2025 оны 9-р сарын 22-нд Цагаан ордонд болсон хэвлэлийн хурлын үеэр АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп жирэмсэн эмэгтэйчүүд Тайленол (парацетамол) уухаас татгалзах хэрэгтэй хэмээн мэдэгдсэн нь олон улсын судалгааны байгууллагууд, мянга мянган судлаачдыг гайхшируулсан билээ. Түүний хэлж буйгаар тайленолыг жирэмсэн үед уух нь аутизм үүсгэдэг бөгөөд үүнийг Харвардын Их сургууль тэргүүтэй олон байгууллагын судалгаанууд баталсан аж.
Харин удалгүй олон улсын судалгааны байгууллага болон судлаачид уг мэдээллийг няцаасан юм. Уг нийтлэлээрээ чухам яагаад ийм мэдээлэл анхнаасаа бий болсон тухай болон өвчин намдаагч хүний биед ороод хэрхэн задардаг, ер нь хэнийх нь зөв болохыг тайлбарлахаар бэлдлээ.
Сүүдэрт нуугдах АМ404
Юун түрүүнд энэ талаарх мэдээллийг гаднын эх сурвалжуудаас унших үед бидний нэрлэж заншсанаар парацетамолыг ацетаминофен эсвэл тайленол гэж янз янзаар бичсэнийг харна. Энэ нэрс дунд төөрөлдөх шаардлагагүй.
Ацетаминофен гэдэг нь өөрөөр парацетамол бөгөөд дэлхий даяар өргөн хэрэглэгддэг өвдөлт намдаах, халуун бууруулах үйлчилгээтэй эм. АНУ-д харин үйлдвэрлэгч компанийнх нь нэрээр буюу Тайленол хэмээн нэршиж заншсан хэрэг л дээ. Энэ төрлийн эм нь аспирин, ибупрофен зэрэг хүчтэй өвчин намдаагч шиг ходоодыг цочроохгүй, зөв тунгаар хэрэглэвэл хамгийн аюул багатай, эмч нарын хамгийн өргөнөөр зөвлөдөг өвчин намдаах эмийн нэг юм.
Шинжлэх ухаан талаас тайлбарлавал энэ бүхний цаана АМ404 хэмээх нууцлаг молекул бий. Парацетамолыг уусны дараа уг эм бие дотор олон шат дамжилга туулдаг ч хамгийн чухал нь АМ404 хэмээх сонирхолтой бодисыг бий болгодог явдал.

АМ404-ийн онцлог нь тархины чухал дохиоллын системүүдэд нөлөөлдөг. Ингэхдээ анандамид хэмээх тархины “баяр баясгалангийн молекул”-ыг задалж алга болохоос сэргийлнэ. Ингэснээр анандамид илүү удаан хадгалагдаж, тархины эндоканнабиноидийн систем буюу сэтгэл хөдлөл, өвдөлт, хоолны дуршил, мэдрэлийн эсүүдийн холболтыг зохицуулдаг хэсэг илүү идэвхтэй ажилладаг хэрэг. Үүнээс гадна өөр олон рецепторыг идэвхжүүлж, үрэвслийн дохиололд нөлөөлдөг байх жишээтэй.
Зүйрлэж хэлбэл АМ404 нь жүжгийн тайзны гэрэл, дуу чимээ, арын хөгжимд хяналт тавих тайзны техникч юм. Үндсэн жүжгийг бичээгүй ч, тухайн тоглолтын уур амьсгалыг тодорхой хэмжээгээр өөрчилдөг гэсэн үг. Өөрөөр хэлбэл, парацетамолын өвдөлт намдаах, халуун бууруулах үйлдэл нь АМ404-ийн тархины дохиололд үзүүлэх нөлөөтэй шууд холбоотой.
Трамп яагаад ийм мэдэгдэл хийв?
Хэрэв АМ404 ийм чухал системүүдэд нөлөөлдөг юм бол ургийн тархины хөгжилд нөлөөлөх үү? Мэдээж тодорхой судалгаанууд нөлөөлнө гэж баталдаг ч тэдгээр нь ихэвчлэн амьтан дээр хийсэн туршилтууд юм. Тухайлбал ямар амьтан дээр хийсэн зарим туршилтаар хээлтэй эх үл үр төлөө тээж байгаа үед маш өндөр тунгаар ацетаминофен өгсөн тохиолдолд үр төлийн зан үйлд тодорхой хэмжээний өөрчлөлт илэрч байж. Гэвч энд нэг том “ан цав” байгаа нь эдгээр туршилтад хэрэглэсэн тун нь хүний жирэмсэн үед уудаг жирийн тунгаас хэд дахин өндөр байгаа явдал. Дээрээс нь хулгана, туулай зэрэг амьтдын тархины хөгжил хүнийхтэй яг таг адил биш шүү дээ.

