгийг харах боломжтой. Энэ нь ч илүү олон төрийн байгууллага, аж ахуйн нэгж хариуцлагатай уул уурхайн жишгийг үйл ажиллагаандаа далайцтай нэвтрүүлэхэд түлхэц болох болов уу.

МОД ҮРЖҮҮЛГИЙН ГАЗАР БОЛОН ТОНОГ ТӨХӨӨРӨМЖ ХАНДИВЛАЛТ
“Оюу толгой” компани 2030 онд хөтөлбөр дуусахаас өмнө 100 сая модын 60 хувийг бодитоор тарьж, 40 хувийг салбарын хүний нөөц, дэд бүтцэд хөрөнгө оруулалт хийн дүйцүүлэхээр төлөвлөсөн билээ. Үүнийхээ хүрээнд тэд баруун бүсийн ойжуулалтын бааз суурийг идэвхжүүлэхээр Өмнөговь аймагт жилд нийт 1,750,000 тарьц суулгац бэлтгэх хүчин чадалтай 5 мод үржүүлгийн газар хүлээлгэн өгч, үргэлжлүүлэн Архангай аймгийн Цэнхэр суманд мөн хүчин чадалтай үржүүлгийн газрыг барьж буй. Уг ажил ирэх жилээс Сүхбаатар, Төв аймаг руу тэлнэ.
Мөн анжис, трактор зэрэг төрөл бүрийн хөдөө аж ахуйн тоног төхөөрөмжийн хөрөнгө оруулалт, автоматжуулалтыг ч эрчимтэй хийж байна.


ИРЭЭДҮЙДЭЭ ИЛГЭЭХ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ
Ойн салбарын ажиллах хүчийг чадавхжуулах, бэхжүүлэх зорилгоор Ойн инженер мэргэжлээр сурч буй оюутнуудад сургалтын тэтгэлэг олгож буй тэд өнгөрсөн жилээс хөтөлбөрт хамруулах оюутны тоог 5 болгон нэмжээ. Түүнчлэн Монгол орны 46 сум дундын ойн ангийн төлөөллийг цуглуулсан туршлага хуваалцах аялал, танхимын сургалтаас эхлээд хурдан хугацаанд, бага арчилгаагаар ургадаг төрөл бүрийн тарьц, суулгацын зүйл, ойжуулалтын шинэ аргуудыг судлах эрдэм шинжилгээний ажлыг тогтмол зохион байгуулж буй.

Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга Б.Буяннэмэх
Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын хийсэн Улсын хэмжээний эвдэрсэн газрын тооллогоор 2006 онд 4,600 га талбайг илрүүлсэн бол 2020 онд энэ тоо 30,700-д хүрсэн байдаг. Тус талбайн 28,940 га нь хариуцлагагүй уул уурхайн улмаас эвдрэлд орсныг дурдах нь зүйтэй.
Түүнчлэн хууль бус алт олборлолт, дэд бүтцийн бүтээн байгуулалт, бичил уурхайгаас үүдэлтэй 8000 га газрыг тодорхойлж, дөрвөн жилийн хугацаанд нөхөн сэргээх ажил өрнөсөн. Үүний тулд жилд 2000-аас доошгүй га талбайг нөхөн сэргээх зорилт тавьсан нь байгаль орчны хувьд томоохон сорилт байлаа. Учир нь 2020 он хүртэл улсын хэмжээнд жилд хамгийн ихдээ 912 га талбайг л сэргээж байсан түүхтэй. Гэвч бид зорилтоо давуулан биелүүлж, "Нөхөн сэргээлт 2024" нэгдсэн арга хэмжээний хүрээнд өдгөө 13,980 га талбайд техникийн нөхөн сэргээлт, 3,632 га талбайд биологийн нөхөн сэргээлт хийгээд байна. Энэ бол 5,300 гаруй Сүхбаатарын талбайтай дүйх уудам газар.
Бусад онцлох мөчүүд





Сэтгэгдэл бичих

