Эрдэм шинжилгээний өгүүллийг дэлхийн тэргүүлэх шинжлэх ухааны хэвлэлд нийтлүүлэх нь нөр их хөдөлмөр, тэвчээр шаарддаг ажил билээ. Тэр тусмаа импакт фактор 50-иас дээш өндөр үнэлгээтэй сэтгүүлд өгүүлэл нийтлүүлэхийн тулд судалгааны багийн хамтын ажиллагаа, олон жилийн судалгаа, үр дүн зайлшгүй шингэсэн байх ёстой.
Импакт фактор гэдэг нь тухайн шинжлэх ухааны сэтгүүлд нийтлэгдсэн судалгааны өгүүллүүдийг бусад судлаачид ямар давтамжтай эшилж байгааг хэмждэг үзүүлэлт юм. Өндөр импакт фактортой сэтгүүлд судалгаагаа нийтлүүлэхийн тулд судалгааны үр дүн үнэхээр шинэлэг, чанартай, олон улсын шинжлэх ухааны нийгэмлэгт үнэ цэнтэй байх шаардлагатай. Жишээлбэл, Nature болон ScienceDirect зэрэг олон улсын шинжлэх ухааны сэтгүүлүүд нь 50-иас дээш импакт фактортой байдаг бөгөөд зөвхөн онцгой нээлтүүдийг нийтэлдэг. Энэ сард Nature сэтгүүлд Монголын говиос олж тогтоогдсон шинэ үлэг гүрвэлийн судалгаа нийтлэгдсэн нь өөрөө асар том амжилт билээ.
Энэ олдвор нь зөвхөн Монголын палеонтологийн түүхэнд чухал хувь нэмэр оруулаад зогсохгүй, дэлхийн шинжлэх ухаанд үлэг гүрвэлийн хувьслын гарал үүслийн тухай цоо шинэ өнцгийг гаргаж ирж байгаагаараа онцлогтой.
Ташрамд дурдахад, уг нийтлэлийг Доктор Ц.Чинзориг өөрөө бичиж илгээснийг нь бид "Шинэ нээлтийг шинжлэх нь" буландаа онцлон нийтэлж байна.
Импакт фактор гэдэг нь тухайн шинжлэх ухааны сэтгүүлд нийтлэгдсэн судалгааны өгүүллүүдийг бусад судлаачид ямар давтамжтай эшилж байгааг хэмждэг үзүүлэлт юм. Өндөр импакт фактортой сэтгүүлд судалгаагаа нийтлүүлэхийн тулд судалгааны үр дүн үнэхээр шинэлэг, чанартай, олон улсын шинжлэх ухааны нийгэмлэгт үнэ цэнтэй байх шаардлагатай. Жишээлбэл, Nature болон ScienceDirect зэрэг олон улсын шинжлэх ухааны сэтгүүлүүд нь 50-иас дээш импакт фактортой байдаг бөгөөд зөвхөн онцгой нээлтүүдийг нийтэлдэг. Энэ сард Nature сэтгүүлд Монголын говиос олж тогтоогдсон шинэ үлэг гүрвэлийн судалгаа нийтлэгдсэн нь өөрөө асар том амжилт билээ.
Энэ олдвор нь зөвхөн Монголын палеонтологийн түүхэнд чухал хувь нэмэр оруулаад зогсохгүй, дэлхийн шинжлэх ухаанд үлэг гүрвэлийн хувьслын гарал үүслийн тухай цоо шинэ өнцгийг гаргаж ирж байгаагаараа онцлогтой.