Холбоо ≠ Шалтгаан
Асуудалд хамгийн тодорхой хариулт өгсөн судалгаа бол 2024 онд JAMA-д нийтлэгдсэн, Шведэд 2.48 сая хүүхдүүдийг хамруулсан судалгаа юм. Уг судалгаа нь олон хүүхдийг хамруулсан бөгөөд судалгааны арай өөр загвар ашигласнаараа онцлог. Бусад судалгааны адилаар зөвхөн “жирэмсэн үед парацетамол хэрэглэсэн эхчүүдийн хүүхэд” болон “хэрэглээгүй эхчүүдийн хүүхдийг” харьцуулсангүй. Харин нэг гэр бүлийн хүүхдүүдийг харьцуулан судалсан юм. Генетикийн хувьд ойролцоо бөгөөд ижил орчин нөхцөлд өссөн ах дүү нарыг харьцуулах нь удамшил, эцэг эхийн эрүүл мэндийн онцлог, нийгэм эдийн засгийн байдал, амьдралын хэв маяг зэрэг хүчин зүйлсийг тогтмол байлгаж, зөвхөн парацетамол хэрэглэсэн эсэхээс үүдэн гарах боломжит жинхэнэ ялгааг илрүүлэхэд тусална гэсэн үг.

Судалгааны үр дүнг ойлгохын тулд hazard ratio буюу эрсдлийн харьцааг ойлгох хэрэгтэй. Энэ нь судалгааны статистикийн хэмжүүр бөгөөд нэг бүлэгт тодорхой эрсдэл (жишээ нь аутизм үүсэх) нөгөө бүлэгтэй харьцуулахад хэд дахин өндөр эсвэл бага байгааг харуулдаг.
Хэрэв hazard ratio = 1.0 бол хоёр бүлгийн хооронд ямар ч ялгаа байхгүй гэсэн үг
Хэрэв hazard ratio > 1 бол эрсдэл өндөр
Харин hazard ratio < 1 бол эрсдэл бага байна гэсэн үг.
Уг судалгааны hazard ratio бүгд ~1.0 гарсан. Энэ нь парацетамол хэрэглэсэн болон хэрэглээгүй ах дүүгийн хооронд огт ялгаа гараагүй гэсэн маш тодорхой дүгнэлт юм. Өөрөөр хэлбэл, жирэмсэн үед парацетамол хэрэглэсэн эсэх нь тухайн хүүхдийн аутизмтай болох магадлалд нөлөөлөөгүй гэсэн үг.
Тэгэхээр, хуучин судалгаанууд “парацетамол хэрэглэсэн эхийн хүүхэд аутизмтай болох магадлал өндөр байна” гэх дохиог харуулж байсан ч шалтгаан нь биш гэсэн үг.
Гол шалтгаан нь юу вэ?
Парацетамол болон аутизмын хооронд шалтгаант холбоо байхгүйг судалгаанууд баталсны дараа дараагийн асуулт гарч ирнэ: тэгвэл аутизм чухам юунаас болж үүсдэг вэ?
Олон арван жилийн судалгааны үр дүнгээр аутизм бол олон хүчин зүйлийн нийлбэр аж. Үүнээс хамгийн том хүчин зүйл нь генетик. 2019 онд таван орны хамтарсан кохорт судалгаанд (Швед, Дани, Финлянд, Израиль, Австрали) хэдэн зуун мянган хүүхдийн мэдээлэлд үндэслэн аутизмын эрсдэлийн 80 орчим хувь нь удамшлын хүчин зүйлээс шалтгаалдаг хэмээн тооцоолсон.

Генетикийн хувьд аутизм ганцхан гений өөрчлөлтөөс хамаардаггүй. Харин зуун зуун гений хослол, зарим тохиолдолд мутаци зэргээс үүдэлтэй. Тухайлбал, SHANK3, CHD8, NRXN1 зэрэг мэдрэлийн эсийн холбоонд чухал үүрэгтэй гений өөрчлөлтүүд аутизмтай өндөр хамааралтай гэж тогтоогдсон. Мөн аутизмын эрт оношлогдсон ба хожуу оношлогдсон тохиолдлуудын хооронд өөр өөр генетикийн өөрчлөлт ажиглагддаг байна.
Мөн дээрээс нь орчны хүчин зүйлс тодорхой хэмжээнд ч нөлөөлдөг. Зарим эмийн бодис үнэхээр л эрсдэлийг нэмэгдүүлдэг. Жишээ нь, вальпроат гэх таталтын эсрэг эмийг жирэмсэн эх хэрэглэвэл хүүхдийн аутизмын эрсдэлийг нэмнэ. Мөн жирэмсэн үед давтамжтай халуурах, ялангуяа жирэмсний хоёр, гурван сард өндөр халуурах нь аутизмын эрсдэлтэй холбоотойг зарим судалгаа баталсан байдаг. Эцэг эх нь ахимаг настай байх, дутуу төрөх, тодорхой төрлийн агаарын бохирдол болон хорт пестицидэд өртөх зэрэг нь мөн эрсдэлийг нэмэгдүүлдэг гэж үздэг ч, эдгээрийн нөлөө нь генетикийн хүчин зүйлтэй харьцуулахад маш бага.

Сэтгэгдэл бичих

