Цельсийн 0 хэмд болон түүнээс доош хэмд хоёроос дээш жил тасралтгүй оршиж буй хөрс чулуулгийг “цэвдэг” гэдэг. Харин цэвдэг байгаль орчинд ямар ач холбогдолтой бол? Цэвдэг хайлахад юу тохиолддог бол?
Монгол орны цэвдэг буюу мөстөл, мөсөн голын талбай эрчимтэй багассаар буй мэдээлэл жил тутам гардаг боловч энэ нь манай улс, хүн ардад ямар үр нөлөөтэй талаар бид төдийлөн анхаардаггүй гэхэд хилсдэхгүй болов уу. Иймд бид зуны дэлгэр цаг ирж гэр бүл, найз нөхдөөрөө аялж зугаалах энэ үеэр эх орныхоо цэвдгийн ач тус болоод учирч буй аюулын тухай, мөн аялахдаа анхаарах 5 зөвлөмжийг хүргэхээр энэ удаагийн нийтлэлээ бэлтгэлээ.
Цэвдэг гэж юу вэ?
Жил бүрийн зун хайлж, өвс ногоог тэжээн, улмаар намар буцан хөлддөг, цэвдгийн дээр оршдог хэсгийг идэвхтэй давхарга (active layer) гэж нэрлэдэг бөгөөд уг давхарга жил ирэх тутам томорсоор буй. Үүнийг л цэвдэг хайлах гээд буй юм. Сүүлийн арав орчим жилд Арктикийн идэвхтэй давхарга жил тутам 0.6 сантиметрээр томорсоор иржээ. Гэтэл Арктик нь ойролцоогоор 20 гаруй сая километр хавтгай дөрвөлжин газар билээ.
Цэвдэг хайлбал юу болох вэ?
Одоогоос дөрөвхөн жилийн өмнө буюу 2022 онд нэгэн алтны уурхайчин Канад улсын Юкон бүс нутагт нэгэн томоохон нээлт хийсэн байдаг. Тодруулбал, 30,000 жилийн тэртээ үхсэн арслан зааны тугалын асар сайн хадгалагдсан биеийг олжээ. Дэлхийн бөмбөрцгийн хойд хагасын 15 хувь нь мөнх цэвдэгтэй бөгөөд дээр дурдсан Юконд л гэхэд хамгийн “урт настай” цэвдэг 740,000 жилийн турш тасралтгүй оршин буй. Энэ нь уг өргөн уудам орон зайд эртний ан амьтад, өвс ургамал үй олноороо газар доорх мөсөн дунд “нойрсож буй” гэсэн үг юм. Иймд цэвдэг нь дэлхийн карбон диоксид буюу нүүрстөрөгчийн давхар исэл, метаны хийн хадгаламж гэж хэлж болох бөгөөд тодорхой хэсэг нь хайлах бүр нэн тэргүүнд хүлэмжийн хий агаар мандалд дэгдэнэ.
Харин дэлхийн бүх цэвдэг нийтдээ 1.6 их наяд тонн нүүрстөрөгчийг хадгалж буй. Тус тоо 2022 оны байдлаарх агаар мандалд асан нийт нүүрстөрөгчийн хэмжээнээс даруй хоёр дахин ихээс гадна, хүн төрөлхтөн нүүрс түлж ялгаруулсан бүх нүүрстөрөгчөөс ч илүү гэсэн үг. Өөрөөр хэлбэл цэвдэг хайлах бүр хүлэмжийн хий агаар мандалд ялгаран дэлхийн дулаарлыг хурдасгах бөгөөд үр дүнд нь улам их хэмжээний цэвдэг үгүй болох нэгэн тойрог үүсэх аюултай. Гэтэл Арктик дэлхийн бусад бүх хэсгээс 3-4 дахин хурдацтайгаар дулаарч байна.