ӨГҮҮЛЛИЙН ТУХАЙ
Өгүүлэл хэвлэгдсэн огноо: 2025.09.17
Өгүүллийн нэр: A Domed Pachycephalosaur From the Early Cretaceous of Mongolia
Түлхүүр үгс: пахицефалозавр, цул-толгойт, түрүү цэрд, говь,
Судалгааг гүйцэтгэсэн баг: Монгол Улсын ШУА-ийн Палеонтологийн хүрээлэн, АНУ-ын Хойд Каролинагийн Их сургууль, Хойд Каролинагийн Байгалийн Шинжлэлийн музей, Японы Окаямагийн Шинжлэх Ухааны Их сургууль, Фукушимагийн музей, Ө. Африкын Стеллонбошийн Их сургуулийн судлаачид
Гол санааг ганцхан өгүүлбэрт: Цул-толгойт хэмээн олонд танигдсан пахицефалозавр үлэг гүрвэлийн бүлгийн хамгийн эртний төлөөлөгч Монголын говиос тогтоогдсон нь энэ бүлгийн үлэг гүрвэлүүдийн судалгааны түүхэнд цоо шинэ хуудсыг нээж өгч буй.
Ач холбогдол: Энэ бүлгийн үлэг гүрвэлүүдийн хамгийн эртний төлөөлөгч нь Монголын говийн Хожуу Цэрдийн түрүү үеэс олж тогтоогдсон Amtocephale gobiensis байсан бол хамгийн сүүлчийн төлөөлөгчид нь Умард Америкийн 66 сая жилийн өмнөх үлэг гүрвэлүүд хамаарагдаж байжээ. Харин шинэ судалгаагаар тогтоогдсон “цул толгойт” нь энэ бүлгийн гарал үүслийг өмнө тогтоогдсон төрөл, зүйл буюу Amtocephale gobiensis -ээс даруй 14 сая жилээр урагшлуулсан нь дэлхийн шинжлэх ухаанд том нээлт боллоо.
ЕРӨНХИЙ МЭДЭЭЛЭЛ
Пахицефалозавр
Пахицефалозаврын бүлгийн төлөөлөгчид нь өвсөн идэшт, духны оройн цул ясны (dome) бүтцээрээ ялгардаг үлэг гүрвэлүүд хамаарагддаг бөгөөд Ази болон Умард Америкийн хожуу Цэрдийн галавын хурдаснаас гол төлөв илэрдэг. Морфологийн талаас нь авч үзвэл, тэдгээр нь бахим цул толгой, жижиг навч хэлбэрийн шүднүүд, өргөн аарцгийн яснууд, хойд хоёр хөлөөрөө явахад зохицсон яс, урт булчинлаг шөрмөс бүхий сүүл, шөрмөсний бүтэц зэрэг шинжээр тодорхойлогдоно. Биеийн дундаж хэмжээ нь зарим төрөл, зүйлүүдэд 4 метр орчим урт, 2 метр өндөр, 360-400 кг жинтэй байсан гэж палеонтологийн баримтад тулгуурлан дүгнэжээ.
Пахицефалозаврын бүлгийн үлэг гүрвэлийн судалгаа XX зууны эхэн үеэс эхтэй бөгөөд уг бүлгийн анхны төлөөлөгчийг 1902 онд Канадын палеонтологич Л. М. Ламбэ тодорхойлсон байна. Тэрээр бүрэн бус хадгалагдсан гурван үлэг гүрвэлийн толгойн цул хэсгийн ясны олдворыг шинжилсний үндсэн дээр Stegoceras validus хэмээх шинэ төрөл зүйлийг тогтоожээ. Үүний дараа 1924 онд Америкийн палеонтологич Ч. В. Гилморь уг зүйлийн илүү бүрэн бүтэн олдворын толгой болон их биеийн ясны хэсгийг судлан, анхны тодорхойлолтыг шинэ өгөгдлөөр баяжуулсан нь уг бүлгийн тухай ойлголтыг улам нарийвчлахад чухал хувь нэмэр оруулсан. Үүнээс хойших судалгааны үр дүнд 17 төрөлд хамаарах 19 зүйл тогтоогдож, пахицефалозаврын бүлгийн үлэг гүрвэлүүдийг систематик ангилал зүйн хувьд өргөн хүрээнд судалсан нь энэ бүлгийн хувьслын гарал үүсэл, морфологийн өвөрмөц онцлогийг тайлбарлахад чухал баримт болсон юм.
Өмнөх судалгаанууд
Монгол Улсын өмнөд бүсийн говийн хожуу Цэрдийн галавын хурдаснуудаас пахицефалозаврын бүлгийн хэд хэдэн төлөөлөгчийг тогтоосон нь дэлхийн хэмжээнд онцгой ач холбогдолтой гэж тооцогддог. Тухайлбал, Нэмэгтийн цаг үеийн (71–66 сая жилийн өмнөх) хурдаснаас Homalocephale calathocercos болон Prenocephale prenes, Баруунгоёотын цаг үеийн (75–76 сая жилийн өмнөх) хурдаснаас Tylocephale gilmorei, Жодохтын цаг үеийн (80 сая жилийн өмнөх) хурдаснаас Goyocephale lattimorei, Баянширээгийн цаг үеийн (95 сая жилийн өмнөх) хурдаснаас Amtocephale gobiensis тус тус илрүүлж, тодорхойлогдсон байдаг. Эдгээр олдворуудын биеийн араг ясны бүрэлдэхүүн тодорхой хэмжээгээр хэсэгчилэн хадгалагдсанаар олдсон байсан ба Монголын говь пахицефалозаврын бүлгийн үлэг гүрвэлийн хувьслын судалгаанд чухал бүс нутаг болохыг баталсаар ирсэний нэг нотолгоо бол тухайн бүлгийн хамгийн эртний төлөөлөгч Amtocephale gobiensis -ийг олон улсын палеонтологийн шинжлэх ухааны нийгэмлэг хүлээн зөвшөөрч байсан юм.
Шинэ судалгааны үр дүнд Монголын говийн түрүү Цэрдийн галавын (одоогоос 110 сая жилийн өмнө) хурдаснаас илэрсэн шинэ олдворыг шинжлэх ухаанд бүртгэсэн нь өмнө нь тогтоогдож байсан цаг хугацааны заагийг даруй 14 сая жилээр урагшлуулж байгаа юм. Энэ нь зөвхөн Монголын палеонтологийн судалгааны цар хүрээг тэлээд зогсохгүй, пахицефалозаврын бүлгийн хувьслын гарал үүслийг дахин авч үзэхэд чухал түлхэц болж буй.
СУДАЛГААГ ТОВЧООР
Zavacephale rinpoche-ийн олдвор 2019 оны зургаадугаар сард Монголын ШУА-ийн Палеонтологийн хүрээлэнгээс зохион байгуулсан хээрийн экспедицийн үеэр Дундговь аймгийн Баянжаргалан сумын нутаг дахь Түрүү цэрдийн Хүрэн дух олдворт газраас (125–110 сая жилийн өмнөх) уг судалгааны ажлыг ахалсан тус хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан, АНУ-ын Хойд Каролина мужийн их сургуулийн зочин судлаач, доктор Ц.Чинзориг олж, багийн гишүүдийн хамтаар малтан авсан байна.
Олдвор нь анхдагчаар гурван хэмжээст хадгалалттайгаар олдсон байсан бөгөөд судалгаанд бэлдэх үндсэн техник боловсруулалтын ажлыг (ясны бүрдэлийг хурдас, чулууллагаас нь салгах ажлын шат) ШУА-ийн Палеонтологийн хүрээлэнгийн техник боловсруулалтын лабораторид ахлах орепаратор Ч.Баярдорж удирдан гүйцэтгэсэн байна. Тэрээр олдворыг механик гар багаж ба нарийн микроскопийн аргаар гүйцэтгэж, толгой, аарцаг, урд болон хойд мөчдийн яс, нурууны нугалам, шөрмөсөөр бүхэлдээ хучигдсан сүүл зэрэг биеийн элементүүдэд хурдас шорооноос нь цэвэрлэн судалгаа явуулахад бэлэн болгох ажлуудыг шат дараалалтайгаар гүйцэтгэсэн байна.