Түүнчлэн цэвдэг хайлахад хөрс гулсаж, газрын гадарга дээр өөрчлөлт гарах буюу байшин барилга, зам талбай нурж сүйдэх аюултай. Тухайлбал, Зүүн Сибирийн тайга, Якутын нутагт “Батагайкайгийн хонхор” (The Batagaika Crater) гэх томоохон тогоо бүс нутгийн цэвдэг хайлснаас шалтгаалан 1960-аад оноос эхлэн аажим аажмаар бүрэлдсээр иржээ. Уг хонхрын урт нь 1 километр, өргөн нь 890 метр, 50-100 метрийн гүн аж. Дэлхийн дулаарлын улмаас уг хэмжээ өдөр бүр нэмэгдэж буй.
Батагайкайгийн хонхор үүсэх болсон нэгэн шалтгаан нь ой модоо их хэмжээгээр устгасантай шууд холбоотой гэнэ. Учир нь газрын доорх цэвдгийг ой мод нарны гэрлээс хамгаалдаг байжээ. Тус бүс нутгийн цэвдэг ойролцоогоор 650,000 жилийн настай, Мөстлөгийн үеийн ан амьтдын үлдэгдлийг хадгалж буйгаараа онцлогтой юм. Түүнчлэн цэвдэг хайлахад бэлчээр үгүй болж, гол нуур ширгэх бөгөөд энэ талаар доор дэлгэрэнгүй өгүүлье.
Цэвдэг ба Монгол Улс
Өнгөрсөн сарын 19-нд Британийн “The Guardian” сонины сайтад манай орны цэвдэг хайлж буй талаарх нийтлэл нийтлэгдлээ. Уг нийтлэлд дурдсанаар Монгол Улсын дулаарал, цэвдэг хайлж буй нь нийт Хойд туйлын бүс нутгийн экосистемд аюул учруулах эрсдэлтэй аж. АНУ-ын “George Washington University” Их сургуулийн профессор Николай Шикломановын хэлж буйгаар 1970-аад онд явуулсан судалгаагаар Монгол орны газар нутгийн нийт 63 хувь нь мөнх цэвдэгтэй байжээ. Харин уг тоо өдгөө ердөө 26-29 хувь болсон байна. Түүнчлэн Аляска, Канад, Сибирийн бүс нутагтай харьцуулахад манай улсын цэвдэг хуурай, нимгэн, дулаахан тул цаг уурын өөрчлөлтөд илүү эмзэг буй гэнэ. Тухайлбал, Сибирийн цэвдгийн температур цельсийн -5-8 хэм байдаг бол Монгол орных хамгийн хүйтэндээ -3 хэм байдаг тул температурын зөрүүнээс шалтгаалж манай улсын цэвдэг амархан хайлдаг юм. Түүнчлэн тэрээр цэвдэг хайлахад дэлхийн дулаарал, цаг уурын өөрчлөлт голчлон нөлөөлж буй боловч бэлчээрийн даац хэтэрч байгаа нь уг үйл явцыг улам түргэсгэх аюултай гэжээ. Мөн ой хээрийн түймэр, аянга цахилгаан нь цэвдгийг хайлахад томоохон нөлөө үзүүлдгийг дурдууштай.
Манай улсын цэвдэг нь гол мөрөн, гүнийн цэнгэг ус, ой мод, тал хээрийг тэтгэн улмаар малын бэлчээрийг хамгаалдаг байна. Гэтэл Хөвсгөл аймгийн Улаан тайга, Хорьдол Сарьдагийн нуруунд цэвдэг хайлснаас үүссэн олон тооны шалбааг бэлчээр эзэлж эхэлжээ. Улмаар зарим бэлчээр нойтон, шалбаагтай байх болсон бол зарим газар хуурайшин хатаж, гүнийн цэнгэг ус байршлаа солин нүүдэлж буй аж. Ундны ус, бэлчээр, мал хуйдаа түшиглэсэн манай орны нүүдэлчин аж ахуйд уг өөрчлөлт өдөр тутмын амьдралд хэдийн нөлөөлж эхэлжээ. Тухайлбал, бэлчээрийн дээрх мэт нөхцөл байдал нь нэн тэргүүнд сүү, сүүн бүтээгдэхүүн, саалинд сөргөөр нөлөөлж буй юм.