Түүнчлэн, гэдэсний чулууны бөөгнөрөл буюу gastrolith masses болон урд мөчдийн алганы яс, хурууны нугалмууд зэрэг өмнө нь пахицефалозавр бүлгийн үлэг гүрвэлүүдэд тэмдэглэгдэж байгаагүй элементүүд шинээр тодорхойлогдсон нь энэхүү олдворыг шинэлэг болгож буй.
Цаашдын судалгаанд олон улсын хамтарсан баг морфологийн харьцуулалт, удам хувьсалын филогенетикийн дүн шинжилгээ, мөн микро-CT скан технологийг ашиглан ясны дотоод бүтэц, хадгалалтын онцлогийг нарийвчлан судалсан байна. Эдгээр аргаар Zavacephale rinpoche нь Монголын Баянширээгийн цаг үеэс өмнө нь тодорхойлогдож байсан Amtocephale gobiensis -аас 14 сая жилийн өмнөх цаг үед амьдарч байсныг тогтоож, улмаар пахицефалозаврын хувьсал хөгжлийн шугамыг үлэмж хэмжээгээр (нэг галаваас нөгөө галав хүртэл) урагшлуулжээ. Ялангуяа урд мөчдийн жижиг хэмжээтэй нугалам, богинохон алганы ясны харьцаа (бугалга/алганы яс = 1/10 буюу ердөө хэдхэн миллиметр урт) нь тухайн бүлгийн үлэг гүрвэлүүдийн биеийн био-механикийн талаарх өмнөх таамаглалд эргэлт авчирсан бөгөөд тэднийг хэт хөгжсөн хойд мөч, цул толгой, шөрмөслөг сүүлээрээ дасан зохицсон өвөрмөц бүлэг болохыг нотлон харуулсан юм.
Ингэснээр Zavacephale rinpoche нь зөвхөн шинэ төрөл, зүйл болж тогтоогдоод зогсохгүй, пахицефалозавр бүлгийн үлэг гүрвэлүүдийн хувьсал, анатоми-морфологийн талаарх олон улсын судалгаанд шинэ суурь өгөгдөл нэмсэн шинжлэх ухааны жишиг, чухал суурь олдвор болсон байна.
ОНЦЛОГ, ДЭВШИЛТ
Zavacephale rinpoche хэмээх шинэ төрөл, зүйлийн пахицефалозавр үлэг гүрвэл Монголын говийн доод Цэрдийн галавын (одоогоос 110 сая жилийн өмнөх) хурдаснаас илэрч, энэ бүлгийн хамгийн эртний төлөөлөгчөөр тогтоогдлоо. Олдворын бүрэн бүтэн байдал нь өмнөх судалгаанд бүртгэгдэж байгаагүй ясны хэсгүүдийг хамруулсан тул пахицефалозаврын хувьсал хөгжлийн түүхийг ойролцоогоор 14 сая жилээр урагшлуулах боломж бүрдүүлэв. Энэхүү шинэ олдвор нь зөвхөн цаг хугацааны хязгаарыг өөрчлөөд зогсохгүй, өмнөх таамаглалуудад хариулт өгөх, цаашдын судалгааны шинэ чиглэл нээж буйг Nature сэтгүүл онцолжээ.
б бат 16 цагийн өмнө 202.70.37.120
Монголын говь дахин шинжлэх ухаанд шинэ Zavacephale rinpoche нь пахицефалозаврын хамгийн эртний төлөөлөгчөөр тогтоогдож, Монголыг “Үлэг гүрвэлийн өлгий” гэдгийг батлав. Энэ олдвор нь Монголын нэр хүндийг өсгөж, залуу үед шинжлэх ухааны сонирхлыг нэмэгдүүлэх чухал ач холбогдолтой.