Сонирхуулахад, дотоодын болоод гадаадын буюу Япон, ОХУ, АНУ-ын судлаачид газрын температур, хөрсний чийгшил, уур амьсгалын өөрчлөлтийн үйл явцыг судлан, Монгол орны тодорхой бүс нутгуудад температур хэмжигч байрлуулан дрон, GPS технологи ашиглан хайлж буй цэвдгийн бүсчлэл, газрын зургийг тодорхойлон ажиллаж байгаа ажээ. Үүнд Хоккайдогийн Их сургуулийн профессор Маморү Ишикавагийн хэлж буйгаар Монгол орон нь Евразийн цэвдэгтэй бүс орчмын өмнөд ирмэг дээр оршдог тул манай улсад эрчимтэй судалгаа явуулах нь Арктик зэрэг дэлхийн бөмбөрцгийн хойд хагасын бусад сэрүүн бүс нутгийн ирээдүйг тодорхойлоход ач тустай хэмээснийг онцлууштай.

Үүнээс гадна 2024 онд Цаг уур, орчны шинжилгээний газраас Монгол орны мөстөл, мөсөн голын талбай эрчимтэй багассаар буй гэж мэдээлж байсан билээ. Түүнчлэн өнөөдрөөс 12 жилийн тэртээ л Баянхонгор аймгийн Галуут сумын Олгой нуурын хөндийд метан ялгарч байгааг ШУА-ийн Газарзүйн хүрээлэнгийн Цэвдэг судлалын лабораторийн эрдэмтэд илрүүлж байв.
аялахдаа Анхаарах 5 зөвлөмж
Ингээд нийтлэлийнхээ төгсгөлд танд эх орныхоо байгалиар аялахдаа анхаарах 5 зөвлөмжийг хүргэж байна.
1. Зөвхөн замтай газраар зорчоорой: Шинэ зам гаргаж тал хээрийн ургамлыг сүйтгэхээс зайлсхийж, үргэлж хуучин шороон замаар яваарай. Өвс ургамал үгүй болмогц нарны тусгал хөрсний ил гарсан хэсэгт шууд тусаж, доорх цэвдгийг эрчимтэй гэсгээдэг.
2. Хатуу эсвэл тусгайлан зассан талбайд буудаллаарай: Майхнаа хөвдөрхөг хөрсөн дээр бус, харин хайрга, чулуурхаг газар эсвэл зориулалтын аяллын талбайд засаарай. Хөвд нь газар доорх хөлдүү хөрсийг сэрүүн байлгадаг байгалийн тусгаарлагч гэдгийг санаарай.
3. Чийгтэй, зөөлөн хөрсөн дээгүүр туулахгүй байх: Хүнд даацын 4х4 автомашинууд нойтон хөрсийг сийчих нь хөрсний өнгөн давхаргыг бүрэн сүйтгэдэг. Энэ нь хөрсийг нурааж, ил гарсан мөс хайлж шаварлаг нүх, суваг үүсэхэд хүргэдэг.
4. Суваг шуудуу ухах, ургамал модыг устгахгүй байх: Майхны эргэн тойронд усны шуудуу ухах эсвэл түүдэг гал асаахаар бут сөөг, ургамал ногоог тасдаж болохгүй. Түүнчлэн нүүдлийн шувуудын үүрийг хөндөх, их хэмжээгээр загасчлахаас зайлсхийгээрэй.
5. Бохир ус, химийн бодисыг усны эх үүсвэрийн ойролцоо асгахгүй байх: Гол мөрөн, булаг шандад шууд аяга таваг, хувцас хунар, машин тэргээ угаах нь байгаль орчинд асар сөрөг нөлөөтэйг мартаж болохгүй.
Эцэст нь хэлэхэд байгаль орчиноо хайрлан хамгаалж, эх орныхоо ой мод, өвс ургамлыг хайрлан соёлтой боловсон аялах нь иргэн бидний хийж чадах хамгийн том оролцоо билээ.

Сэтгэгдэл бичих

